Uncategorized

Халимагийн алдарт туульч О.Цагаанзам: Хамаагүй болох болохгүй хүн “Жангар” хайлж чадахгүй гэж ярьдаг. Би бол зүүд зүүдлээд, зүүдээр дамжуулж, хамаг юмыг надад өгсөн гэж боддог

Халимагийн алдарт туульч О.Цагаанзамтай улаан зам дээр таарч, таньдаг хүн шиг мэндэлж орхив. Яриад байвал хамаатан болох шинжтэй. Дува сохорын дөрвөн хөвгүүнээс дөрвөн ойрад салаалсан гэнэ. “Хоёулаа садан болчих вий дээ” хэмээн наргиа болгоход маань тэрбээр инээж “Халимагууд бас ингэж ярьдаг. Хоёр халимаг 15 минут яриад, хамаатан садан болохгүй бол нэг нь халимаг биш гэдэг” хэмээн хошигносон юм. Жангарч “Танил дотно найзуудтайгаа уулзахаар Улаанбаатарт ирсэн” гэнэ. Та 1989 онд анх Монголд ирсэн гэсэн үү?
Соёлын харилцааны шугамаар хэдэн төлөөлөгч 1989 онд Арвайхээрт ирсэн. Н.Жанцанноров тэр үед нэр гараад, том байсан. Өвөрхангайн хүн шүү дээ. Нутагтаа ирээд уулзаж танилцаж байлаа.
Монголд анх ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?Онгоцноос буухад халуун сэтгэлээр тоссон. Буудалд ороход өрөө бүрт 40 литрийн саваар дүүрэн айраг. Шанага барьсан нэг эмэгтэй. Айраг, цагаан идээ хамгийн гоё байсан. Монголд ирэхэд уртын дуучин Очирбатын эхнэр дээл малгай, оёж өгснийг одоо хүртэл хадгалж явдаг. Олон сайхан хүмүүстэй танил болсон, та бүхнээр уламжлан, бүх найз нөхөд, танилууддаа мэнд дамжуулъя. Тэр үеийн Монгол одоогийнхоос огт өөр байсан байх даа?Огт өөр. Улаанбаатарт цөөн машин явдаг. Онгоцны буудал яаж хүрэх вэ, юугаар хүрэх вэ гэдэг байсан. Монгол их хөгжиж байна. Олон өндөр барилга баригдаж байна. Завинд нэг талд нь баахан юм ачаад байвал хөмөрчихнө шүү дээ. Барилга байшингаас гадна үндэсний уламжлал, соёлоо бас сэргээх хэрэгтэй.
Халимагт тан шиг хэл, соёлоо хадгалж үлдсэн хүмүүс хэр олон бол?Байдаг. Хэл заншлаа хадгалаад, түүх хамаг юмыг судлаад, сонирхоод явдаг хүмүүс байна, байна. 1960-аад он хүртэл их л сайхан байсан. Манай хоёр эмээ үндэсний хувцастайгаа, толгойдоо алчууртай, хөлдөө оймстой явдаг байв. Хөл, толгой нүцгэн явж болохгүй гээд хамаг хувцсаа ёсоор нь өмсдөг. Миний ээж дандаа алчууртай, толгойн үсээ хааж уламжлал, заншлаа дагаж явлаа. Сүүлийн хорь, гучин жил олон зүйл өөрчлөгдсөн.Халимагт “Жангар” туулиа хэр сонсож байна?
Сонсдог нь сонсоно. Гэхдээ цөөрч байна. Хүмүүс амьдралын төлөө зав чөлөөгүй, зүтгэж яваа. Одоогийн залуусын анхаарлыг мянган жил аав, ээжийн бүтээж ирсэн хэрэг үйлд татаж, бид нүүдэлчин, малчин удамтай хүмүүс гэдгийг мэдрүүлж, тогтнуулах хэрэгтэй гэж санана.Та монгол туульчидтай хэр холбоотой байв?

“Төв Азийн туульчид” гэж хуралд ирэхдээ Ховдын Урианхайн туульч Б.Авирмэд гуайтай таарсандаа баярлаж явдаг. Тэр хөгшинтэй хамт хуралд оролцсон. Дараа нь Японд “Баруун Монголын тууль” гэж хурал болсон. Тэнд Б.Авирмэд гуай ирж чадаагүй, захиа бичээд, дүүгээрээ надад илгээсэн юм. Одоо Б.Авирмэдийн хүү тууль хайлж байна.
Таны дээлийн энгэр дэх тэмдэг содон харагдлаа. Таны залуугийн бичлэг, сүүлийн үеийнх дээр ч энэ тэмдэг давтагдаж байсан. Тэр нь ямар учиртай вэ?
Овгийн тамга гэж байдаг. Баатад овгийн тамга ийм байсан.Таныг дуулж байхад хүмүүс бичлэг хийж, интернэтэд оруулсан байдаг. Та дуугаа клиптэй болгох талаар боддоггүй юм уу даа?
