Uncategorized

16 их наядын алдагдалтай ч 5-50 саяар цалинждаг ТӨХК-ийн захирлуудын хэрэглээг танана уу, Ерөнхий сайд аа

Хэдэн жилийн өмнө “Монголросцветмет”-ийн Гүйцэтгэх захирал нь урамшлуулал, нэмэлттэйгээ нийлээд 38.2 саяар цалинжиж, “УБТЗ” ХНН-ийн дарга жилд 280 сая төгрөгөөр цай уудаг мэдээлэл баримтаар дэлгэгдэж байв. Эдүгээ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн 49 сая төгрөг, Тус үйлдвэрийн орлогч захирлууд 28-12 сая төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” -н захирал Б.Ганхуяг 28 сая төгрөгийн цалинтай байгаа аж. Голч дүнгээрээ ТӨХК-иудын захирлууд эдүгээ 5-40 орчим сая төгрөгөөр цалинжиж байна. Харин нийслэл хотыг цэвэрлэдэг ТҮК-ийн ажилчид 1 сая төгрөгөөр цалинжиж, гар дээрээ 800 мянга орчим төгрөг л авч байна. ҮАГ-аас саяхан Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өр 16 их наядад хүрсэн талаар мэлээлэв. Компани нь алдагдалтай, өртэй ажиллаад байхад ч захирал нь асар өндөр хангамжтай суудаг энэ гаж тогтолцоо ТӨХК-иуд тогтоод нэлээд удаж буй. Бүр “Эрдэнэт үйлдвэр”-ийг ОХУ-ын талтай хамтран эзэмшиж байх үед Б.Ганзориг тэргүүтэй захирлууд 50 сая орчмоор цалинжиж байсан түүхтэй. Харин хаа очиж, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газраас ТӨХК-иудын захирлуудыг 5-10 сая төгрөгийн цалинтай бол 30-60 хувь бууруулах шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн түүхтэй. Улмаар байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоож байв. Энэ хориг эдүгээ сэргэжээ.ТӨБЗГ-ын дарга асан Ц.Ням-Осорын байнгын хорооны хуралдаан дээр өгч байсан доорх бичлэгээс харахад, ТӨХК-иудын 90 орчим хувь нь дотоодын бизнес эрхлэгчидтэй өрсөлддөг мөртлөө алдагдал хүлээж төсөвт ачаалал үүсгэдэг, захирлууд нь өндөр хангамжаа эдлэхийн тулд цалингаа зээлээд тавьчихдаг гажуу зуршилтай. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал 10 мянган евро, ХААБ-ийн захирал 9.5 сая зэргээр өгсөж, олон төрлийн урамшуулал авч байжээ. ТӨБЗГ-аас дарга нарын том машин унадаг, үнэтэй орон сууц авахуулдаг байдлыг ч халсан байдаг. Гэвч эл агентлаг дарга сольсоор, эдүгээ өмчүүдийг хянаж байсан тогтолцоо хэт бүдгэрэхэд хүрээд буй.ТӨХК-ИУДЫН ӨР 16 ИХ НАЯД ДАВСАН НЬ ЗАХИРЛУУДТАЙ ХОЛБООТОЙ-Засаг төр солигдохтой зэрэгцээд, ТӨХК-иудын захирлууд цалин хангамжаа урамшуулал нэрээр нэмэх, ахуйгаа тэлэх зэргээр дураараа тоглосон дүр зураг эндээс харагддаг. АТГ уг асуудлыг шалгаж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байсан. Эл зөвлөмжийг ч эргэж харахаа засаг төр таг мартжээ.Хоёр жилийн өмнө ТӨХК-иудын өр 14 их наяд байсан бол эдүгээ 106 компанийн өр 16 их наяд төгрөгт хүрчээ. Тодруулбал,Хөгжлийн банк 3.1 их наяд төгрөг,Төрийн банк 3.1 их наяд төгрөг, Эрдэнэс Монгол 2.7 их наяд төгрөг (Нийт 13 охин компанитай. Дийлэнх нь судалгааны компани байна), ЭТТ 2 их наяд төгрөг, Монголын төмөр зам 1.3 их наяд төгрөг, ДЦС 590 тэрбум УБТЗ 522 тэрбум төгрөгийн зээлтэй. МАН 2016 онд ялсны дараа ТӨХК-иудын өр 4 их наяд давж байснаа тэр ондоо 2.5 их наяд, 2017 онд 700 тэрбумаар буурч, цэвэр ашиг 859 тэрбумаар өссөн үзүүлэлттэй гарч байв. Улмаар ТОП-100-д 18 компани нь шалгарч явсан бол 2020 оноос ТӨХК-иудын өр 14 их наяд давж, улмаар 2 их наядаар өссөн байна. Зүрх нь гэнэт сайдаж тэгснээ бүр дор ордог хүн шиг энхэл донхол замаар ТӨХК-иудыг чухамдаа захирлууд нь л явуулдаг. Төрийн албанд орох гэж иргэд баахан шалгалт шүүлэг болж байхад ТӨХК-иудын захирлууд улстөрчдийн шахаасаар шууд томилогддог. Очсон хойноо “Улсын мөнгө уйлдаггүй” жишгээр тоглож өгдөг тогтсон заншилтай. Үүнд уг нь ТӨБЗГ хяналт тавьж, жимбийтэл нь сайжруулж явах ёстой. Гэвч ТӨБЗГ-ыг сүүлийн хоёр жилд удирдсан дарга нар нь сулруулсаар, эдүгээ Б.Цэнгэл гэх албан тушаалын найр хэссэн, будаатай хуурганы даргатай болсон. Ийм байдлаар төрийн өмчүүд унаж, эзэнгүй газар бузгай загнах үлгэрээр ТУЗ-ийн гишүүн, зөвлөх, орлогч нэрээр ТӨХК-иудыг шимэгчид асар их олширсон билээ. Тиймдээ ч өрийн хэмжээ нь 16 их наяд давж, Ерөнхий сайд нь түүнийг хувийн хэвшлийн өртэй хольж хутгаж ярьж суух болов.ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Улстөрийн нөлөө их байдаг учраас захирлууд орон сууц, унаа тэрэг, утасны хэрэглээ, урамшуулал цалин зэргээ зүгээр л дураараа нэмээд сууж байдаг. ТУЗ нэртэй хэдэн хүн ирж суугаад л, зардлыг өсгөхийг зөвшөөрдөг гажуудал сүүлийн жилүүдэд улам газар авлаа.Жагсагчдад амласанчлан дарга нарын тансаг хэрэглээг үнэхээр танах гэж байгаа бол Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ТӨХК-иудын захирлуудын цалинг ил зарлах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “ТӨХК-иудын захирлуудын хангамжийн мэдээллийг хүсэхээр нууцын дардастай ирүүлдэг” гэж чуулган дээр удаа дараа тодотгож байв. Эдүгээ үүнийг ил ярьж, яамд, агентлагийн зардлаас хол давсан өмчийн байгууллагуудаа цэгцлэх хэрэгтэй. Олон нийт ч үүнийг дэмжих юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!