Uncategorized

ЦУС ОЙРТОЛТ: “Бид нэг аав, ээжээс төрсөн ч гэрлэж, хоёр хүүхэд төрүүлсэн”

Монголчуудын дундах цус ойртолтын коэффициент дунджаар 0.0652 байна. Энэ нь монгол хүн бүр хоорондоо 6.52 хувиар цус ойртсон гэсэн үг бөгөөд энэ хэмжээ дөрөвдүгээр үеийн ах дүүс хоорондоо гэрлэхэд илэрхийлэгдэх тоо юм. Ойрын болон албаны эх сурвалжаас цуглуулсан, Монгол орон дахь цус ойртолттой холбоотой дараах кэйсүүдийг танилцуулъя. Кейс нэг: Тэд сумын хос. Бүгд тэр хоёрын үнэнийг мэднэ, өөрсдөө ч нууж хаахгүй. Юу гэвэл, тэд ах, дүүс. Нэг эцэг, эхийн хоёр хүүхэд мөртлөө хоорондоо гэрлэсэн. Тэднийг багад аав, ээж хоёр нь салаад, 2-3 жилийн дараа эргэн нийлж байжээ. Өөрөөр хэлбэл төөрч, төөрөлдөхөөр удаан хугацаанд хол өсөөгүй, биесээ мэдэлцэж, хамт амьдарч том болсон. Гэвч гэр бүл болох шийдвэр гаргахад аав, ээж нь ч, хамаатан садан, найз нөхөд нь ч эсэргүүцээгүй байна. Энэ бол бодит кейс. Том хүү нь ээрүү, гацаа яриатай бол бага хүүгийнх нь хоёр нүд солир аж. Айхавтар хүнд оюуны хомстол, эрхтэн тогтолцооны согог илрээгүй тул тэд тайвширсан байж мэднэ. Гэвч энэ ойртсон цус түүний дараагийн төрөлд бүр хүндээр илрэх магадлалтай. Мэдсээр байж нэг эцэг, эхийн ах дүүс хоорондоо гэрлэчихсэн гэхэд нэг л итгэмгүй. Гэвч сумдад “Та хоёр эцэг нэгтэй болж таарах вий дээ”, “Энэ хоёр тэр гуайн хүүхдүүд шүү дээ” гэсэн яриа элбэг, хүмүүс ч үүнд хэдий нь дассан байдлаар ханддагийг тэндэх нэгэн эх сурвалж өгүүллээ.Кейс хоёр: Охин хүнтэй үерхэж эхэлснээ ээждээ ярих болоод уджээ. Гэвч яг нүүр тулан уулзах гэхээр цааргалж, дөлөөд байсан гэх. Харин охин бие давхар болж, төрөх дөхлөө. Ингээд бэр гуйхаар хүргэний талынхан ирэхэд, охин эцэг нэгт ахтайгаа суух гэж байсан нь ил болсон байна. Ээж нь дэмий л “Охиноо өгөхгүй” гэж уйлан хайлсан тухайгаа ярьж байжээ. Бид Анагаах ухааны доктор, хүн судлаач Э.Энхмаатай энэ асуудлаар ярилцсан юм. Тэрбээр “Бид генийнхээ 50 хувийг ааваас, 50 хувийг ээжээсээ авч төрдөг. Харин аав, ээж хоёрт тодорхой ижил ген байгаа тохиолдолд, тэр ижилслийг хүүхэд авч төрөх магадлал өндөр. Ингэсэн тохиолдол цус ойртолтоос үүдсэн оюуны хомсдол, бие эрхтний гаж хөгжилтэй хүүхэд төрнө. Заримдаа азаар ч гэх юм уу, хүүхэд аав, ээжийнхээ тэр ижил генийг цугт нь авалгүй төрөх нь бий. Энэ үед хүүхэд эрүүл, саруул төрдөг ч асуудлыг нуугдмал хэмжээнд гендээ тээдэг гэж болно. Түүний хүүхдэд энэ нуугдмал ген илрэх магадлалтай” хэмээж байв.