Uncategorized

Жүжигчин Д.ОЮУНТУУЛ: Би нулимс амархан гаргадаг эрчүүдэд дургүй

Жүжигчин Д. Оюунтуултай ярилцахад сэтгэлийн хөдөлгөөнтэй бүсгүй байв. Түүнийгээ ч нэг их нуусангүй. Тайзаа орхиж, телевиз рүү “урвалаа” гэж бусдын адил баахан ундууцаж бодсоноо хэлээд авлаа. Тэгсэн өөдөөс инээмсэглээд “Би урлагт дуртай. Өөрөө хүсч сонгосон болохоор жүжигчин мэргэжилдээ ч хайртай” гэсэн юм.

– “Шинэ үе”-ээс “25 дугаар суваг” телевиз руу яагаад “урвачихав” аа?-Жүжигчин хүн зөвхөн тайзан дээр л байх ёстой гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Сонин, телевиз гээд юунд ч хүчээ сорьж болно. Тэгээд ч сонирхол минь намайг телевиз рүү хүчтэй татсан. “25 дугаар суваг” телевизийнхэн эвсэг, өөр өөрсдийнхөө ажлыг дор бүрнээ хийгээд сурчихсан нь надад их таалагдсан. Хоорондоо ярьж, мэндлэх завгүй гүйж байгаа олон хүнийг хараад эхэндээ их гайхдаг байлаа. Миний хувьд одоо л ажилдаа дасч байна. Телевизийн ажил хурдтай, шаламгай байхыг үргэлж шаарддаг юм байна гэдгийг мэдэрлээ.-“Амьдралаа гэж…” нэвтрүүлэг хөтлөх ямар санагдаж байна?
-Нэвтрүүлэг хөтлөхөд амар байгаагүй ээ. Хүмүүсийн амьдралд тохиолдож байгаа зүйлийг уран сайхны аргаар бус, бодит байдлаас хөндөж, үзэгчдэд хүргэнэ гэдэг хэцүү юм билээ. Амьдралынхаа эрээн барааныг хүн тэр бүр яриад, дэлгээд байдаггүй. Сүүлчийнхээ дугаараар нийгэмд “Гей, гомо, ижил хүйстнүүд” хэмээн ялгаварлуулан адлуулдаг хүмүүсийн тухай өгүүллээ. Хүний эрх гэдэг зүйл тэдэнд үйлчилдэггүй нь өрөвдөлтэй санагдсан. Нэвтрүүлгийн дараа олон хүн холбогдож, “Та нар зөв сэдвийг зоригтой хөндөж ярилаа. Өнөөдөр энэ хүмүүс чинь ийм шүү дээ гээд хамгаалах хүн байдаггүй юм” гэж хэлж байсан. Намайг анх хөтлөхөд үзэгчид янз бүрээр л хүлээж авсан. Зарим нэг нь утасдаад “Хөөе, чи буруу зөрүү яриад байна, болиоч ээ” гэж хэлж байх жишээтэй. Хүмүүсийн шүүмжлэлтэй тулгараад сэтгэлээр унасан үе ч бий. Тийм үед редактор Дэмбэрэл маань “Битгий шантар. Аливаа зүйл төгс болно гэж хэзээ ч байдаггүй юм. Сайн, муу аль аль нь бий” гэж сэтгэлийн дэм өгч байсан.
-Өмнө нь МҮОНТВ-ийн “Титэм” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан чинь энэ нэвтрүүлгийг хөтлөхөд тодорхой нөлөөлсөн биз?
