Uncategorized

Эмэгтэй хүн бүр мэдвэл зохих “Савны хий” гэж юу вэ?

Эмэгтэй хүн бүр мэдвэл зохих “Савны хий” гэж юу вэ?
Миний үтрээнээс унгаж байгаа мэт хий гараад байна,миний гэдэс дүүрээд байдаг юм ,савны хийгээ гаргуулмаар байна ,савны хий гаргах бариа хийлгэсэн хэр нь үтрээнээс хий гарах нь зүгээр болохгүй байна ,дахин савны хийгээ дахин гаргуулмаар байна гэсэн хүсэлтэй эмэгтэйчүүд их ирдэг болсон тул эмэгтэй хүн бүр энэ тухай үнэн зөв дэлгэрэнгүй мэдээлэлтэй байгаасай гэж бодлоо.
Савны хий гэдэг өвчин байдаг ч өнөөгийн ихэнх эмэгтэйчүүдийн ойлгож байгаа шиг гэдэс нь дүүрч цанхайдаг,савны бариа засал хийлгэж үтрээнээсээ хийгээ гаргуулчихаар эдгэдэг өвчин биш юм.
Дорно дахины анагаах ухааны онолоор бол хүний биеийн үндсэн бүтэц болох хий шар бадгана 3 махбод тэнцвэрт харьцаанд байж хүн эрүүл байдаг.Хий махбод нь өвчин үүсгэх дараахи шалтгаануудын улмаас арвидан нэгэн төрлийн сав эрхтэн болох умайд шунаснаар савны хий өвчин үүснэ гэж үздэг.Үүнд:
-Идээ ундааны .Хий арвижуулах үйлдэлтэй ямаа тэмээний мах ,цагаан будаа,газтай ундаа зэрэг хүйтэн сэрүүн чанартай идээ ундааг хэт их хэрэглэх
-Цаг улирлын.Өвөл,хавар эрт ,намар орой нимгэн хөнгөн хувцаслах,бөөр бэлхүүсээрээ байнга даарч жиндэх,хайрагдах,чийг татдаг гутал өмсөх,хөлөөсөө даарах,хүйтэн ус туулах,хүйтэн нойтон газар сууж даарах
-Явдал мөрийн .Унаж бэртэх,сав доргих,сэтгэл санаагаар унах,нойр хоол алдах,удаан өлсөх,буруу хоолны дэглэм сахих,төрсний дараа умай дээр хүйтэн жин хэт удаан тавих,төрсний дараа ядрах айж цочих,тамирдаж ядрах
-Этгээд нөхцөлийн .Цус алдах,үр зулбах гэх мэт
Савны хий өвчтэй үед биений юм тогтворгүй болох,биений юм ирэх үед нуруу ууцаар шархирч өвдөх,биений юм бага ирэх,үтрээнээс хөдлөх,босох суух үед унгаж байгаа мэт хий гарах,умай давсаг орчим хүйт оргиж дүүрч байгаа мэт өвдөх зэрэг шинж тэмдэг голдуу илэрнэ.Зарим хүнд зөвхөн савны хий төдийгүй зүрх голын хий хавсарсан үед зүрх дэлсэх,бачимдах ,голоор юм дээшээ өгсөх,амархан уурлах,уйлах мэт сэтгэл тогтворгүй болох шинж хавсарч илэрнэ.Мөн олгойн хий хавсарсан үед гэдэс дүүрэх өтгөн хатах шинж тэмдэг илэрнэ.Бөөрний хий хавсарч илрэх нь элбэг байдаг бөгөөд энэ үед үед амархан ядрах,амархан даарах,хөл хүйт оргих, нуруу хөших,шээс том том хөөстэй гарах,чих шуугих шинж бас илэрдэг.Савны хий өвчин хүндэрсэн үед төрсний дараа айж цочих,сэтгэл санаагаар гэнэт унаснаас болж ухаан солиорох хүртэл хүндрэл гардаг .Үүнийг ахмад үеийнхэн маань сав нь хөөрсөн гэж ярьцгаадаг байсан.
Дээрхи шинж тэмдгүүдээс танд нэлээн хэдэн шинж илэрч байвал та савны хий өвчтэй болжээ гэж үзэн уламжлалт эмчилгээний эмчид хандан судсаа бариулан үзлэг хийлгэж оношоо бататган тогтоолгосны үндсэн дээр эмчилгээ хийлгэх шаардлагатай.Уламжлалт анагаах ухааны аргаар савны хийг арилгахын тулд эн тэргүүнд хийг дарах,хийг биеийн шар бадганы байдалтай уялдуулан тэгшитгэх эмчилгээг хийдэг.Үүний тулд хий дарах,илчийг сэлбэх идээ ундаа хэрэглүүлэн савны хий үүсгэж байгаа шалтгаан нөхцлийг арилгахыг урьдал болгон үүнийхээ зэрэгцээ тухайн эмчлүүлэгчийн биеийн болон өвчний нь онцлогт тохирсон хий дарах ,бөөр савны илч үүсгэх үйлчилгээтэй уламжлалт эм тан, бүх биеийн халуун болон ердийн тосон бариа,зүү эмчилгээ,төөнүүр эмчилгээ,бумба,тосон болон бүлээн жин засал болон сэтгэл заслын эмчилгээнүүдийг хавсруулан хэрэглэдэг.
Тиймээс эмэгтэйчүүд маань савны хийтэй болчихлоо,савны хий гаргах бариа хийлгэж эдгэрнэ гэж ойлгодог нь нэг талын өрөөсгөл ойлголт юм байна шүү гэдгийг сайн ойлговол зохилтой.Мөн савны хий өвчнөөс салахын тулд эмчилгээнээс гадна өөрийн тань хоол ,хувцаслалт,ажил амьдралын дэглэм чухал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм.
Уламжлалт анагаахын их эмч,АУ магистр Н.Алтанхундага

Related Articles

Back to top button
error: Content is protected !!