Uncategorized

Н.Дашзэвэг: Монголбанк маш буруу бодлого баримталдаг!!! Зээлийн хүү 3-4, 6-7 хувь руу орвол манай эдийн засаг маш хурдтай сэргэх боломжтой.

Н.Дашзэвэг: Засгийн газрын төсвөө тэлсэн хариуцлагыг Монголбанк л үүрнэ

-Монголбанк ирэх онд инфляцыг онилох бодлоготой байгаагаа олон нийтэд танилцуулсан. Хэр оновчтой бодлого гэж харж байна вэ?

-Монголбанк маш буруу бодлого баримталдаг. Инфляцаа 6-8 хувь гэж зарладаг. Хэрэгжүүлэх механизм нь бодлогын хүү. Гэтэл бодлогын хүү нь Монголд ажиллахгүй байна. Өөрөөр хэлбэл инфляцыг онилох бодлогыг дэлхийн зах зээл нь хөгжсөн 47 орон явуулж байна. Манайх шиг зах зээл хөгжөөгүй, ядуу буурай оронд инфляцыг онилох бодлого явуулах ёсгүй юм. Учир нь өрсөлдөөн байдаггүй. Хамгийн энгийн жишээ нь хадгаламжийн хүү 10 хувь байна. Монголбанк яаж ч оролдоод хүүг 10-аас доош оруулж чадахгүй. Арилжааны банкууд хэзээ ч хадгаламжийн хүүг 10-аас доош оруулахгүй. Тиймээс Монголбанк бодлогын хүүгээ бууруулаад ч зээлийн хүүг доошоо оруулж чадахгүй гэсэн үг.

Монголын эдийн засгийг сайжруулъя гэвэл, Монголбанкны бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Зах зээлийн бус аргуудаар зохицуулалтыг хийх хэрэгтэй. Инфляцыг Монголбанк 10 жил зургаан хувь гэж ярилаа. Хэрэгжихгүй учраас энэ үгэнд нь хэн ч итгэхгүй. Бусад улс оронд зургаан хувь гэж хэлчхээд хоёр жил тэр хувьдаа хүргэж чадаагүй бол Төв банкны удирдлагууд нь огцордог тогтолцоотой. Би чадахгүй юм байна гээд дараагийн багтаа зайгаа тавьж өгдөг.

-Өөр бодлогын ямар алдаа байна вэ?

-Манай улсын их хурал мөнгөний бодлого хэрэгжүүлэх ямар ч оюуны чадавхгүй. Их хуралд Монголбанк ороод дуртай үгээ хэлээд гарч байна. Өнөөдөр Монголбанкны ярих хамгийн чухал асуудал нь зээлийн хүү. Монголбанк 2023 онд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах тухай хөтөлбөрийг 2018 хэрэгжүүлсэн. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч, удирдлагууд зээлийн хүүг бууруулах хөтөлбөрийн талаар нэг ч үг дуугарахгүй байна. Ард түмэнд зээлийн хүү маш чухал. Зээлийн хүү 3-4, 6-7 хувь руу орвол манай эдийн засаг маш хурдтай сэргэх боломжтой.

Төр мөнгөний бодлогоо яаралтай өөрчлөх хэрэгтэй. Монголын өрсөлдөөнгүй нөхцөл байдлыг өөрчлөх нь чухал байна. Хэдэн жилийн өмнө банкныхан хэлэхдээ “Бид хадгаламжийн хүүгээ бууруулахаа зарлавал дампуурна” гэж байсан. Монголын банкууд иргэдийн хадгаламж дээр суурилдаг учраас зээлийн хүүг бууруулах талаар өрсөлдөхгүй. Бүх дэлхий дээр банкууд зээлийн хүүг бууруулж өрсөлддөг. Гэтэл манайх бүгд адилхан 14 болон 21 хувийн хүүтэй зээл олгодог.

