Uncategorized

Н.Жанцанноров: Хүний дайтай явахын тулд хүлээцтэй байж сур, тэвчээртэй байж сур, ухаан зарж сур, уужуу байж сур, үг сонсож сур!

Н.Жанцанноров: Монгол Улс хурдан ая эвэндээ ороосой гэж мөн ч их яарах юм

Тэр бол Монгол улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров. Түүнтэй ярилцана гэхэд нэг л сүрдмээр.Урлагийн тухай, эсвэл Монгол орны хөгжлийн талаар гээд ямар нэг байдлаар асуултаа чангалж бэлтгэх ёстой ч юм шиг. Хамт нэг их том сэдвээр мэтгэлцэх, онолдох ёстой ч юм шиг. Ойр зуурын юм асуучихвал их хүний цагийг дэмий авлаа гэж шүүмжлүүлэх ч юм шиг. Тийм л төсөөллийг медиа ертөнц бий болгочихжээ.
Харин хүрээд ирэхэд зүгээр л энгийн хүн угтлаа. Тэр “Өдөр болгон шахуу л энэ телевиз, продакшнууд тэрийг магтаад өг, үүнийг дэмжээд өг л гэх юм” гэсээр төгөлдөр хуурынхаа дэргэдэх буйданд суухыг зангалаа. Бид зүгээр л энгийн бөгөөд ил шулуухан ярилцлаа.ЗОВОХ НЬ ДҮҮРЧ, ТАТГАЛЗАХ ЗОВЛОНТОЙ
-Байнга камерын өмнө хүн магтаад байх танд таагүй байна уу?-Хэцүү л дээ. Ямар магтуулах гээд ирэхэд нь шүүмжлээд байлтай ч биш. Тэгээд ч бид үнэт зүйлийн баримжаа муутай болсон болохоор шүүмжлэхэд хэцүү. Хуучин социализмын үед бол шүүмжилдэг байсан. Бүр нам, засаг өөрөө шүүмжил гэдэг байсан. Яаж гэхээр, нам засгийн бодлогод нийцээгүй асуудлыг шүүмжил гэнэ. Тухайн үеийн үнэт зүйл нь нөгөөх социалист, интернационалч үзэл санаа. Түүний үүднээс шүүмжлэх ёстой болно. Урлаг соёлд бол үндэсний хэлбэртэй социалист агуулгын үүднээс шүүмжилнэ. Одоо үнэт зүйлийн баримжаа муутай болохоор шүүмжилбэл арыг нь даах хүн байхгүй. Өөрөөр хэлбэл, чамайг тааруухан бүтээл хийжээ гээд хэлчихвэл намайг хамгаалах хүн байхгүй. Тэгээд л чи намайг цахимаар “буудаж” эхэлнэ. Дайсан л бололцоно биз дээ. Тэгэхээр хүмүүс шүүмжлэхээс халширна. Одоо чинь гавьяа, шагнал авах гэж хөөцөлдөөд магтуулахын түүс болцгоох юм л даа. “Тэр хүний тухай яриад өгөөч” гээд л хүрээд ирнэ. Магтаж өгөх л ажил гарна. Хүрч ирээд л камер асаачихна.-Татгалзаж болохгүй байна уу. Таны магтаал их нөлөөлдөг учраас тэр юм болов уу?
