Uncategorized

УИХ-ын НХХЯ сайд Т.Аюурсайханы нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдсон байж болзошгүй схем, болон ноцтой баримтууд ил боллоо

Т.АЮУРСАЙХАНЫ ТУСЛАХУУД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ТЕНДЕРҮҮДИЙГ "ТҮҮЖ", АР ГҮНТЭД ХАУС ХОРООЛОЛ БАРЬЖ БУЙ НОЦТОЙ БАРИМТ

Т.Аюурсайхан нүүрсний хулгайд хэрхэн холбогдсон бэ? УИХ-ын Т.Аюурсайханы нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдсон байж болзошгүй схемийг дэлгэж байна. Эх сурвалж: MURCH.MN УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н хэргийн хамсаатнаар нэрлэгдэж, АТГ-ынханд “ачигдах” дээрээ тулаад буй. Гагцхүү “Гишүүний халдашгүй байдал” гэх ганц хана хэрэм л түүнийг нартаас нарсанд орохоос нь хамгаалж байгаа. Өчигдөр л гэхэд АТГ-ынхан Т.Аюурсайханы хамаарал бүхий этгээдүүдийн орон сууц, оффист нэгжлэг хийсэн.. Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй ямар схемээр холбогддогийг нэгхэн жишээгээр тайлбарлая.
Ардын намын төлөө Т.Аюурсайхантай хамт амь хайргүй жагсаж, хэлмэгдэгсдийн хөшөөний хажууханд майханд хоноглож явсан Б.Ганхуяг 2016 оны сонгуулийн дараа “шагнал”-аа авч, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар томилогдсон. Улмаар 2018 оны дөрөвдүгээр сарын 4-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал болж тушаал дэвшин, тамга атгах эрхтэй болсон. Жагсаалын “алтан” хамтрагч, зүү орох зайгүй шахам дотно нөхөр Б.Ганхуяг нь ийнхүү “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг “эрхшээх” эрхтэй болсон нь Т.Аюурсайханд “ертөнцийн үүд”-ийг нээж өгчээ. Ингээд Т.Аюурсайхан 2016 оноос хойш хажуугаасаа салгаагүй хоёр шадар туслахынхаа нэгийг буюу Баатарын Отгонжаргалыгаа “Эрдэнэс тавантолгой” ХК руу илгээжээ. Б.Отгонжаргалыг очмогц нь Б.Ганхуяг тосож аваад, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд Ерөнхий аудитороор томилжээ. Ингээд туслах явсан Б.Отгонжаргал хормын төдийд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тендер, худалдан авах ажиллагааг хариуцдаг, нэг ёсондоо авдарных нь түлхүүрийг атгасан чухал хүн болж, Т.Аюурсайханаас “даалгавар” хүлээж суудаг болжээ.

Т.Аюурсайхан саяхан тайлбар хийхдээ “Шалгагдаж байгаа Б.Отгонжаргал 2016 онд миний зөвлөхөөр ажиллаж байгаад, удалгүй өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Надтай огт хамаагүй” гэж байна лээ. Үнэн хэрэгтээ Б.Отгонжаргал хэдий “Эрдэнэс тавантолгой” ХК-д “хурган” дарга болсон ч 2016 оноос хойш өдийг хүртэл буюу АТГ-ынханд ачигдах хүртлээ Т.Аюурсайханы хэлсэн үг, хийсэн үйлдлийг сошиал орчинд түгээх ажлаа огт орхигдуулаагүй байгаа юм. Тэр байтугай, Т.Аюурсайханы 2020 оны УИХ-ын сонгуулийн санхүүжилтэд цалингаасаа 5.0 сая төгрөг хүртэл хандивласан байгаа юм. Ийм байхад Т.Аюурсайхан “Тэр хүн надад хамаагүй” гэж мэлзэх нь жудаггүй л хэрэг.

