Uncategorized

ААВДАА МАШИН БЭЛЭГЛЭСЭН ЗАЛУУ: “Өр тавиагүй, хуримтлуулж авсан” гэхэд сэтгэл нь уужирсан

Аавдаа машин бэлэглэсэн өдөр төрсөн өдөр нь биш юм. Аавын төрсөн өдөр аравдугаар сарын 1-нд болдог. Шинэ оны эхэнд аавыгаа баярлуулъя гэж бодсон. Хүмүүс үүнийг нь ташаа ойлгосон байна билээ” хэмээх түүнийг Гантулгын Чинзориг гэдэг. Цахим ертөнцөд “Аавдаа Ланд 200 машин бэлэглэсэн залуу” гэдгээр танигдсан түүнтэй уулзаж, ярилцлаа. -“ӨР ТАВИАГҮЙ ЭЭ. ХУРААСАН БЭЛЭН МӨНГӨӨРӨӨ МАШИН АВСАН” ГЭХЭД ААВЫН СЭТГЭЛ УУЖИРСАН- -Хүн бүр ижий аавынхаа ачийг хариулах тухай ярьдаг ч, амьд ахуй үед нь амжиж баярлуулах нь цөөн байдаг. Аавдаа автомашин бэлэглэсэн үйлдэл тань олон залууст үлгэр дууриалал боллоо шүү дээ. Ярилцлагын өмнөтгөлд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач? -Намайг Гантулгын Чинзориг гэдэг. Би 1994 оны наймдугаар сарын 25-нд Увс аймгийн Улаангом суманд айлын ууган хүү болж мэндэлсэн. Гурван дүүтэй. Хил хамгаалах байгууллагад тасралтгүй 11 жил ажилласан байна. Гардан тулаан, биеийн тамир хариуцсан офицер. Сонирхлоороо мэргэжлийн тулаан, холимог тулаан хийдэг. Мэргэжлийн багш, дасгалжуулагч. Ажлын бус цагаар буюу ажлаа тарсны дараа хүмүүст цагаар хичээл заадаг. Мөн хувиараа бизнес эрхэлдэг. Тийм л хүн дээ. Түүнээс өөрөөр улс төрийн нөлөө бүхий ажил хийдэггүй. -Машин авах, бэлэглэх үеэ бичсэн нь олон залууст хүрлээ. Бичлэг хийх үеийн дурсамжаас хуваалцах уу? -Машин авах явцад найз минь “Дурсамжтай байна” гээд бичлэг хийсэн. Би ч тухайн үедээ нэг их тоогоогүй юм. Гэтэл маш гоё бичлэг болгоод маргааш нь цахим ертөнцөд тавьсан байсан. Унтаад босоод ирэхэд маргааш өглөө нь нэлээн олон сайтаас ярилцлага авахаар надтай холбогдсон. Уг бичлэг нь өөрөө гоё гэгээлэг учир надад гоё мэдрэмж төрсөн гэх үү дээ. -Аав нь хэмжээлшгүй ихээр баярласан байх. Тэр үеийн сэтгэгдлээс нь хуваалцаач? -Бичлэг үзсэн бол анзаарсан болов уу. Аав минь сэтгэл хөдлөл багатай хүн л дээ. Дотроо их баярласан ч, илэрхийлэхдээ муу. Машинаа өгсний дараа надаас “Банкнаас их хэмжээний зээл аваад өр ширэнд ороогүй биз дээ. Яаж авав” хэмээн зовнонгуй асуусан. “Өр тавиагүй ээ. Хураасан бэлэн мөнгөөрөө машин авсан” гэхэд аавын сэтгэл уужирсан харагдсан.Хүмүүсийн хандлага ямар байсан бэ? -Би яг энэ талаар ярья гэж бодсон юм. Хүмүүсийн хар, цагаан сүлэлдсэн байна. Зарим нь энэ ямар “Баярхчихсан юм бэ” гэхэд нөгөө хэсэг нь “Аав, ээждээ ачлалтай мундаг хүү байна” гэхчлэн янз бүрээр л бичиж байна. Хүн бүр л сайхан амьдрахын төлөө явдаг шүү дээ. -Цахимд бичигдсэн сөрөг сэтгэгдэлд эмзэглэв үү? -Эмзэглээгүй ээ. Цахим ертөнц хөгжөөд их удаж байна шүү дээ. Тиймээс дасан зохицсон. Хүмүүсийн сөрөг сэтгэгдлийг зөндөө л харж байлаа. Тоогоогүй ээ. Ийм том зүйл болно, төдий