Хадгаламж дээр суурилдаг манай улсын банкууд бол банк биш. Мөнгө хүүлэх, зуучлах байгууллага. Монголын эдийн засаг мөнгө хүүлэлт рүү орсон байна. 700 гаруй банк бус санхүүгийн байгууллага, ломбардууд бий. 14 банкууд байна. Ерөөсөө л банк, банк бусууд нь хөгжөөд олшроод, салбарлаад байдаг. Үйлдвэр аж ахуйн газар, ЖДҮ, бичил зээлүүд нь хумигдаад, хөгжихгүй байна. Ард түмэн ядууралд орсон. Үндэсний үйлдвэр байхгүй болсон. Баахан худалдаа арилжааны цэгүүд хөгжсөнд Монголбанк буруутай

-Та яриандаа банкууд яагаад ч зээлийн хүүгээ 10-аас доош хувьд оруулахгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах хөтөлбөр хэрэгжихэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зохистой вэ?

-Монголын эдийн засаг мөнгөний хомсдолд орчихсон байхад гадаадын банкыг оруулахаас өөр зам байхгүй. Өнөөдөр 22 тэрбум төгрөгийн зээл гаргаж байгаа гэнэ. Тэгвэл 10 орчим их наяд төгрөгийн зээлтэй гаднын банк ороод ирэг. Хятадын банк ороод ирэг л дээ. Одоогийн 21 хувь, 14 хувийн хүүтэй биш 10, 7 хувийн хүүгээр зээл олговол Монголчууд бидэнд л ашигтай.

Монголбанк төгрөгийн ханшийг хэрхэн барих талаар ярихгүй байна. Монголын инфляцын 40-50 хувь нь импортоос хамаарч байна гэж мэдээлсэн. Гэтэл импорт дотор ханш явж байгаа шүү дээ. Монголбанк ханшийн бодлого, цаашлаад нөөцийн бодлогоо ч явуулж чадахгүй байна. Долларын данснаас нь хүртэл хязгаарлалтад оруулж, иргэдийг хясан боогдуулж, сандаргаж байна.

Их хурал Монголбанкны бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Гэтэл их хурал дээр хэлдэг хүн алга. Тиймээс эрдэмтдийн үгийг сонсоод монголын нөхцөлд тохирсон бодлого явуулна уу гэхээс инфляцыг онилж байна. Бидэнд зургаа биш дөрвөн хувь руу ч оруулах боломж бий. Тиймээс бодлогыг өөрчлөх хэрэгтэй.

-Төсвийн бодлого мөнгөний бодлоготой уялдахгүй байх тал бий. Төв банк мөнгөний хатуу бодлого баримталж бодлогын хүүгээ өсгөж байхад нөгөө талд төсөв тэлж, халамжийг хавтгайруулдаг. Энэ нь Төв банк бодлогоо хэрэгжүүлэхэд хэрхэн нөлөөлөх вэ?

-Инфляцын ханшид Засгийн газар төсвөөр нөлөөлж байна. Инфляц, ханшийн эсрэг бодлогод Монголбанк, Засгийн газар хоёр хамтарч ажиллах ёстой атал тус тусдаа ажиллаж байна. Монголбанк Засгийн газрын зардлын эсрэг бодлогодоо нийцүүлэн тэмцэх ёстой. Төсвийн маш их үргүй зардлын хариуцлагыг Монголбанк Засгийн газраас шаардах хэрэгтэй. Эцсийн хариуцлага Монголбанкинд л бууна. Төсвөөр маш их мөнгө нийлүүлээд байвал Монголбанк эрэлтээ дахин бууруулна. Тэгж байж тэнцвэржүүлнэ.

-Ирэх оны төсвийн төслийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ төсөв хөгжлийн төсөв байж чадахгүй. Ирэх оны төсөв хамгийн гол зүйлээ ярихгүй байна. Энэ төсөв хэрэгжсэнээр ард түмний амьдрал яаж сайжрах талаар ярьсангүй. Ядуурал яаж буурах юм. Төсөв үүнд чиглэх ёстой.

Хэд хоногийн өмнө Үндэсний статистикийн хорооны дарга Г.Батдаваа “Ядуурал ирэх онд 42 хувь болох төлөвтэй байна” гэсэн. Одоогоор ядуурлын түвшин 28 хувь. Төсөв ард түмний амьдралыг дээшлүүлэхэд зориулагдсан байх ёстой. Тэрнээс биш шавар зуурах, хөшөө барихад чиглэх ёсгүй. Ард түмний амьдрал, ядууралтай л тэмцэх ёстой.

