Uncategorized

Р.Эмүжин:Энэ маань хэзээ хүн болно оо…

За бид чинь 30 настайдаа Улаанбаатарт хөл тавьсан Ерөнхий сайдтай, ТҮЦ-нээс шууд яам руу үсэрсэн БОАЖ-ын сайдтай, тэднээсээ хөгжил хүлээгээд байдаг гэнэн ард түмэн дээ. Яаж энэ хэдэн хүүхдээ хүн болгоно доо. Б.Бат-Эрдэнэ 1977 онд төрсөн, хувийн сургуульд дээд боловсрол эзэмшсэн. Сүүлийн долоон жилд найм дахь албан тушаалаа авч байгаа нь БОАЖ-ийн сайдын суудал. Эл МАН-ын дэргэдэх НАМЗХ /Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо/ гэж энэ мэтийн цүнх сайн барьж, цүдгэр сайн долоогсдыг төрийн өндөр албанд төмөр кранаар өргөж шиддэг зүй бус байгууллага байна аа. Энэ байгууллагад элссэн мисс голдуу хүүхнүүд нь бас л яамдаар хөллөж байгаад консулаар хүртэл дэвшин явдаг замтай. Энэ арга барилаар гарч ирсэн залуусын нэг нь Б.Бат-Эрдэнэ. Залуу хүнд залуур атгуулаад дэмжээтхэе гээд харахаар захгүй тэнэг юм яриад завхраад алга болдог болж дээ. Эксел роуд компаниас бизнесээ эхэлж, 2011 онд Мэдээлэл харилцаа холбооны газарт зөвлөхөөр ирснээр төрд ажиллах гараагаа тавьсан, ЖДҮ-тэй нэр холбогдоод амжсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн дарга хүртэл дээш үсэрсэн, ШӨХТГ-т байхдаа цагаан самар, бензиний актав хоёроор жаал попорсон жаахан сайд маань одоо барилгын манаач, айлын түлш, машины яндангуудтай ноцолдож эхэллээ. Долоон жилд найман төрийн өндөр алба хашсан гэхээр энэ хүн нэг байгууллагад жил орчим л ажилласан нэртэй алиалсан байгаа юм. Хэзээ хүн болно доо, хэнз хурга минь. Энэ хүүхдэд яндан, зуух хоёр байгаа цагт утаа гарсаар байх болно, ороолт, нүүрс, сайжруулсан түлш, цаас, зангиа…юу ч түлсэн утаа гарна, худлаа гэвэл гэр хорооллын айлд очоод зангиагаа тайлаад түлээд үз гээд хэлээд өгөөч. Бас айл болгон автомашины гарааштай байх боломжгүй, гадаа хоносон машинаа өглөө эртлэн асааж халаадаг гээд дуулгавал ямар вэ? Нийслэлийн 77 дугаар сургууль төгссөн юм билээ, амьдралаас нэлээн төсөөрчээ дээ. Иргэд машин унах эрхтэй, тэр тусмаа хүйтэн, шороо шавхай, хальтиргаатай, үнс хог хөглөрсөн гэр хорооллын гудамжаар уул жалга дамнан алхахгүйн тулд, автобусны буудал дээр 40-60 минут унаа хүлээж даарч хөрөхгүйн тулд энэ саарал хотод заавал машинтай байх шаардлагатай болдог гээд тайлбарлавал ойлгох болов уу? Энэ бээб сайдад утаа, яндан хоёртой уралцах биш уг шалтгаан нь болсон буруу төлөвлөлт, ядуурал, бөөгнөрөлийн асуудлаа хөндөх талаар А үсэг заахгүй бол Я гээд орилоод байх юм аа, яах вэ, одоо? Улс төрийн гэнэтийн шоуны завсраар шоволздог ийм төрлийн хүмүүсийг төрийн дэвхрэг гэж нэрлэж болно. Дэвхрэгний нүүдэл эхэлжээ дээ, тэд дараагийн ээлжийн царцаанууд хоолондоо орохын өмнө танхим цэвэрлэж, сандал суудал зүлгэдэг үүрэгтэй. Шагналаа ч сайн авдаг, шанаагаа ч сайтар хүртдэг. Дэвхрэг, царцааны сүрэг дээвэр цоо иддэг гэмтэй шүү дээ, дарь эх минь гэж…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!