-Намайг магтахаар нөлөөлнө гэж үзээд ирж байгаа хэрэг. Би уг нь нөлөөлдөг хүн биш л дээ. Магтуулж байгаа улс ч бас сайнтай ч, муутай ч нэг юм хийчихсэн хүмүүс л дээ. Сайн болсон гэж бодсон бүтээл, зүтгэлийг нь магтахаас яах вэ. Тэгээд бид нар чинь хоорондоо бас нэг “өрийн сүлжээ”-тэй. Жишээ нь, Ш.Чимэдцэеэ концерт тоглохоор боллоо, “Нэвтрүүлэг хийнэ, танаас яриа ав гэсэн” гээд гүйгээд ирнэ. Тэгэнгүүт л бодно биз дээ. “За, би чинь Ш.Чимэдцэеэтэй 1983 онд танилцсан. Тийм тийм концертод дуулуулж, тийшээ тийшээ авч явж уртын дууг сурталчлуулсан, миний тийм дуунуудыг дуулсан. За за, ярихгүй бол болохгүй юм байна”. Тэгээд магтана даа. Хэд хонож байтал А.Долгор тоглолт хийнэ л гэнэ. Би найзыгаа магталгүй яахав, сайхан дуучин юм чинь. “Аргалд явсан ээж”, “Магнаг цэнхэр дэлхий”-г дуулсан гээд л ярина. Би бас нэг юм хийх болохоороо “А.Долгорыг нэг яриулчихаарай” гэж хэлнэ биз дээ. Тэгээд А.Долгор намайг магтана. Ингээд тойроод яваад байна. Улс төрчид, уран бүтээлчид бүгд ийм хэлбэрийн тойрогт орчихсон. Эсвэл ҮХНӨ хийх гэж байна. Зөв үү гэхээр нь зөв гэнэ биз дээ. Тэгэнгүүт “Н.Жанцанноров оо, телевиз явуулчихья, нэг хэдэн юм хэлээдэх” гэнэ.-Залхаж байна уу, та?-Залхах нь ч дүүрч. Татгалзах их зовлонтой.
-Энэ та өөрийгөө биш бусдыг бодоод байна гэсэн үг үү?-Өөрийгөө бодохгүй байна гэхээс илүүтэй нийгмийн 40-50 жилийн түүхийн гэрч болсон болохоор л надад найддаг биз. Жишээ нь, хэдхэн хоногийн өмнө ЮНЕСКО-гийн тухай нэвтрүүлэгт яриа авахаар ирлээ. Үгүй гэх ямар ч арга байхгүй. Би ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын гишүүнээр гучаад жил ажиллаж, морин хуур, хөөмий гээд өв соёлоо бүртгүүлэх гэж хөөцөлдөж явсныг минь тэд мэдэж байгаа, тэгээд л яриулах гээд байгаа юм. 40, 50 жил улс орны үйл хэрэгт “хутгалдчихсан” болохоор юм юмны гэрч л болж үлддэг юм байна.-Бие төлөөлөгч, туслахтай ажилладаг хүмүүс бий. Танд бий юу?
-Манай Г.Мэнд-Ооёо энэ тэр “Туслах руу хэлчих”, “Туслах руу шидчих” гэх юм. Надад тийм юм байхгүй ээ. Тэгээд туслахтай бол цалин, мөнгө өгмөөр. Өнөөдөр хөгжмийн зохиолыг худалдаж авдаг газар байхгүй болсон. Жилд 50 сая төгрөгөөр улсын санд том хэлбэрийн бүтээл худалдаж авдаг гэсэн. Энэ олон залуу хөгжмийн зохиолч байхад би зэрэгцээд, булаалдаад гүйгээд байлтай биш. Дууны ая хийнэ. Хэн нэг нь гүйж ирээд “Ийм шүлэг байна аа. Дуу болгоод өгөөч” гэнэ. Би хийгээд, нотных нь зургийг аваад явуулна. Тэгсхийгээд л…”МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР”-ЫН ӨМНӨ БИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН, ИЙМД ТОГЛОЛТ ХИЙНЭ
-Яах ч аргагүй ярианы сэдэв амьжиргааны асуудал руу орчихлоо. Саяхан нэг хүний сэтгэгдэл уншсан юм л даа. Б.Лхагвасүрэн гуайг нэвтрүүлэг хөтөлж, медиа дүрд тоглосоор нас барсанд харамсаж явдаг гэсэн. Өөрөөр хэлбэл, авьяастай, өгөгдөлтэй хүмүүсээ хийх ёстой ажлыг нь хийлгэж, өргөж авч явж чаддаггүй төр улстай байгаадаа харамсаж. Таныг ч сүүлийн жилүүдэд томоохон медиа продакшнуудын урилгаар ажиллаж, муухайгаар хэлэхэд тэдний санаагаа илэрхийлэх гэсэн арга хэрэгслийн нэг нь болж байгаа гэж харах нь бий. Энд та эмзэглэл тээдэг үү?-Би тэгж боддоггүй. Тэд нар арга хэрэгсэл болгож л байгаа байлгүй. Би бол яах вэ. Ор танихгүй хүний, мэдэхгүй юмныхаа тухай яриад байгаа биш. Одоо тэгээд “Жавхлан” л юм даа.-Та “Жавхлан”-гаа ийм өөдрөг бусаар үнэлж, дүгнэж яваа юм биш биз дээ?
