Uncategorized

Залуус аав ээжийнхээ тэтгэврийн зээлийг нь аваад гудамжинд хаяж, тэд ахмадын асрамжийн газар очдог

Та хөгширвөл яах вэ, үр хүүхэд ач зээ тань асарч тойглох болов уу, нас дээр гарсан ч бүх л амьдралынхаа туршид хайрлаж, бөөцийлж өсгөсөн хүүхдүүд чинь тэтгэврийн зээлийг тань аваад гудамжинд гаргаад хаяна гэж бодож үзсэн үү.

Ингэж асуусны учир юу вэ гэвэл:

“Би зээ хүүгээ өөрөө гардаж өсгөсөн юм. Хүү ч том болж эхнэр авсан. Гэтэл нэг л өдөр намайг зээ хүү минь зодож хоёр гарыг минь хугалаад гудамжинд хаясан. Харин ч энд ирээд тэнхрээд тун аятайхан байна. Бусад үр хүүхдүүд маань “маанийхан” болсон. Намайг хөөж гаргахдаа тэтгэврийн зээлийг минь аваад хаясан юм билээ. Наашаа гэх хүнгүй үхлүүт шахуу ирээд л одоо тэнхэрч байна даа” хэмээн ярих энэ хүнийг Н.Жавжинмаа гэдэг.

Тэр 75 настай. Түүний өвчний түүх, оношийг энд дурдах боломжгүй. Харин түүний наслах хугацаа тийм ч их үлдээгүй ажээ. Н.Жавжинмаа гуай зураглаач бид хоёрыг дуудан гал нь буусан нүдээр харж, харж “эмээ нь хоёр хүүдээ нэг дуулж өгөх гэсэн юм зурагтаар гаргасан ч болно” гэсээр,

Аргалд явсан эжий минь та
Арай дэндүү удлаа шүү дээ
Аагтай цайг тань санан санасаар
Ангаж явна даа муу охин чинь /уг нь хүү чинь/
Ээжийн минь, ээж минь
Эргэж ирэх болоогүй юу”
 хэмээсээр хамаг тамир тэнхээгээ шавхаж дуусах шиг болоод чимээгүй болов. Үнэхээр л ээж нь аргалд явсан тэр л төрхөөрөө үзэгдэх шиг болоод хэсэг чимээгүй болсон биз ээ.

Энд эрээвэр хураавар, амьдралын сонин янзын түүхтэй 25 ахмад аж төрж байна. Энэ асрамжийн газар гэдэг нь Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хороо хуучин Баянзүрхийн товчооны ойролцоо байх “Жаргалан эдлэн” асрамжийн газар билээ. Тэд уг газарт нүүж ирээд дөрвөн сарын нүүрийг үзэж байна. Өмнө нь хотоос 60 гаруй км зайтай байгальд ойрхон монгол гэрт амьдардаг байсан хэдий ч эмнэлгийн тусламж түргэн шуурхай хүрч ирдэггүйн улмаас нэг нь энджээ.

“Жаргалан эдлэн” асрамжийн газрыг малчин С.Цэгмид, С.Тогтохбаяр нар 2019 онд үүсгэн байгуулж очих газаргүй өндөр настнууд, оюуны хомстолтой хүмүүсийг хүлээн авдаг болжээ. Үүсгэн байгуулагч С.Цэгмидийн ярьж буйгаар эдний ам бүл хөдөөгөөс нүүж ирснээс хойш хэрэглээний зардал нь эрс нэмэгдсэн тухай ярьж байв.

Тодруулбал, сард 4-5 сая төгрөг түлш, тог цахилгаандаа өлхөн зарцуулчихдаг юм байна. Мөн долоо хоногт хоёр хонь хагалан идэж, 50 кг-ын гурил дуусгачихдаг ажээ. Харин улсаас тусламж дэмжлэг авдаггүй. Хоёр малчин өөрсдийн боломж бололцоонд тааруулж эм тариаг нь нэг нэгээр нь зөөдөг талаар ярьж байлаа.