Боддоггүй, санаа амар байдаг. Залуусыг халимаг, монгол хэл рүү нүүрийг нь эргүүлэхийн тулд сонирхуулаад хэдэн дуу дуулсан юм. Дээр үеийн сайхан дуунууд мартагдвал бас харамсалтай.
Гэр бүлийнхээ тухай яриач. Таныг тууль хайлахад яаж хүлээж авдаг вэ?Манайхан намайг тууль хайлахад хамт байсаар ижилдсэн хүмүүс шүү. Гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг хүүхэн. Гурван ачтай. Эхнэр маань авга нар овогтой. Төрөлх хэлний багш хүн.Эхнэр тань Монголд ирэх дуртай юу?Дуртай байлгүй яах вэ. Халимагууд бүгд Монгол руу ирэх дуртай.
Ижил мөрний зүүн суга болох Ахтуба голын эрэг дагуу Алтан ордны нийслэл Бат хааны сарай (хот) байсан гэдэг. Халимагууд Бат хааныг дагалдаад Ижил мөрөн рүү очсон юм уу?
Тэр бол анхны урсгал шүү. Бат хаан тийшээ очсон нь XIII зуун. Тэнд байршиж суурьшаад дайтаж, мөргөлдөөд тэгснээ Лалын шашинд орсон байна. Яваа яваандаа ногайчуудтай, холилдоод цугтаа байсан чинь XVII зуунд дахиад Монгол нутгаас торгуудын Хо өрлөг тайш энэ газрыг эзлээд, уугуул иргэдийг нь шахсан. Ногайчууд дунд бас монгол угсааныхан зөндөө шүү. Хонгирад, найман, хэрээд иргэд бас байсан. Тэд нь төрөлх хэлээ мартаад, турк хэлтэй болоод, Лалын шашинтай болж явсан үед Хо өрлөг Ижил мөрний хөвөөнд ирээд, ногайчуудыг эзэлж аваад, монгол угсаатныг тэднээс салгаж, заримыг нь буцааж үндэсний хэл, ёсонд оруулсан байдаг. 400 жилийн дараа ийм юм болж.Одоо нэг сонин нь Биндэр сумын хавьд нэг нүдтэй хүний гавлын яс олдсон байна шүү. Дува сохорын түүхийг зөндөө хүмүүс худлаа гэдэг байсан. Дува сохор, Добу мэргэн ах дүү хоёр Бурхан халдун дээр зогсож байгаад, Дува сохор ганц нүдээрээ Алун гоог хараад, дүүдээ буулгаж өгдөг шүү дээ.
Та Монгол Улсын иргэн болохыг хүсэж байсан. Ирлээ гэхэд элэг зүрхэнд ойрхон санагддаг нутаг ус байдаг уу?
Надад хамгийн онцгой газар Бурхан халдун. Бурхан халдунаас Дува сохор, Добу мэргэн ах дүү хоёроос бид салбарлаад, явж явж Ижилийн хөвөөнд хүрсэн байна. Манайхны зарим нь өвөг дээдсийн нутаг Алтай гэдэг. Би бол бид Бурхан халдунаас гаралтай хүмүүс гэж боддог.
Монгол гэдэг бас утга учиртай ард түмэн. Миний бодлоор суут богд Чингис хаан шиг зөв, бурууг ялгаж, цагаан харыг таньж, сайхан амьдрах зураг заавартай ард түмэн. Бурхан халдун гэдэг нь бурхантай холбоотой гэсэн үг. Бурхан халдун дээр тэнгэрээс юм бууж ирдэг байсан гэж бодож байна. Бурхан халдунаас бүх юм дэлгэрсэн шүү. Хүннү, Сяньби, Кидан, Түрэг, Уйгарууд монголчууд бид бүгд эндээс гаралтай.Газрын хүйс гэж байдаг. Бурхан халдунаас бүгд гаралтай гэж би бодно.Хамгийн гол нь бид эцэг тэнгэртэй хэлхээ холбоогоо тасалж болохгүй. Орчлонгийн ёсоор амьдрах хэрэгтэй. Яаж амьдрах вэ гэхээр хариу нь “Жангар”-т бий.Таны хүсэлтийг хүлээж аваагүй, эсвэл хүлээж авах боломжгүй байсан тэр хүмүүст гомддог уу?
Одоо яах вэ. Уралдаанд орсон морь толгойлж ирж чадахгүй бол юундаа гомдох билээ. Би ингэж боддог. Одоо Монгол гурван саяулаа. Үүн дээр гадагшаа гарсан монголчууд бас бий.
Төв монгол гадагшаа гарсан монголчуудаа “шүүгээд” одоо хүртэл монгол чанараа алдаагүй хүмүүст давхар иргэншил өгөх хэрэгтэй гэж боддог. Тэгвэл Монгол гар, хөлөө сунгаж чадна. Нэг том дайсан учраад залгих гэтэл гар, хөл нь тэнийгээд, аманд нь багтахгүй шүү дээ.Би заримдаа монгол найзуудтайгаа ярихдаа шоолно оо. Дээр үед дэлхийг эзлэх гээд сайн эрчүүд нь хурдан морио унаад, гараад явчихаж. Жижиг жаахан нусгай дүү нараа “Аав, ээжийгээ харж бай” гээд үлдээжээ. Олон жилийн дараа буцаад иртэл дүү нь ахыгаа танихгүй.(инээв)
Миний бодлоор монгол геополитик бодох хэрэгтэй. Орос дотор, Англи, Хятад, Америкт хүртэл монгол гаралтай эрдэм чадалтай хүмүүс олон бий. Тэдэнтэй холбоо, залгаатай байх учиртай.