-Ирэх оны төсвөөр орлого, зарлагын зарцуулалт алдагдлын тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх оны төсөвт хэмнэлтийн хууль тусгаж чадаагүй. 1.5 их наяд гэдэг бол өндөр алдагдал. Бид ямар их гадаад өрийн дарамтад орсон байгаа билээ. Сүүлийн дөрвөн жилд төсвийн алдагдал жил тутамд хоёр, гурван их наядаар нэмэгдсээр байгаад маш их болсон.

Энэ оны төсвийг алдагдалгүй батлах ёстой. Алдагдалтай батална гэдэг гадаадаас зээл авна гэсэн үг. Зээлийн хүү улсын төсөвт маш их дарамт болдог. Монголбанк Хятадаас авсан зээлээ төлж чадахгүй сунгуулаад л явж байна. Засгийн газар ч олон улсаас босгосон бондоо төлж чадахгүй дараагийн бондоо босгож, өрийг өрөөр дараад л явж байна. Энэ нь монголын ард түмэнд маш хохиролтой.

-Сангийн яамны зүгээс хасаж танах нэг ч зүйл байхгүй гэсэн. Таны хувьд танах боломжтой гэж харсан зүйлс юу байв?

-Олон соёлын төв, ордон зэргийг барих хэрэггүй. Сонгуульд зориулсан сонгогчдоос санал авах гэсэн арга. Түүнээс биш тийм хэрэгтэй зүйл биш. Соёлын ордон, хөшөө дурсгалыг төсвөөс 100 хувь хасах хэрэгтэй. Барилгын салбарыг хэт их дэмжээд байвал инфляц нэмэгдэх, төгрөгийн ханш унах эрсдэлтэйгээс гадна валютын эрэлтийг нэмэгдүүлдэг.

-2023 оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Эдийн засаг хүндэрнэ. БНХАУ тэг ковид бодлогоо явуулахаар манайд импортоор бараа оруулж ирэх нь маш хүндрэлтэй боллоо. Европ, Америкийн эдийн засаг хэцүүдэж байна. Шинэ нөхцөл байдал ч үүсэж болзошгүй. ОХУ-Украины дайн дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлж байна. Бензин, шатахууны үнэ огцом өсөх төлөвтэй байгаагаас гадна Оросууд Хятад руу маш их нүүрс гаргаж байгаа юм. Монголын нүүрсийг Хятадууд авахгүй байх эрсдэлтэй. Тэр ч байтугай баруун аймгуудаар Тувагийн нүүрсийг зөөж өгөх төмөр зам тавина гэж манай Засгийн газар буруу бодлого явуулж байна. Тувагийн нүүрс баруун аймгуудаар дамжаад урагш орох юм бол Монголоос Хятадууд нүүрс авахгүй байх маш өндөр эрсдэл бий. Энэ утгаараа ирэх оны эдийн засаг маш эрсдэлтэй. Тиймээс Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яам зөв бодлого явуулж байна гэж хэлэхэд их хэцүү.

-Төсөв энэ хэвээрээ батлагдвал бидэнд дефолтын эрсдэл бий юү. Ямар эрсдэлүүдтэй тулж болох вэ?

-Дефолтын эрсдэлгүй. Өндөр хүүтэй зээл аваад ойрын хэдэн жилдээ явна. Дахиад л 15 хувийн хүүтэй бонд гаргана. Тэгээд л энэ Засгийн газар амиа аргалаад явна. Тэгж аргалсаар эцэстээ дефолтод орох эрсдэлтэй. Ирэх дөрвөн жилд ийм эрсдэл байхгүй. Учир нь зээлийг зээлээр дараад өндөр хүүтэй бонд гаргаад байхаар бид яваад л байна. Гэхдээ ирээдүйн дефолтын замыг засаад байгаа хэрэг.

-Ярилцсанд баярлалаа.http://itoim.mn/article/idFr0/35383

Related Articles

Back to top button
error: Content is protected !!