Бэгзийн Явуухулангийн төрсөн дүү Бэгзийн Даваажав гуай: “Ах минь хааччихсан юм мэдэхгүй. Дээшээ л явсан”

Түүний оюун санаа сар гаруйнхны өмнө арай л саруулхан байжээ. Тийм байхдаа,

Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах сан

Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрах юм сан…
 хэмээн ахынхаа шүлгийг чангаас чанга уншчихдаг байж.

Гэтэл одоо төдийлөн ярьж чадахгүй “Миний ахыг Бэгзийн Явуухулан гэдэг. Одоо хаана яваа юм мэдэхгүй. Дээшээ л явсан байх” хэмээн ярьж байсан юм. Түүний хувьд нэг хүүхэдтэй бөгөөд мөн л асрамжийн газар байдаг. Өнгөрсөн зун авчирч уулзуулж хамт байлгасан байна.

Хүн хөгшрөхөөр чихэрт л их дуртай болох юм

Төв аймгийн Дэлгэрхаанаас ирж Улаанбаатарын гутлын үйлдвэрт насаараа ажилласан Л.Цэвээнсүрэн гуайн хувьд одоо 90 насны босгыг алхаж явна. Тэрбээр нас ахихын хэрээр л чихэрт дуртай болоод байгаа гэнэ.

Бидэнд өөрийн амьдралын талаар, болж өнгөрсөн өдрүүдийн атлаар хууч хөөрөхдөө “Би чинь Тогоо мастертай хамт ажиллаж явсан хүн. Ямар ч гутлыг оёж чадна. Уг нь эмээ нь ганц хүүтэй байсан юм. Зүрхээр явчихсан даа хөөрхий. Одоо хоёр нүд харахгүй. Хүн нас ахих тусам л чихэр идэх их дуртай болдог юм байна. Асрамжийн газрын даргадаа мөнгөө өгөөд захичихдаг юм. Надад ч тэгээд чихэр тэсдэггүй юм. Байгааг нь орсон гарсанд базаад л өгчихдөг.

Тэр жил би муу хүүтэйгээ нэг гэртэй болоод. Яах вэ улсаас бэлэглэсэн юм. Тэр гэрийг авч байх үедээ мөн ч их уйлж билээ. Тэгтэл эмээтэйгээ амьдардаг нэг өнчин хүү бас нэг өөр гэрийг нь авч таараад надад хандаж “За эмээ минь хоёулаа уйлахгүй шүү гэж билээ” /уйлав/.

Түүнийг харахад нээрээ л гутлын үйлдвэрт ажиллаж байсан гэдэг нь илт. Хүрэн өнгөтэй арьсан буриад гутлыг цэмбийтэл жийчхээд сууж байгаа нь энэ. “Эмээ нь хараагүй болсноосоо хойш жаахан заваан суух болсон шүү” гэж ярих хэдий ч түүний эргэн тойрон яггүй цэмцгэр байв.

Хүүгээсээ өөрцгүй гэж бодов бололтой бидний дуу хоолойг сонсоод хачин их баяртай болчихсон бидэнд атга дүүрэн ёотон өгч байна.

Ахмадуудын тэтгэврийн 70 хувийг хадгаламжид нь хийж үлдсэн 30 хувиар нь эм тариа хоол хүнсийг нь хангадаг

“Жаргалан эдлэн” асрамжийн газрын хувьд нэг тогооч, хоёр сувилж асрах хүн, нэг эмчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний цалин мөнгө, тог ус, түлшний зардал л зөвхөн 4-5 сая төгрөг гардаг бол хоол хүнс нь нэмэгдэхээрээ бүр талийж өгдөг аж. “Жаргалан эдлэн” асрамжийн газарт ямар асуудал байгаа талаар С.Цэгмидтэй ярилцав. Эдгээр иргэд нь анх ирэхдээ өвчиндөө шаналж зовсон, алхаж чаддаггүй хэвтэрт удаан байсан бол одоо бүгд хөл дээрээ босож, бие нь сайжирч амьдрах итгэл, урам зоригтой болсон гэдгийг С.Цэгмид болон ахмадууд хэлж байна.

