Uncategorized

Хүний амьдралд янаг дэмий биш лдээ, улс төрд бол “янаг” сэтгэл гай ч болж мэднэ

Уг нь, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хэлсэндээ хүрдэг аваас тэдний шударга ёсны үнэлэмж нэг зарчимтай, тэрхүү зарчим нь Төрийн ордны гурван давхар, чуулганы танхим, гүйцэтгэх засаглал, намын цагаан байр, Хэнтийд ч ялгаагүй адилхан үйлчлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, ах дүүс, анд нөхөр, манай танай, нутаг ус, жалга дов гэсэн ангилалтай, алаг цоогтой байвал тэдний шударга ёсны тэмцэл тэгээд үлгэр болно гэсэн үг.
НЭГ.УИХ-ын дэд даргаар Ц.Даваасүрэнг томилох асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэхээр болсон нь түүний амыг таглах гэсэн арга заль болох нь нэн ойлгомжтой. Ц.Даваасүрэнгээ мэдэх юм болохоороо Ардын намынхан түрдээ “аргалж” байгаа ч байх. АН-ын бүлгийн гишүүн Д.Пүрэвдоржийн “албан тушаалыг нь өгөөд амыг нь таглачихаач” гэдэг оргүй зөвлөгөө биш байж. Ямар ч байсан засагт сайд болж чадаагүйдээ шаралхсан, хорссон алин болохыг мэдэхгүй ч Сангийн сайдыг онилсон түүний улс төр байгаа оносон бололтой, давхар дээл нөмрөх нь цаг хугацааны асуудал болов.
Гэхдээ Ц.Даваасүрэнг УИХ-ын дэд даргаар томиллоо гээд тэр шантаажаа зогсооно гэсэн үг биш. Ашиг сонирхол нь ахиад зөрчигдвөл намаа, засгаа “сүрдүүлэх” нь түүний мэргэшсэн, гаршсан ажил нь. Тэгээд ч Ц.Даваасүрэнд “Алсын газраас тоос татуулан ирэх туурай нь, алтан улиасыг нь хуга мөргөх эвэр” нь хаана байна. Айлгасан, сүрдүүлсэн, шантаажилсан болгоны амыг албан тушаалаар “хаагаад” байх юм бол Ардын намынхны “ядарсныг хамгаалж, задарсныг засаглах” талаар болох биз. Тэр тусмаа шантаажчдаа засаглаж чадахгүй аваас анд нөхдийнхөө авлигатай тэмцэж дийлэхгүй.ХОЁР.
Ёс зүйн код Л.Оюун-Эрдэнийн танхимд нэг зарчмаар үйлчилдэг бол Д.Сарангэрэлийн адил сайдын суудлаасаа огцрох хүн нэгээр тогтохгүй бий. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хэлсэн “Цэргүүд өөрсдөө амиа хорлох нь нь их байна” гэх үг эгдүүцэл төрмөөр, эрх мэдэлтэй нь хариуцлага тооцмоор үг мөн. Эмэгтэй хүний үг, үйлдэл илүү тод харагддаг нийгэм болохоор Д.Сарангэрэл, Б.Болор-Эрдэнэ нарыг олон нийт боорлож, реакцилж байгаа болохоос эрчүүдийн хувьд энэнээс илүү амны алдаа гаргах нь элбэг. Энд манай нийгэм өөрөө ч буруутай. Улс төр нь эмэгтэйчүүдэд илүү харшилтай.
