Uncategorized

Монголын тэргүүн мисс Б.Номин-Эрдэнэ: Намайг хөтөлснөөс хойш цаг агаарын үзэлт сайжирсан. Гудамжинд таарсан хүмүүс “Цаг агаарчин” гэж дуудах болсон.

2022 оны Монголын тэргүүн мисс, “National TV”-ийн цаг агаарын хөтлөгч Б.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сүүлийн үед цаг агаарын мисс хөтлөгч гэдгээрээ олон их танигдаж байна. Тэгэхээр ярилцлагаа энэ сэдвээр эхлүүлье гэж бодлоо. Анхны эфирт гарах мэдрэмж ямар байсан бэ?-Анхны эфиртээ “Miss Mongolia” тэмцээнд өмссөн ягаан даашинзтайгаа цаг агаараа хөтөлсөн. Тэр цаг агаарын мэдээ маш их хүнд хүрч, нэг сая гаруй үзэлт авч, олон хүнд хүрсэн байсан. Эфирт гарахдаа сандраагүй. Учир нь тайзан дээр гарч, олон хүний нүдэн дээр нүүр хагарсан байсных болов уу. Гэхдээ хүмүүс яаж хүлээж авах бол гэдэг айдас байсан. Харин ихэнх хүмүүс эергээр хүлээж авсанд нь баярлаж байгаа.
-Танд урам өгсөн хамгийн гоё сэтгэгдэл юу байсан бэ?-Надад нэг хүн цэцэг, ил захидал явуулсанд нь их баярласан. Захиандаа “Хүчтэй байгаарай. Хүмүүсийн хэлж байгаа муухай үгийг битгий тоогоорой” гэсэн. Энэ хамгийн их сэтгэлд хүрч, урам өгсөн. Анхны эфирт гарсан долоо хоногт зөвхөн би л сошиалд сенсац болсон. Сайлсан, муулсан шүүмж хөврөөд л.Бас хүмүүс миний чихний талаар их сонирхож байгаа. “Ямар дэлдэн юм, чихийг чинь барьж үзье, охиноо ийм чихтэй болгомоор байна. Яах уу” гэсэн. Хүмүүст их содон харагддаг юм шиг байна лээ. Би чинь чихтэйгээ 20 гаруй жил байчихсан болохоор толинд харахаар бусдаас өөр харагддаггүй. Бага байхад дамбо гэж дууддаг байлаа. Гэхдээ эмзэглэж, ичиж байгаагүй. Зарим хүн “Чи ийм том чихтэй юм чинь сайн сонсдог уу” гэж хошигнодог. Хариуд нь “Үгүй ээ, сайн сонсдоггүй юм” гэчихдэг.-Эерэг сэтгэгдлийн зэрэгцээ сөрөг сэтгэгдэл ч харагдаж байна. Үүнд эмзэглэсэн үү. Ер нь цахим орчинд ямар нэгэн сонордуулахуйц үйл явдал болоход хар масс байсаар байдагт ямар дүгнэлттэй байдаг вэ?-Бүх зүйл хар, цагаан хоёр талтай байдаг нь гарын алга, ар хоёр мэт нэг дор оршдог. Гэхдээ би сэтгэлийн хат сайтай хүн юм шиг байна лээ. Хүмүүс намайг сөрөг сэтгэгдэл уншаад уйлж унжиж байгаа гэж бодоод байх шиг байна лээ. Би уйлахгүй байгаа. Муу зүйлд ч ямар нэгэн байдлаар сайн тал байдаг. Тэр утгаараа бүх сөрөг сэтгэгдлүүдийг уншиж, өөртөө наалдацтайг нь хүлээж авахыг хичээдэг. Гэхдээ хүний амьдрал янз бүр тул сошиал дахь сөрөг хандлагыг ойлгохыг хичээнэ. Хүмүүсийн амьдрал нь стресс, бухимдал, асуудал их байгаа учраас түүнийгээ сошиалд гаргаж тайлдаг байх гэж бодож байна.
Манай төрөл садны хүмүүс “Наадахаа больж болохгүй юм уу. Тэртээ тэргүй олон хүнд танигдчихлаа. Чамайг хүмүүс автобус дотор ч ярьж байна” гэсэн. Миссүүд олон нийтэд танигддаг, танигддаггүй гэж хоёр янз байдаг. Харин би олон хүнд танигдах тавилантай байсан юм байлгүй гэж өөрийгөө бодох болсон. Гэхдээ аль болох сөрөг зүйл бүү бичээрэй л гэж гуймаар байна.-Цаашид эфирт гарах хүсэл хэр их байна вэ. Танд нэвтрүүлэг хөтлөх санал ирвэл хэрхэх вэ?
-Их гоё асуулт байна. Би өөрийгөө эфирт төсөөлж байгаагүй. Амьдрал төсөөлшгүй байдаг юм билээ. Олон хүн надад энэ чиглэлээр санал тавьсан. Тиймээс олон жил эфирт ажиллах байх гэж бодож байна.-Цаг агаар хөтлөхдөө цаг агаарын хөтлөгчдөөс туршлага судалсан уу. Ямар хүнээр чиг баримжаагаа авсан бэ?