-Зоригтой, омогтой, айж эмээхийг мэддэггүй байсан үеэ бодвол одоо жаахан санаа суусан байна. Нэвтрүүлэг хөтлөхдөө алдаа гаргаж, үзэгчдэд эвгүй сэтгэгдэл төрүүлчихвий дээ гэж өөрийгөө хянаж, цэгнэдэг болсон. -“Шинэ үе”-ийнхэнтэй холбоотой байгаа юу. Зарим нэг хүн таарч тохирохгүй болоод тэндээс гарсан гэж ярьж байхыг сонссон?-Уран бүтээлийн чөлөө авсан байгаа. Надад энэ хамт олноос сурсан зүйл их бий. “Шинэ үе”-ийнхээ жүжигчдийг чадварлаг уран бүтээлчид гэж хэлнэ. Өөрийн чадах мэдэх бүхнээ сэтгэлээсээ харамгүй зааж, дэм өгч чаддаг хүмүүс. Тэр дундаа Бооёо ахыг үзэгчдийн алга нижигнүүлэн таших ташилтаас ямар хайртай жүжигчин болохыг тай­зан дээ­рээс мэдэрдэг. Хойшдоо нэвт­рүүлгээ ч хөтөлнө, уран бүтээлээ ч хийнэ.-Хамгийн сүүлд “Хүний наймаа” нэртэй кинонд тогложээ…
– Энэ кино Ж.Биндэр найруулагчийн бүтээл. Өнгөрсөн жил Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон. Гавьяатынхаа шагна­лыг шинэ уран бүтээлээр мялаасан юм. Хамаатныхаа охиныг наймаалахыг санаархсан хүүхний дүрийг бүтээх саналыг дуртай хүлээж аваагүй л дээ. Найруулагч маань “Жүжигчин хүн ямар ч дүр бүтээж чадах ёстой” гэж хэлсэн. Зохиолыг нь уншиж байхад яагаад ч юм, надад айдас төрж байсан шүү. Энэ нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг Тогсоогийн дүрээр гаргахыг зорьсон. Кинонд тоглосныхоо дараа үзэгчид намайг хэр үзэн ядаж, хүлээж авах бол оо гэж бодож байснаа нуугаад яах вэ.
-Хүний наймааны гэмт хэрэг Монголын нийгмийн хаалгыг тогшоод авсан шүү дээ…-Өнөөдөр хүмүүс айдастай амьдарч байгаа нь худлаа биш. Гэхдээ бид нийгмийн сөрөг бүхнийг муу муухайгаар нь харуулах ёсгүй. Ямарваа уран бүтээлээс үзэгчид ухаарал, сэтгэлийн таашаал, сайн сайхныг олж харах ёстой.
-Өөрийг тань мэргэжлийн хувьд “Овжин охид” кино илүү нээж өгсөн шиг санагддаг?-Энэ дүрээр намайг олон хүн таньдаг болсон. Мишээлийн дүрийг оюутны ширээнээс босоод л бүтээсэн. 2001 оноос хойш Биндэр найруулагчийн найруулсан 10 кинонд тоглож, дуу оруулжээ. Бүтээсэн дүрүүдээ эргээд харж байхад алдаатай зүйл байдаг л юм. Бодоод байхнээ жүжигчин хүн төгс дүр бүтээнэ гэж байдаггүй байх аа.-Таныг харж байхад доргио бүсгүй шиг санагддаг.
-Би доргио, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Амархан гомдож, амархан баярлана. Юмыг санаачлахдаа гаргууд. Найз нөхдөдөө ч нээлттэй. Нээлттэй гэхээр бүхнийг дэлгээд ярьчихдаг гэж битгий бодоорой. Найзууддаа ярих зүйлээ ярина, ярихгүй зүйлээ ярьдаггүй.-Ингэхэд өөрт тань ямар эрчүүд таалагддаг вэ?