Нөгөөтэйгүүр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмнө хэлсэнчлэн “Д.Сарангэрэлийн үг Үндсэн хууль зөрчиж, иргэдээ нийгмийн гарал, амьдралын мөн чанар, ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхсан үйлдэл” мөн бол энэ шаардлага нэг зарчимтай үйлчлэх ёстой. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн танхимд хоёр өөр зарчим, хоёр өөр “стандарт” үйлчилж болохгүй гэсэн үг. Д.Сарангэрэл, Г.Сайханбаяр, Б.Болор-Эрдэнэ нарт Д.Амарбаясгалангийн ярьдаг зарчим гурван өөрөөр үйлчлэх юм бол Ардын нам анд нөхдийнхөө хулгай, луйвартай адилхан тэмцэж чадахгүй.Дашрамд, Б.Болор-Эрдэнэ худлаа ч юм хэлээгүй. Төрийн албаны дунд, доод шатны хүнд сурталын тухай л ярьсан байна лээ. Үүнийг нь МАН-ынхан өлгөж аваад сэвсэн хэрэг. Өнөөдрийн МАН-д уурласан дайснаас инээсэн нөхөр илүү аюултай болсон цаг.ГУРАВ.
Хүний амьдралд янаг дэмий биш лдээ, улс төрд бол “янаг” сэтгэл гай ч болж мэднэ. Үндсэндээ, сүүлийн үеийн засгийн томилгоог харахад У.Хүрэлсүх МАН-аас явсан ч МАН түүнээс яваагүй болох нь нэн ойлгомжтой байна. Хэнтийнх тэр тусмаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ойр дотно “бор халзан” хонь ч албан тушаалд очихоор байгаа нь бараг бичигдээгүй хууль шахуу болчихлоо.Хэн ч төрсөн нутаг, төгссөн сургууль, аав, ээж, анд нөхдөө гэх нь хүний ёс. Гэхдээ хүний ёсноос чухал нь төрийн ёс. Тэр нь хэн ч байсан, Хэнтийнх байлаа ч төрийн ёсоо сахих ёстой. Төрийн ёс гэдэг нь товчхоноо хууль, дүрмээ сахих тухай яриа юм.
Өнөөдөр Хэнтийнхэн Монголын төрд “ногоон гэрлээр” дээшээ өгсдөг, лифтэнд суугаалд албан тушаалд хүрдэг нь хэвийн үзэгдэл болчихсон. Аргаа барсандаа иргэд “Хэнтийн нохой байсан ч болоосой” гэж шоолж, халаглаж сууна. Овоо босгоогүй бол шагшрах шаазгай гарахгүй байсан.Жишээ нь, өнөөдрийн хууль, хүчний удирдлагуудын дийлэнх нь Хэнтийн угшигтай. Харамсалтай нь ингэх тусмаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын амалдаг, ярьдаг шударга ёс үнэ цэнэгүй, үнэлэмжгүй болно. Шударга үнэн гэгч өөрөө хог болно. Хэн хаана төрсөн, төгссөнөөр нь төр нь ялгаварлан гадуурхах юм бол иргэд нь хэндээ хандах юм бэ. Дээрээ жалга довоороо ялгархаж, нутгарах юм бол доодох жагал довны хэрүүл тэмцэл дуусахгүй. Ийм ч учраас хүний хаана төрсөн, хаана төгссөнөөр нь ялгаварлахыг Үндсэн хууль хүртэл хориглоод өгчихсөн шүү дээ. Үндсэн хуулийн дээр Хэнтийнхэн байна гээд хар дээр цагаанаар бичээд хадчихаагүй л бол Монголын төрд хүн ёсны хэм хэмжээнээс ёс зүйн хэм хэмжээ нэгд тавигдах учиртай юм.Тиймээс улс төрд хол явъя гэвэл ураг төрлөөсөө хол бай. Тэр тусмаа том зорилготой, том амбицтай яваа бол явцуухан бодлоосоо, ядаж жалга үзлээсээ салах хэрэгтэй. Учир нь, Монголын төрд хоёр нүүр, хоёр ам, хоёр зарчим байх ёсгүй. Товчхондоо бол, улс төрд хамгийн хэрэггүй зүйл нь “янаг сэтгэл” гэгч болчхоод байна.

https://news.mn/r/2602478/

Related Articles

Back to top button
error: Content is protected !!