-Нас ахиад ирэхээр хийсэн юмаа цуглуулж, боох шаардлага их байна. Муу, сайн цааснууд л дүүрэн. Үүндээ цаг зарж завдахгүй байгаа нь жаахан хэцүү юм.
-Шинэ бүтээлүүд дээр ажиллаж байна уу?-Хамгийн сүүлд “Богд хаан” киноны хоёрдугаар ангийн хөгжмийг дуусгаж өгсөн. Харин энэ зунаас хойш шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах диссертаци дээр суугаад байна.Тэр зузаан докторын ажлаа үзүүлэв. “Монголын орчин цагийн хөгжмийн онол, үндсэн асуудлууд”. Урлаг судлалын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл. Бүтээлийг одоо Философийн хүрээлэн дээр хамгаалах үлдээд байгаа аж.-Та одоо тоглолт хийх гэж байна. Яагаад санаачлах болов?
-Хоёр шалтгаан бий. 2018 онд би “Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойд зориулж хөгжмийг нь анх удаа бүтэн тоглуулсан. Одоо “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны 30 жил тохиож байна. Хэн ч үүнийг тэмдэглэхгүй, хүндэтгэл үзүүлэхгүй өнгөрнө. Энэ уран бүтээлд ажилласан олон хүн нас барлаа. Байгаа хэдийгээ уриад хөгжмийг нь би анх удаа бүтэн тоглуулахгүй бол болохгүй нь. Энэ киноны өмнө би хариуцлага хүлээсэн байна шүү дээ. Энэ бол эхний шалтгаан. Хоёр дахь шалтгаан нь, арваннэгдүгээр сарын сүүлээр Морин хуурын чуулга Японд очиж тоглоно. Дагаж явангаа тэнд эмчилгээ хийлгэх ёстой. Хэрэв хүмүүс ирж сонирхоод үзвэл эмчилгээндээ хэдэн төгрөгийн нэмэр болгох юм. Хэдэн жилийн өмнө ӨМӨЗО-ы захиалгаар “Тэнгэрийн хүлэг” гэж морин циркийн хөгжим бичсэн юм. Бээжингийн симфони оркестр, манай Морин хуурын чуулга тоглож бичлэгийг нь хийсэн. Харин ӨМӨЗО-ы нам засгийн зүгээс ийм том бүтээлийг гадаадын хөгжмийн зохиолчоор бичүүлмээргүй байна гэсэн гэнэ лээ. Арга ч үгүй байх. Ингээд хаягдсан юм. Үүнийгээ мөн энэ тоглолтод анх удаа тоглоно.-Бүтээлүүдээ эмхэтгэмээр байна гэж ярилаа. Ер нь эмхэтгээд боочихсон бүтээл хэр олон бэ?
