Uncategorized

Амтай бууз хийхэд махаа хэрхэн амталж гурилаа ямар орцтой зуурахаас шалтгаална!!! Энэ жорыг хадгалаад ав

Хийх арга 1. Гурилаа устай хольж зуурна.2. Зуурсан гурилаа жижиг хэсгүүдэд хуваагаад, элдүүрээр элдэж хавтгайлна.
3. Элдсэн гурилан дээрээ татсан мах, сонгино хольж, амталсныгаа тавин чимхэнэ. Чимхэхдээ ихэнхдээ дугуй хэлбэртэй болгох бөгөөд цэцгэн бууз хонин бууз гэх мэт чимхэлт бий.4. Жигнүүртээ ус хийн буцалмагц дээр нь буузаа тавьж 15-20 минут жигнэнэ. Бууз чимхэх 6 төрлийн арга
Гурил зуурах
Буцалгаж хөргөсөн усаар зуурна. Гурил үрэхгүйгээр элдэж болж буй гурил л хамгийн сайн зуурагдсан гурил юм.
Ээ дээ, ус даадаг гурил үг даадаг эр хүн хоёр бол гоё хоршиноо. Гурилаа эргүүлж тойруулж алгадахаа мартуузай. Арван цаг амарчихсан толгой, арван минут амарчихсан гурил хоёр эвтэй гэж найгүй.
Мах
Гуанз, ресторанууд сайн махаар бууз, хуушуур хийж өгөхгүй шинжтэй. Ер нь монгол хоолны амин сүнс мах.
Да ялангуяа бууз, хуушуурны мах хамгийн сайн мах байх хэрэгтэй. Гуяны цул мах хонины сүүлтэй 80:20 харьцаатай хольчиход тас. Хальс, булчирхайг маш сайн авна. 1кг маханд 150-200 грам сонгино шүү. Шүүслэг сайн махыг усаар амтлах бараг шаардлагагүй дээ. 50 грамм махнаас 1-2 балга шүүс өөрөө л гарна. Ханиад томуутай үед данс саримсаар амталчихаад бас зүгээр.
Гурил элдэх
Анх хэд хэдэн охид надтай суух шалгаруулалтад орсноос манай эхнэр л гурил элдэх чадвараараа ганцаараа тэнцсэн юм. Гол чадвар нь өөдөөс ерөөсөө юм хэлэхгүй. Орчин үед буузны гурил аятайхан элдээд өгдөг хүн ховордсон. Хамтрагч чинь одоо хүртэл гурил элдэж чадахгүй бол шууд сал. Яахаараа гэр бүдийнхээ төлөө ганц гурил элдэж сурдаггүй юм ооё. Ямар бууз хийгээд өг гэж байгаа биш тээ.
Амьдрал ярингаа буузаа чимхэж байх сайхан шүү. Жижиг хүүхдүүд хуруу гараа элдүүлчих гээд дундуур нь ганц нэг гурил хулгайлах байх л асуудал. Буузаа жигд хэмжээтэй хийхийн тулд гурилаа хуваах чухал.
Буузаа чимхэх
Гурилаа жигд бус хуваасан, том жижиг элдсэн алдааг чимхэгч л залруулна. Махаа битгий гуриландаа чих. Хоолоо ч гэдэсрүүгээ бүү чих. Буруугаа бусад руу битгий чих. Ер нь юуг ч битгий чих нтр.
Буузан дотроо шүүс ялгарах эрх дарам зай үлдээнэ. Нэгэн жигд чимхэлттэй том жижиг нь таарсан гоо үзэсгэлэнтэй бууз хий.
Цагаан сарын жижиг бууз 32-38 грамм байдаг. Миний бууз дор хаяж 70 грамм. Манай эхнэр 3-ыг, манай ну а 4-г, манай найзууд үсрээд 5-ыг иддэг юм. Манай хүүхдүүд харин идэхгүй санаатай.
Жигнэх
За эрх биш буузаа жигнээд идчих байлгүй гэж бодож ерөөсөө болохгүй юм билээ. Утсаа ухаж байж минутаа хэтрүүлнэ. Хамар битүү ханиадтай байж үнэртэхгүй байна гэж уяна. Дүлий чихээрээ чагнана.
Хэт хүйтэн эсвэл нойтон жигнүүр дээр буузаа тавьж улыг нь наалдуулна. Хэт шахаж өрөөд бөөрөөр нь наалдуулна. Гялгар цаас дэвсэж заваарна. Зарим нь PVC жигнүүртэй ч байх шиг. Хорхогны чулуу шиг төмпөн рүү авч хага чулуудна.
Та нар ер нь л бүтэхгүй шүү, Анхаарна биз.
Балга, балга шүүстэй бууз мөн ч сайхан шүү. Хальсгүй, хэт их өөхгүй, хатуу махгүй, гурил нь нялцайгаагүй, мах, гурил, сонгины хольц таарсан, буузыг юутай зүйрлэх юм бэ. Асар их хичээл зүтгэл гаргаж хийсэн буузыг дээрээс нь сэрээгээр зоож иддэг хүн таарвал дагзнаас нь үсдээд аваарай ккк.
Муу бууз сэвэхэд өөдөөс умайгаад уурладаг бол сайн хийсэн бууз ярайтал инээмсэглэдэг юмдаа.
Шингэц асар хүнд хоол тул 16 цагаас өмнө байцааны салаттай идэж байгаарай.
Мань гуанз нээвэл тэгээд ирэх юм байгаа биз дээ?
Буузаар халз үзэж болно. Жинхэнэ монгол бууз
Монгол түмэн маань үндэсний хэмжээний баяр ёслол болох цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Цагаан сарын уламжлалт идээ зоогийн нэг төрөл нь яах аргагүй бууз байдаг. Ууц, шүүс тавих, тавгийн идээ засах зэрэг нь урьдаас хийгддэг ажил, бас тэгээд шинийн гурван өнгөрмөгц хурааж авдаг идээний зүйл. Харин буузны хувьд өөр.