Хэрвээ та Монголын иргэн болсон бол Ижил мөрний эрэг дагуух идээшиж дассан нутгаа орхиод хуурай, эрс тэс уур амьсгалтай Монголдоо дасаж чадах байсан уу?
Миний хувьд хаана явж байгаад үхэх хамаагүй. “Эр хүний үхэл элчилгүй ээрэм цагаан талд” гэж ярьдаг шүү дээ. Хэрвээ тэр нэг боломж бүтсэн бол Монгол Халимагийн дундах холбоог баталж, төрөл садан, цус мах нэгтэй гэдгээ мэдрүүлэх байв.“За тэгээд Халимагаа хаяад Монголд зугтаад ирлээ” гэх хүмүүс ч гарч ирнэ. Хоёр иргэншлийн асуудлыг шийдчихвэл Монгол хүчирхэг, олуулаа болно шүү.
Таны оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм”-ийг үзсэн. Ижил мөрний эрэг дээр зураг аваад, гоё нэвтрүүлэг болсон байна лээ. Халимагууд хэр үзсэн бол?
Манайхан үзсэн үзсэн. Интернэтээр харсан. Баярлаж хүлээж авсан. Сайн болсон байна. О.Цагаанзам монголчуудад халимагуудыг танилцуулж, өөрийгөө мэдүүлсэн нь сайн, баяр хүргэе гэсэн.
Х.Баттулга Ерөнхийлөгч таныг хүлээж авч, ярилцаж байгаа харагдсан?Х.Баттулга Ерөнхийлөгч туулийн талаар мэддэг, дэмждэг хүн юм билээ. Монголчууд “Жангар”-ын тухай мэдэх ёстой. О.Цагаанзам 100 эрхэмд заавал орох хэрэгтэй. Би мөнгийг нь даана аа гэсэн. Ингэж 100 эрхэмд намайг оруулсан юм. Х.Баттулга Ерөнхийлөгч бас “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргасан шүү.Та Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд тууль хайлсан уу?Тийм. “Жангар хайлуулж, жавар үргээнэ. Ард түмэн анзаарна” гэсэн юм. Бид туулийн тухай ярилцсан.
Нэгэн халимаг судлаач угтай жангарч, уггүй жангарч гэж байдаг тухай ярьжээ. Угтай жангарч нь дээд тэнгэрээс сонсоод, хайлж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг гэнэ шүү. Та энэ талаар юу хэлэх вэ?Хамаагүй болох болохгүй хүн “Жангар” хайлж чадахгүй гэж ярьдаг. Би бол зүүд зүүдлээд, зүүдээр дамжуулж, хамаг юмыг надад өгсөн гэж боддог. Цагаан аав (өвгөн) хоёр, гурван удаа зүүдэнд ирсэн юм. Надад олны нүдэн дээр гарч “Жангар” хайлах бодол байгаагүй. Харин тэр өвгөн араас ирж түлхсэн шүү. Явж явж тайзан дээр гарч “Жангар” хайлаад ирсэн байна.
“Жангар” туулийн тэр олон мөр, бадгууд нэг л мэдэхэд урсаад ирдэг үү, эсвэл шүлэг шиг цээжилдэг үү?Хүн таалагддаг зүйлээ амархан сурдаг шүү дээ. Өөрсдөө хүчээр дуулагддаг юм ч байна. Тууль галын цог уугиад, асдаг шиг бадардаг. Туульч байдаг, туулийг сонсдог хүмүүс бас байдаг. Туульч сонсогчид бас дундаа энергиэ хуваалцдаг.
Соёл судлаач С.Юндэнбат “Жангар туулийг өвлөгч нар тээж явдаг. Өвлөгч болгоны уран сэтгэмжээр баяжиж байдаг, амьдлаг чанартай өв” гэж ярьсан байна лээ. Таны хувьд “Жангар” туулийг өөрийнхөөрөө зохиомжлох бусад гадаад, дотоодын туулиас санаа авч баяжуулах тохиолдол байдаг уу?Үгүй ээ.Тууль бол тэнгэрээс онгодоор бууж ирсэн зүйл. Түүнийг яаж засах вэ. Яг тэр хэвээр нь мянган жил хайлах хэрэгтэй.Дээр нь юм нэмж болохгүй. Яагаад гэхээр тууль гэдэг тэнгэрийн юм. Тэнгэрээс зөвшөөрвөл тууль хайлж байдаг. Болох болохгүй хүн тууль хайлахаар нас нь ахар болно гэж ярьдаг шүү.Жангар, Ар Бумбын орон гэдэг нь тээр сансраас, Алтан гадас, Долоон бурхнаас бууж ирсэн гэж би боддог. Монголчуудад “Жангар” туулийг дээрээс өгсөн. Тэр хэвд нь цээжлээд хадгалаад явах хэрэгтэй. Миний санаа бодол ийм. “Жангар”-ыг хайлах, сонсох хэрэгтэй. Бахархаж, омогших хэрэгтэй. Монгол, Халимагийн амьдралд их л хэрэгтэй, энергитэй юм.