-Арваад CD, арваад судалгааны болон бусад чиглэлийн ном бий. Хөгжмийн бүтээлүүд үндсэндээ хэвлэгдээгүй. Замбараагүй их юм байна л даа. Театр, филармониудад нот нь байгаа. Зарим нь үрэгдэж алга болсон. Тэд дахиж хэзээ ч сэргэхгүй.БУРУУ НИЙГЭМ СОНГОСОН ГЭЖ БОЛОХГҮЙ. ХАРИН ӨӨРСДӨӨ БУРУУ ЯВЧИХСАН БАЙЖ МАГАДГҮЙ
-Та ярианы эхэнд социализмын үед манай нийгэм үнэт зүйлтэй байсан гэлээ. Харин өнөөдөр бид үнэт зүйлтэй байхын үнэ цэнийг хэрхэн харах ёстой вэ?
-Хуучин коммунизм байгуулна гэдэгт бүгдийг итгүүлж байсан. Хулгайчийг ч, хувилгааныг ч тэр. Үүнийг үнэт зүйлээ гэж үзэж байсан байх. Коммунизм бол хаашаа явах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэдэг хүн эхлээд бий болох ёстой. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн бодолтой, шунал хүслээс хөндийрчихсөн нөхдүүд л коммунизм байгуулж чадна гэж ойлгох уу? Утопи маягтай.Өнөөдөр бид хувь хүн юу хүснэ, юу мөрөөднө, түүнийхээ төлөө л … Харин энэ хувь хүн бүрийг нэгтгэж чадах үзэл санааг л үнэт зүйл гэж төсөөлөх ёстой мэт. Та алт, би мөнгө, чи гууль зүүхийг хүснэ, тэгж болно, гэвч биднийг юу нэгтгэх вэ. Бид гурвыг нэгтгэдэг нэг юм байх хэрэгтэй. Тэгж байж тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, хэл соёл, ёс суртахууны тухай асуудлууд яригдана. Ёс суртахуун гэж буруу орчуулагдсан үг байх аа. Мораль дотор ёс байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Ёс суртахууны нөгөө талыг нь зан заншил гээд “хийгээд” өгчихсөн. Заншил дотор зан гэдэг үг оруулчихсан байгаа биз. Уг нь бол зан заншил нь ёс заншил баймаар. Харин ёс суртахуун нь зан суртахуун баймаар ч юм шиг.
Үнэт зүйлээ эрээд, Чингис хаанаа түшээд байхад болохгүй гэх юмгүй л байх. Гэхдээ парламентын засаглал чинь нэг хүний дарангуйлал, төвлөрсөн эрх мэдлээс татгалзаж байгаа шүү дээ. Тэгэхээр ухаан сийлэх л ёстой болох нь. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айл болгонд эш хөргийг нь залъя гэж зарлиг гаргасан. Ухаан зарж л байгаа хэрэг. Өнөө үед тусгаар тогтнол гээч л бидний хамгийн үнэт зүйл болоод байх шиг. Дэлхий ертөнц асар өөрчлөлтөд орж байна, хүчтэй нь хүчгүйтэйгээ үзэж тарж байна. Энэ нөхцөлд бид яаж үлдэх вэ гэдэг асуудал тавигдлаа. Тусгаар тогтнол Чингис хаантай холбогдоно л доо. Тэр нэг хэрэг. Гэхдээ тусгаар тогтнол нь үнэхээр чухал. Тусгаар тогтнолтой улсын иргэн мөн л бол монгол хэл, соёлоо мэддэг байх нь үүрэг болж хувирна биз. Улс орныхоо төлөө нэгдэж чадна.-Барууны үзэл баримтлалыг ярьж буй хүмүүс улам бүр зөв дүрээр харагдаж, үнэлэгдэж байна. Тэд төрийн оролцоог бууруул, энэ л зөв гаргалгаа гэж олонхоор итгэж байна л даа. Та төрийн оролцоог яаж хардаг вэ?