Uncategorized

Бурхан шүтээндээ усан тахил өргөхөд анхаарах зүйлс унших тарни!!! хадгалаад ав

УСАН ТАХИЛ ӨРГӨХ ЁСОН
Бурхан шүтээнд тэдгээрийн эрдэм, дүр төрхийг сэтгэлдээ ургуулан сүжиглэж тахил өргөвөл хилэнц түйтгэр арилж, сэтгэлд номын эрдэм төрөх барцад арилдаг. Ялангуяа усан тахил нь өргөхөд хялбар, харам, омог зэрэг муу сэтгэлийн гэмгүй тул урьд болоод эдүгээд дээдэс мэргэдүүд эрхэмлэн өргөж иржээ.
Анх Төвдөд Энэтхэгийн таван зуун бандидын оройн шүтээн их мэргэн Адиша Дибамкара бээр морилоод “Төвдийн ус найман гишүүн төгөлдөр цэвэр тунгалаг юм. Тиймээс тахилыг ганц усаар өргөсөн ч болохоор байна” хэмээн айлджээ. Үүнтэй адил Монгол орны ч гэсэн ус цэвэр тунгалаг, хүйтэн байдаг учир мөн усаар тахил өргөх нь сайн юм. Ер нь олон зуун жижиг цөгцөнд усан тахил өргөдөг ёс эрт Энэтхэгт их хөлгөний шашин хүчтэй дэлгэрч байх үед байсан гэдэг. Энэ тухай Төвдийн их аялагч хувраг Гэндүнчойнпэл өөрийн зохиол “Алтан дэлгэмэл” дотроо, “Бирмын хийдүүдэд олон зуун жижиг аяганд усан тахил хийж өргөж байсан. Харин энэ нь ойр орших улс орнуудад байгаагүй нь их хөлгөний шашин өмнө нь дэлгэрч байгаагүйнх гэж байсан.” гэж бичсэн байна.
Тахил өргөхдөө орчноо цэвэрлэн гараа угаан цэвэр цэмцгэр байдлаар тахилын цөгцнүүдийг арчин жигдэлж өрнө. Өрөхдөө эхлээд ёроолд нь багахан ус хийж, цөгц хоорондын зайг нэг арвайны зайтай өрөх юм. Ёроол хоосон өрвөл бэлэг дэмбэрэл муу бөгөөд хоорондын зай хэт холдвол багшаас хагацах, ойртвол ухаан доройтох, хавирч дуу гаргавал галзуу тэнэг болох ёр гэдэг. Цөгцийг өрөх болон тахил өргөх үед баруун талаас нь эхэлдэг бөгөөд тахилыг хураах үед зүүн талаас нь хураах юм. Улмаар усан тахилаа өргөж эхлэхэд их хаан, их хүмүүнд хоол цай аягалах мэт хүндэтгэлтэй дүр байдлаар усыг эхлээд багаар нарийн, дунд нь бүдүүрүүлж, адагт нь мөн нарийсган хийж мөн нэг арвайн чинээ дутуу дүүргэнэ. Хэрэв дүүргэхгүй бол ядуурах, гадагш асган халиулвал явдал мөр цалгайрах, хүчтэй цалгиулах аваас муу үйлд орох ёртой.
Аливаа тахилыг өргөхдөө Ум А Хум гэж уншин тахилын эгэл амт үнэр арилан төгс амгалан төрүүлэгч барагдашгүй их рашааны мөн чанарт хувирлаа хэмээн сэтгэлдээ бодон зоригд. Мөн тахил өргөж байх үедээ
УМ НАМО ВАГА ВАДИ БАЗЭР САРА МАРДАНИ ДАТА ГАДАЯА АРХАДЭ САМ ЯГ САМ БУДДА ЯА ДАДЪЯАТА УМ БАЗЭР БАЗЭР МАХА БАЗЭР МАХА ДИЗА БАЗЭР МАХА БИДИ БАЗЭР МАХА БОДИ МАНДАВА САМГАРМАНА БАЗЭР САРВА ГАРМАНА АВАРАНА ВИ ШОДАНА БАЗЭР СУХА хэмээн 3 удаа ҮРЖҮҮЛЭХ тарнийг урин уншвал сайн. Энэ нь Доржравжам бурханы тарни бөгөөд мөн Үүлэн тахилын тогтоол ч гэдэг. Үүнийг унших үедээ тахил өргөвөл Дорж равжом бурханы ерөөлийн хүчээр арван зүгийн хамаг бурхадын өмнө тахилын үүлэн цогц огторгуй дүүрэн гарахыг зарлигласан байдаг тул маш их ач тустай.
Урьд Бурхан багшийг оршиж байх үед нэгэн гуйлгачин эмгэн хутагт Гадъяанад нэг аяга дүүрэн цэвэр усыг сүжиглэн өргөснөөр хилэнц түйтгэр нь нимгэрч, сэтгэл нь амгалан тайван оршин олон эрдмийг олоод хойд төрөлдөө тэнгэрийн төрөл авсан тухай Ганжуур доторх үйлийн үрийн номлолд айлдсан байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!