Uncategorized

Гарын таван хуруу киноны Идэр “Сод Монгол” группид тогоочоор ажиллаж байна

“Гарын таван хуруу” киноны Идэр “Сод Монгол” группид тогоочоор ажиллаж байна. 1983 онд дэлгэцийн бүтээл болсон “Гарын таван хуруу”-г мэдэхгүй, үзээгүй хүн Монголд ховор биз ээ. Энэ удаагийн “Мартагдсан танил” булангаар тус киноны Идэрийн дүрийг бүтээсэн Нямдаваагийн Бат-Амгаланг онцоллоо. Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киноны зураг авалтыг 1981 оны сүүлээр Дархан хотод анх авч эхэлжээ. Дөрвөн улиралд болсон үйл явдал бүтэн жил үргэлжилсэн байна. Тухайн үед гэр бүлээрээ урлагийн салбарт орох нь цөөн тохиолдол байсан. Түүний нэг бол Нямдаваа агсных юм. Хүүхдийн киноны найруулагч, жүжигчдийн гэрт өссөн Бат-Амгаланд ч багагүй авьяас байжээ. Аав нь олон кинонд найруулагчаар ажилласан бол ээж Ш.Цэцэг Гавьяат жүжигчин болсон. Мөн бид түүний ах Бадралыг “Би чамд хайртай” киноны Баяраагийн дүрээр сайн мэднэ.Урлагийн гэр бүлд өсөн хүмүүжихдээ олон киноны дүрд тоглосон ч өдгөө тогоочоор ажиллаж байгаа Н.Бат-Амгалантай ярилцсанаа хүргэж байна. Н.Бат-Амгалан гэр бүлийн хамт. Түүний том хүү гадаадад сурдаг аж. ГАРЫН ТАВАН ХУРУУ: ИДЭР Нямдаваагийн БАТ-АМГАЛАН Энэхүү киног зохиолч Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн. Гарын таван хуруу шиг эгч, дүү тавын ууган нь болох Сүрэн аавыгаа залуу эхнэр авч, ээжийгээ өөд болсны дараа дөрвөн дүүгээ ганцаар өсгөнө. Амьдралын ээдрээт замыг эгч, дүүс хэрхэн туулж, жаргал зовлон амсан түүнийхээ хэрээр ухаажин ихийг бүтээхийн үр шимийг харуулдаг. Мөн хүүхдүүдээ хаяад явсан Шагдар Хорлоотой зугаалж, хангалуун амьдарч байгаа зэргийг тухайн үеийн нийгэмд байсан нэгээхэн хэсгийг зэрэгцүүлэн харуулжээ.“ГАРЫН ТАВАН ХУРУУ”. ШАГДАРЫН БАГА ХҮҮ ИДЭР /1983 ОН/ Н.БАТ-АМГАЛАН ЭЭЖИЙНХЭЭ ГЭДСЭНД БАЙХААС КИНОНД ТОГЛОЖЭЭ “Ховор хүмүүс”, “Тэмцэл”, “Хааны сүүлчийн хатан” зэрэг олон кинонд дүрээ мөнхөлснөөс гадна “Гарын таван хуруу” киноны Должин, “Өглөө” киноны Оюундараар олны танил болсон Гавьяат жүжигчин Ш.Цэцэг Н.Бат-Амгалангийн ээж билээ. Тэрбээр ээжийнхээ гэдсэнд байхаас л кинонд тоглож байжээ. Н.Бат-Амгалангийн анхны дүр “Чимгээгийн төрсөн өдөр” кино аж. Энэ кинонд тэрбээр эмээгийнхээ хамтаар тогложээ. Тухайн үед найман сартай Н.