Таны Бурхан халдун дээр тууль хайлж байгаа бичлэг харсан. Тэндээс их л эрчим хүч авсан байх гэж бодлоо? Бурхан халдуны хормойд нь тууль хайлсан юм. Бурхан халдундаа хүрээд, “Жангар”-ын хэсгээс хайлаад ирсэн. Бурхан халдунаа шүтээд, гал тахисан юм. Бид Бурхан халдунаас гаралтай хүмүүс шүү. Ижилийн хөвөөнөөс баатад Цагаанзам нь ирлээ, одоо хүртэл бид нь туулиа хайлаад, түүхээ мартаагүй явна гээд цэрэг маягаар илтгэсэн.Тууль хайлах зан үйл бөөгийнхтэй төстэй гэдэг. Ер нь туульчид бөөгийн онцгой чадвар байдаг болов уу?
Тууль хайлж байхад зарим мэдрэмж төрдөг, харж үзэгдэж сонсогддог юм байдаг. Алдарт богд Жангар бол үлгэр биш. Мухамед, Есүс, Буддагаас илүү манай бурхан
Монгол гэрт, айл саахалтын цөөн хэдэн хүнд зориулж, тууль хайлж ирсэн уламжлалтай. Та Мексикт том танхимд “Жангар” тууль хайлж байсан. Гэтэл том танхимд олон хүний өмнө тууль хайлахаар өөр мэдрэмж төрдөг үү, илүү их хүч шаарддаг уу? Эртний цагт амьдарч байсан өвөг дээдэс маань их л заяатай хүмүүс байж, дээрээс онгодоор тууль буулгаж өгсөн. Баруун Монголд 40 гаруй нэртэй тууль байсан гэж ярьдаг. Туулийг би тэнгэрийн их сургууль гэж боддог. 35 жил тууль хайлж байна. Хамгийн сонин нь гадаад хүмүүс хэл мэдэхгүй ч тууль их сонирхдог. 1200 хүн чимээгүй суугаад сонсч байсан. Манайхан өөрсдийнхөө үнэт зүйлийг анзаардаггүй, хүнийхийг шагшдаг. Гадаадад явахад тууль гэдэг агуу юм гэж мэдрэгдэж байна. “Хэл мэдэхгүй байж яагаад сонсоод байна вэ” гэхээр “Цаана нь нэг эмоци байна” гэдэг. “Жангар” туулийг дээрээс надад даалгасан. Зөв буруу, нүгэл буян, сайн, муу, хар цагааныг ялгах, олон хүмүүсийг нэгтгэж хамт амьдрахыг заадаг их ухаан туульд бий.
Анх тууль хайлж эхлэхдээ хүмүүс анзаарч байна уу гээд хардаг байсан л даа. Дараа нь тэр бүхнийг тоохоо байсан. Хүмүүс сонсвол сонсог. Би бол тууль хайлахдаа Алдарт Богд Жангараа магтаж, аав ээж өтгөсөө баярлуулан, дээд тэнгэртээ бид таны сургаалыг мартаагүй гэдгээ гэрчилж байгаа юм. Бид аав, ээжийнхээ заавраар амьдарч байна. Алдарт Богд Жангараа хайрлаж байна гэдгийг илтгэж байгаа юм. Танхимд мянган хүн сууж байна уу, сая хүн байна уу хамаагүй.Шашин гараагүй байхад тууль байсан гэж үздэг. Суут богд Чингис хаан туулийг сургаал болгож, олон ард түмнийг удирдаж байжээ. Тууль маш олон шад шүлгээс бүрддэг. Зарим туулийг хайлахад хэдэн өдөр шаардлагатай. Туульчид тэр олон мөрүүдийг мартчихдаггүй юм байх даа?
Хамгийн гол нь “Жангар” туулийг ард түмэн анзаарч, сонсож байна уу гэдэг чухал. Телевиз, интернэт гээд зөндөө сонин юм гарсан шүү дээ. Тууль сонсох сэтгэл, ойлгодог хэл хэрэгтэй. “Жангар” хайлдаг туульчид сонсдог хүмүүсээ өөрсдөө олж авдаг. Тууль хайлахад хүч шаардлагатай. “Халимагууд сонин хүмүүс, олуулаа цуглаад, дөрөв таван өдөр дараалан тууль сонсдог. Туулиа сонсож байхдаа зарим нь хашгирч уйлаад, малгайгаа газар шидээд, галзуураад байдаг” гэж Н.В.Гоголь гэж Оросын том зохиолч, халимагуудын түүхийг судлаад бичсэн байдаг.
