Uncategorized

Айж мэгдээд шээс нь савирч буй эрх тушаалтнууд ямар ч башир арга хэрэглээд одоо нэмэргүй.

ХАААН ШАЛДАН БАЙНА
Хуурамч төрийн хууль зүйн сайд (төлөг) Нямбаатар шалдан байна. Талбайн тайван жагсаал суултын 17 дахь шөнө. Талбайн өмнөд хэсэгт барьсан 4 гэрийн хоёрыг нь өдөр хүчээр буулгаж, үлдсэн хоёрыг нь мөн л хүчээр буулгахыг, тэгэхдээ чоно борооноор гэгчээр шөнө, дэмжигч олны хүч суларсан цагт дээрэмдэх аргаар буулган ачиж явах гэснийг хориглон эсэргүүцсэн иргэдийн тусламж хүссэн лайвыг үзээд ойрхон явсан тул гүйгээд очлоо. Иргэн хүний хувиар, сэтгүүлчийн хувиар ч ингэх нь миний үүрэг. Учир нь олдохгүй хоёр тал болчихоод хоорондоо хэрүүл тэмцэл болж байгаа иргэдийг эхлээд ойлгосонгүй. Ойр байгаа цагдаагаас юу болоод байгааг асуувал “мэдэхгүй” гэх аж. “Мэдэхгүй” гэгч мянган үгний таглаа.. Цол нь жижигдээд мэдэхгүй байна гэж бодоод хайж явсаар нэг дэд хурандаагаас асуулаа. “Хотын даргын захирамж шийдвэрээр барьсан гэрийг яагаад гэнэт буулгах болов. Буулга гэсэн тушаал шийдвэр нь гарсан юм уу, иргэд хоорондоо зодолдох нь холгүй тэмцэлдэж байхад зүгээр хараад зогсож байх уу… гэх зэргээр цагдаа нарыг зэмлэх аястай асуулаа. Цагдаа үнэн бодит мэдээлэл өгөхийн оронд намайг хэн болохыг асууж сөргөлөө. Арга буюу ажлын үнэмлэхээ гаргаж, дуу хураагчаа асааж барьлаа… Гэтэл дэд хурандаа зөөлөрч иргэд хоорондын маргаан, юу болохыг харж байна гэсэн тайлбар өглөө. Бүр шок. Цагдаа нар ийм хүлцэнгүй ажиглаж байдаг хурцадмал байдлыг гайхан ажигласаар учрыг ойлголоо…
Нэг иргэн тайван жагсаал цуглаанд хэрэглээрэй гэж бариулсан гэрээ мөнгөний хэрэг болсон тул гэнэт зарахаар болж, зарчихсан ч юм байх. Тэгээд туслах хүнээ очоод ачаад ир гэж явуулсан нь тэр гэнэ. Хоёр гурван залуу гэрийн бүслүүрийг тайлах гэж олон хүний эсэргүүцлийг үл хайхран улайран зүтгэнэ. Тийм эрэмгий туслах ажилтнууд байдгийг анх адуу л харлаа. Тэдний зарим нь болиулах гэсэн эмэгтэй хүний гарыг мушгиж өчсөн гэх. Бүр гайхаад улайран дайрах залуугаас яагаад заавал шөнө ачих гэж байгааг шалгаагаад үг унагаж барсангүй.
Тэгтэл олны дундаас нэг хүн намайг цочоон барьж авсан нь миний танил дүү байлаа. Тэр шүлэг бичдэг төдийгүй хэв журмын цагдаа юм. Аххүү нь таарахаар албан ажлаас нь түрүүлж хүн ёс нь илэрхэн нь тэр. Энэ удаа тэрээр энгийн хувцастай явах бөгөөд гэр авах гэж яваа хүмүүүсийн талд илт үйлчлэх ажээ. Шаримгар пүүзтэй, малгай ч үгүй. Хүрэмнийхээ далбагар хар юүдэнг углахчаа аядсан, бээрэх шахан бээвийчихсэн харагдана. Түүний энэ байдлыг нэлээд ажиглаад гэр авах гэж яваа хөлсний хүмүүс бол энгийн хувцастай цагдаа нар болохыг ойлголоо. Ямар нэгэн зодоон цохион болохыг л анан хүлээх тэд иргэдийг илтэд өдөөн хатгасан түрэмгийлсэн байдалтай байна. Харин түүний эсрэг жагсаалд оролцож буй 20 гаруйхан настай болов уу гэмээр залуу үүссэн нөхцөл байдлын талаар надад тайлбарлан ярих зуураа илт түрэмгийлээд байгаа нөгөө цагдаа залууг зааж “Энэ муу тураалыг зодчих уу ахаа” гэнэ. Энгийн хувцастай нэг бээвгэр залуу итгэл үнэмшлийнх нь эсрэг өдөөн турхираад байхаар нүдэнд нь багтаж харагдаад байгаа нь тэр л дээ хөөрхий. “Ёстой тэгэж болохгүй шүү дүү минь. Энэ чинь тайван жагсаал, цагдаа нар иргэдийн болчимгүй үйлдлийг л анан хүлээж байна” гэж дүүд тайлбарлан тайвшрууллаа. Харин нөгөө энгийн хувцастай цагдаа нар бух шиг улайран зүтгэлсээр. Цөстэйхөн авын хүү бол үнэхээр л дэлсээд авмаар…