FacebookTwitterEmailMore3

Монгол түмэн маань үндэсний хэмжээний баяр ёслол болох цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Цагаан сарын уламжлалт идээ зоогийн нэг төрөл нь яах аргагүй бууз байдаг. Ууц, шүүс тавих, тавгийн идээ засах зэрэг нь урьдаас хийгддэг ажил, бас тэгээд шинийн гурван өнгөрмөгц хурааж авдаг идээний зүйл. Харин буузны хувьд өөр. Хэн хүний мэдэх буузны тухай бичих нь илүүц мэт боловч олон улс үндэстний хэрэглэж ирсэн энэ битүү хоолны хаана ч давтагдахгүй монгол жор найрлага, нэрлэх ухааны талаар уншигч олондоо дахин сонирхуулахыг зорив.

Битүү хоол болох бууз, тоомий, банш, хуушуур зэрэг нь хөрш улс үндэстнээс дамжин манайд орж ирсэн хоолны төрөл бөгөөд эдгээр нь хэлбэр дүрс, хэмжээгээр ялгагдахаас гадна доторх шанзаар өөр өөр байна. Энэ хоол Евразид орших үндэстэн ястнуудын дунд өргөн тархжээ. Жишээ нь, буузыг Хятадад баозы (bāozi), Японд жаозы буюу гёоза, хөөмөл буузыг никуман (nikuman), Балбад момо, түрэгт мант, узбек зэрэг дундад азийн орнуудад манты, солонгост манду, буриадад позы, гэх мэтээр нэрлэдэг.