Тууль хайлахыг сонсогчид ч бас транст ордог, баатруудтай холбогдож, дотроосоо халуу дүүгэж, энерги хийморь сэргэдэг гэдэг.
Ингэхэд таны тууль хайлсан бичлэг бүтнээрээ байдаг уу? Хүргэх хүмүүст нь хүргэдэг. Зөв хүмүүст нь сонсгодог уламжлал явж ирсэн. Хүмүүс анзаарахгүй бол бас хамаагүй хайлаад байж болохгүй. Хар хүч эзлээд, хүч авчихна гэх мэтийн санаа бодол бас байдаг. Тууль бол манай эртний бурхан шашин шүү. Алдарт богд Жангар бол үлгэр биш. Мухамед, Есүс, Буддагаас илүү манай бурхан. Хэл, соёл бүх зүйлс нь манайх шүү. Жишээлбэл, дэргэд чинь эгэл хувцастай суугаа ээж, аавыгаа тоохгүй гадуур гүйсэн эрэгтэй, эмэгтэйг аав, ээж гэж дуудаад явж таарахгүй. Уг гарвалаа мэддэг байх хэрэгтэй. Жангар арван хоёр баатруудтайгаа догшин бурхад юм шүү.Тууль гэдэг аргагүй хуучны юм. “Эрдэнийн эхэн цагт энэ олон бурхны шажин дэлгэрэх цагт” гээд туульд бас бурхны шашны нөлөө орсон байгаа юм. Тууль гэдэг бөөгийн үеийн үзэл суртал, тэнгэрийн үзэл суртал гэж би боддог.Зүй нь “Энэ олон бурхны шажин дэлгэрээгүй цагт” гэх учиртай. Буддын шажин орж ирээд, Жангарт бас лам мамаа хавчуулсан байдаг. Тэрийг нь би цэвэрлэж, хуучны үгээр нь үлдээнэ. Урд нь хамаагүй ам гарч болохгүй байсан. Бурхны шашин догшин шашин шүү.
Дува сохорын дөрвөн хүүгээс дөрвөн ойрад салаалсан гэлээ. Халимаг хөгшид Дува сохор эргэн төрөхийг хүлээдэг гэж сонссон?
Дөрвөн ойрад ядраад муудаад ирвэл дээд тэнгэрээс нэг нүдтэй хүү (Дува сохорыг) илгээнэ гэж ярьдаг. Гурав, дөрвөн удаа тэгж төрсөн байна. 1910 онд манай Цагааннуурт баатад овогтой эхнэр нэг нүдтэй хүү төрүүлсэн гэж эмээ маань ярьдаг. Төрөөд хашхирахад нь хүмүүс бүгд чихээ таглаад зугтсан байгаа юм. Хонины сүүл хөхүүлэхээр залгичихаад байж. Шашныхан нэг нүдтэй хүүхэд төрвөл ээжийн алтан уураг амлуулалгүй, шууд аваад явдаг гэж ярьдаг. Амьдаар нь гурвалжин модон хайрцагт хийгээд, ар зүг рүү харсан салаа зам дээр нүх ухаад булдаг. Дээрээс нь ном уншаад дардаг байсан гэдэг. Шарын шашин, социализмын үзэл суртал бидний олон зүйлийг мартуулсан. Анх юу байсныг босгож авах хэрэгтэй. Мартуулсан юмыг сэргээх хэрэгтэй.
Та дунд сургуульд байхдаа хөл бөмбөг өшиглөх насандаа тууль цээжилж явжээ. Туулийг сурдаггүй, дээрээс өгөгддөг гэсэн байх аа.
Би тав, зургаан насандаа “Жангар” туулийн хэсгээс сонсоод, их л айсан. Нэг морьтой хүн гарч зулаад (зугтаад), нөгөөдөх нь араас нь алахаар хөөж байгаа тухай хэсэг. Гал үдийн алдад хөөж гүйцээд, сэлмээр цавчиж байгааг дүрсэлдэг. Анх удаа “Жангар”-ын сцен сонсоод, айж цочсон. Дараа нь сургуульд сурч, хүзүүндээ улаан галстук зүүгээд, социализм, Карл Маркс гээд олон жил тэмцэв шүү. Тэгж яваад хорин хэдэн нас хүрээд, эргэн тойрноо харсан чинь дандаа худлаа, хулгай. Хүн юуны төлөө амьдардаг юм гээд сэтгэлээр унаад, үхмээр санагдсан. Тэгж байтал зүүдэнд Цагаан өвгөн ирж, хундагатай архи нүдэндээ нулимстай өгдөг юм байна. Түүний дараа дахиад нэг зүүдэнд ирж, арьсан гадартай ном өгөөд “Хүнд битгий үзүүл, аваад яв” гээд байсан.
Өөрийн мэдэлгүй “Жангар”-ын замаар ороод тайвширсан. “Жангар”-ын хайр ивээлээр бүх дэлхийг тойрч явсан байна шүү. Энэ дэлхийн олон хүн “Жангар”-ын туулийг үнэхээр сонсох дуртай. Орчлон миний гэж хайрлаж суудаг гэсэн нь лав үнэн болж байна.Та инженер мэргэжилтэй гэсэн. Тэр мэргэжил тань танд хэрэг болсон уу?
