Uncategorized

Эмүжин: Хятад улсаас өмд гутал зөөсөн, зөөгөөгүй цагаан сар болдогоороо болно хятдад эмнэлэг, чандарлах газрууд ачааллаа дийлэхээ больж. Эрээн даавуунаас өгдөг эрүүл мэнд гэж байхгүй ээ

Эрээн даавуунаас өгдөг эрүүл мэнд гэж байхгүй ээ.
Bloomberg агентлагийн мэдээлснээр Хятадад шарил чандарлах үнэ ханш монгол мөнгөөр 25-35 сая төгрөг хүртэл өсч, үйл ажиллагаагаа хоногоор үнэлдэг болсон байна. Учир нь тус улсын шарил чандарлах газрууд ачааллаа дийлэхээ больж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газар дүүрээд байгаа аж. Өдөртөө 9000-25000 хүн нас барж байгаа гэсэн тооцоо гарсан бөгөөд үхлийн тоо эрс өссөнөөс хойш өдөр тутмын мэдээлэл цацахаа больжээ. Хятад дахь ковидын энэ хурцадмал дэгдэлт гурван жилийн хөл хорионы дараа болж буй бөгөөд эрдэмтэд, эмч судлаачид хэт хатуу хөл хорьсны улмаас иргэдэд байгалийн дархлаа тогтоогүйтэй холбон тайлбарлажээ. Одоогийн байдлаар Америк, Франц зэрэг ковидыг асар их хохирол хүлээж туулан гарсан улсууд БНХАУ-аас ирж буй иргэдээс заавал шинжилгээ авч байж эх орондоо нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Монгол Улсын иргэдийг хилээрээ хэрхэн нэвтрүүлэх, ямар шаардлага тавьж буйгаа Хятадын талаас мэдээлсэн, харин манай тал ямар бодлого, дэглэм журам баримтлахаа одоо хүртэл албан ёсоор мэдэгдээгүй байна. Ямартай ч Хятад ковидын шинэ давалгаанд өртөж, улс орноороо үймж, эмнэлэг, чандарлах газрууд нь ачааллаа дийлэхээ больж, өмнөд хөршийн иргэдийг хилээрээ хэрхэн нэвтрүүлэхээ дэлхийн улс орнууд дахин хэлэлцээд эхэллээ. Энэ тохиолдолд монголчуудын хувьд Хятад бол гайны их, газрын ойр билээ. Эрээний бараагүй гурван жил боллоо, хэдэн сар тэслээ гээд юу ч алдахгүй. Хятадаас өмд гутал зөөсөн, зөөгөөгүй Цагаан сар болдогоороо болно. Үндэсний үйлдвэрүүдээ дэмжээд, үүд хаалгаа хямгадаад, Хятадад болж буй ковидын шуурга намжтал хилээр нэвтрэх өмнөд хөршийн иргэдэд хатуу шаардлага тавимаар байна. Монголын байдал эмзэг, монголчуудын эрүүл мэнд эргэлзээтэй, эм тариа элдэвтэй шүү. Хил нээхэд гуравхан хоног үлдлээ, Засгийн газар, ГХЯ, ЭМЯ хил дээр хэрхэн ажиллах, ямар нөөц бололцоотой байгаа, хэрхэн зохицуулалт хийхээ ард түмэндээ дэс дараалал, дэг журамтай нь танилцуулмаар байна аа. Эрээн даавуу, иштэй чихэрнээс өгдөг эрүүл мэнд гэж байхгүй ээ, манайхан ч бас дотроо бодолтой, дороо суурьтай хөдөлдөг юм шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!