Бат-Амгалан эмээтэйгээ хамт дүрээ мөнхөлсөн байна. Харин 1977 онд гурван настайдаа “Дэгдээхэй нас” кинонд тоглосон байна. Тухайн үед аав, ээжийгээ дагаад кино үйлдвэрт очдог байсан хүүгийн хувьд энэ байшин хэдийн хоёр дахь гэр нь болсон аж. Тэрбээр “Дэгдээхэй нас” кинонд тоглож, дуу оруулсны дараа түүнийг кинонд тоглуулах сонирхолтой болсон гэдэг. Тэр ч энэ тухайгаа “Би бага байсан ч үүнийг ер мартдаггүй. Цэцэрлэгт байхаас илүүтэй кино үйлдвэрт очих нь хамгийн их аз жаргал нь байсан байх” гэв. Аав, ээжийн хүү хэдийн сургуульд орохоос өмнө бичиг үсэг тайлагдаж, тоо бодоод сурчихсан байсан нь овжин найруулагч нарын хараанд өртсөн нь дамжиггүй. Тухайн үед аав нь Чехийн мэргэжилтэнүүдтэй хамт “Хайрхан өндөр хаана байна” уран сайхны киног хийжээ. Аавыгаа дагаж яваа Бат-Амгаланг чехүүд өхөөрдөн монпансе чихэрээр /тухайн үеийн орос чихэр/ дайлж байснаа тэр дурсан ярих дуртай аж. Таван настайдаа сонин уншиж, ах нараа алмайруулж явсан хүү нэг мэдэхэд урлагийн хүн болсныг хэн мэдэх билээ. Урлагийн гэр бүлд өссөн болоод ч тэрүү тэднийхээр зохиолч, найруулагч, жүжигчид гээд кино багийнхан орж гарах нь их учир “томчуудын дунд өссөн хэрсүү хүүхэд” гэж өөрийгөө тодорхойлов.Н.БАТ-АМГАЛАН ИДЭРИЙН ДҮРИЙГ ХЭРХЭН БҮТЭЭВ? 9 настай хүүд Идэрийн дүр санамсаргүй олджээ. Н.Бат-Амгаланг ээжтэй нь хамт пробонд оруулж, “Гарын таван хуруу” киноны ээж Должин, хүү Идэрийн дүрийг тэдэнд өгчээ. Найруулагч Б.Балжинням “Чи кинонд тоглож чадах уу” гэж асуухад “чадна” гэж хэлэх хүү өөрийнхөө бага насыг дэлгэцэнд мөнхөлнө гэж юун санах билээ. Кино үйлдвэрт сахилгүйтэж явсан хүү найруулагчаас айж явдгаа хэлж байна. Тухайн үед кино пробонд ороход их хүнд байсан. Их олон шалгуурыг давна. Энэ кино нь гэр бүлийн амьдралыг харуулах учраас найруулагчийн хувьд дүрээ олж авахын тулд чамгүй судалгаа хийсэн нь дамжиггүй юм. Ийнхүү Н.Бат-Амгалан Идэрийн дүрийг бүтээхээр болсон байна. Кино зураг авалт Дарханд болсон учир тэрбээр нэг жил Дарханы сургуульд суралцахдаа ангийн дарга болж, нийгмийн идэвхтэй гэдгээ харуулаад авсан гэдэг. “Гарын таван хуруу” киноны зураг авалтыг жилийн дөрвөн улиралд авсан. Зургийн ихэнх хэсгийг Дарханд авчээ. Киноны гол дүрийн жүжигчид тухайн үеийн “Хараа” зочид буудалд байрласан байна. Идэрийн дүрийг бүтээж байгаа Бат-Амгалангийн хувьд хамгийн бага нь. Ээж нь энэ кинонд тоглож байгаа болохоор түүний хувьд их дэмтэй байжээӨНӨР ГЭР БҮЛИЙН БАГА ХҮҮ ИДЭР КИНОНЫ ГОЛ ЧИМХЛҮҮР НЬ БАЙВ Киноны үйл явцыг хамгийн ээдрээтэй болгодог нь Идэр. Түүний хувьд эцэг Шагдартай холбогдсон Хорлоогийн охинтой үе тэнгийнх. Үйл явдал кинонд хэрхэн өрнөдөгийг бид мэднэ. Киноны хамгийн хүнд хэсгийн нэг нь Шагдарын машиныг түрэх хэсэг. Хүүхдүүд аавыгаа гэрээсээ явж байгааг мэдэлгүй машиныг нь түрдэг. Мөн Идэр хоолноос болж уйлах, уруулын будгаар нүүрээ будах гээд түүний хувьд энэ киноны нэг шигтгээ нь байсан юм. Тэр том эгчийн дүрд тоглосон Я.