Uncategorized

Монголд “хоёр эхнэртэй “ байх нь хэр зохимжтой юм бол? Хууль батлагдвал хөрөнгө чинээтэй эрхмүүд л гадаад монголоос хоёр дахь эхнэрээ авчирч….

Уг саналыг дэмжсэн хүмүүс нь “Нам төрийн тэргүүн, сайд, аймаг, сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байгаа хашрууд” байсан гэж нэрт сэтгүүлч агсан Дашрэнцэн гуай бичиж байжээ.

Дэлхийн улс орнуудын ард түмний аж амьдралыг сонирхож байхад баячууд олонтой Арабын ертөнцийн зарим улс орон болон ядуу буурай Африкийн ихэнх орнуудад хоёр ба түүнээс дээш эхнэртэй байхыг зөвшөөрдөг. Үүнээс харахад, хоёр эхнэртэй байх явдал нь дан ганц баячуудын ч хэрэг биш бололтой. Иймээс хоёр эхнэртэй байх хуулийг хүсэмжлэх шалтгаан нь зөвхөн хайр сэтгэлээр хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй сэдэв аж.
1990-ээд оны үед хоёр эхнэрийн асуудлыг парламентаар хэлэлцэж, бараг батлахын даваан дээр буцаж байсн түүхтэй. Олон эрчүүдийн “нууцхан мөрөөдөл” болсон энэхүү хуулийн талаар 1990 онд анх гаргаж тавьж байжээ. Хуучнаар МАХН /одоогийн МАН/-аас сонгогдсон Ардын их хурлын депутат М.Гантөмөр “Монгол эрчүүд хоёр эхнэртэй байх хууль” санаачилсан байна.
Тухайн үед Үндсэн хуулийг хэлэлцэх явцад “хоёр эхнэртэй байж болох” тухай заалт оруулах эсэх санал хураалт явуулж байсан гэдэг. Уг саналыг дэмжсэн хүмүүс нь “Нам төрийн тэргүүн, сайд, аймаг, сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байгаа хашрууд” байсан гэж нэрт сэтгүүлч агсан Дашрэнцэн гуай бичиж байжээ.
Тэрээр: “…Төрийн тэргүүн болсон хүн “Москвагийн шахсан” орос эхнэрийг авна биз. Харин бага хатнаа залуу монгол охидоосоо авахыг хуулиар баталгаажуулах Монгол ухаан сийлжээ. Ардын их хурлын депутатуудын чуулганы хуралдаанд хоёр эхнэртэй байхыг зөвшөөрүүлэх асуудал оруулах хувь хүн депутатыг олох асуудал хүнд байлаа. Тэгээд МХЗЭ-ээс нэр дэвшүүлж, Төв аймгийн Баян сум буюу Ардын их хурлын депутатуудыг сонгох 314 дүгээр тойргоос сонгогдсон Магсарбямбын Гантөмөрөөр “хоёр эхнэртэй байж болно” гэсэн хуулийн заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн бариулахаар болжээ. Үндсэн хууль хэлэлцэж байх ид үе. Нэг өдөр М.Гантөмөрийг хурлын дарга дуудаж ийм санал хураалга гэжээ. Гантөмөр ч юу ч бодолгүй санал хураалгажээ. Ардчилсан үндсэн хууль батлах гэж байхад юун феодалын Монголын хоёр эхнэр яриад явчихваа гээд залуусын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Эл саналыг дэмжсэн ба эсэргүүцэгчдийн нэрээр хураалгаснаа хожим нь Гантөмөр үзүүлсэн юм. Нам төрийн тэргүүн, сайд, аймаг сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байгаа хашрууд бүгд хоёр эхнэртэй байх нь зүйтэй гэж дэмжжээ. Харин санал гаргуулсан 80 шахам депутат тэр өдөр хуралдаан тасалсан байж. Хэрвээ хашрууд урьд орой нь хэтрүүлэн ууж олон депутатууд хурал таслаагүйсан бол “эр хүн хоёр эхнэртэй байж болно” гэдэг заалтыг төрийн бодлогоор Үндсэн хуулиараа зөвшөөрчихсөн улс болох байлаа…” гэжээ.
