Uncategorized

Р.Эмүжин: Төгсбуянтын цагаан сар, Шар зурхайн цагаан сар, Бурхны шашны цагаан сар гэж байдаггүй. Монголын цагаан сар л гэж бий.

Монголын цагаан сар…
Монголчууд зуунаар бус, мянганаар хэмжигддэг бичиг соёлын түүхтэй. Тод, соёмбо, дөрвөлжин, уйгаржин гээд Монголоор овоглодог, Монголын түүхэн бүх цаг үеийн гэрч болдог бүх бичиг соёлын эх сурвалж, утга зохиолын бүтээлүүдэд Төгсбуянтын цагаан сар, Шар зурхайн цагаан сар, Бурхны шашны цагаан сар гэж байдаггүй. Монголын цагаан сар л гэж бий. Монголын цагаан сар гэдэг чинь их утга учиртай үг шүү. Нүүдэлчин монголчууд бол цаг улирлын нэг хэсэг. Цаг хугацааг хамгийн соргог мэдэрч, мал ахуй, нүүдэл суудлаа зохицуулж ирсэн, Төв Азийн барометр юм. Үүнд би үргэлж итгэдэг. Монголчууд хавар ирлээ гэж ёс уламжлалаа ёсчлон тэмдэглэх тэр өдөр л хавар ирэх болно. Тиймээс Монголын цагаан сар бол та юм, таны хаврын анхны урийг мэдэрсэн тэр мэдрэмж юм. Өнөөдөр Монголын тал нутагт дөнөн үхрийн эвэр тас хөлддөг дөрвөн ес үргэлжилж байна. Тавьсан будаа гэсэх таван ес, зурайсан зам гарах зургаан ес…есөн есийн энэ хэмжүүр цаг уурын хамгийн төгс тодотгол гэдгийг өнөөдөр ч бид харж байна. Зурхай тойрч маргахын тулд Цагаан сар байдаггүй. Заншил, хүндэтгэл, ёс, уламжлал таны сэтгэл зүрхэнд ямархан орон зай эзэлдэг вэ, тэр орон зайн тусгал нь таны Цагаан сар байх болно. Тэгээд тэр нь ганц, хоёр өдрөөр, хагас, бүтэн сараар зөрөх нь чухал биш, цагийн бүсчлэл, уртраг өргөрөгөө даган өөр, өөр байх боломжтой. Тийм атал Цагаан сарыг шашинжуулах нь цаг улирлыг, ирж буцдаг нар, сарыг шашинжуулж буй хэрэг шүү дээ. Талцаж хуваагдах хэрэггүй, танай манай Цагаан сар гэж тас зөрүүдлэх бүр ч хэрэггүй. Хэзээ монголчууд Цагаан сараа тэмдэглэнэ, тэр өдөр Төв Азийн өндөрлөгт урь орж, хавар ирэх болно. Учир нь Төв Азийн өндөрлөг бүст монголчууд аж төрдөг юм. Зөрөөд байгаа өдөр сардаа учир нь биш, зөөллөж, зөвтгөж ойлгох ухаан хийгээд итгэл үнэмшил, мэдлэг мэдрэмжид л Цагаан сар оршдог гэж ойлгодог. Тийм ч болохоор Монголын Цагаан сар, монголчуудын хавар хоёр бусдынхтай адил байх албагүй. Маргах хэрэггүй, нам дор газар, наран ээвэр бүс нутагт дулаарч байна, харин Монголын тал нутагт дөнөн үхрийн эвэр хуга хөлддөг дөрвөн ес үргэлжилж байна. Тэд цагаан сараа тэмдэглэж, бид мөсний баяраараа мөсөн шагай мөргөлдүүлж сууна, ийм байх ч ёстой юм!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!