Uncategorized

ХҮНИЙ НАЙМАА: Хулгайлагдсан хүү 33 жилийн дараа ээжтэйгээ уулзлаа

Өдгөө 37 настай Ли Жинвэй 33 жилийн өмнө хүүхэд байхдаа 1989 онд дөнгөж дөрөвхөн настайдаа хулгайлагдсан байна. Тэрбээр Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Юньнань мужийн нэгэн жижиг тосгонд өсөж төрсөн бөгөөд нэгэн өдөр түүнийг хүний наймааны хулгайчид гэрээс нь хоёр мянган км-ийн зайд орших шинэ гэр бүлд нь хүлээлэн өгсөн хэрэг гарч байжээ. Ли Жинвэй хожим нэгэн ярилцлагадаа дурссанчлан хөрш нь түүнийг хулгайлах хэрэгт тусалсан хам хэрэгтэн гэгдэж байгаа аж. Дөрвөн настай Ли хүүг хөрш нь элдэв янзын тоглоомоор сатааруулан хүний наймаачдад тусалсан гэнэ. “Гэр орон, гэр бүлийнхнийгээ санасан өдрүүд эцэс төгсгөлгүй үргэлжилсэн” гэж Ли дурсан ярьсан байна.Ли Жинвэй хулгайлагдахаасаа өмнө эргэн тойронд нь байсан бүх зүйлс ой санамжинд нь тод үлдсэн аж. Байшин,  хүрээлэн буй орчин, хөршүүдээ дурсан санадаг гэнэ.Ли Жинвэй хүү томрох тусмаа төрсөн эцэг эхээ олох хүсэл эрмэлзэл нь оргилж, тэднийгээ олохоор шийдсэн аж. Тэрбээр Го Шинжэнд хулгайлагдсан хоёр настай хүүгээ насаараа хайсан Го Гантан гэх хүний эмгэнэлт үйл явдлаас санаа авчээ. Го Гантан мотоциклоор Хятад даяар явж, хүүгээ сураггүй алга болсон тухай зарлалыг энд тэндгүй нааж, эргэн тойрныхоо хүмүүсээс алга болсон хүүгийнхээ талаар эрж, асуусан түүх бий. Уйгагүй хайсны эцэст өнгөрсөн жил буюу 24 жилийн дараа Го Гантан эр хүүтэйгээ уулзсан юм. Ли Жинвэй цагдаад хандаж, бага насныхаа тухай санаж байсан бүхнээ ярьсан аж. Мөн тэрбээр хүүхэд байхдаа зурсан зураг, тодруулбал ой санамжиндаа үндэслэн амьдарч байсан тосгоныхоо зургийг дүрсэлсэн зургийг цагдаа нарт өгсөн байна. Чухамхүү түүний зургийн ачаар цагдаа нар тосгоны байршлыг тогтоож чадсан байна. Ингээд цагдаа нар хүүгээ алга болсон гэж өмнө нь мэдээлж байсан гэх тосгоны оршин суугч болон Ли Жинвэй нарт ДНК-ийн шинжилгээ хийсэн байна. Үр дүнгээр тэднийг мах цусны хувьд холбоотой болохыг нь баталжээ.Эцэст нь, ээж хүү хоёр шинэ жилээр уулзжээ. Ли Жинвэй хүүхэд байхдаа гай зовлонг туулсан ч өргөж авсан эцэг эхдээ талархаж байгаагаа илэрхийлжээ. Шинэ эцэг эх нь түүнийг хайр халамжаар дутаалгүй өсгөж, сайн хүн болгон хүмүүжүүлжээ. Багадаа хүний наймааны гэмт хэргийн золиос болсон бусад насанд хүрэгчдийн жишгээр тэднийг шүүхэд өгөхгүй гэдгээ Ли Жинвэй онцолжээ. ХХ зууны сүүлчээр Хятадад хүүхдийн наймааны гэмт хэрэг ихэссэн гэсэн тооцоо байна. Гэмт хэргийн тоо ийнхүү ихсэх болсон нь Хятадын эрх баригчид ард иргэдээ “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” гэсэн хүний эрхийг зөрчсөн хатуу шийдвэр, бодлого нөлөөлсөн гэж үзэж байна. (Эх сурвалж: kр.ru)

Related Articles

Back to top button
error: Content is protected !!