Uncategorized

Хоосон хашааг хаус болгосон хос

Хүн бүр орон сууцанд амьдрахыг илүүд үзэх болсон энэ үед Э.Аръяагийн гэр бүл, гэр хороололд тохилог сайхан амьдарч байна. Дархан хотод амьдардаг тэдний гэр бүл 35 сая төгрөгөөр өөрсдийн тансаг байшингаа бариад нэг жил өнгөрчээ. Өрхийн тэргүүн Э.Аръяа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг бол эхнэр Ц.Туул маркетингийн менежер хийдэг.Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн тэднийх хашааны гаднаасаа эхлээд өнгөлөг. Тэдний хашаа бусад айлуудтай л ижил 0.05 га талбайтай ч хашааны гадна хаалга, тоглоомын талбай зэргээс эхлээд хичнээн хөдөлмөрч эзэнтэй болохыг нь харуулна.Энэ тухай Э.Аръяа ярихдаа “Сэтгэл байвал бага мөнгөөр их зүйл хийж болдог. Хүн ер нь залхуурдаггүй л байх хэрэгтэй. Дандаа бэлэнчилж, бусдын гар харах хэрэггүй. Хүн сэтгэж л чадвал амьдрал жигдрээд явчихдаг юм” хэмээн ярих нь түүний ямархан хөдөлмөрч хүн болохыг илтгэнэ.2017 онд тэд хадмындаа амьдардаг, аль аль нь тусдаа гарах нууцхан хүсэлтэй. Эхнэр нь орон сууцанд амьдрах сонирхолтой бол нөхөр нь эсрэгээрээ гэр хороололд тохилог амьдрах хүсэлтэй. Эхэндээ эхнэр нь нөхрийнхөө хашаа байшинд амьдрах санааг нааштай хүлээж аваагүй гэнэ.Гэвч Э.Аръяагийн “Чамайгаа би орон сууцнаас дутахааргүй сайхан байшин бариад амьдруулна” гэсэн амлалт эхнэрийн бодлыг өөрчилжээ. Ийнхүү тэд 0.05 га талбай газар авч, хашаа хатгаснаар мөрөөдлийн байшингаа барьж эхэлсэн аж. “Нөхрийнхөө гэр хороололд амьдрах саналыг дэмжсэн маань хамгийн зөв сонголт болсон. Банкны өндөр хүүтэй орон сууцанд амьдрах гэж мөрөөдөж суухын оронд хашаагаа сайхан тохижуулчихаад, амгалан тайван амьдрах боломж хүн бүрт бий. Хамгийн том давуу тал нь 0.05 га газарт хүссэн бүх зүйлээ шийдэх боломжтой. Өглөө босохоос эхлээд үнэхээр сайхан. Өөрсдийн хашаа байшиндаа 100 хувь сэтгэл хангалуун байдаг” гэж гэргий Ц.Туул инээмсэглэн ярилаа.Тэд байшингаа барихын тулд өөрсдийн хуримтлал дээрээ нэмж цалингийн зээл авч, аав, ээж нь тусалсан байна. 2018-2019 онд барилгын материалын үнэ одоогийнхоос хамаагүй хямд байсан учраас урсгал зардалтайгаа нийлээд 35 сая төгрөгөөр байшингаа барьжээ. Э.Аръяа 20-30 жилийн турш байрны зээл төлж амьдарч байснаас өөрөө хөдөлмөрлөж, хямд зардлаар хүссэн байшингаа барьж, сайхан орчин бүрдүүлж амьдрахыг илүүд үзсэн байна. Түүний аав, ээж хоёр барилгын салбарынх.Э.Аръяа өөрөө барилга, автын цахилгаанчин мэргэжилтэй. Тиймээс дэм, дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шиг байшингаа барихад түүртэх зүйл байсангүй. Байшингийн доторх заслаа хийж дуусгасан тэр оройдоо нойр нь хүрэхгүй, шөнөжин тэд ярилцаж хоножээ. Тэд энэхүү байшингаа хоёр зуны хугацаанд барьж дуусгасан бөгөөд 2020 оны наймдугаар сард байрны найраа хийсэн юм.Э.Аръяа “Манай энд цэвэр, бохир усны шугам татсан. Гэхдээ хэзээ холбох нь тодорхойгүй. Гэсэн ч бохироо соруулдгаар, халаалтаа нам даралтын зуухаар шийдсэн. Ариун цэврийн өрөөндөө 300 литрийн нөөцийн савтай. Тэрийгээ дүүргэчихэд, долоо хонодог. Орон сууцанд амьдарч байгаагаас ялгаагүй крантаас халуун, хүйтэн ус гарна. Усанд орохдоо бойлуураа залгаад орно. Миний хувийн бодол л доо. Гэхдээ хүмүүс материаллаг зүйлд хэт дурлаад байна. Байгаа зүйлээ тордоод, өөрийн сэтгэлд нийцүүлэх хэрэгтэй болохоос байхгүй зүйлийн төлөө өөрийгөө зовоогоод хэрэггүй. Өөрт байгаа зүйлээ хэнээс ч дутахааргүй болгохын тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Үүний тулд хүсэл эрмэлзлэлээ ч бас уйгагүй байлгахыг хичээгээрэй гэж хэлмээр байна” гэв.Өөрсдөө хөдөлмөрлөөд, төр засаг, хэн нэгнээс гуйлгүйгээр үлгэр жишээ болсон орчныг бүрдүүлж чадсан Э.Аръяагийн гэр бүлээр бахархах сэтгэл төрж байлаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!