Uncategorized

Д.Баясгалангийн 9.2 их наядын өртөгтэй хоёр төмөр зам Голомт банкаа чирэх вий

Голомт банкны холбоос ба тоон дүнгүүд юу өгүүлэв

 “Бодь-Интернэшнл” ХХК-ийг эдүгээ Д.Баясгалан, өмнөх эхнэр Ч.Мөнхцэцэгийн хамт эзэмшиж байна. Ч.Мөнхцэцэг нь Голомт банкны ТУЗ-ийн дарга. Харин Д.Баясгалан нь тэдний толгой компани “Бодь” группийн эзэн, банкныхаа эцсийн өмчлөгч нь юм. Мөнхүү Голомт банкны хувьцаа эзэмшигчид дунд “Бодь-Интернэшнл” ХХК багтжээ.

Энд хэлэх гэсэн санаа нь, монголын системийн банканд зүй ёсоор багтдаг Голомт банк нь,

  • “Тавантолгой-Гашуунухайт” чиглэл дэх 260 км /дэлгэмэл урт 319/ төмөр замаас 1 тэрбум 282 сая ам.доллар,
  • “Богдхан” төслийн 130 км-ийн гүйцэтгэлээс 1 тэрбум 404 сая ам.доллар авахаар гэрээлсэн “Бодь-Интернэшнл” ХХК-тай салшгүйгээр холбогдож байна.

Энэ хоёр төслийн нийт өртөг 2 тэрбум 686 сая ам.доллар. Алдарт “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросоос авахдаа Худалдаа хөгжлийн банк 400 сая ам.доллар босгосноос даруй 6.7 дахин өндөр дүн юм.

“Бодь интернэшнл”-ийн төмөр замаас авах валютын санхүүжилт нь монгол төгрөгийн өнөөдрийн ханшаар /34269 их наяд 202 сая төгрөгтэй дүйж байна. Харьцуулсан тоо нэрлэхэд, өнгөрөгч аравдугаар сарын байдлаар банкуудын нийт актив 41.8, арваннэгдүгээр сард банкуудын нийт хадгаламж 17.1 их наяд байна. Эндээс нэг арилжааны банкинд хамаарах 9.2 их наяд нь ямар өндөр дүн болохыг харьцуулан харж болно.

Одоо замууд руугаа орцгооё. ДООРХ хэсэгт хоёр төмөр замын ил болсон оффтейк гэрээнүүдэд тусаагүй дүнгүүд, бусад агуулгуудыг танилцуулахад чиглэв.


Тавантолгой-Гашуунсухайт: Гүйцэтгэлд 7.8 сая тонн нүүрс авч, 483 сая ам.долларын өр хаажээ

Одоогийн байдлаар “Бодь-Интернэшнл”-ийн зүгээс ЭТТ-гоос 7.8 сая тонн нүүрс авч, 483 сая ам.долларын бартерын гүйцэтггэлтэй байна.Гэхдээ энэ нь гүйцэтгэлээс хоцорсон дүн бөгөөд гэрээнд заасан график ёсоор 11.1 сая тонн нүүрсэд хүрсэн байх ёстой аж. Үндсэндээ эл төмөр замын бартерын гэрээгээр ЭТТ 14 орчим сая тонн нүүрсийг “Бодь-Интернэшнл”-д өгөх тооцоотой.

Таван жилд цувруулан өгөх уг 14 сая тонн нүүрс нь Монгол Улсын жил тутам экспортолдог нүүрсний биет хэмжээний 50 хувьтай тэнцэх дүн билээ.

Гэхдээ бас учир бий. Эл замыг нэгдүгээр зэрэглэл ангилалд оруулсныг уншигчид анзаарах. Одоогийн ханшаар 1 км төмөр замыг 4 сая ам.доллараар барьсан гэх “баарагшуу” тоо нь Т.Доржхандын 45 их наядын хохирол гаргаж ирсэн “муйхарлал”-тай төстэй харагдаж буйг шударгаар тодотгох ёстой юм.