Тэрбээр 2019 онд ээжийгээ хөдөөлүүлчхээд сууж байхдаа нэг ч гэсэн хүнд тус, буян хүргэчих юм сан гэсэндээ энэхүү ажлыг санаачилж эхлүүлсэн байна. Зарим хүмүүс түүнийг хараад “хөгшдийн баас, шээстэй холилдож явахдаа таарсан амьтан” гэж хэлэх боловч тэр огтоосоо тэгж боддоггүй.

Харин ч буян гэж ойлгодог талаараа бидэнд ярьж байв. Мөн асрамжийн газрын буурайнууд ч гэсэн “Би даргадаа буянаа өгнө өө, өгнө шүү. Гэр бүл үр хүүхдэд нь ч гэсэн өгөөж буянаа хайрлана” хэмээж байв.

“Жаргалан эдлэн” асрамжийн газар нь анх дан ганц энэ гэр бүлийн санхүүжилтээр санхүүждэг байсан бол сайхан сэтгэлтэй иргэд болон БЗД-ээс нь боломжоороо туслалцаа үзүүлж эхэлсэн гэж байна. Гэсэн хэдий ч энэ төвд яаралтай шийдвэрлэх шаардлагатай багагүй асуудлууд байна.

Мөн эдгээр иргэдэд бусдын сэтгэлийн дэм, хайр халамж багаддаггүй бөгөөд сайхан сэтгэлтэй иргэд болон аж ахуй нэгжүүд “Жаргалан эдлэн” ТББ-д хандахад үргэлж талархалтай хүлээн авна гэдгээ биднээс дамжуулан илэрхийлсэн юм”. Дан ганц хандив тусламж өгөхөөс илүүтэйгээр үр хүүхэд ач зээгээ хүлээсэн эдгээр ахмадуудтай нэг өдрийг найз нөхөд, албан байгууллагуудаараа ирж өнгөрөөвөл бага ч гэсэн сэтгэл нь дэвтдэг юм байна.

Хэдийгээр хүний сэтгэлийг хуурч болдоггүй ч нэг удаа дэмнэж бол болох биз ээ. Нэмж хэлэхэд энэ асрамжийн газар одоог хүртэл улсаас ямар нэгэн дэмжлэг тусламж авдаггүй. Өөрийн хөрөнгө болон бусдын дэм тусаар амь зогоож байгаа юм байна.

Сонирхуулахад С.Цэгмид гуайн хамгийн их эмзэглэж явдаг зүйл нь залуучууд хөгшин аав, ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад гаргаж хаях явдал гэнэ. Нэг өдөр асрамжийн газрынх нь нэг ахмадын охин нь гэх хүн ирээд аавыгаа авъя гэсэн аж. Тэр гэнэдээд үр хүүхэд нь ирлээ хэмээн өгөөд явуулчхаж. Гэтэл охин гэж ярьсан хүн нь тэтгэврийн зээлийг нь аваад, мөн сар бүхэн хуримтлуулдаг 70 хувийн мөнгийг нь аваад мөн л гудамжинд гаргаад хаячихсан байж. Тиймээс хуулийн зөвлөх авч ажиллуулах талаар бодож эхэлсэн байна.

“Мөн үүний цаана дан залууст буруу өгөөд байж болохгүй. Яагаад гэвэл зарим ахмадуудын хувьд залуудаа үр хүүхдээ тоогоогүй, гомдоож байсан учраас ч юм уу аав ээжээ үзэн ядаад тойглох дургүй болчихдог” гэдгийг онцолж байлаа.

С.Цэгмидийн дэлгэрэнгүй ярилцлагыг аудио хэлбэрээр хүлээн авч сонсоорой.

Ахмад настай Б.Алтан-Очир хоёр хүүхэдтэй, эхнэртэй, ээж дүү нар нь бүгд байгаа. Гэхдээ тархины судас тасарсан, тархи нөхүүлж зарим хэсгээрээ гар нь ажиллахаа байж хөдөлмөрийн чадвараа алдсан учраас эхнэр нь түүнийг хаян оджээ. Өөр хүнтэй суусныг нь сонсоод сэтгэлдээ их л эмзэглэж явдаг гэнэ. Мөн түүнээс гадна эхнэрийгээ ганц удаа ч болтугай эргээд ирэх болов уу гэсэн горьдлого нь хэзээ ч тасардаггүй аж.