Энгийн хувцастай цагдаа нарыг турхиран иргэд хоорондын мөргөлдөөн болгож харагдуулах, жагсаалын утга учрыг алдагдуулах гэсэн энэ башир аргыг хууль зүйн сайд өөрөө зохион байгуулжээ… Би тэгж хардаж байгаа юм. Учир нь цагдаа хүчнийхнийг тэр одоохондоо шууд удирдаж байна. Гэтэл тэр хүн өөрөө нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө алба хаагчдаа жагсагчдын хоол унднаас идэж уусан, нормын хоолоо голж байгаа гэж илтэд худал хэлэн дорд үзээд зогсохгүй итгэл үнэмшлээрээ хөхөө өвлийн хүйтэнд дааран бээрэн тайвнаар жагсах иргэдийг “тансаглаж” байгаа гэж тавлан доромжилсон. Зөвхөн энэ үгийнхээ төлөө л тэр хариуцлага хүлээж, уучлал гуйх ёстой юм, уг нь. Гэтэл тэгдэггүй юм байна. Бүр улайран зүтгэж жагсагчдын тэмцлийг нухчин дарахыг санаархах аж. Түүний энэ өөдгүй байдал, явуургүй арга, доромжлол зэргийг нь бүгд хүлээн зөвшөөрч дотроо дургүйцэж байгаа ч “Хаан шалдан байна” гээд хашхирчих жаалхүү одоохондоо цагдаа нар дотор алга. Харин ч бага цолтой танил дүү шиг гэнэн залуучууд нь өглөөнөөс үдэш болтол тушаал нэртэй тушаагаар хүний эрх, эрх чөлөөгөө боймлуулан хоосон нойтон дааран бээрэн явна. Тэд Ноён Нямбаатар шиг 100 саяар дэмжих ах дүүгүй. Аав ээж, ах дүү нар нь эгэл жирийн ядарч зүдэрсэн, шударга бусын золиос болсон хүмүүс гэдгийг мэддэг мөртлөө яаж ч чадахгүй. Хоолоо олж иддэг ажлаасаа урвахгүй, тушаал дагана. Дээр нь энэ жагсаалтай холбоотойгоор цалингаа нэмүүлсэн улс чинь сайн ажиллахыг л хичээнэ биз дээ. Ингэж МАНАН бүлгийн эрх тушаалтнууд иргэдийн хооронд мөргөлдөөн үүсгэхийг санаархах аж. Цагдаа ч гэсэн мөрдсөө мултлахад л иргэн. Тэд бас эрх мэдэлтний талд үйлчилдэг цагдаа чигээрээ үхэхгүй билээ.
Харин нөгөө талд тэмцэл суултын утга учраа ойлгосон залуус, авч явна гэж улайраад байгаа гэрийг нь авч яввал ч яваг гээд дотроос нь хөнжил пүүгээгээ зөөж байна. Тэд гэртэй гэргүй, тэртээ тэргүй тэмцэнэ. Уг нь тэр гэрт суултад оролцож буй охид бүсгүйчүүлээ хонуулж, эрчүүл нь шийр заан гадаа хонож байгаа юм. Одоо яая гэхэв иргэд, охид бүсгүйчүүдээ хүчиндэгчид, хүчиндэхийг санаархагчид төрийн толгой дээр сандайлчихаад буухгүй байна.
Харин бас нөгөө талд ямар ч даалгаваргүгээр энэ төр нэг л биш байгааг ойлгосон иргэд өдрөөр ирж гэрт бөөгнөрөн цаашид яах тухайгаа ярилцаж, шийдвэр шийдэл хэлэлцдэг юм. Мөн хөдөөнөөс жагсаал цуглаанд оролцохоор зориод ирсэн бор зүрхээрээ яваа хүмүүст цэвдэг боржин дээр барьсан ханхай гэр л, гэр орон нь болж байгаа юм. Ийм байтал гэрээ зүгээр харж байгаад дээрэмдүүлчихгүй нь ойлгомжтой… “Сэхээнд байгаа” үндэсний эв нэгдлээ арайхийн амьдруулах гэж байгаа иргэд гэр өгөх өгөхгүйгээс болж жагсагчид нэгнээ тролл тураалаар нь дуудалцан хий л хардацгаах аж. Угтаа бол гэр байсан байгаагүй тэд тэмцдэгээрээ тэмцэж, хулгайч нарт хариуцлага тооцуулдгаараа тооцуулна.
Ард түмний шүүх нэгэнт ажиллаад эхэлсэн. Айж мэгдээд шээс нь савирч буй эрх тушаалтнууд ямар ч башир арга хэрэглээд одоо нэмэргүй.
Үнэн өөрчлөгдөхгүй, үнэн дарагдахгүй, үнэн үхэхгүй, үнэн худалдагдахгүй, үнэн ямар ч будаг хүлээж авахгүй гэдгийг тэд мэддэг болсон….https://www.facebook.com/gantogtoh.lhagvadorj

Related Articles

Back to top button
error: Content is protected !!