Нэгдүгээр зэрэглэлийн эл төмөр замын хүрээнд,

  1. Төмөр замын дээд, доод бүтцийн ажил,
  2. Гүүрэн байгууламж,
  3. Дохиолол холбооны багц ажил,
  4. Хөдлөх бүрэлдэхүүн, засварын тоног төхөөрөмж,
  5. Өртөө, зөрлөгийн барилга байгууламж,
  6. Суурьшлын бүс,
  7. Ачилтын хэсгийн зам,
  8. Хилийн дагуу комер байрлуулах,
  9. Эрчим хүчний хангамжийн багц ажил зэрэг бүтээцүүд багтсан.

Нэг ёсондоо замаа суурьшлын бүстэй нь, дээгүүр нь явах хөдөлгүүр зэргээ бүхэлтгэн бэлдэх, гурван жил үүнийгээ арчлан хамгаалах. Валютын ханшийн зөрүүг хувийн хэвшил өөрөө үүрэх зэргээр эрсдлүүдээ бол авсан байна. ТЭЗҮ-ийг нь анх MCS-ийн захиалгаар 2014 онд Солонгосчууд гүйцэтгэж, нэмэлтийг мөн тус улсын компани хийсэн аж.

Бас нэг анхаарал татах асуудал нь, нүүрсний үнийг хэрхэн тооцов? Суурь дүнгээ 1 тонн тутмыг нь 60 сая ам.долларын суурь үнээр тооцож, индексийн аргачлалаар 49-132 ам.долларт хэлбэлзсэнийг доорх хүснэгтээс харж болно. Арын хувьчилсан хэсгээс мөнгөө түрүүлэн төлсөн үед ЭТТ-н тонн тутмаас үзүүлдэг үнийн хөнгөлөлт аж.

Тайлбар: ЭТТ-гоос нүүрс авагч томоохон ХХК-иуд

Дараачийн хүснэгтэд гүйцэтгэлийн өрийн дүнг харуулав. Одоогоор 413 сая ам.долларын төлөлт дутуу бөгөөд үүнээс “Бодь-Интернэшнл” 227.1 сая ам.доллараар нүүрсний нийлүүлэлт тасалдаад байгааг Сангийн яам ру өгсөн албан бичигтээ дурджээ.

Тайлбар: Гүйцэтгэлийн ерөнхий мэдээлэл

“Богдхан” төсөл: 41 сая ам.долларын санхүүжилт авч, 26 хувийн геологийн гүйцэтгэл хийжээ

Огноо нь 2022 оны зургадугаар сараас эхлэх эл төслийг нууцын ангилалд яагаад дахин чихсэнийг гайхмаар. Угаас улс төрийн нөхцлийн хувьд УБТЗ ХНН-ийн зөрлөгтэй холбогдох учир ОХУ-ын талаас “ОК” авах нь чухал байсан. Тийн зөвшөөрлөө хөшигний ард өчнөөн түчигнэж байж авсан лай ланчиг дээрээ нэмж, гүйцэтгэлээ дахин “Бодь-Интернэшнл”-д нууцад хамруулан өгөөд, дахин нүүрсний бартерын гэрээ байгуулчихсан байгаа юм.

Тайлбар: Гүйцэтгэлийн ерөнхий мэдээлэл

Эдний мэдээлэл бол их товчхон. Учир нь, эдүгээ дөнгөж газар шорооны геологийн ажил нь 26 хувьд хүрч, 41 сая ам.долларын санхүүжилт авсан байна. Богд уул, 22-ын товчооны ойролцоох хоёр хэсэгт туннель, эстакадан гүүр барих учир зардал нь өндөр гарч буй гэсэн тайлбар бий.


Арилжааны банкууд уул уурхай, бүтээн байгуулалт, лиценз рүү хазайсан түүхүүд бидэнд ямар сургамж үлдээв

Кэйс1: “Анод” банк ид мандан бадрах үедээ уул уурхай, тэр дундаа алтны лицензүүдэд хөрөнгө оруулалт ихээр хийв. Томчуудын мөнгөний гуйлт бүрийг биелүүлж, нийгмийн субьектив салбаруудад үлэмж их мөнгө цацсан. Эцэст нь яг энэ тээгдээ бүдэрч, тус банканд байсан лицензүүдийг овтой, зальтай бүхэн ухаалгаар үнэгүй шахам “дээрэмдэн” авч, эзэд нь шоронд явсан түүхтэй.