Би багаасаа сайн сурсан, дунд сургуульдаа ганц нэг дөрөвтэй, бусад хичээл дээр онц сурсан. Цэрэгт очоод сайн цэрэг байлаа. Герман цэрэгт яваад, гол генерал нь намайг үлдээч гэсэн. Үлдмээр байсан ч Москвагийн Барилгын их сургуульд ороод, тэндээ гайгүй сайн сурсан. Багш нар тоодог. Цөмийн цахилгаан станцын инженер мэргэжилтэй.
Тэгээд дээр ярьсан зүүдэндээ Цагаан өвгөнтэй уулзаад “Чи хэн бэ” гэхээр нь ”Би Халимагаас ирсэн” гэхээр “Аан за за. Есдүгээр ангид сурч байхад чинь нэг удаа би чамайг үзсэн, танилаа” гэсэн. Тэгээд би бодсон чинь 16-тай байхдаа төрөлх хэлний хичээл дээр “Жангар”-ын гурван бүлэг цээжилснээ саналаа. Багшдаа нөгөөхөө шалгуулаад, “Эрдэнийн эхэн цагт…” гээд уншихад маань “Суу, онц” гэж билээ. Аан, би арванзургаатай байхдаа “Жангар” тууль хайлах байж гэж бодсон. Явж явж 33-тайдаа замдаа орсон.
Таны удам сударт “Жангар” тууль хайлдаг хүмүүс байсан уу?Байсан. Нарт дэлхийд Жангар судалдаг хүмүүст танигдсан Ээлайн Овлаа гэж хөгшин байв. Түүний ээж нь манай баатад овгийн хүн. Баатад овогтой хүмүүс Жангар хайлдаг.Та Цагаанзам гэдэг нэрэндээ дуртай юу, Владимир Каруев гэдэг ч бас л таны нэр шүү дээ, тийм ээ?
Намайг төрөхөд эмээ маань гэртээ харих сайхан замд төрсөн гээд Цагаанзам гэсэн нэр хайрласан юм билээ. Гагаа (манай аавын эгч) бол дөрөвдүгээр сард төрсөн юм чинь Лениний нэр өгье, Владимир гэж нэрлэе гээд эмээ, Гагаа хоёр булаацалдаад, надад хоёр нэр өгсөн.Халимагууд Сибирьт цөлөгдсөн байхад оросуудын дунд халимаг нэр өгнө гэдэг бас хэцүү байсан. Каруев гэдэг нь жинхэнэ монгол үг. Хар гэсэн үг юм шүү. Цагаанзам гэдэг эмээгийн өгсөн нэр миний хувьд их учир утгатай.Аав, ээжийн тухай дуулахдаа Цагаанзамаар нь явъя гэсэн юм. Халимагууд Сибирийн цөллөгөөс нутгаа тэмцэж, нутгийн захад орж ирж байхад би төрсөн гэдэг. Цамцтай төрсөн Цагаанзам гэдэг. Цамцтай гэдэг нь гадуураа арьстай төрөхийг хэлдэг юм билээ.
Ариун цагаан сэтгэл, хайр Монголыг нэгтгэх ёстой гэж итгэдэгТа Халимагийн Ерөнхийлөгч К.Илюмжиновт зөвлөж байсан гэдэг. Бас Монголын төрийн тэргүүн нартай ч уулзаж явсан. Тэдэнд та юу хэлдэг вэ?Эгэл намайг хүлээж авсанд баярладаг. Миний ярьдаг хамгийн гол зүйлс Чингис хаан, Жангарын тухай байдаг. Салаад явсан ард түмнийг нийлүүлнэ гэдэг амаргүй, агуу хүч хэрэгтэй. Ариун цагаан сэтгэл, хайр Монголыг нэгтгэх ёстой гэж итгэдэг. Хамаатан садан, аав ээжийн хайрыг яг айргийн хөрөнгө шиг исгэх хэрэгтэй. Суут богд Чингис хааны аргаар гурван сая монголыг намаар бус хамаатан саднаар нь аравтын системээр хуваах учиртай. Хамаатны арван айл хэлэлцээд, толгойлох нэгнээ сонгоод гаргах юм. Арван айлынхан хэлэлцээд “Энэ л чадна даа” гэсэн зөв хүнээ аравтын даргаар сонгоно. Аравтууд нэгдэж зуут болно. Зуутууд мянгат болно. Мянгатууд нь түмт болно. Монгол яг пирамид болоод, дээрээ 300 шилдэг хүнээ гаргана шүү. Тэр шилдэг хүмүүс нь ардаа ивээж чадах, хайр ивээлтэй хүмүүсээ УИХ-д гаргаж, Засгийн газрыг бүрдүүлж, монголчууд хад чулуу шиг хатуу, гаднаас дайсан халдаж чадахгүй болно. Дээрээс буусныг бүгдэд хуваагаад өгч чадна. Ийм системд хулгайч нар дургүй. Мэргэжил, ариун цагаан сэтгэлийг нь харгалзаж, төрд гаргах хүнээ батлах учиртай. Хэрвээ ариун цагаан сэтгэлгүй бол тэр хүнийг дээшээ гаргаж болохгүй.