хэрээр хүмүүст хүрнэ гэж бодсонгүй. -ДОЛООН ЖИЛ АМРАХ ЗАВГҮЙ АЖИЛЛАЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ МАШИН АВСАН УЧИР ХҮМҮҮС ЗӨВӨӨР ОЙЛГООСОЙ- -Төрийн албан хаагчийн цалингаар аавдаа үнэтэй машин авч өгөх боломжгүй гэх иргэд байна? -Би мөнгөө  100 хувь төлөөд авсан. Ямар нэг зээл тавьж, эсвэл хүн луйвардаагүй. Ямар нэгэн луйвар хийгээд эсвэл улс төрийн нөлөөт ажил хийж хэдэн зуун сая төгрөг олоод, түүгээрээ машин авсан бол өөр хэрэг. Долоон жил амрах завгүй ажиллаж, нэг ажлаас нөгөө рүү гүйж, хөдөлмөрлөөд цуглуулсан мөнгөөрөө машин авсан учир хүмүүс зөвөөр ойлгоосой гэж хүсэх байна.Машин авах чадамжийн хувьд хүмүүс бас гайхаад байх шиг. Миний хувьд архи дарс хэрэглэж, тамхи татдаггүй. Завгүй ажилладаг учир гадуур дотуур хүмүүстэй уулзаад, мөнгө үрээд явдаггүй. Тэгэхээр мөнгө үрэгдэх шаардлагагүй байдаг. Хувиараа бизнес хийдэг учир түүнээсээ мөнгө олдог. Түүнээс цор ганц төрийн албаны цалингаар ийм машин авахгүй шүү дээ. Орлогоо баланслаад харсан л даа. Хувийн бизнес, төрийн албанаас сард хэдэн төгрөг орж ирдгээ харахад, төрийн албанаас долоон жилийн хугацаанд 50 гаруй сая төгрөг цугларсан байсан. -Тэгэхээр таны хувьд санхүүгийн зохион байгуулалт сайтай юм байна? -Тийм ээ. Би өөрийгөө санхүүгийн зохион байгуулалт сайтай л гэж боддог. Сүүлийн үеийн залуус ч мөн их мундаг болсон санагдсан. Би аавынхаа машиныг “Мөнххада” компаниас авсан. Тэгэхэд худалдааны зөвлөхөөс эхлүүлээд манай үеийн залуус мундаг болсон нь ажиглагдсан. -Санхүүгээ хэрхэн зохицуулдаг талаараа залуустаа зөвлөөч? -Би нэг их мундаг хүн биш шүү дээ. Ерөнхийдөө хувьдаа бодож явдаг зүйлээ хэлье. Санхүүгээ зөв зохицуулаад, жаахан л хичээчихвэл болно байх. Хичээгээд зорьсон зүйлс бүтдэг шүү дээ. Архи ууж, тамхи татахгүй, муу зуршлаа тэвчиж сурснаар их зүйлийг хэмнэж болдгийг ойлгосон. Архи уугаад эрүүл бус сэтгээд ирэхээрээ хүмүүс хураасан мөнгөө ихээр үрэх эрсдэлтэй. Тамхи ч ялгаагүй. Өдөр бүр мөнгө хаяж байгаагаас өөрцгүй.Спорттой ойр байсан учир муу зуршлаас өөрийгөө татаж чадсан уу? -Ний нуугүй хэлэхэд би өмнө муу зуршилтай байсан. Одоо бол архи дарснаас холдсон. Тамхи татдаггүй. Мэргэжлийн тамирчин болсноос хойш өөрчлөгдсөн. Намайг анх спортын замналд хөтөлсөн хүн аав минь. Би бичлэг дээрээ ч ярьсан. Багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан л даа. Хэл ам татлаад эхлэхэд аав минь намайг спортын төв ордонд бөхийн дугуйланд оруулсан. Тэгэхэд найман настай л байсан байх. Үргэлжлүүлээд боксын дугуйланд явж эхэлсэн. Түүнээс хойш мэргэжлийн холимог тулааны тамирчин болсон доо. Хил хамгаалах байгууллагад ч мөн аав болон аавын дүү н.