Т.Аюурсайхан ингэж нэг туслахаа Б.Ганхуягийн дэргэд дарга сэтэртэй суулгаж, нөгөө туслахаа өөрийнхөө дэргэд үлдээсэн нь алсыг харсан төлөвлөгөө байжээ. Т.Аюурсайхан өөрийнхөө дэргэд үлдээсэн шадар туслах Ишравжаагийн Даваадоржийгоо 2020 оны Орон нутгийн сонгуулиар өөрийн тойрогтоо “сойж”, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дэд дарга болгожээ. Тэр байтугай, Т.Аюурсайхан өнгөрсөн аравдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болмогцоо И.Даваадоржийгоо яамныхаа харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилжээ. И.Даваадорж хэдий агентлагийн дарга болтлоо дэвшсэн ч Т.Аюурсайханы Чингэлтэй дүүрэг дэх бие төлөөлөгчийн ажлаа давхар гүйцэтгэдэг юм билээ. Гишүүний туслах, бие төлөөлөгчөөс дүүргийн төлөөлөгч, төлөөлөгчөөс агентлагийн дарга болж дэвших хувь заяа хэн хүнд тохиогоод байдаггүй биз. Тэгвэл Т.Аюурсайхан туслах И.Даваадоржийгоо ийн “тэнгэрт тултал” татаж, тушаал дэвшүүлээд байгаа нь цаанаа нарийн учиртай байжээ. Өөрөөр бол, Т.Аюурсайханы туслах И.Даваадорж өнгөрсөн хугацаанд хэд хэдэн компани байгуулж, тендерт бэлтгэжээ.

Т.АЮУРСАЙХАНЫ ХОЁР ТУСЛАХЫН АМЖИЛТТАЙ ХОРШИЛ БУЮУ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 8.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙГ БУДИЛААНТУУЛЖ, ӨӨРСДӨДӨӨ АВСАН НЬ
“Эрдэнэс тавантолгой” ХК 2020 оны нэгдүгээр сарын 24-нд “Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралт”-ын ажил гүйцэтгүүлэх 8.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тендер зарлажээ. Тус тендерт “Сити палас” ХХК, “Лаки лайф” ХХК гэх хоёр компани оролцсон боловч “Шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр аль алиныг нь шалгаруулалгүйгээр тендерийг цуцалжээ. Тендерийн цахим санд аль аль компанийг нь “Хасагдсан” гэж бүртгэсэн байгаа юм.

Гэтэл гайхмаар нэг зүйл болжээ. Өнөөх “Шаардлага хангаагүй” гэж тендерээс хасагдсан “Лаки лайф” ХХК 2020 оны хоёрдугаар сарын 13-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай “Уурхайн ажилчдын хотхоны барилга угсралт ажлын гүйцэтгэх” 8.9 тэрбум төгрөгийн гэрээг үзэглэжээ. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 2020 оны Худалдан авах ажиллагааны тайланд энэхүү 8.9 тэрбум төгрөгийн тендер гэрээний тухай “Тендер шалгаруулалт амжилтгүй болсон тул шууд гэрээ байгуулав” гэж дурджээ. Өөрөөр бол, тус 8.9 тэрбум төгрөгийн тендерт оролцсон “Сити палас” ХХК, “Лаки лайф” ХХК гэх хоёр компанийг хоёуланг нь “Шаардлага хангаагүй” гэж хасаад, дараа нь “Лаки лайф” ХХК-тай шууд гэрээ байгуулчихсан байгаа юм.

Тэгвэл энэ тендер яагаад ингэж будилаантай болж, “Лаки лайф” ХХК гэрээ байгуулж чадсаныг одоо тайлбарлая. “Лаки лайф” ХХК-ийг Ганболдын Гантөмөр гэх эмэгтэй эзэмшиж, удирддаг ажээ. Г.Гантөмөрийг судлаад үзэхээр, Долоонжингийн Дэлгэрмаа гэх эмэгтэйтэй “Мон версус” ХХК-ийг, мөн Долоонжингийн Дэлгэрмаа болон Ишравжаагийн Чанцалдулам нартай “Асгат ресорс” ХХК-ийг тус тус хамтран эзэмшдэг байгаа юм. Хамгийн сонирхолтой нь, “Мон версус” ХХК, “Асгат ресорс” ХХК гэх хоёр компани нь Т.Аюурсайханы туслахаас ЧД-ийн төлөөлөгч, агентлагийн дарга болтлоо дэвшсэн Ишравжаагийн Даваадоржийн компаниуд бөгөөд Долоонжингийн Дэлгэрмаа нь түүний эхнэр, Ишравжаагийн Чанцалдулам нь түүний эгч ажээ. Зураг3. Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийн ХОМ