Оюунцэцэгтэй их ойр байжээ. Тэрбээр “Эгчийг өнгөрөх үед нэг тийм том зүйл алга болчихсон шиг санагдсан” гэж тэр хэлж байв. ТОМ АХ М.БАТХИШИГТЭЙ 32 ЖИЛИЙН ДАРАА УУЛЗЖЭЭ Н.Бат-Амгалан Шагдарт тоглосон Лхасүрэн агсныг киноны дараа ч ааваа гэж дууддаг байжээ. Найруулагч Н.Балжиннямын тухайн үед нэг бүл болгож чадсан “Гарын таван хуруу” одоо ч нэг гэр бүл. Тэд байнга бие биенээ сураглаж, дэм болж явдаг байна. Харин Идэр том ах Элбэгтэйгээ 32 жилийн дараа уулзжээ. Тэд “Ус дээшээ урсдаг” кино зураг авалтын үеэр дахин уулзаж, санасан сэтгэлээ дэвтээж байснаа хуучлав.Н.БАТ-АМГАЛАН ТОГООЧ БОЛОХ ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЖЭЭ 9 настайдаа “Гарын таван хуруу” кинонд тоглож, олны танил болсон Н.Бат-Амгалан “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Модон могой”, “Эрэл” зэрэг олон кинонд тогложээ. Хожим орчин үеийн кинонд ч дүр бүтээсэн байна. Багаасаа кинонд тоглосон Н.Бат-Амгалан 10-р ангиа төгсөөд урлагийн хүн болжээ. Хүүхдийн кино студид ассент найруулагч, туслах найруулагчаар ажиллаж байгаад ОХУ-д кино урлагийн дээд сургуулийг дүүргэжээ. 1994 онд Хүүхдийн кино найруулагчаар төгсөж ирсэн Н.Бат-Амгалан Монгол телевизэд ажиллаж, мэргэжлийн гараагаа эхэлсэн байна. Мөн Хүүхэд залуучуудын театр киноны үйлдвэрт ч ажиллажээ. 1997 оноос зах зээлийн шуурганд Кино үйлдвэр хаалгаа барьж, олон уран бүтээлч хувийн салбарт ажиллаж эхэлсэн. Түүний нэг нь Н.Бат-Амгалан. Тэрбээр 1998 онд Кино үйлдвэрийн дээд сургууль байгуулагдахад анх багшаар очиж байсан бөгөөд хожим буюу 2005-2015 он хүртэл тус сургуульд багшилжээ.Гэхдээ зах зээлийн давалгаанд тэр бусдын адил БНСУ-д ажиллаж, өөрийн сонирхол болсон тогоочийн ур чадварыг эзэмшээд авчээ. Тэрбээр тогооч хүсэлтэй байжээ. Үүнийгээ гадаадад байх хугацаанд хэрэгжүүлж чаджээ. Түүний сонирхол энэ байсан учраас өдгөө “Сод Монгол” группид тогоочоор ажиллаж байна. “ГАРЫН ТАВАН ХУРУУ» /1983 он/ Бүтээсэн он: 1983 он Бүлгийн тоо: 10 /өнгөт/ Найруулагч: Б.Балжинням И.Нямгаваа Зохиолч: Ч.Лодойдамбa Зураглаач: Б.Балжинням Зураач: Д.Энхболд Хөгжмийн зохиолч: Н.Жанцанноров Дууны найруулагч – Д.Варшаабазар Нүүр хувиргагч – Ж.Эрдэнэ-уул Эвлүүлэгч – П.Нарантуяа, С.Баясгалант Гол дүрд: Сүрэн – Я.Оюунцэцэг Бат- Л.Баярсайхан  Баяр- Д.Ганхуяг Элбэг – М.Батхишиг Идэр – Н.Бат-Амгалан Шагдар – Л.Лхасүрэн Должин – Ш.Цэцэг Хорлоо – Л.Цогзолмаа Дүрүүдэд: Б.Гантигмаа, О.Өат-өлзий, Ч.Батцэнгэл, С.Хандсүрэн, Б.Алимаа, Г.Доржсамбуу, Г.Ихбаяр, Л.Баттуул, Х.Түүвээ, Ж.Гомбожав, С.Соёл-эрдэн, Ж.Нарангэрэл

Related Articles

Back to top button
error: Content is protected !!