Uncategorized

Ийм жижигхэн таваг заслаа….цагаан сар угаасаа хоцрогдсон баяр

Энэ бүсгүйн цаана буй тавгийн идээг хүмүүс янз бүрээр ярьж байна. Ийм жижигхэн таваг заслаа, цаанаа нь өөр ширээн дээр том таваг байгаа, энэ бол зөв буруу….Тэгээд бодлоо. Бид чинь нүүдэлчдээс өвлөж ирсэн цагаан сарын баяраа одоо бас арай өөр түвшинд тэмдэглэх цаг нь болжээ. Яахав нэгэн үе энэ баярыг малчдын баяр гэж үздэг, цагаан сар тэмдэглэхийг хориглодог байсан нь үнэн. Социализмын үед цагаан сар болохоор нийтийн суботник зарлаж хөгшчүүлийг хороо хорины эргүүлд гаргадаг, ямар сайндаа л шалгалт орж ирэхэд сандрахдаа мандааасан зулаа үлээгээд унтрааж чадахгүй нүгэл болно гээд авдрандаа хийж нууж байгаад авдраа шатааж байсан гашуун түүх бидэнд бий. 90 он гарч цаг сайхан болох үед Монгол түмэн тэр аяараа үндэсний бахархлаа сэргээж цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэх болсон. Энэ үеэс хойш бүгд л биенээсээ дээр гарах гэсэн шиг хувцас эдлэл, хоол унд элбэг дэлбэгээрээ өрсөлдөж эхэлсэн. Цаанаа сууж буй хүн нь харагдахгүй шахам хана хэрэм мэт өрсөн ул боовны ард шинэлдэг. Энэ байдал 30 гаран жил үргэлжилж одоо л хүмүүс бага багаар ойлгож эхэлж байх шиг. Юм элбэг болохын хэрээр голж шилэх нь ихсэж, ирсэн зочин бүрийн ард идээгүй үлдээсэн хатсан бууз, салат, онгойлгоод уугаагүй үлдээсэн ундаа, аягатай цай гээд ширээ дүүрэн хөглөрч үлдэнэ. Нямсамбуу ламын ярьж байсан нэг яриаг санаж байна. Өвөө нь лам хүн байсан гэдэг. Аавыг нь бага байхад нь дагуулж зиндааны лам нарынхаа гэрт очиход сайхан яриа дэлгэнгээ хуушуур хийе гээд хүн тус бүрээс хэдэн хуушуур идэхийг асууж байгаад тоог нь гаргаад яриан дундаа хуушуур хайрч өгч байсан гэж. Бас цай хэдэн аяга уухыг асуугаад тэр хэмжээгээр чанаж байсан гэж. Энэ нэг талаар санаа зовмоор мэт зүйл боловч аливаа зүйлийг тааруулж хэрэглэх монголчуудын минимал ухаан юм даа. Манай монголчууд бол үнэндээ одоогийн минимал гэж яриад байгаа илүү дутуу зүйлгүй амьдралаар л амьдарч явсан хүмүүс шүү дээ. Малчин айлд зуухны үнснээс өөр хог гардаггүй байсан гэдэг. Тэгж л амьдардаг байжээ. Өнөө бол бид арай л цамаан, ёс заншил нь хүртэл гажуу яваад байх шиг.
Одоо цагаан сарын дараа олон хоног үзүүлэн болгож тавьсан хатсан ул боов, халуунд чанараа алдсан ууц өвчүү айл бүхэнд хэрхэхийг мэдэхгүй асуудал болж үлдэнэ. Хайран юм гэж хамж иддэг учир мэдэх хөгшчүүл нь ч цөөрч, үнэндээ цагаан сарын идээ ундаагаа хэрхэхээ мэдэхээ больсон хүмүүс олширч. Үнэндээ бол Монголд гэрт агаар сэлгэлт сайн байдаг тул идээ ундаа муудахгүй, хатахгүй, дараа нь хэрэглэж болдог байсан. Одоо бол халуун байшинд гурав хоног тавьсан боов боорцог, ууц өвчүү бол тэр аяараа хор. Хадгалалтын горим зөрчигдсөн гэсэн үг. Бас бидний бие биедээ өгөх хэрэгтэй хэрэггүй бэлэг сэлтэнд зориулж их наядаар хэмжигдэх Монголын буян гадагш урсаж байна. Үнэндээ ийм үрэлгэн, цамаан, хэмнэхийг мэдэхгүй байдал эргээд шүүмж дагуулах боллоо. Энэ нь жам ёсны л зүйл гэж харж байна. Цагаан сар бол мэндлэл хүндлэл, уулзахын баяр. Хамаатан садан бүү хэл хажуу айлаа танихгүй өсөж байгаа өнөөгийн залууст ахан дүүстэйгээ уулзах танилцах, холбоотой байхын баяр. Ёс төрөө бодоод багахан шиг идээ засаад, сайхан мах чанаж тавиад баярлаж байх нь зөв санагддаг. Ядаж л шөнөдөө хөргөгчинд хийгээд хонуулж болохоор чанасан мах тавгалж тавихад л болно шүү дээ. За тэгээд энэ хэд хоногт бидний хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэрхэн хямарч байгааг бас хэлэх хэрэгтэй байх. Урд цагт бол нэг айлаас нөгөөрүү алхаж, ядаж л автобусны буудал хүртэл явахад хоол шингэж дараагийн айлдаа очдог байсан бол одоо гэрээс гараад машин. Ингээд бичихээр зарим хүмүүс цагаан сар угаасаа хоцрогдсон баяр гэж хэлэх биз. Үнэндээ бид өөрсдөө хоцрогдсон сэтгэхүйгээ л өөрчлөх, илүү ухаалаг, илүү хүнлэг, илүү хэмнэлттэй шинэлэх цаг иржээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!