Uncategorized

ТҮРГЭНИЙ ЭМЧ НЬ ТҮГЖРЭЛ ДУНД ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ АВРАХ ГЭЭД ТЭМЦЭЛДЭЖ БАЙХАД ХАМГААЛАГЧТАЙ ДАРГА НЬ ДУУТ ДОХИОГОО ХАНГИНУУЛААД УРСГАЛ СӨРӨӨД ДАВХИЖ ЯВЛАА

ГАНЦХАН ӨДРИЙН ЦАСНААР УЛААНБААТАР ТЭР АЯАРАА ТЭГ ЗОГСОЛТОД ОРЖ, ЗАМ ДЭЭР ХОНОХООС НААГУУР ЮМ БОЛЦГООВ-

Хүний амь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж, үхэл амьдралын заагт тулсан цаг хугацаанд түргэний машин нь тэг түгжрэлд гацаж, аргаа барсан эмч чагнуураа аваад гүйж байгаа харамсалтай дүр зургийг өнгөрсөн баасан гарагт нийгэм даяараа харлаа, бид. Гэтэл Төрийн ордноос хөдөлсөн том жийптэй дарга гэртээ харихаар дуут дохиогоо хангинуулаад хамгаалагч нараар “бүчүүлэн” урсгал сөрөөд давхиж байх.

Томдсон цүнхэндээ дүүрэн номтой бяцхан хүүхдүүд автобусны буудал дээр өчнөөн цагаар унаа хүлээгээд хөлийнхөө хурууг хайруулахаас наагуур юм болж арайхийн автобусанд сууна. Өчнөөн цагаар хүлээж суусан автобус амьсгалах зайгүй болтлоо дүүрчихсэн атал буудлаасаа сөөм ч хөдлөхгүй хэдэн цагаар зогсоно. Хөхөө өвлийн хүйтэнд нялх хүүхдээ тэвэрсэн ээж тэр жаахан амьтныг дааруулчихгүй гэсэн дээ автобусанд амжиж суухаар халтирч унахаас наагуур гүйн очиход автобусны жолооч хаалгаа тас хийтэл хаагаад хөдөлчих. Түргэн тусламжийн эмч өвчтөнөө аврах гээд давчуу машинд хөлсөө гартал массаж хийн, аврал ирэх нэгнийг амьсгалын аппараттай залгуулахын тулд тэмцэж байхад дулаан жийптэй зөөлөн суудалд тухалсан дарга урсгал сөрөөд жишим ч үгүй хажуугаар нь давхих, ийм л ээлгүй нийгэмд амьдарч байна даа, бид.


Одоо даварсан дарга нарт даруулга хэрэгтэй байгааг сануулах нь зүйн хэрэг биз ээ. Түгжрэлийг бууруулна гэж хэчнээн тэрбум төргийг улсын төсвөөс гаргаж, хэдэн төгрөгийг үргүй зарлаа. Цаасан дээр баахан төлөвлөгөө гаргаж, сайд, дарга нар нь нойр хоолгүй явж байгааг гайхан, ялархав ч шийдэл гэж огтхон ч байсангүй.  Бодит байдал дээрээ ганцхан өдрийн цаснаар Улаанбаатар тэр аяараа тэг зогсолтод орж, зам дээр хонохоос наагуур юм болцгоов. Ирэх өвлийг яаж давна даа, нийслэлчүүд.

Үе үеийн хотын дарга нарын хэлснээр бол бид өдийд метро хөлөглөөд, дүүжин тээврээр “нисээд”, хурдан галт тэргээр дахиад үлгэрийн юм шиг л амьдрах байлаа. Гэтэл дарга нарын амлалтууд цаасан дээр буусан хэдэн тоо, үзүүлэн болсон хэдэн зураг байснаас хэтэрсэнгүй.

Эргэн сануулахад 2013 оны тавдугаар сарын 17-нд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар метро” төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ- ын дарга, Ерөнхий сайдад өргөн барьж байв.  Э.Бат-Үүл тухайн үед “Улаанбаатарт 17.7 км урт замтай метро байгуулахад 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүнээс 600 саяыг Японы Засгийн газар 40 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй санхүүжүүлэхээр тохиролцсон. Мөн хувийн хэвшлээс 200 саяыг, үлдсэнийг нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр босгох бүрэн боломжтой. Ойролцоогоор 150  мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Хотын төсвийн орлого 30 хувиар өснө. Төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд нийслэлчүүд метрогоор зорчиж эхэлнэ” хэмээн мэдэгдэж, өдөр тутмын сонины нүүрээр дүүрэн нийслэлчүүд метрогоор зорчдог болно гэх мэдээллүүд гарч байв.

