Uncategorized

О.Цогтгэрэл: Эрх баригчдын тооцооллоор хүн амын 91 хувийг ядуурсан хэмээн үзэж байна

Ардчилсан Нам (АН)-ын ээлжит бүлгийн хуралдаан болж хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлгээс долоо хоног бүрийн Даваа гарагийн хуралдаанаар МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ярих ажилд төвлөрч ажиллана. Мөн манай нам “Амлалт ажлын зөрүү” хэмээх хөтөлбөрт ажил зохион байгуулж байгаа. Зорилго нь эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сануулах юм. Учир нь МАН-ын амлалт ажлын зөрүү их байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн бүх заалтын цаана биелж байгаа ганц ч зүйл алга.
МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө таван зүйл заалттай, 700 орчим нэр бүхий зүйлийг ард иргэдэд амласан.МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.1.2-т “Иргэдийн орлогыг нэмэгдүүлж ядуурлыг хоёр дахин бууруулна” гэсэн байдаг. Тухайн үед ядуурлыг 27.8 хувь хэмээн тооцож байсан. Харин өнөөгийн байдлаар Монгол Улсын ядуурал 42 хувьтай болсон гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн. Засгийн газар хүүхдийн мөнгийг халамж хэмээн үзэж хүн амынхаа 91 хувьд өгнө гэсэн. Гэвч халамж тэтгэмжийг орлого багатай иргэддээ өгдөг. Эрх баригчдын тооцооллоор хүн амын 91 хувийг ядуурсан хэмээн үзэж байна.МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.1.2-т тусгасан “Ядуурлыг хоёр дахин бууруулна” гэсэн заалт хэдэн хувьтай биеллээ олж байна вэ” хэмээн ярилаа.АН-ын гишүүн Н.Ганибал “Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шаардаж, хуралдсан. 2020 онд иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байсан бол 2022 онд 30 сая төгрөгийн өртэй болсон. 2023 оны улсын төсвийн хэлэлцүүлэгт өрийг багасгах талаар нэг ч бодлогын заалтыг тусгаагүй байна. Харин 2023 оны улсын төсөвт өрийг улам нэмэгдүүлэх бодлогыг тусгасан. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө жилд 150,000 тонн махыг экспортод гаргаж, малчдын орлогыг нэмэгдүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн боловч энэ жилийн хувьд 1,000 тонн мах экспортлоод байна. Хөдөө орон нутагт малчдын амьдрал улам хүндрэх нөхцөл байдал руу шилжсэн.Мөн Дархан арьс ширний цогцолборыг хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулна гэсэн боловч одоо болохоор Эмээлтэд шинээр арьс ширний цогцолбор байгуулах талаар ярьж байна. Үнийг тогтворжуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан боловч гурилын үнэ 50-70 хувиар нэмэгдсэн. Хоёр жил хагас гэдэг хангалттай цаг хугацаа. Энэ асуудлуудыг зохицуулах арга Засгийн газарт хангалттай байгаа. Гэвч ярьж, сэтгэж, бодож байгаа болгон нь буруу байна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!