-Ардчилсан нийгэмд төрийн оролцоог улам багасгах ёстой гэдэг нь онолын талаасаа зөв байх аа. Газар дээрээ буухаар л харин манайх Сингапур биш, Япон биш. Тэд улсын хил давсан л бол дэлхий рүү гараад явчихна. Манайх улсын хил гарлаа л бол Орос, Хятад хоёртой нүүр тулна. Өргөн хэрэглээний бараа, хүнс гээд бүгдийг нь базаад харахад Хятадаас, эрчим хүч, төмөр зам, шатах тослох материал гэхэд Оросоос хараат. Ийм нөхцөлд ямар нэг зохицуулах төрийн оролцоогүйгээр зах зээл жамаараа Сингапур, Япон шиг болчихно гэж байхгүй байлгүй дээ. Тэгэхээр төр ямар нэг хэмжээгээр зохицуулж байхгүй бол болохгүй нь. Энэ бол социализмыг санагалзаж буй хэрэг огт биш. Би социализмын муу, муухайг хангалттай мэдэх юм чинь. Ямар нөхцөл байдалд, технологийн ямар хөгжилтэй улс 1990 онд ардчилал гээч засаглалыг сонгож авлаа гэдгээ бодох ёстой. Ардчилал гарч ирээд бүх үйлдвэрүүдийг сүйрүүллээ, бид гурван сая гутал хийдэг байлаа гэж ярьдаг. Санаж байна уу. Нээрэн тэгсэн л дээ. Яагаад сүйрсэн юм. Манайх тэр үйлдвэрүүдэд зөвхөн түүхий эд л нийлүүлж байсан. Нэг ч хадаас, нэг ч цавуу хийж байгаагүй. Хадаасгүй, цавуугүй гурван сая гутал хийх гээд үз дээ. Ямар ч арга байхгүй, тийм биз. ЗХУ нурчихсан байсан. БНХАУ-тай үндсэндээ хил хаалттай. 1990 оныг ярьж байна шүү дээ. Хаанаас хадаас, цавуу авах вэ. Мөнгө байхгүй. Нурна биз дээ, энэ чинь. Тэгээд картын бараанд орно биз дээ.-Зарчмаараа нурсан, хувьчилснаас болоогүй гэж үзэж байна уу?
-Улсад байсан ч босгож чадахгүй, хувьд байсан ч босгож чадахгүй цаг. Үүнийгээ бид ялгаж, салгаж харах хэрэгтэй.
-Ардчилал гарснаар танд яг юу ирсэн бэ?-Гайхамшигтай.-Сэхээтнүүд социализмын үед амьдралтай байсан, ардчилал ирснээр сэхээтний давхарга үгүй болсон гэдэг. Магадгүй та социализмын үед амжилттай ажиллаад, ардчиллыг сайд, УИХ-ын гишүүний суудлаар угтаж авсан учраас тэсэж үлдсэн юм болов уу?
-Тийм ээ. Амьдралгүй ч болоогүй, амьжиргаагүй л болсон л доо. Амьжиргаагаа амьдрал болгож чадалгүй баларцгаасан л даа. Бид цөмөөрөө тийм. “Халтар царайт” киноноос өөр үзэх юм байхгүй. ДБЭТ-т “Учиртай гурван толгой” дуурийг 100 хүн тоглож байхад долоо, наймхан хүн үзэж байсан ч удаа бий. Монголын мэргэжлийн хөгжмийг тоглоод сонсогчгүй болсон. Тэгэхээр хүн нурна биз дээ. Юун шинэ хөгжим бичих. З.Хангал, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг гээд ид бүтээх насан дээрээ ёстой “шок” гээч болцгоосон. Тэд маань урт наслаагүй. Тэгээд яах вэ, ийм хүмүүс нийгмийн харилцаанд өөрчлөлт орохоор хурдан дасан зохицож чаддаггүй юм байна л даа. Дасан зохицож чадахгүй, эвээ олохгүй учраас. Ном бичье, хэвлэе цаас олдохгүй, хэвлэлээ ч унших хүн байхгүй.