-Хов жив ярьдаггүй, үг даадаг, тоглож наргиж сурсан, бусдынхаа үгийг хүлээцтэй хүлээн авдаг уучилж чаддаг хүнийг жинхэнэ эр хүн гэж боддог. Ийм зан эр хүнийг чимдэг гэж ойлгодог. Би нулимс амархан гаргадаг эрчүүдэд тийм ч дуртай биш. Яагаад ч юм, нэг л сонин санагдаад байдаг юм. Эр хүн зүрхэндээ уйлдаг гэдэг дээ. Эмэгтэй хүн шиг уйлчихдаг бол амьдралын хатуу бэрхийг яаж даван туулах вэ дээ.-Хайрыг юу гэж ойлгодог вэ?-Хайр хүний амьдралыг гэрэл гэгээтэй болгодог гэж боддог. Амьдралдаа хүн олон зүйлийг мартсан байдаг шүү дээ. Тэгвэл хайраа хэзээ ч мартдаггүй.-Анхны хайртайгаа учирч байсан биз дээ?-Тэр үед 18 настай байсан болов уу. Бидний нөхөрлөл даанч амьдрал болоогүй ээ. Аливааг хар сүүдэргүй боддог, гэнэн цайлган насандаа нэг нэгэнтэйгээ үерхэж, зан зангаа мэдэлцэж байгаад гэр бүл болох зүгээр юм шиг санагддаг. Жил өнгөрөх тусам санаа суугаад, нөхөрлөх хүнээ ажил төрөл, амьдрал ахуйгаа хэрхэн авч явах бол, надад хань болж чадах уу, үгүй юу гээд сэтгэл рүү нь өнгийж хараад, олон талаас нь эргэцүүлж боддог болчихдог юм билээ. Гэхдээ одоо би дурлачихаад байгаа.
-Сайхан хайртай учирвал алдахгүйн төлөө тэмцэж чадах уу?-Хайртай болсон тохиол­долд алдахгүйн төлөө зүтгэнэ. Харин надад огт хайргүй хүний төлөө бол хэзээ ч тэмцэхгүй.-30 нас хүрчихлээ. Гэр бүл, үр хүүхэдтэй болъё гэж бодож байгаа биз дээ?-30 насыг хөгшин гэж бодохгүй байна. Хүнд өөрт нь заяасан тавилан төөрөг бий гэдэгт итгэдэг. Хэзээ нэгэн цагт хань болох сайн хүнтэй учрах байлгүй дээ. Ойрноос аав, ээж маань “Гэр бүлтэй болооч ээ. Зээгээ хармаар байна. Хүүхдийг чинь өсгөөд өгье” гэж хэлээд байх болсон. Намайг хань, үр хүүхэдтэй болоосой гэж битүүхэндээ хараад байдаг юм шиг байгаа юм.
-Ирээдүйн ханиа ямар хүн байгаасай гэж бодож байна?-Сэтгэлд минь нийцсэн, хань, үр хүүхдүүддээ халамжтай хүн байгаасай. Би олон хүүхэдтэй болно гэж боддог. Тэгэхээр надтай санал нэг байвал зүгээр.-Эр хүний ухаалаг, сэргэлэн зангийн аль нь амьдралыг илүү авч явдаг гэж боддог вэ?
-Ухаан нь илүү авч явдаг гэж бодож байна. Аав маань учиргүй сэргэлэн, овсгоотой биш. Гэхдээ амьдралаа ухаанаараа өдий дайтай авч яваа. Бидэнд “Хүн өөрийгөө хуурахгүй, үнэнч амьдрах хэрэгтэй. Шударгаар хөдөлмөрлөж олсон бүхэн амттай байдаг юм” гэж захидаг юм. -Шүүмжлэл даадаг уу?
-Сүүлийн үед даадаг болоод байгаа. Ээж маань надад “Чамд нэг зүйл хэлбэл чи уурлах уу” гэж байгаад л хэлдэг юм. Саяхан хэлний профессор нэг хүн, телевизийн хөтлөгчид буруу ярьж байна гэж ярилаа. “Нэвтрүүлгээ хөтлөхдөө хэлмээр байна гэдэг үгийг хэрэглэхгүй байгаарай” гэж захисан шүү.
Ярилцсан Г.Батцэцэг

Related Articles

Back to top button
error: Content is protected !!