Uncategorized

​Б.Мөнхзаяа: Монголбанк нь улс төрөөс, Монгол Улс нь БНХАУ-аас хараат болчихоод байна

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяатай Монголбанкны хараат бус байдлын талаар ярилцлаа. -Та Төв банкны хараат бус байдлын талаар сүүлийн хоёр сарын хугацаанд судалгаа хийсэн байсан. Үр дүнгээс нь танилцуулбал? -Төв банкны хараат бус байдлын талаар өмнө нь олон судалгаа хийгдсэн. Энэ судалгаагаар Төв банкны хараат бус байдал 50-60 хувь байсан бол 2018 оны хуулийн өөрчлөлтөөр харьцангуй сайжирсан гэсэн дүгнэлтүүд байсан. Харин би судалгаагаа санхүүгийн тогтвортой байдлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай асуудлуудад хараат бус байдал хэр байгаа вэ дүгнэхийг зорьсон. Харвардын судлаач Balls.E, Howat.J, Stansbury.A нарын судалгаанд улс төрийн хараат бус байдал, үйл ажиллагааны хараат бус байдлыг авч үзсэн байдаг. Нийтлэг дүгнэлтээр хөгжингүй улс орнуудад үйл ажиллагааны хараат бус байдал нэг их өөрчлөгдөөгүй, харин улс төрийн хараат бус байдал суларсан байна. Мөн хөгжиж буй манайх шиг орнуудад энэ хоёр шалгуур хоёулаа суларсан үзүүлэлттэй байна. Судалгааныхаа хүрээнд энэ хоёр шалгуур үзүүлэлтийг Монголдоо үнэлж үзэхэд, улс төрийн хараат бус байдал нь долоон үзүүлэлтээс гурвыг нь хангаж байна. Үйл ажиллагааны хараат бус байдал нь зургаан үзүүлэлтээс мөн гурвыг нь хангаж байна. Үүнийг шууд 42 хувь, 50 хувь гэж хэлэхэд хангалтгүй.Гэхдээ энэ хоёр шалгуурыг харьцуулаад үзэхэд, Төв банкны улс төрөөс хараат байдал нь давамгай байна гэж дүгнэсэн. Тухайлбал, Төв банкны удирдлагыг таваас дээш жилээр томилдог боловч гүйцэтгэл хангалтгүй, дунджаар 3.5 жил л удирдаж байна. Томилгоог нь харвал засаг барьж буй нам солигдоход Төв банкны Ерөнхийлөгч солигддог гэхэд буруудахгүй. Улс төрийн намууд, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилготой байдаг. Төв банк бол ямар нам гарснаас үл шалтгаалж, бодлогоо аваад явах ёстой. Хүн солигдоод байна гэдэг нь үүний цаана бодлого солигдож байна гэсэн үг. Эхний бодлогын шийдвэрийн үр дүн гараагүй байхад дараагийн шинэ бодлого эхлэхээр нийт эдийн засагтаа буух хүртээмж нь суларч байна. Жишээлбэл, 2012 онд АН засаг барьж байхад мөрийн хөтөлбөрт нь орон сууцжуулах ажил суусан байсан. Тиймээс Төв банкнаас ипотекийн зээл буюу бага хүүтэй зээлийг гаргасан. Тухайн үед бодлогын хүү 15 хувьтай байсан. Гэтэл бодлогын хүүнээс долоон нэгж хувиар доогуур хүү зах зээл дээр байх боломжгүй шүү дээ. Бусад улс оронд орон сууцны зээлийн хүү бага байдаг ч бодлогын хүүгээсээ бага зэрэг л доогуур байдаг. Энэ долоон хувийн зөрүүг сүүлд Аудитын ерөнхий газраас Төв банкны алдагдал гэж үзсэн байдаг.“Ковид 19”-ийн хуулийн хүрээнд Төв банк Засгийн газрын агентлаг шиг ажиллаж байна гэсэн шүүмжлэл гарах боллоо. Та үүнд ямар байр суурьтай байна вэ? -Зөвхөн Монгол Улсын хувьд гэлтгүй дэлхийн улс орнуудад гарч ирж буй сорилт нь цар тахалтай холбоотой тусгай хөтөлбөрүүд юм. Онолын хувьд хямралын бодлого гэж нэрлэдэг. Нэгдүгээрт, манай улс хямралын үеийн бодлогогүй байжээ. Цар тахал нүүр тулаад ирэхэд тодорхойгүй байдлууд үүссэн. Судалгааны асуулгаас харахад, хямралын үеийн төлөвлөгөөтэй байх ёстой, үүниг Засгийн газраас илүү манлайлж ажилладаг байх ёстой. Төв банк үүнд оролцохдоо зарим хэтэрхий их мөнгөний бодлоготой зөрчилдөж байгаа шийдвэрүүдэд хязгаарлалт хийх эрх мэдэлтэй байх ёстой юм. Манай улсын хувьд Төв банкнаас хийж буй бодлогын арга хэмжээнүүд дээр ямар нэг хязгаарлалт хийх боломжгүй. Хуулиараа Төв банк Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авч болно, зээл олгож болно гэсэн байгаа. Гэхдээ түр хугацаанд. Мөн олон улсын судалгаанд Төв банк өөрөө хүүгээ тогтоох эрх мэдлийг авч үздэг. Засгийн газар зээл авахад хөнгөлөлттэй нөхцөлөөр авдаг уу, зах зээлийн хүүгээр авдаг уу. Хэрвээ Төв банкинд зээлийн хүүгээ тогтоох эрх мэдэл байхгүй бол хараат байдалд нь шууд нөлөөлнө.