Тэгэхээр аливаа нийгмийн томоохон өөрчлөлтөд золигт гардаг зүйл байдаг юм байна л даа. Яах аргагүй золиослогддог юм байна. Өнөөдөр бид ямар боов идэхээ өөрөө сонгоно. Ардчиллын гавьяа. Тэр үед бол 3.90₮-ийн боов л байлаа. Үнэ нь материалаа тодорхойлно.-Та ямар боов идэхийг сонгосон бэ. УИХ-ын гишүүн болчихсон юм байна?
-Тэгсэн, 1990 онд сайд байж байгаад 1992 онд УИХ-ын гишүүн болсон.-Хөл алдаагүй, тийм үү?-Үгүй, одоо тэгээд ямар нэгэн хэмжээгээр зохицсон. Хуучин цагт орон сууцанд ямар ч хүн дугаарлаж л орно, танил тал хайна. 25 жил ажилласан хүн орон сууцанд орж чадахгүй. Гадаадад мөрөөдөөд ч явж чадахгүй. Урлагийнхан гадаадад явдаг гээд атаархана. Урлагийнхан дотроо энэ шанзчинг өмнө явуулсан, одоо намайг яагаад явуулдаггүй юм гэж өрсөлдөнө. Энэ бүхэн нээгдчихсэн юм чинь гайхамшиг биш гэж үү. Өнөөдөр асуудал юу болчхоод байна вэ гэхээр, тэр үед боов авч идье гэхэд хэд гурван төгрөг нь байж. Цалин нь байж. Өнөөдөр бүх юм байна, мөнгө нь байхгүй. 1989 онд 10 төгрөгтэй дэлгүүрт ороход авах юм олдохгүй байсан, өнөөдөр арааны шүлс гоожмоор бүх юм байна. Мөнгө нь байхгүй. Гамшигтай байгаа биз. Юу хүссэнээ хийх, хаашаа явахаа өөрөө мэдэх, хүсэл зоригоо хориггүй илэрхийлэх гайхамшгийг авчирсан учраас буруу нийгмийг сонгож гэж болохгүй нь. Харин өөрсдөө бид буруу яваад байгаа байж магадгүй.ЯВСААР БАЙГААД ЦӨМӨӨРӨӨ МӨНГӨЖИЖ ЧАДСАНГҮЙ. ОДОО ЗӨВ ЦАДСАН НЬ БУСДАА ТЭТГЭНЭ. БУРУУ ЦАДСАНЫГ НЬ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ
-Буруу явчихсан бид өнөөдөр алдаагаа залруулж чадах уу?-Нэлээд хэдэн жил байна аа. 1990 онд бид цөмөөрөө тэгш гараанаас гарсан. “Хөөх, тэрбум ам.доллартай хүн байж болдог юм байна”, “Хөөх, хаусанд амьдарч болдог юм байна”. Ийшээ бүгд явлаа. Зальтай, ухаантай, авьяастай гээд янз бүрийн хүмүүс бүгд л гадагш дотогш явна биз дээ. Тэгээд л мөнгө олно оо доо. Мөнгөтэй л бол болох юм байна гэж явсаар өнөөдөр цөмөөрөө мөнгөжиж чадсангүй. Хэсэгхэн нь л чадлаа. Тэгсэн мөртлөө цадаагүй байна. Зөв цадах хэрэгтэй болж байна. Зөв цадахын тулд буруу цадсанд нь буруу цадсаных нь шийтгэлийг оногдуулах хэрэгтэй.-Зөв ч үгүй, буруу ч үгүй массаа яах юм бэ?-Масс чинь түүнээс л хамаарна. Буруу цадсан асуудлуудыг хатуугаар шийдсэн цагт зөв цадсан нь ядуугаа тэтгэнэ. Учир нь зөв явсан, зөвийн төлөө явж байгаа учраас тэтгэнэ. “Энэ гудамжинд яваа нөхөр эрүүл саруул явахгүй бол би мянга баяжаад нэмэргүй юм байна” гэдгийг боддог хүн байх хэрэгтэй. Зүгээр л баян учраас мөнгө тараа гэсэн үг биш. “Үүнийг ажилд оруулах юм сан, түүнийг яаж дэмжих вэ…” гэж боддог баян хүн хэрэгтэй. Би л тэгж ухаарч байна. “Шодоргос” гэдэг юмаа ажиллуулмаар байна. Мөн бид шинэ Үндсэн хуулиа баталж, түүнийхээ дагуу