Ариун цагаан сэтгэлтэй биш бол аравтын дарга ч бүү болго гэсэн бил үү?
Конфуцийн (Күнз) нэг үг бий. Дээр үед хулгай худалдаа дарагдсан цагт Конфуций тэргээ унаад явж байж. Нэг аймгийн дарга хүн тэрэг дагаад гүйнгээ асууж гэнэ. “Багш аа, хулгай худал ихдээд миний чадал хүрэхгүй байна, яах вэ” гэж. “Зөв хүмүүсийг буруу хүмүүс дээр гарга” гэсэн хариу сонсчээ. Зөв, буруу хүнийг яаж таних вэ гэхэд “Мэргэжилтэй, ариун цагаан сэтгэлтэйг нь сонго” гэж. Муу хүмүүс аргатай, мэдлэгтэй, эрх дархтай, шуундаа чадалтай байдаг. Гагцхүү тэдэнд ариун цагаан сэтгэл байхгүй. Тэд атгаад, шүүрээд л байдаг. Буддын шашинд зовлон шунаг сэтгэлээс үүдэлтэй гэдэг. Тэгэхээр Чингис хааны “Ариун цагаан сэтгэлгүй бол аравтын даргаар ч тавьж болохгүй” гэдэг үнэн. Жангар бол “Амьтай дэлхий цугаар минийх” гэж хайрлаж байна. Аравтын дарга бол арван өрхөө багтаагаад минийх гэж байна. Зуутын дарга бол зуутаа халаасандаа багтаана. Тэгж бүх юм тэгш тэнэгэр болно.
Та сайн цэрэг байжээ. Халимагууд томоохон 28 дайнд оролцож байсан гэнэ. “Цавчихын тулд цавчсангүй, Оросын төлөө цавчлаа” гэсэн дууны үг хүртэл байх юм. Халимагууд дайнч гэгддэг ч тэд дайныг хүснэ гэж үү?Багад аав, ээж маань “Дайн дажин битгий болоосой” гэж ярьдаг байсан. Хуруугаараа бөмбөрдөхөөр “Битгий битгий, муу ёр дайн битгий дууд” гэдэг. Хөгшид дайнд дургүй. Нэг хэсэг Чингис хааныг махчин, дайнч гэж ярьдаг байсан. Харин одоо “Мянган жилийн хамгийн соёлтой дайнч” гэж баталсан байна лээ.
Саяхан би Украйны дайнд жинхэнэ оросууд бус халимаг, тува, буриадууд үрэгдэж байна гэсэн жиргээ хараад шимширсэн. Монгол гаралтай эрчүүд нумын зэв, бууны сум болж, хэний төлөө, юуны учир Монголын цусыг урсгана вэ? Зөв дайн, буруу дайн гэж бий. Украйн, Оросын дайн зөв биш. Ард түмэн ярьж байна шүү “Олигархуудын дайн, энэ манай дайн биш” гэж байна. Энэ дайнд амиа өгөх учир шалтгаан байхгүй. Орос, Украйн нэг цус, махтай хүмүүс.Хатанбаатар Магсаржав дайнд орохоосоо өмнөхөн М.Парчин туульчийг урьж, цэргүүддээ тууль сонсгож, зоригийг нь чангалсан гэдэг. Монголчууд ав хоморго, дайн тулаанд орохоосоо өмнө “Жангар” хайлуулдаг. Туульсын онгод дайчдыг дагаж явдаг гэж үздэг байсан гэнэ.
Дайнд соёл ихтэй тал нь дийлдэг байж. Гэрт могой орвол ээж баатар шүү.“Бүх юм ээжийг минь санагдуулна”
Ээж тань өмхий хүрнийг сэрээдээд, шор төмөр мэрж, архирч буй зоригт амьтныг харуулахаар хөвгүүдээ дуудан “Эр хүн ийм байх ёстой шүү” гэж хэлсэн гэдэг. Монгол эхчүүд хүүгээ дайчин эр болгож хүмүүжүүлж байжээ?
Ээж гэрийн багш. Хүүхдэдээ зөв ,бурууг мэдүүлээд, хаана зоригтой байх ёстой, юунаас ичих учиртайг бүхнийг заана шүү дээ. Ээжийн урсгасан хөлс хүүхдээр нь дамжиж буцаж ирдэг шиг санагддаг. Дээр үед нэг ийм утгатай яриа сонссон. “Бид дэлхийн хүмүүсийн хагасаас татвар авч чадахгүй байгаа учраас эмэгтэйчүүдийг ажилд оруулаад, тэднээс татвар авч байна” гэж. Нэгдүгээрт, мөнгөний асуудал байж, хоёрдугаарт, ээжийг хүүхдээс нь салгах чухал бололтой. Хүүхдийг нь цэцэрлэг, сургуулиар дамжуулж, өөрийн программаар хүмүүжүүлдэг. Ингэж бүх уламжлалыг мартуулж байна. Тийм учраас ээжийг ээж, аавыг аав хэвээр нь үлдээх ёстой. Ээжийн тухай “Бүтэн нойртой хонож үзээгүй, бүлээн цайгаа ууж амжаагүй” гэж дуунд гардаг шүү дээ. Орчин үед ээж нар хүүхдээ орхиод “Ажил хийж байна” гээд явдаг. Хүүхэд нь болохоор гудамжаар өсөж байдаг.Таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн хүн гэж хэнийг нэрлэх вэ?