Кейс гурав: Их сургуульд хамт суралцдаг хос. Тэд нэлээд удаан үерхэж, дотно харилцаанд ч оржээ. Харин хурим хийхийнхээ өмнө тэд хоёр талынхаа ах дүүсийг бүртгэж, ярилцтал дөрөв дэх үеийн ах дүүс болж таарчээ. Үүнийгээ мэдсэн хосууд мэргэжлийн хүнээс “Бид бие биедээ хайртай. Суучхаж болдоггүй юм уу?” гэж асуухад, “Үүнийг шийддэг нь би биш. Хүүхэд тань оюуны хомсдолтой, шүлс нь гоождог төрчихвөл та хоёр жаргах уу?” гэж асуужээ. Монголчууд гайхалтай ч гэмээр нь “Есөн үеийн ах дүүсээ мэд” гэж захидаг, ингэж ургийн бичиг хөтөлдөг байсан ард түмэн. Гэтэл есөн үеэс дээш болоод ирэхээр цус ойртолтын коэффициент 0 рүү улам дөхөж, бараг цусан төрлийн холбоогүй болдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин үе доошлох тусам тус коэффициент нэмэгдэнэ. Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын сүүлийн 40 жил хийсэн судалгаагаар, Монголын хэмжээнд эл коэффициент 0.023-0.11 хооронд хэлзэлздэг байна. Энэ бол генийнхээ 2-10 хувьд нь цусан төрлийн холбоотой байна гэсэн үг. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа аж. Судалгаа хийж үзэхэд, монголчуудад хамгийн дийлэнх илэрч буй цус ойртолтын хэлбэр нь 3-4-р үеийн ах дүүс болдогт байна. Тодруулбал, Бат эсвэл Доржийн аав, ээжийг нэгдүгээр үе гэж тооцно. Харин аавынх нь аав ээж, нэмээд ээжийнх нь аав, ээж гэсэн дөрвөн хүнийг хоёрдугаар үе гэх юм. Тэгвэл, гуравдугаар үед энэ дөрвөн хүний тус бүрийнх нь аав, ээж гэхээр нийт найман хүн болно. Дөрөвдүгээр үед 16, тавдугаар үед 32 хүний адаглаад нэр, нутаглаж байсан газар орныг мэдэх хэрэгтэй болдог. Ингээд тооцохоор, есөн үе хүртэлх нийт хүний тоо 1000 гарчихдаг байна.Кейс дөрөв: Нэг сэхээтэн эр генетикч эрдэмтэнтэй хуучилж суухдаа нэг зүйлийг чухам аминчлан захисан байна. Тэр “Би эхнэртэйгээ хамаатан гэдгээ бүр сүүлд мэдсэн. Хүүхдүүдээ гаднаас нь харахад эрүүл л дээ. Хэвийн. Гэхдээ л амьдралаа авч явж байгаа байдал нь бид хоёроос шал өөр. Сэтгэлгээний хурд удаан. Бие бялдрын дорой хөгжилтэй. Цус ойртолт гэж айхавтар зүйл байдаг юм байна. Үүнийг олон түмэнд сануулж, сэрэмжлүүлж байгаарай” гэж хэлжээ. Дээр хэлсэнчлэн, Монгол Улсын хэмжээн дэх цус ойртолтын коэффициент 0.022-0.11 хооронд хэлбэлзэж байна гэхээр, дунджаар 0.0652 болно. Энийг бодит амьдрал дээр буулгаж ойлговол, монгол хүн бүр хоорондоо 6.52 хувиар ижил гентэй буюу цус ойртсон байна гэсэн үг. Энэ судалгааг Монгол хүн бүрийн генийг шинжилж хийгээгүй. Харин тодорхой тооны генийн тархцыг статистикийн аргаар, аймаг, сум бүр дээр цуглуулсан 40 жилийн дата анализ юм байна. Тэгвэл хамгийн өндөр цус ойртсон аймаг өдгөө Говь-Алтай болжээ. Тэнд мөнөөх коэффициент 0.11 орчим байна. Дараа нь Дорноговь, Баян-Өлгий, Дорнод, Завхан, Өмнөговь зэрэг аймгууд жагсана. Харин хамгийн бага цус ойртсон нь Увс, энд коэффициент 0.02 байна. Ингээд харахаар дээр хэлсэнчлэн цус ойртоогүй аймаг гэсэн ойлголт манай оронд байхгүй бөгөөд сум ч байхгүй гэдгийг Др. Э.Энхмаа онцолсон юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!