парламентаа байгуулж, бусад хуулиудаа хийгээд яваад байсан. Иргэд нь бэлтгэгдээгүй. “Төрөөс бодлого явуулмаар байна”, “Төр анхаармаар байна” л гэж ярьдаг, өнөөдөр ч. Санаж байна уу. Бүгдийг төрөөр хийлгэх гээд байна. Тэгснээ төр оролцлоо гээд хашгираад байна. Өөрөө яах юм, бүү мэд. Уг нь энэ хуулийн заалт ингээд болохгүй байна гэх ёстой. Бослого тэгж гарах ёстой. Гэтэл дарга нараа л агнах гээд байдаг. Ямар хууль гарчхаад, миний ажил явахгүй байна гэдгийг ерөөсөө бодохгүй. Тэгэхээр бид хуулиа хүргэж, шингээж чадаагүй байна. Ардчилсан орны иргэдийг бэлтгэх асуудалд бид алдсан байна. Тийм учраас энэ бөх, дуучнаа сонгоод байна. Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, С.Жавхлан нар буу бариад Төрийн ордонд орж ирээгүй биз дээ. Олонхын санал авсан. Тэгвэл тэгээд Б.Бат-Эрдэнийн буруу юм уу.-Иргэдийн буруу гэсэн үг үү?-“Энэ үнэхээр парламентад байх ёстой хүн” гэдгээс илүү “Энэ иргэдээс олон санал авна” гэж хараад намаасаа хүн дэвшүүлээд байна л даа. Хууль зүйн хүрээлэнд ч юм уу, Философийн хүрээлэнд жинхэнэ парламентийн гишүүн байхаар хүмүүс байна. Гэтэл тэд мөнгө байхгүй, нам дэмжихгүй, олон түмэн сайн танихгүй. Тэгэхээр чинь одоо яалтай. Иргэдийнхээ улс төрийн боловсролд анхаарахгүй бол УИХ сайжрахгүй. УИХ сайжрахгүй бол бодлого сайжрахгүй. Бодлого сайжрахгүй бол Засгийн газар ажлаа явуулж чадахгүй. Тэгвэл бид ядуурлаас гарахгүй. Тэгэхээр бид өөрөө өөрсдийнхөө асуудлыг бодмоор байгаа юм. Тэд чинь буу шийдэм бариад Төрийн ордныг эзлээд авчихсан улс биш шүү дээ.-Өнөөгийн парламентад яг зарчмаа ойлгодог, тулхтай гишүүд хэр олон байгаа бол?⁃Бий шүү. Улс төрчдийг тэр сайн, энэ муу гээд нэр цохоод яриад байх тийм таатай биш гэж би хувьдаа боддог. Хүн ер нь нийгэм, нийтэд хандахдаа тодорхой хязгаартай л байсан дээр.-Ирээдүй, хойч үеийнхээ төлөвшил, сэтгэлгээг хэрхэн бэлдэх тал дээр таны бодол ямар байдаг вэ?
-Өнөөдрийн эцэг эхчүүд гэдэг чинь 20-30 насныхан шүү дээ. “Эцэг эхчүүд хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлэх ёстой” гээд, социализмын үеийнхэн эцэг эх байгаад байгаа юм шигээр бодоод байна. 1990 оноос хойш төрсөн эцэг эхчүүддээ бид өөрсдөө уламжлал соёлоо сайн өвлүүлж чадсангүй. Иймд бид залуу эцэг эхчүүддээ анхаармаар, компаниуд, албан газрууд ч тодорхой үүрэг хүлээмээр болжээ. Дээр үед намын, эвлэлийн дугуйлан гээд ажилладаг байсан. Асар хүчтэй сүлжээ байсан. Тэр хэлбэрийг авах ёстой. Байгууллага бүр залуу ажилчдаа бэлтгэх, өөрөөр хэлбэл тодорхой мөнгө гаргаж, гэр бүл гэж юу юм, өрхийн эдийн засаг гэж юу юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм шиг ээ. Үүрэг хүлээж сурахад бэлтгэх ёстой. Хүчээр юм шиг мөртлөө ажил хийлгэдэг, цалин өгдөгөөр хязгаарлалгүй.
