Uncategorized

Ч.Лодойсамбуу:Төр бол сүлд шүтээн, бурхан тахил биш чамд үйлчлэх гэж чамайг төлөөлж ажил хийх гэж цугласан хүмүүсийн бүтэц

Миний хэзээ ч хүлээж авч байгаагүй, бусдыг ч бас битгий тоогоосой гэж боддог 7 үг. Биеэ тоочихож. Өөрийгөө хэн гэж бодоо вэ. Өндрөөс их л хүчтэй унана даа! /Аль 10 жилд байхаасаа л сонссон, сонсдог үг. Үзэж өссөн хүүхэлдэйнээсээ авахуулаад хүний өвдөхийг л харж баясдаг хүмүүс л дээ. Ийм үг чамайг ухааруулж бодуулахаас илүү өөртөө итгэх итгэлийг чинь л мохооно. Өөрийгөө л тоо. Өөртөө итгэ. Өөртөө итгэх итгэл бол чиний хамгийн том баялаг. Эр хүн шиг бай! Ихэвчлэн “Дуугүй бай!” гэхдээ л энэ үгийг ашигладаг. Эр хүн байх гэдгийг юу ч болсон дуугүй л байдаг, гүрийдэг, дотогшоо уйлдаг гэх мэтхэнээр зааж сургаж, утга уянгадаа хүртэл тэгэж номлосоор эр хүйстнүүдийг хүний энгийн харлцаануудаас хөндийрүүлж олон хүчирхийлэгч “хүмүүжүүлсэн” байдаг. Хүн дуугүй байж чадах ч сэтгэл хөдлөлгүй болох боломжгүй. Сэтгэл хөдлөл гадагшилж байж л намждаг жамтай. Хадгалах тусам тэсрэлтийн хүрээ томорно. Эр хүн байна гэдэг эрэгтэй хүн байхыг л хэлнэ. Өөр юу ч биш.Ах захтай бай! Хүн ахтай. Дээл захтай. Үнэн. Гэхдээ энэ үг бол мэдлэгийг хаанаас ч хэдийд ч олж авч болдог мэдлэгийн энэ эриний өмнөх үе буюу арай олон оймс элээж амьдрал үзсэн нь бусаддаа ярьж хэлж өгдөг, түүнийг нь дагадаг байх үеэс үүсэлтэй. Үнэхээр өөрөөс нь илүүг үзсэн хүний ухааруулах үгийг дуулж түүнийг хүндэлдэг, дээш залдаг байв. Одоо бол хүн амьдралаас, судалж олж мэдсэнээ бичиж үлдээдэг, түүнийг нь бусад нь тайлж уншиж чаддаг болсон тул мэдлэгийг заавал хэн нэгний хөгширөөд ярьж өгөхийг хүлээлгүй олж авах боломжтой болсон цаг үе. Хүүхдээсээ ч дүү юм шиг аав ээж нар олон л харж байсан биз. Ах захтай байх нь шалтгаантай. Тиймээс ах зах нэрийн доор шалтгаангүйгээр дээ.рэлхүүлэх хэрэггүй. Хүндлэхээ хүрвэл насаар дүү байсан ч цаанаасаа л хүндлэл төрөөд байдаг шүү дээ.Одоо болно. Хүмүүс чамайг юу гэж бодох юм! Хулчгаруудын зөвлөгөө. Дагах хэрэггүй. Чи тэр хүмүүсийн өмч биш. Тэдний бодолд тааруулж биш хүсэл мөрөөдлөө л дагаж амьдар. Тэр ч бүү хэл чи аав ээжийнхээ ч өмч биш. Чи энэ ертөнцөд төрье гэж тэднээс гуйгаагүй. Тийм болохоор өөрөөрөө, хүссэнээрээ л бай. Энэ чиний л амьдрал. Чамаас бусад нь дургүй байсан ч чи өөрөө л үнэхээр хүсч байвал чиний зөв. Алд, уна, цөхөр, гуниж гутар, дааж чадахаараа зов. Төдий чинээгээрээ чи гоёыг мэдэрнэ. Муухайг тултал мэдэрч үзээгүй хүн сайхны өмнө харалган байдаг. Тэд хэзээ ч чиний мэдэрч байгаа баяр баяслыг мэдэрч чадахгүй. Юм үзээгүй хүн л үзээгүй юмнаасаа айхдаа урсгал дагаж хөвдөг. Түүнийгээ ухаан, тэвчээр гэж хүчлэн тайвширч бусдад зөвлөдөг. Өөрөө аз жаргалгүй хүн бусдад яаж аз жаргалын үүдийг заах вэ дээ.