Ээжийн өвөрт өсөөд, үгийг нь сонсоод явсан хүн шүү дээ. “Ээж минь” дууг гадаадад дуулахаар ямар утатай вэ гэж их асуудаг. Олон юм ярихын оронд амраар нь “Би дэлхий дээр юу харна, бүх юм ээжийг минь санагдуулна” гэж тайлбарладаг юм. “Нялх бага наснаас минь өвөртөө шахаад, хүү минь мод ургаж байна. Хулс нахиалж байна, гол урсаж байна гэж бүх дэлхийг тайлбарлаж өгсөн. Ээж надад сайхан нутаг, дэлхийг таниулсан, дэлхийг харахаар ээж санагдана гэж дуулж байгаа юм” гэдэг.Та аавын тухай дуулдаг уу?
“Жангар” тууль эрэгтэйчүүдийн тухай, аавын тухай гэж боддог. Аавыг маань Охин гэж нэрлэдэг. Эрэгтэй хүүхэд тогтохгүй болохоор түүнд ийм нэр өгсөн юм билээ. Ээж минь 57 хүрээд нас барсан. Аавын ээж 103 насалсан. Аав 73-тай, эмээ 100 настай байсан үе. Би аавын хүү, ээж байхгүй. Нэг удаа аав уурлаад зогсохгүй байхаар нь “Өөрөө ээжтэй байж, ээж байхгүй намайг яагаад загнаад байгаа юм бэ” гэж билээ. Тэгсэн чинь таг болсон.Таны “Жангар” тууль хайлахыг сонсох боломж байгаа юу?Бид даруухан амьдарч иржээ. Би тууль хайлж байна, намайг сонс гэж байгаагүй. Хайлаад хайлаад явсаар 60 гарчихлаа. Одоо хэд наслахыг мэдэхгүй. Жаахан зоригтой болоод сонссон үзсэн зүйлсээ залууст мэдүүлмээр байна. Одоо гэртээ том тэрэг бэлтгэж байна. Тэргэн дээрээ нэг эсгий гэртэй нүүдэг Жангарын төв бүтээж байна. Түүнийгээ чирээд, нэг сумын захад ирээд, хөгшидтэй цай уугаад залууст “Жангар” сонсгоод, дэлгэрүүлмээр байна. Би дэлхий тойроод ирсэн. “Жангар”-аа сонсдог, хүндэлдэг, шүтдэг хүмүүст хүргэмээр байна. Одоо бол өмнөх нь ойртоод, хойдох нь холдсон цаг. Сонссон хурааснаа цацаж амжих хэрэгтэй гэж бодож байна.
Та хархирч чадна гэдгээ хэзээ мэдэрсэн бэ?Би анх 1986 онд тувачуудын бичлэг сонссон юм. Ленинградад профессор И.Вемцовский ингэж ярьсан. “Бат хааны цэрэг дайнд давхиж орохдоо түмэн цэрэг хархирдаг, 40.000 адууны туурай газар дэвсдэг байж” гэсэн юм. Хөөмий, хархираа судлаад байтал хөөмий, хархираагийн төв цэг нь Баруун Монголд байж. Тууль заавал хархираа, хөөмийгөөр хөлөглөх ёстой.Манай төлөөлөгчид буцахад ганцаараа үлдэж, хоёр найз маань намайг хөтлөөд Ховдод хүргэсэн юм. Тухайн үед газар мэдэхгүй. Одоо бодоход Эрдэнэбүрэнгийн нутагт байсан байна. Тууль судалдаг Б.Кату судлаачтай хамт Ховдын Чандмань суманд хөөмий, хархираа судалж байлаа. Дараа нь хөөмийлж, хархирч сурсан. Хөдөө гадаа хүмүүсээс зайдуу, “Хөх тэнгэр минь хэрвээ ийм юм байсан бол гаргаад өгөөч, заагаад өгөөч” гэж гуйсан. Тэгээд хархирч сурсан. Сүсэглэж шүтэж яваа яваандаа дуугардаг болсон нь бахтай гэв.
Халимагийн алдарт туульч О.Цагаанзамтай гудамжинд таараад “Ярилцлага авъя” хэмээн хоргоосондоо жаахан санаа зовж байсан юм. Харин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг жаргаасан түүний нэг өгүүлбэрийг сонсоод санаа амарсан. “Монголдоо ирээд, гадаа гудамжаар явахад хүн “Сайн байна уу” гээд мэндлэнэ гэдэг ямар их жаргал вэ”…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!