Ингээд уг хууль батлагдах түвшинд дэмжигдээгүй ч нийт 420 депутатын 144 нь энэ саналыг дэмжсэн байдаг. Эндээс дүгнэлт хийгээд үзвэл, Монголын гурван эр тутмын нэг нь хоёр эхнэртэй байх хүсэлтэй байдаг аж. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 4.2.2-д “Монгол Улсад эрэгтэй хүн хууль ёсны нэг эхнэр, эмэгтэй хүн хууль ёсны нэг нөхөртэй байна” хэмээн заасан байдаг. УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа парламентад сууж байхдаа “Гэр бүлийн тухай хуульд хоёр эхнэртэй болох заалт тусгуулах санал эрчүүдээс олноор ирж байгаа” хэмээн олон нийтийн сүлжээ хуудсаараа мэдээлж байсан билээ.Мөн “Сэтгэшгүй” эмнэлгийг үүсгэн байгуулагч доктор С.Хүрэлбаатар “хоёр эхнэр”-ийн асуудлыг шаргуу дэмждэг байсан билээ. Монгол ген, монгол цусаа хамгаалж үлдэхийн тулд эрчүүд хоёр эхнэртэй байх ёстой хэмээн тунхагладаг С.Хүрэлбаатар эмч чухам энэ л зарчмаасаа болж гэр бүлээсээ салсан тухайгаа нэгэнтээ ТВ нэвтрүүлэгт орж байхдаа ярьж байсан юм.
Тэгвэл Монгол оронд “хоёр эхнэртэй “ байх нь хэр зохимжтой юм бол? Баян чинээлэг, ил далд хөрөнгө ихтэй хүмүүст бол хувааж данслуулахад хоёр дахь эхнэр хэрэг болж мэдэх. Хууль ёсны бус, зүгээр нэг нууц амрагийн нэр дээр хөрөнгөө бүртгүүлэхэд бас эрсдэлтэй л байлгүй.Мөн мал ахуй нүсэр хүмүүст хоёрдогчийн хэрэгцээ байж болох. Мал ихтэй атлаа хүн хүч муутай айл бол бас л бэрх шүү… гэх мэтээр ахуйн чанартай өнцгөөс нь харвал бас ч хэрэгтэй мэт.Ямартай ч, үе үе сэдэрдэг “хоёр эхнэр”-ийн асуудал саяхан бас нэгэн хувилбараар баяжигдан, гадаад монголчуудаас хоёр дахь эхнэрээ авчирсан тохиолдолд албан ёсоор баталгаажуулах хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байгаа тухай олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн асан нэгэн эрхэм бичсэн харагдана лээ. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь нийгэмд бас л сонирхолтой санагдаж байгаа биз ээ.Хэрэв дэмжигдэж батлагдлаа гэж бодоход, тодорхой хэмжээний эрх мэдэл, хөрөнгө чинээтэй эрхмүүд л гадаад монголоос хоёр дахь эхнэрээ авчирч батлуулах байлгүй. Харин энэ тохиолдолд нэг дэх буюу авааль эхнэрийн эрх, үүрэг ямархуу байх талаар бас нарийвчлан хуульчлах байх даа.Одоогийн байдлаар, монгол эрчүүдийн зарим нь хоёр байтугай, оногдсон ганцаа ч аваад явчих хүчин мөхөс байгаа нь анзаарагддаг. Тэд бол ёстой “санаа байвч сачий хүрэхгүй” нь мэдээж. Харин манай монгол бүсгүйчүүдийн хувьд, нэг байтугай, хоёр нөхрийг ч өлхөн аваад явчихаар дайчин хүүхнүүд их байгаа шүү…Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!