Лхасүрэн нар оруулж байсан. Энэ хоёр хүнд их баярлаж явдаг. Миний хувийн зохион байгуулалт гээд бүхий л зүйл цэргийн байгууллагатай амьдралаа холбосонтой салшгүй холбоотой. Аав минь надтай сайн ярилцдаг байсан. Зөвхөн аав гэлтгүй ээж минь мундаг хүн шүү дээ. Миний найз шиг л байдаг юм.Эцэг, эхийнхээ тухай танилцуулаач? -Манай аавыг Лувсаншаравын Гантулга, ээжийг Тувааны Болорзаяа гэдэг. Аав Увс аймгийн Улаангом хотод, ээж минь Увс аймгийн Өндөрхаан суманд төрж, өссөн. Анх 1998 онд Улаанбаатар хотод ирээд наймаа хийж эхэлсэн. Би тухайн үед жаахан хүүхэд байсан ч, бүдэг бадаг санадаг юм. Дэнжийн 1000-д байрладаг байсан Нарантуул зах одоогийн байршилдаа нүүж ирсэн үеэс эхлээд наймаа хийсэн гэхээр эцэг эх минь зах дээр тасралгүй 24 жил ажилласан байна. Нарантуул захад наймаа хийдэг хүмүүсийг мэднэ шүү дээ. Гадаа байдаг учир халуунд халж, хүйтэнд хөрөх зэргээр хүнд нөхцөлд ажилладаг. Манайх тухайн үед 100 айлд амьдардаг байлаа. Аав, ээж гэрээсээ гараад нэгдүгээр хорооллын Материал импекс орж, тухайн өдөр борлуулах бараагаа аваад Нарантуул зах ордог байсан. Өдөр наймаагаа хийгээд орой нь 100 айл дахь гэртээ ирдэг байлаа. Тэр л маршрутаар 24 жил явсан байдаг юм. Аав ээж хоёр минь ийн явахдаа автобусны мөнгөө хэмнээд алхдаг байснаа ярьдгийг бүдэг бадаг санагдаг. -Шинэ автомашин бэлэглэхээс өмнө аав нь автомашин унадаг байсан уу? -Аав минь Ланд Крузер 80 автомашин унадаг байсан. Тухайн машинаа 2007 онд авч байсан. Бараг 20 орчим жил унасан байх шүү.НАРАНТУУЛ ЗАХАД НАЙМАА ХИЙЖ ЭХЛЭХДЭЭ ААВ, ЭЭЖ ХОЁР АВТОБУСНЫ МӨНГӨӨ ХЭМНЭЭД БАРААГАА ҮҮРЭЭД АЛХДАГ БАЙСАН- -Тиймээс аавынхаа машиныг шинэчлээд өгье л гэж бодсон байх нь? -Тийм ээ. Шинэ машин авч өгье гэж бодсон. Аав ээж минь өөрсдөө туйлын хөдөлмөрч хүмүүс. Насаараа хөдөлмөрлөж биднийг өмсөх зүүхээр дутаалгүй, хүний дайтай өсгөсөн. Тиймээс аав ээжийгээ амьд ахуйд нь ачийг нь бага ч болов хариулъя л гэж бодсон. -Багадаа наймаа хийхэд нь аав ээждээ тусалдаг байв уу? -Тэгэлгүй яах вэ. 12 билүү 13 наснаасаа Нарантуул захад наймаа хийдэг болсон. Барааг нь гаргаж, дэлгэж өгнө. Орой буухад нь хурааж буулгаж өгөөд явдаг байлаа. Манай аав, ээж хоёр дөнгөж наймаа хийж эхлэхдээ бараагаа аваад хол алхдаг байсныг тод санадаг. “Хэмнэсэн мөнгөөрөө хүүхдүүддээ талх, молрко авч өгье” л гэж боддог байсан юм. Хүүхэд байхаасаа л “Том болоод аав ээжийнхээ ачийг хариулна даа” гэж их бодож ирсэн дээ. -Дараагийн удаа ээжийгээ баярлуулахаар төлөвлөсөн болов уу? -Тийм ээ. Ээжид бодсон зүйл бий. Ойрын хэсэг хугацаанд амжихгүй байх. Тодорхой хугацаа өнгөрсний дараа зорилгоо биелүүлнэ ээ. -Тэгвэл дараагийн гэнэтийн бэлгээр нь эргэн уулзахын ерөөл дэвшүүлээд яриагаа өндөрлөе. Бидэнтэй ярилцсанд баярлалаа. -Та бүхэнд ч мөн бидний баяр жаргалыг хуваалцсанд их баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!