Ийм байдлаар Төв банкны хийж буй үйл ажиллагаанд Засгийн газраас, улс төрөөс шууд нөлөөлөх нөлөө байна. Төсвийг харахад сангийн бодлого нэлээд тэлэхээр харагдаж байна. Сүүлийн гурван жилийн үзүүлэлтийг харахад, өмнөх жилээсээ алдагдал дандаа хоёр дахин өссөн байна. Гэтэл сангийн тэлэх бодлого нь мөнгөнийн нийлүүлэлтийг өсгөх, эрэлт, инфляц нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Төв банкны хараат бус байдалд улс төрөөс үзүүлж буй нөлөөг шууд болон шууд бус гэж хэлж болно. Шууд нөлөө нь удирдлагыг солих, хөнгөлөлттэй зээл олгохыг шаардах, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө санхүүжилтийг олгохыг шаардах, мөнгө хэвлэхийг шаардах гэх мэт. Шууд бус нөлөө нь Засгийн газраас хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын арга хэмжээгээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэх, тэр нь эргээд инфляцыг өдөөх, нөлөөлөх зэрэг дам нөлөө байгаа. -“Ковид 19”-ийн үед Төв банк бодлогын хүүг бууруулах, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүллээ. Хэр үр дүнтэй байсан гэж бодож байна вэ? -Тухайлсан үнэлгээ хийж үзээгүй. Монголбанкийг бусад улс орнуудын Төв банкнтай адил үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн гэж бодож байна. Эдийн засаг зогсонги болсон үед өрийг хойшлуулах нь зүй ёсны асуудал. Гэхдээ өр хойшлуулаад систем дэх чанаргүй зээлийн дүн бага харагдаж байгаа болохоос бодитоор хүлээж буй алдагдлаа тооцож чадахгүй.Ер нь Төв банкнаас орон сууцны зээл, хөнгөлөлттэй зээл рүү тэр бүр оролцмооргүй байна. Энэ нь аль нэг талдаа давуу байдлыг үүсгэдэг. Эдийн засгийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг ч ямар үр дүн гарсныг хянах хяналт сул. -Ипотекийн зээлийг хойшлуулсан нь банкны системд хэрхэн нөлөөлөх вэ?-Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлснээс хойш үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөс үүссэн. Одоо тэр хөөс намжаад зах зээлийнхээ гольдрол руу шилжиж байна. Оны эхний хагасын байдлаар орон сууцны үнэ 14 хувиар өссөн. Дахиад орон сууцны үнэ хөөсрөх эрсдэл байна. Хэдий хөнгөлөлттэй зээлээр байраа авч байгаа ч гэсэн өмнө нь хямд авч болох байсан байрыг илүү өндөр үнээр худалдан авах эрсдэл үүссэн.Орон сууцны үнэ тогтвортой байх үед хөнгөлөлттэй зээл олгох нь зүйтэй. Харин одоогийнх шиг өсөж байгаа үед олгох нь хөөс үүсгэх эрсдэлтэй. Энэ төслийг хэрэгжүүлэх нь иргэдийн хувьд ач холбогдолтой ч хэзээ хэрэгжүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хямрал гэдэг нь товчхондоо мөнгөний хомсдолд орох. Хямарч байгаа учраас иргэд мөнгөгүй болж, юмны үнэ бууна гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл энэ бүгд эсрэгээрээ эргэсэн нь хүмүүс мөнгөтэй байгааг харуулж байна. Тэгэхээр одоогийн хямрал бол мөнгөний хомсдолд орсон биш нийлүүлэлтийн хомсдол байсан байна. Энэ нь бид дотооддоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чаддаггүй, хил хаагдахад хүнсний бүтээгдэхүүний бүрэн авч хэрэглэж чадахгүйд хүрлээ. Жижиг, дунд аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоолоо. Түүхий эд тасрахад жижиг дунд үйлдвэрүүд зогсож байна гэдэг нь манайл ЖДҮ хөгжөөгүй, өөр бодлого хэрэгтэйг харуулж байна. -Монголбанкнаас инфляцыг нийлүүлэлтийг шинжтэй гээд байгаа шүү дээ. Одоогийн нөхцөл байдалд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? -Богино хугацаандаа Засгийн газар Гадаад харилцааны яамаар дамжуулан хилээ нээхэд анхаарах хэрэгтэй байна. Дунд, урт хугацаандаа бусад улсаас хараат бус амьдрах вэ гэдэгт анхаарах цаг болсон. Монгол Улс нь ч, Монголбанк нь ч хараат байна шүү дээ. Үүний цаана үндэсний аюулгүй байдал яригдана. -Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!