-Та сая хүн хязгаартаа багтаж байх ёстой гэлээ. Та өөрийнхөө юуг хязгаарласан бол. “Би залуудаа эрх мэдэл, нэр төрд дуртай байсан нь үнэн” гэж ярьсан байсан. Жаахан зогсъё гэж хязгаарласан зүйл байдаг уу?-Хүсэл бараг хязгааргүй. Хүсэл бүхнээ биелүүлэх гэвэл зохист хязгаарын хилийг давна. Яах вэ, албан тушаалд дуртай гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр, би хэзээ ч энэ албан тушаалд очъё гэж хэлж байгаагүй. Надад дандаа санал болгодог байсан. Иймд дахиад л нийгмээ бодоод, надад итгэл хүлээлгэж байхад үзье л гэж явж байсан. Хэзээ ч өөрөө хүсэж дарга болж, сонгуульд орж байгаагүй.-Харин шунал, хүсэл уран бүтээлд байсан уу?
-Шунал уу. Надад шунал гэхээсээ зорилго байна, зорилт байна. Түүнийхээ араас махарч буйгаа шунал гэж хэлж болно. Би өөрийгөө огт нүгэлгүй сайхан хүн гэж байгаа юм биш.-Харин өнөөдөр та юу зорьж байна?-Юунд ч зориогүй байна. Юунд ч зориогүй. Украины дайн дуусаасай гэж бодох юм. Яаж шийдэгдэх бол, түүнийг нэг үзчих юм сан. Түүнд дэлхийн, алсуураа манай хувь заяа ч холбоотой. Миний зорилт их энгийн. Хийсэн муу сайн юмсаа боож, базаад эмхэлчих юм сан. Урлаг судлалын чиглэлээр хэдэн аятайхан шавь, доктор үлдээчих юм сан. Ганц нэг гайгүй аятайхан хөгжмийн зохиолч байвал зан, араншинг нь аятайхан байлгаж байгаад их амьдрал руу оруулчих юм сан. Уран бүтээлч хүнд зан араншин авьяасаас чухал. Их авьяастай хүн зан араншин эвдэрвэл тун хэцүү байдаг. Тэгээд их өвдчихгүй шиг хэдэн жил болчихвол. Хэдэн хүүхэд маань одоо бол надтай надгүй амьдралаа аваад явах нь. Харин Монгол Улсад тохиолдоод байгаа бэрхшээлүүдийг яаж хурдан давах вэ. Жаахан хурдан даваасай гэж л бодох юм. Давах боломж байгаад байдаг... Би хөгжмийн салбарынхаа их томчуудтай ажиллаж амьдарч байсан. Ч.Намсрайжав гуай энэ нийгмийг ер төсөөлөөгүй. Б.Дамдинсүрэн С.Гончигсумлаа гуай яг картын бараанаар нас барсан. Тэр хоёр хөөрхий. Л.Мөрдорж гуай картын бараанаас давахыг үзсэн. Би 30 жилийн дараа байвал үгүй мөн их зүйл өөрчлөгдсөн байна байх даа гэж бодогдох тал байдаг шүү. Тийм учраас Монгол Улс хурдан ая эвэндээ ороосой гэж л их яарах юм. Хүн чинь тэгдэг юм байна. Хөөш, больё.
-Ярилцсанд баярлалаа.
М.ТЭНГИС Б.БАЯРТ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!