Uncategorized

Зурхайч лам, АУ-ы магистр Д.Сайнсайхан:Хурим хийхэд хүмүүс Балжинням, Дашнямтай өдрийг л сайн гэж боддог энэ бол өрөөсгөл ойлголт

Манба Дацан хийдийн Зурхайч лам, АУ-ы магистр Д.Сайнсайхан: Жил бүрийн намрын дунд сард Дашням, Балжиннямтай өдрийн “эрэлд” нийтээрээ гарцгаадаг. Хурим найрыг заавал ийм өдрүүдэд хийх ёстой юу? Хүмүүсийн нийтлэг ойлголтоор Балжинням, Дашнямтай өдрийг л сайн гэж боддог. Тэгээд амарчлаад тэр өдрүүдийг нь л товлочихдог. Гэтэл ямар үйл хийх гэж байгаагаас хамаараад малчны календарийнхаа алийг голчлон харах вэ гэдгээ сонгодог юм шүү дээ. Тухайлбал, хүүхдийн үс авах гэж байгаа бол даахь үргээхэд ямар өдөр вэ гэдгийг голчилно. Гэтэл хүмүүс Балжиннямтай өдөр л бол даахийг нь үргээнэ гэж орж ирдэг. Үзэхэд тэр Балжиннямтай өдөр нь хүүхдийн үс авахад муу өдөр байх жишээтэй. Тиймээс өдөр судрыг үзэхэд эхэлж үс авахад сайн өдрийг харна. Дараа нь тухайн хүүхдийн сүлд юм уу амин гарагийг тааруулчихвал зүгээр. Тэгээд барилдлага, шүтэн барилдлагыг харна. Өөр нэг жишээ татахад хагалгаа хийлгэнэ гэхэд тухайн хүний час өдөр мөн эсэхийг харна. Хэрвээ час өдөр таарвал мэс хүргэж болохгүй. Тэрний дараагаар сүлд байрлах өдрийг харна гэхчлэн дэс дараалалтай. Тэрнээс Балжинням, Дашнямтай л бол сайн гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм.Орчин үед хүмүүс бидний нэрлэдгээр малчны календарь буюу үндсэн цаг тооны бичгээ хэрэглэж мэдэхээ больчихож. Олон зурхайч, одоо бараг хийд болгон календарь гаргаж байгаа ч залуучууд цаг тооны бичгийг уншиж, амьдрал ахуйдаа хэрэглэхгүй байна. Бид хүүхэд байхаасаа л энэ цаг тооны бичиг календарийг харж өссөн. Уг нь энд чинь маш тодорхой бичсэн байдаг. Тухайлбал, малчдын календариас тухайн өдрийн барилдлага, шүтэн барилдлага хоёрыг голчлон харна. Барилдлага, шүтэн барилдлага бол маш их тооцооллын үндсэн дээр гаргадаг учиртай. Тодруулбал, барилдлага, шүтэн барилдлагыг хараад, тэнд тохирсон үйл нь юу байна гэдгийг тооцдог. Бас од нь дүвзий, жэдзий гээд гурван тоо харгалдуулсан байгаа биз. Тэгээд одны тайлбарыг оруулсан байдаг ч аль тоог нь голчилж харахаа хүмүүс мэддэггүй. Дараагийн бас нэг чухал зүйл нь мэнгэ, хөлөл байна.Энэ мэт олон нарийн зүйл малчны календарьд бий. Тэрийг мэдэхгүйгээс жишээ нь бэр гуйна гэхэд таних мэдэх ямар ч хамаагүй лам юм уу, мэдэх байх гэж бодсон хүнээсээ хүү, охины талынхан тус тусдаа асуучихдаг.Тэр нь зөрөөд над дээр ирсэн тохиолдол олон байна. Үүнээс болоод хүмүүсийг хооронд нь эвдрэлцүүлээд байна. Хүмүүс найр хурим, бэр гуйх хоёрыг андуурдаг. Хуримын энэ хоёр зан үйлийн бэр гуйх нь хамгийн чухал зан үйл юм. Тийм байхад бэр гуйх өдрөөсөө болоод л маргаан үүсэж болохгүй биз дээ. Найр бол яах вэ голчлох асуудал биш. Яагаад гэхээр найр хурим, оршуулга хоёрын оршуулга нь илүү муу цөв багатай гэдэг үг байдаг. Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Related Articles

Back to top button