-Яг үнэнийг хэлэхэд, юм бодох, туршлага судлах завгүй явж байгаад очоод хөтөлчихсөн. Ямар ч хүнээс туршлага судлалгүйгээр өөрөөрөө явсан. Цаашид эфирт зөндөө гарах юм чинь салбарынхнаас нь туршлага судална гэж бодож байгаа. Гэхдээ эфирийн ажил хэцүү юм билээ. Алдаа гаргахаараа их айдаг. Өглөө цаг агаарын мэдээ 06:00 цагт орно. Харин би 05:00 цагт босоод л “За, өнөөдөр хүмүүст юу гэж хэлүүлэх бол доо” гэж их боддог. Намайг хөтөлснөөс хойш цаг агаарын үзэлт сайжирсан. Гудамжинд таарсан хүмүүс “Цаг агаарчин” гэж дуудах болсон. Маш олон хүнд танигдсан байна лээ. Улаанбаатар хотын бүх хүн үзсэн байх аа. Хүмүүс бүр миний цаг агаарыг хүлээж байна гэж ч бичдэг.-Эфирийн ажлын зэрэгцээ дэлхийн миссийн тэмцээндээ бэлдэж байгаа гэж сонссон. Бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
-“Монголын тэргүүн мисс-2022” тэмцээнд тэргүүлсэн. Би олон жил загвараар явсны дараа л улсынхаа тэргүүн мисс болсон учраас баяртай байна. Удахгүй Япон улсын Токио хотод “Miss International” тэмцээнд явахаар бэлдэж байгаа. Энэ тэмцээн нь дэлхийд гуравт эрэмбэлэгддэг том тэмцээн тул нэр төрийн хэрэг болж байна.
Ямар ч миссийн тэмцээнд сошиал хандалт маш чухал. Миний хандалт сайн байгаа гэж хараад байна. Олон хүмүүс таньдаг болсон. Тэмцээнээ бэлдээд завгүй байгаа. Өглөө 05.00 цагаас босоод л хувцас загвар, өнгө, материал гээд бүх зүйлдээ оролцохоос гадна бэлтгэл хийнэ. Өглөө гүйнэ гээд их завгүй, цаг нааргүй бэлдэж байгаа.
-“Монголын тэргүүн мисс-2022” тэмцээний “Оюунлаг мисс”-ийн номинацид ч мөн түрүүлсэн юм билээ. Яг ямар үзүүлэлтээр тэргүүлсэн бэ?
-Холбооноос өгсөн илтгэлийн сэдэв нь “Оюунлаг ирээдүй Монголын бахархал” гэх сэдэв байсан. Уг илтгэлээ англи хэл дээр тавьсан л даа. Англи хэл бол миний унаган хэл гэж хэлж болно. Хоёр настайгаасаа л англиар ярьж, хэлд орсон. Илтгэлийн маань агуулга бусад охидоос онцлогтой байсан учраас түрүүлсэн гэж бодож байна. Утга агуулга нь оюунлаг залуус л дэлхийд гарч Монголыг төлөөлнө гэх агуулгыг маш сайн шингээсэн. Илтгэлээ гурван шөнө нойргүй хонон өнжин бичиж бэлдсэн.
-Загвар өмсөгчийн ажил хэцүүгийн зэрэгцээ хэл ам ихтэй шүү дээ. Ер нь тэр мэт зүйлсээс шалтгаалан шантарч байв уу?
-Мисс болох, загвар өмсөх гэдэг охин болгоны мөрөөдөл мөн. Намайг ээж маань 2010 онд загварын алхааны сургалтад хамруулсан. Мисс бол оргил шүү дээ. Хэсэг хугацаанд загвараас хөндийрч байгаад 2022 онд манай эгч тэмцээнд ороод үзээч гэж санал тавьсан. Бүртгүүлэхдээ л өөрийгөө түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ загвараар явахад янз бүрийн хэл аманд ордог нь үнэн. Тэр зүйлийг тэсээд гарах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Сайн, муугаар их хэлүүлнэ.
Хүний мөрөөдөл, хүсэл хязгааргүй байдаг. Намайг үзэж байгаа охид мөрөөдөл хүсэл зорилгоо тодорхой болгож, чин сэтгэлээсээ хичээгээрэй. Санаанд чинь багтсан тохиолдолд биелэхгүй байна гэж байхгүй. Тиймээс зүгээр л зүтгээрэй. Миний мөрөөдөл хязгааргүй. Ямартай ч удаах тэмцээндээ амжилттай ороод дараа дараагийн тэмцээнүүд төлөвлөж байгаа. Миссийн тэмцээнд 28 хүртэл нас заадаг учраас энэ насанд хүртлээ хэдэн жил тэмцээнд орох зорилготой байгаа. Яг ийм зорилго байдаг учраас хэдий хэл амтай ч шантардаггүй байх аа.-Нууц биш бол та найз залуутай эсэх талаараа хариулж болох уу. Цахим орчинд хүмүүсийн хамгийн их асуусан асуултын нэг байсан юм л даа?-Нуух зүйл байхгүй ээ. Найз залуутай, бид зургаан жил үерхэж байгаа. Найз залуу маань надад маш сайнаар нөлөөлж, хүнд хэцүү цагт зоригжуулж урам өгдөг. Миний найз залуу буурь суурьтай, эелдэг зан чанартай учраас биедээ татагдсан. Хүнд эелдэг, зөөлөн хандлага байх нь чухал гэж боддог. Хүнтэй нийцтэй, олонтойгоо байдаг хүмүүс маш эерэг мэдрэмж төрүүлдэг. Дотоод хүн нь зөв бол гадаад төрхөндөө ч тэр байдал нь ил харагддаг. Дотроосоо сайхан зүйл боддог байгаарай.
-Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!