Тэмдэглэл: Уг нь анх ахмадын асрамжийн газрыг зорихдоо нөгөө л нэг кино, ном зохиол дээрээс олж үзсэн шигээ насан өндөр болсон аав, ээжээ ганцаардуулахгүйн тулд үеийнх нь хүмүүстэй хамт байлгаж байнга эргэж тойрдог тийм л байдаг болов уу гэсэн бодолтойгоор очсон юм. Гэтэл нөхцөл байдал 360 градус ондоо байсныг нуух юун. Ямартай ч сэтгэл гэдэг эрхтэн хэзээ ч үхдэггүй юм болохоороо тэр ахмадуудаас нэг л хүлээсэн, хүлцсэн, гуниглангуй байдлыг их хүчтэй мэдэрч байсан юм.

Мэдээлэлтэй холбогдуулан Шведийн ахмадын асрамжийн газар ямар байдаг талаар хуваалцъя

Олон улсын судалгааны байгууллагаас ахмад настны эрүүл мэнд, санхүүгийн хараат байдал, чадамж /ажил эрхэлж буй байдал/, нийгмийн оролцоо гэсэн дөрвөн үзүүлэлтээр өндөр настанд хамгийн ээлтэй орнуудыг шалгаруулахад Швед улс сүүлийн жилүүдэд эхний гуравт жагсаж байна. Шведийн вант улсын нийт хүн амын /10.04 сая/ 20 хувийг 65 болон түүнээс дээш насныхан бүрдүүлнэ.

Шведийн ахмадын асрамжийн үйлчилгээг гэрээр нь асрах үйлчилгээ, ахмадын өдөр өнжүүлэх, senior housing буюу 55-75 насны ахмадын нийтийн байр, 80-аас дээш настны асрамжийн газар, тусгай хэрэгцээт хүмүүсийн асрамж зэргээр ялгаж болно.

Бид хүүхдээ өндөр өнжүүлэхэд явуулдаг бол Шведэд өндөр настнуудын өдөр өнжүүлэх үйлчилгээ гэж бий. Асрамжийн газруудын хоол хангамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг, ахмадын дасан зохицох сургалт, нийтийн тээврийн үйлчилгээ зэрэг  бүхий л үйл ажиллагааг  хуульчилж өгсөн.

55-75 настнуудын асрамжийн газар /senior housing/

55-75 насны ахмадуудад зориулсан хувийн болон улсын хэвшлийн асрамжийн газар олон бий. Эмч долоо хоног болгон ирж үзлэг хийнэ, мөн 24/7 цагийн асрагч, сувилагчид үйлчилнэ. Асрамжийн газрын байр нь хурлын танхим, саун, фитнес, тоглоомын өрөө, номын сан, мужааны өрөө, усан бассейн болон гадаах цэцэрлэгтэй. Асрамжийн газарт сэтгэл зүйч, арга зүйч, мэдрэлийн эмч, нийгмийн ажилтан, асрагч, сувилагч авч ажиллуулна.

Орчин нөхцөл нь дээрхтэй төстэй болов ч 70-аас дээш настай ахмадууд амьдардаг асрамжийн газар гэж тусдаа бий. Энэ барилгын өрөө бүрт яаралтай тусламжийн болон хүргэлтийн үйлчилгээний хонхтой.

Тусгай асрамжийн газар

Тусгай асрамжийн газарт сэтгэцийн өөрчлөлттэй, алзхеймрийн өвчтэй, хорт хавдартай зэрэг хүнд өвчтэй ахмадуудыг хүлээн авч асарна. Тиймээс эмчилгээ, асаргаа сувилгаа, хоол хангамжийн үйлчилгээнд онцгойлон анхаарна. Шведийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны судалгаагаар 2011 онд ахмадын 2,710 асрамжийн газар бий аж. Үүний 80 хувь нь буюу 2,324 нь улсын харьяалалтай. Улсын болон хувийн асрамжийн газрын үйлчилгээний чанарт төдийлөн ялгаа байдаггүй аж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!