Хувиа хичээсэн өөдгүй амьтан! Өөрийнх нь хүслээр байгаагүйн төлөө сонсдог үг. Хэн ч хэний ч төлөө төрөөгүй. Зүгээр л төрсөн. Ямар ч зорилгогүй. Хэнд ч зориулагдаагүй. Тиймээс хүн төрөлхийн хувиа хичээгч байдаг. Бага насны хүүхдээ, дүүгээ хараарай. Хүн тийм л амьтан. Үнэндээ хүний нийгэмд хувиа л хичээх нь хамгийн шударга, хамгийн нигүүлсэнгүй, буянтай зүйл. Хүн хэзээ ч зовохыг хүсдэггүй. Өөрөө зовохгүйн тулд эргэн тойрноо үргэлж эмхэлж байдаг. Эмхлэхдээ бусдынхыг хэмхэлчих гээд байдаг болохоор хууль цаа.з байдаг. Хууль л зөрчихгүй бол чи ямар ч ёс суртахууны хэм хэмжээний шалгуурын дагуу муу хүн биш. Ёс суртахуун бол хүмүүсийн зохиосон зүйл болохоос тээж төрдөг жам ёсны өгөгдөл биш. Хэрэв хүн бүр үнэхээр хувь хувиа л хичээчихэж чаддаг бол жинхэнэ ёс суртахуунтай хүнлэг нийгэм тийм ч холын мөрөөдөл биш. Хар хүний өмнөөс шар хүн. Төрийн өмнөөс огтоно боож ү.хэв гэгчээр! Бие хүнийг бие хүн биш нэг цул үзэл санааны хэрэгсэл гэж үздэг байсан хаалттай нийгмийн үеийн суртал ухуулгын шинжтэй үг. Төр бол сүлд шүтээн, бурхан тахил биш чамд үйлчлэх гэж чамайг төлөөлж ажил хийх гэж цугласан хүмүүсийн бүтэц. Тэднээр юуг яаж хийлгэхээ шийдэхийн тулд үргэлж оролцдог бай. Чиний л амьдрах нийгэм, цаг хугацаа шүү дээ. Сайн харвал амьдралд чинь улс төргүй юу ч байхгүй. Тоглоом тоглох, хамт тоглох найзтай байх эсэх чинь хүртэл улс төрөөс хамааралтай. Улс төр хөгшчүүдийн л хийдэг муухай зүйл гэж бодох хэрэггүй. Энд төрсөн, одоо амьдарч байгаа хүн бүрийн асуудал. Тиймээс оролц. Үгээ хэл.Олны хайр хүндлэлийг дааж яваарай! Нээг их дэмжиж, хайрлаж, хүндэлж “гийгүүлсэн” хүмүүсийн тухай битгий бод. Яг нарийндаа тэр олон хүний хайр хүндлэл шиг хэрэггүй хүнд ачаа энэ амьдралд чинь таарахгүй. Тиймд олон хүнээр хайрлуулж хүндлүүлэх гэж битгий яар. Хүн эцсийн мөчид өөрөөсөө өөр юуг ч өөрөөсөө илүү хайрладаггүй. Бусдын төлөө хүн шаналдаг л шүү дээ гэж үү? Тиймээ тэгдэг. Гэвч тэр хүн шаналж байгаа хүнийг харж өөрөө шаналахгүйн төлөө л үйлдэл хийдэг. Хүнд тусалчихаад баярлалаа гэдэг үг аваагүйдээ хүн гомддог доо. Хэрэв хүний л төлөө юм бол тэр үгний хэрэг юу билээ? Тиймд энэ хүмүүс намайг ингэж бодож байхад би… гэж өөрийгөө эвдэх хэрэггүй. Чи бол тэр хүмүүсийн хувьд “зоог” л болохоос үнэт зүйл нь биш. Хүн чамайг дэмжинэ үү, түлхэнэ үү хамаагүй өөрөө өөртөө л тав тух бүтээ./ Жич: Хэрэв та намайг сургааль айлдаад эхэллээ гэж бодвол таны зөв би сургааль айлдаад эхэлж байна. Харин зүгээр л бодлоо хуваалцаж байна гэж санавал бас л таны зөв. Би бодлоо л хуваалцаж байна

Related Articles

Back to top button
error: Content is protected !!