Uncategorized

АНУ-ЫН “WEST POINT” ЦЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ДҮҮРГЭСЭН АХМАД Н.МӨНГӨНШАГАЙ

АНУ-ЫН “WEST POINT” ЦЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ДҮҮРГЭСЭН АХМАД Н.МӨНГӨНШАГАЙ
Саяхан цахим хуудаснаа Зэвсэгт хүчний алба хаагч, ахмад Н.Мөнгөншагайгийн талаар бичсэн байхтай таарав. Монгол Улсын Зэвсэгт хүчинд эзэмшсэн боловсрол, идэвх чармайлт, элэгтэй байдлаараа ийм залуус илүү олон болоосой гэж онцолжээ. Энэ нь түүний цахим хуудаснаа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ талаарх сайн мэдээг түгээж, мянга мянган дайчдын нэг болж, алба хааж байгаадаа баяртай байдгаа байнга хуваалцдагтай нь холбоотой байх.
Нээрээ л түүнд бичсэнчлэн ахмад Н.Мөнгөншагайтай ажил хэргийн шугамаар хамтарч ажиллахад албандаа итгэл үнэмшил дүүрэн залуу гэдэг нь мэдрэгдэж байсан юм даг. Магад зарим хүн түүнийг Монголын томоохон бизнесмэний хүү гэдэг утгаар нь хардаг ч байж мэднэ, гэхдээ бодит байдалд зүгээр л салбартаа хайртай, хариуцлага өндөр, зарчимч, даруухан офицер санагдсан.
2013-2017 онд АНУ-ын “West Point” цэргийн их сургуулийг Ерөнхий цэргийн офицер, эдийн засагч мэргэжлээр дүүргэж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид салааны захирагчаар ажлын гараагаа эхлүүлж, 2019-2020 онд ИБНАУ-д явагдаж байсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XI цэргийн багт үүрэг гүйцэтгэж байв. 2020 оноос Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн хийж, манай улсад айлчилсан цэргийн томоохон төлөөлөгчдийн албан орчуулгыг хийдэг байна.
Хамгийн сонирхолтой нь түүний төгсөж дүүргэсэн АНУ-ын “West Point” цэргийн их сургууль нь дэлхийд алдартай цэргийн сургуулиудын топ гурав дотор багтдаг бөгөөд Монгол Улсаас элсэн суралцсан нь ч цөөхөн юм билээ. Ахмад Н.Мөнгөншагай Монгол Улсаас элссэн хоёр дахь офицер бол төгссөн болон одоо суралцаж яваа сонсогч нарын тоо гарын арван хуруунд хүрэхгүй ажээ. Төгсөгчдийн зарим нь армидаа ажилладаг, ажилладаггүй гээд янз бүр юм байна.
АНУ-ын Вестпойнтын цэргийн сургууль нь сонсогч нараа рэйнжер бэлтгэх тогтолцоогоор сургадаг, түүнийг давж гарна гэдэг өөрөө хамгийн том шалгуур, тэсвэр хатуужлыг тултал нь сорьсон цаг хугацаа байдаг гэнэ лээ.
Ахмад Н.Мөнгөншагай 2017 онд их сургуулиа төгсөхдөө тухайн үеийн АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нарт “Монгол Улсаас сонсогч нарыг суралцах боломж олгодогт талархаж байна” хэмээн гар барьсан нь мөн АНУ-ын хэвлэлийн хуудаснаа үлджээ. Зэвсэгт хүчинд эх орноо хамгаалах ёстой гэдэг үүргээ ухамсарласан мянга мянган залуусын нэгэн төлөөллийг товчхон танилцуулав.
Энэ ташрамд онцлоход Зэвсэгт хүчний алба хаагчдын боловсрол, мэдлэг жилээс жилд сайжирсаар байгаа нь цэргийнхний хамгийн том амжилт. Ёстой нэг захын офицер, ахлагч англиар чөлөөтэй ярьж байна. Зэвсэгт хүчний дээд удирдлагаас бодлогоор ч алба хаагчдаа шат дараалан сургаж, бэлтгэж байна.
Та бод л доо, жирийн нэг залуу 4 жилээр суралцаж, бакалаврын боловсролтой төрийн болон хувийн хэвшилд ажилладаг бол цэргийнхэн тэрнээс ч илүү сургаж, дадлагажихыг шаарддаг юм. Алба нь тэгж шаарддаг юм. Наад зах нь 2-3 мэргэжил дээшлүүлэх сургуульд амжилттай суралцаж төгссөний дараа л тэдэнд бусдыгаа ахлах бүрэлдэхүүнд дэвших эрхтэй болно. Энэ л хамгийн чухал юм даа …

Related Articles

Back to top button
error: Content is protected !!