       Түүний дараа Улаанбаатар хотын захирагч С.Батболд “2019 онд хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээг нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгахаар төлөвлөж байна” гэх мэдээлэл хийж байсан ч, өнөөдөр яармаг тэр чигтэй түгжрэлийн гол төв цэг болчихсон.

Харин 2020 оны сонгуулийн өмнөхөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан одоогийн Шадар С.Амарсайхан дүүжин тээврийг Улаанбаатарт оруулж ирэх төлөвлөгөө боловсруулж, Төв талбайд бүхээгийг нь хүртэл авчирч тавьж байлаа.  Тухайн үед С.Амарсайхан дарга  “Баянхошуу-Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл 4.9 км, Долоон буудал-Дарь эх-Сансарын тойрог хүртэл 2.9 км тус тус агаарын зам барьж, дүүжин тээвэр явуулна. Хоёр чиглэлийн агаарын замыг 1.5-1.6 жилийн хугацаанд барих боломжтой. 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4  дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно” хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Хөрөнгө санхүүжилтээ шийдчихсэн, ярьчихсан байсан энэ мэт төсөл хөтөлбөрүүд бүгд буух эзэн буцах хаяггүй ор тас алга болж, өнөөдөр зам дээр бухимдахаас цаашгүй амьдарч байна, Улаанбаатарынхан.

Хамгийн сүүлд гэхэд л Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар улсын төсвөөс 420 тэрбум төгрөг тусгуулж, үүнийгээ зөвхөн түгжрэл бууруулахад зарцуулна гэж батлуулаад таг чиг алга болсон. Тэрбээр энэ тухай “Улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах тогтоол гарсан. ТЭЗҮ, бичиг цаас нь ном журмын дагуу, хуулийн хүрээнд бүрдсэн хэрэгжих ажлуудыг Сангийн яамнаас санхүүжүүлээд явна.. Есдүгээр сарын 15-н хүртэл нарийн жижиг хэсгүүд дээр ажиллана.  Түгжрэл үндсэндээ их тойруу дотор байгаа учраас төрийн байгууллагууд, худалдааны байгууллага, хувийн хэвшлээ энэ бүсээс гаргах асуудлаар уулзалтын ширээний ард сууна. Үүний дараа дэд төвүүдээ барьж байгуулна. Дараагийн ээлжинд дагуул хотуудыг байгуулах нь түгжрэлийг бууруулахад хамгийн том нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа” гэх мэдээлэл хийгээд санхүүжилтээ тусгуулсан ч гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийсэнгүй.

Түүгээр ч зогсохгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Түгжрэл хариуцсан сайд гэх давхардсан албан тушаалтныг томилон ажиллуулж байгаа ч өнөөдөр нийслэлчүүд тэг зогссон хэвээр байна. Сайд Ж.Сүхбаатар өнгөрсөн хугацаанд түгжрэлийг сааруулахаар ажиллаж байна, ажилтайгаа танилцаж байна гэх өөрөгдсөн зургуудаа сошиалд цацсанаас өөрөөр шийдэлд хүрсэн ажил нэгийг ч санаачлаагүй сууна.

Үндсэндээ гурван сар орчим хугацаа өнгөрсөн хугацаанд “Түгжрэлийг бууруулахаар ийм арга хэмжээ авч, ийм хувиар түгжрэлийн бууруулсан” гэх нэг ч тайлан тавьсангүй. Ганцхан дуулиантай мэдэгдэл хийсэн нь түгжрэлд саад бологсод нь сүүлчийн замдаа хөдөлж буй талийгч нар гэх. Яг үнэндээ тэрбээр “Сайд дарга нар зам хааж, түгжрэлд нөлөөлж байна. Энэ байдлыг арилгана” гэчихсэн бол ард түмэн түүнд алга ташиж баяр хүргэх байв. Даанч “давхар дээл”-тэй сайд маань үхсэн хүн үг хэлэхгүй гэсэн шиг түгжрэлийн шалтгааныг олж ядсан ганц арга нь энэ байлаа.

         Ирэх онд зөвхөн түгжрэл бууруулахад 318 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингэхдээ нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, түгжрэлийг бууруулна гэж Засгийн газар төлөвлөсөн. Энэ байдлаараа бол ирэх жил ч ялгаагүй Улаанбаатарчууд зам дээрээ бухимдаад сууж байх нь. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манайх түгжрэл бууруулна гээд ганц нэгхэн гүүр барьснаас өөрөөр даацтай хийсэн ажил байсангүй. Энэ мэтээр түгжрэлийг бууруулахад хийсэн ажилгүй, гаргасан төлөвлөгөөгүй байвал эрхэлсэн ажлаа хүлээлгэж өгнө үү, Ж.Сүхбаатар сайд аа, Д.Сумъяабазар дарга аа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!