Монголчуудын хувьд энэ битүү хоолыг махнаас гадна сүүлний, шимэлдэгний, сүүл, будаатай, мах, будаатай, халиартай, жууцайтай, пүнтүүзтэй, халгайтай, дотор махтай гэхчилэн олон янзын шанзаар хийдэг. Дээрх төрөл зүйлээс монголчууд тураг мах, сүүл хольсон шанзтай буузыг ихэд эрхэмлэн гол төлөв хүндэтгэлийн зоог байдлаар хэрэглэж ирсэн уламжлалтай. Хэдийгээр анхны гарал үүслийн хувьд өөр үндэстний хоол боловч өөрийн онцлогт тохирсон жор, найрлага, чимхэлтийн хэлбэр дүрс, тэр ч атугай нэрлэх монгол хувилбаруудыг манай ард түмэн эртнээс бий болгожээ. Жишээ нь монголчууд буузыг <<хонин бууз>>, <<тарваган бууз>>, <<майхан бууз>>, <<саран бууз>>, <<цэцгэн бууз>>, <<бөөрөнхий бууз>>, <<гонзгой бууз>>, <<залхуу бууз>> бас хонгорцог, таван хошуу, цагариг, овоодой, цорготой гэхчилэн хэлбэр дүрсээр нь ялган нэрлэж ирсэн нь энэ хоолны монголчилсон хувилбар буйг гэрчилнэ. Бас хэрэглэгчийн онцлогт тохируулан нэрлэдэг байсан баримт ч бий. Дээхэн үед “Дээлний” буюу гангачуулын бууз гэж байжээ. Үүнийг бас Хүрээ маягийн бууз гэж ч нэрлэдэг байж. Энэ нь Хүрээнийхний идэж уух нь хүртэл учиртай байсантай холбоотой бөгөөд гоё дээл хувцсаа тос шөл болгочихгүйн тулд ажиллагаа ихтэй ч дахин дахин хазахын оронд шууд үмхчихээр жижигхэн чимхдэг байж л дээ.

Ташрамд тэмдэглэхэд сүүлийн жилүүдэд буузаар төрөлжсөн хоолны газруудад <<хаан бууз>>, <<шим бууз>>, <<зочин бууз>>, <<өег бууз>>, <<ээжийн бууз>>, <<заан бууз>> гэхчилэн орц, найрлага, бэлтгэх арга, чимхэлтийн хэлбэр дүрс ижил хоолонд тохирох тохирохгүй тодотгол зүүж оноосон нэр өгч байгаа нь төдийлөн оновчтой биш юм.

Бууз нь монголчуудын цагаан сарын хүндэтгэлийн зоогийн нэг. Ийм болохоор айл бүр цагаан сарын буузаа хүрэлцэхүйц хэмжээгээр урьдчилан хийж хөлдөөж нөөцлөөд ирсэн зочин бүртээ тусгайлан жигнэж тавагладаг. Жигнэж болгосон буузны уур нь савсаж байхад гаргаж сэвээд зочныхоо нүдний өмнө таваглаж тавьдаг нь жинхэнэ монгол зочлох ёсны илэрхийлэл. Ирсэн зочиндоо түрүүчийн хийсэн буузаа халааж өгнө гэдэг ойлголт бидэнд байхгүй. Өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд хөрсөн буузыг богино долгионы зууханд хийж дахин халаавал бууз биш болно. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Нэг ширхэг бууз ойролцоогоор 40 ккал илчлэгтэй. Гэхдээ өөх, мах нь тохирсон буузны хувьд шүү дээ. Гэтэл зарим айл буузны шанзандаа дотор, гадар өөх, сүүл зэргийг аль болох ахиу хийж өег болгох гэж оролддог. Ийм бууз бүр ч илүү илчлэгтэй. Монголчууд золголт хийж явахдаа нэг айлд гурван бууз иднэ гэж хамгийн багаар тооцож үзэхэд 4-5 айлаар ороход л хоногийн хоолны илчлэгийн хэмжээ нь физиологийн нормоос даруй хоёр дахин хэтэрдэг байна. Ийм их өл шимтэй хоолыг ойр ойрхон, хэтрүүлж идсэнээр хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгийг товчхон сануулъя. Судалгаанаас үзэхэд хүний эрүүл мэндэд тааламжгүй нөлөөлдөг пурины суурь гэхэд хонины маханд, карнозин, креатинин зэрэг азотот бодис, холестерин, лецитин үхрийн маханд ихээр агуулагддаг бөгөөд өөхтэй махыг боловсруулах явцад цөс, нойр булчирхайн ачаалал эрс ихэсдэг сөрөг талтай. Үүнээс болж хоол боловсруулах эрхтэн хямардаг.

Ийм болохоор хэдийгээр давтагдашгүй сайхан амттай, хүндэтгэлийн сайхан зоог ч гэсэн буузаар дайлах, дайлуулахдаа туйлын ухаалаг байхыг зөвлөхөд илүүдэхгүй. Монгол түмэн маань сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!