Эндээс бүх зүйл ойлгомжтой болж, Т.Аюурсайхан 2018 онд яагаад туслах Б.Отгонжаргалыгаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албан дарга болгож, нөгөө туслах И.Даваадоржийгоо дэргэдээ үлдээснийх нь зангилаа тайлагдаж байгаа юм. Б.Отгонжаргал нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д тендер зохион байгуулах ажилдаа гаршиж байх зуур, И.Даваадорж нь тендерт оролцох компаниудаа бэлджээ. Ингээд цаг нь ирж, 2020 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 8.9 тэрбум төгрөгийн барилгын ажлын тендер зарлагдах үед И.Даваадорж эхнэр, эгчийнхээ бизнесийн хамтрагч Г.Гантөмөрийн “цэвэр түүхтэй” “Лаки лайф” ХХК-ийг явуулжээ. Б.Отгонжаргал Худалдан авалтын албаны дарга болсон хэргээ гаргаж, “Лаки лайф” ХХК-д 8.9 тэрбумын ажлыг өгөх ёстой ч хуулийн дагуу заавал тендер зарлах журамтай. Тиймээс ёс төдий тендер зарлаад, тэгмэгцээ тендерээ цуцалж, “Сити палас” гэх компанийг цэвэрхэн “жийгээд”, дараа нь “Лаки лайф” ХХК-тай гэрээ байгуулж, зорилгоо биелүүлжээ. Товчхондоо, Т.Аюурсайханы хоёр туслах маш амжилттай гар нийлж буюу И.Даваадорж нь компаниа явуулж, Б.Отгонжаргал нь тендер будилаантуулах замаар, тухайн компанийг нь шалгаруулан гэрээ байгуулж, 8.9 тэрбум төгрөгийг өөрсдөдөө авах ажиллагааг тун амжилттай зохион байгуулжээ. Гэхдээ энэ бол Т.Аюурсайхан, Б.Отгонжаргал, И.Даваадорж гурвын “Эрдэнэс тавантолгой” ХК-иас авсан ердөө ганцхан тендер гэдгийг дахин сануулах нь зөв байх.
Т.АЮУРСАЙХАНЫ ТУСЛАХ, ЧД-ИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ХБХХЕГ-ЫН ДАРГА И.ДАВААДОРЖИЙН ХАМААРАЛ БҮХИЙ “ЛАКИ ЛАЙФ” ХХК АР ГҮНТЭД 69 ХАУС БҮХИЙ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХОТХОН БАРЬЖ БАЙНА
Т.Аюурсайхан, Б.Отгонжаргал, И.Даваадорж гурав “Лаки лайф” ХХК-иараа илүү томоор ашиглаж байгаа бас нэг ноцтой баримтыг танилцуулъя. “Лаки лайф” ХХК өмнө нь улсын төсвийн 1-2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй сургууль, цэцэрлэгийн тендерүүдэд л оролцож, хамгийн сүүлд Баянгол дүүрэгт нэг сургууль хэл амтай барьж дуусгаж байжээ. Харин 2020 онд 8.9 тэрбум төгрөгөөр “Эрдэнэс тавантолгой” ХК-тай Ажилчдын хотхоныг барьж эхэлснийхээ дөнгөж дараагаас Ар гүнтийн аманд хаус хотхон барьж эхэлжээ. Тодруулбал, “Лаки лайф” ХХК Ар гүнтийн аманд 69 айлын тансаг зэрэглэлийн “Ар гүнт вилла” гэх хотхон барьж байгаа ажээ. Эхний 34 хаус нь ашиглалд орж байгаа бол үлдсэн 34 хаусаа энэ оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар захиалгаа авч байгаа ажээ. Хаусууд нь 56-112 м2 талбайтай, нэг м2 нь 3.3 сая төгрөгийн үнэтэй юм байна. Дунджаар 90 м2 талбайтай, 69 ширхэг хаус гэж тооцвол зах зээлд 20.4 тэрбум төгрөгөөр зарагдана гэсэн үг юм.

Мөн Т.Аюурсайханы туслах И.Даваадорж нь “Мон версус” ХХК-ийнхаа нэр дээр Богдхан уулын Арцатын аманд 1.5 га газар авчээ. Магад, дараагийн тансаг зэрэглэлийн хаус хороолол тэнд сүндэрлэх биз ээ. https://ergelt.mn/news/43/single/29057?fbclid=IwAR17aUUqYDTJW392m8_A5jrQS1KrtsgSrjSH9TVPbix7viAR8RZV0TmMNms

Related Articles

Back to top button
error: Content is protected !!