Кэйс2. Алдарт сахал Д.Эрдэнэбилэг Багануурын нүүрсний уурхай, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цементийг Худалдаа хөгжлийн банкны дэргэд “овоолж”, ОХУ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг оруулж ирсэн. Энэ бүх процесст Анод банкны эзэд лугаа улс төр, шүүх засаглалтай гүн хутгалдаж явсаар, эцэст нь эдгээр бүх өмчөө төрд шилжүүлэх зам руугаа ороод байна. Энэ зуур тэдний хожсон нь их юм шиг мөртлөө гадаадад монголыг төлөөлдөг ганц өнгөлөг банкаа татаж унагах том эрсдэлд хэдэн жил дэнжигнэж, улс төрчдийн дайралтын “бай” болов.

Кэйс3. Эдүгээ Д.Баясгалангийн автортай эл төмөр замын төслүүдийг эхлүүлэхдээ эднийх Хятад банкуудаас үлэмж их зээл босгож, Голомт банкнаасаа ч санхүүжилт оруулжээ. Нүүрсний бартерын нийлүүлэлт нь зогсож, нэгэн үес Д.Баясгалангийн лоббинд байсан улс төрчдийн хүч суларч буй энэ цаг үед “Бодь- Интернэшнл” Голомт банкаа татаад унагачих мэдэх эрсдэл бодитоор үүсчээ. Ядахад, шинэ хуулиар банкууд олон нийтэд нээлттэй IPO гаргаж буй эгзэгтэй үед банкаа Д.Баясгалан төмөр замын асуудлаар балласаар байна.

Сэтгүүлчийн тэмдэглэл: “Бизнесүүд боломж дээр л суудаг. Энэ бол чөлөөт зах зээлийн зарчим”. Манай либериалчид ингэж ярьдаг. Гэхдээ л монголд 10 гаруй мянган ажлын байр үүсгэсэн цөөн хэдхэн монополи бизнес эрхлэгчид аль нам ялна, тэнд нь очоод мөнгөө өгчихдөг. Нөгөө талд ялагдсан нэгнийг нь тэтгэж л байдаг. Шүүх засаглал руугаа нэвт авлигын мөнгөө явуулж л байдаг.

Ийм байдлаар тэд нүүрс ачиж, арилжааны зээлээр хүүгийн орлого олж, уул уурхай эрхэлж, төмөр зам барьж, бүр махны жижиглэн худалдаа руу хүртэл халтирч, орж гарахгүй ангал замгүй болтлоо тор үүсгэжээ.

Энэ нь эргээд жижиг дунд бизнесүүдээ хааж, нийгмээ чирэх ёстой дундаж давхаргадаа жинхэнэ гай тарьж, тэдэнд өсч өндийх боломж өгөхгүй байсаар нигймийн амьдралын зөрүүг улам холтгосоор буй.

Өнөөдөр хэдхэн улс төрчид л мөнгөтэй байна” гээд буй цаад мөнгөний эзэд үнэндээ MCS, Таванбогд, Голомт, Моннис тэргүүтэй том бизнесүүд юм гэж хардах бүрэн үндэслэлтэй. Тэд том ажлаа ингэж бүтээдэг.Тэгээд урагшаа адуу шиг давхицгаадаг. Харгис, хүйтэн.

Тийн бүхнийг худалдаж аваад, давхиж давхиж нэг саадтай тулгарвал өндийхөд бэрхээр унадаг. Тийм зам дээр өнөөдөр Голомтын Д.Баясгалан өнөөдөр иржээ. Системийн банкаа энэ хөлдөө чирч буй нь хамгийн харамсалтай юм.

“Бодь интернейшнл”-ийн гүйцэтгэлтэй Тавантолгой-Гашуунсухайт төсөл: Уншигч та санхүүжилтийн гэрээг нь ЭНД ДАРЖ, нүүрс нийлүүлэх гэрээг нь ЭНД ДАРЖ танилцаарай.

“Бодь интернейшнл”-ийн гүйцэтгэлтэй “Богдхан” төсөл: Уншигч та санхүүжилтийн гэрээг нь ЭНД, нүүрс нийлүүлэх гэрээг нь ЭНД танилцаарай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!