Uncategorized

Төрийн үйлчилгээний ажилчид: Төрийн албаны шинэчлэл, цомхотголыг доороос биш, дээрээс нь эхэлье

Төрийн үйлчилгээний салбарынхныг 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс хувийн хэвшилд гэрээт ажилтан байдлаар үе шаттай шилжүүлж, тэнд ажиллаж байгаа ажилчдын төрийн сан дахь цалингийн зардал, орон тоог багасгах асуудлыг 2020 оны төсөвт суулгаж, баталсан. Төрийн үйлчилгээний салбар нь 50 гаруй мянган ажиллагсадтай бөгөөд цэвэрлэгээ үйлчилгээ, жолооч, хоол үйлдвэрлэл, сантехникч, засварчин, харуул хамгаалалтынхан багтаж буй. Тэгвэл төрийн үйлчилгээний салбарынхан 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс ажилгүй болох нөхцөл үүсч, төрд олон ажилласан нэг удаагийн тэтгэмжээ ч авч чадахгүй байдалд орж байгаагаа учирлалаа. Насаараа шахуу төрийн үйлчилгээний салбарт ажиллаж, хоёр, гуравхан жилийн дараа нэг удаагийн 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжээ аваад тэтгэвэрт гарах гэж байхад гэнэт л ажилгүй болж, хувьд шилжих нь гэж халаглан, нулимс дуслуулан суух ажилчид цөөнгүй байв. Төрийн үйлчилгээнийхнийг хувьд шилжүүлэх шийдвэрийн талаар БЗД-ийн 122 болон 147-р цэцэрлэгийн үйлчилгээний ажилчид байр сууриа илэрхийллээ. Төр засаг иргэдээ ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй БЗД-ийн 122-р цэцэрлэгийн сантехникч Ц.Баясгалан: Би байгууллагадаа 18 дахь жилдээ ажиллаж байна. Өглөө ажилдаа ирээд л цэцэрлэгийн анги, коридор зэрэг бүхий л өрөөний халаалтыг шалгадаг. Ус бөглөрсөн эсэхийг мөн хардаг. Өдөрт байсхийгээд л ариун цэврийн өрөөний суултуур бөглөрсөн байна, ус гоожиж байна гэх дуудлага ирдэг. Энэ бүхэнд яаралтай очиж янзална. Хором ч алдаж болохгүй. Би хүүхдүүдтэй ойр байж, тэдний аюулгүй байдал халуун дулаан байлгахад нь санаа тавьдаг энэ ажилдаа их хайртай. Хэрэв цэцэрлэгт би байхгүй байлаа гэж бодоход юу болох билээ. Хувийн компаниас өөр шинэ хүн ирсэн ч над шиг бүх зүйлээ сайн ойлгож мэдэхгүй. Хайнга хандаж магадгүй. Паар олон жил болсон учир байнга шалгахгүй бол задарч магадгүй. Энэ ажлаа хэнээр ч дутахааргүй би л маш сайн мэднэ шүү дээ.Гэтэл төр засгаас үйлчилгээний салбарынхныг хувьд шилжүүлэх ийм шийдвэр гаргаж байгааг миний хувьд ойлгохгүй, эсэргүүцэж байна. Бид шийдвэрийн дагуу хөдөө орон нутагт очиж ажиллах асуудал үүсч магадгүй байна. Гэрээт ажилчин юм чинь хөдөө яв гэвэл гэр бүл минь яах вэ. Хэрэв гэр бүлээ авч очиход мөн адил ажил, сургууль, цэцэрлэгт оруулж өгөх үү. Амьдрах байраа яах вэ гээд их зүйлс байна. Хувийн байгууллагад биднийг тогтвортой ажиллуулах баталгаа байхгүй. Төрийн үйлчилгээнийхэн бид чинь тэтгэвэрт гарах үед нэг удаагийн мөнгөн тэтгэмж авдаг. Энэ мөнгийг авах боломжгүй болно. Бид дунджаар 500 орчим мянган төгрөгийн цалин авдаг. Иймд төрд ямар нэгэн байдлаар дарамт үүсгэж байгаа гэж өөрсдийгөө харахгүй байна. Хэрэв төрийн ажилтнууддаа цомхотгол хийж, шинэчлэх гэж байгаа бол доороосоо биш дээрээсээ эхлэх хэрэгтэй. Хүнийг ингэж ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй. Бид яагаад өөрсдийн сонгосон, хүсэж байгаа ажлаа хийж болохгүй гэж. Энэ чинь хүний эрхэнд халдаж байна гэсэн үг. Миний ажил надад маш үнэ цэнэтэй БЗД-ийн 122-р цэцэрлэгийн үйлчлэгч Д. Оюунтуяа: Би 2006 онд цэцэрлэгтээ үйлчлэгчээр ажилд орсон. Одоо 16 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд байгаа газар маш сайхан энерги байдаг. Өглөө тарахаас орой тарах хүртэл бүхий л ажилд биечлэн оролцоно. Тарах үед нь танихгүй хүн аваад явах вий гэж болгоомжилж харж суудаг. Энэ бол миний үүрэг. Миний ажил надад маш үнэтэй. Би ажилдаа дуртай. Цэцэрлэгээ үргэлж гэр шигээ санаж явдаг. Төр засгийн энэ шийдвэрийг маш эсэргүүцэж байгаа. Би байгууллагадаа л ажиллахыг хүсэж байна. Хэрэв өөр байгууллагад очвол ямар хүмүүс хүлээж авах вэ. Бидэнд ямар нэгэн баталгаа алга. Анх шийдвэрийн талаар сонсоод маш хэцүү байсан. Нас ахисан хойно тэтгэвэрт гарахын өмнө ингэж төр засагтаа адлуулж байгаа нь муухай санагдаж байна. Би гурван жилийн дараа тэтгэвэртээ гарна. Гэтэл төр засгаас олгодог нэг удаагийн тэтгэмжээ ч авч чадахгүй боллоо. Тэтгэмжээрээ амьдралаа сайжруулж, үр хүүхдэдээ зарцуулна гэж бодож байсан. Гэтэл одоо ингэх ямар ч боломжгүй болчихлоо.Би цэцэрлэгтээ, энэ байгууллагадаа л ажиллахыг хүсэж байна 147-р цэцэрлэгийн сантехникч П.Туяа: Миний хувьд мөн адил төр засгийн энэ шйидвэрийг эсэргүүцэж байгаа. Би цэцэрлэгтээ найман жил ажиллалаа. Цэцэрлэгийн багачуудаа хараад баярлаж, тэднийг дулаан байлгахаас эхлээд бүхий л ажилд гар бие оролцоно. Хамт олонтойгоо ижил дасал болсон. Гэтэл энэ хамт олныг салгаж өөр байгууллагад ажиллуулна гэдэг үнэхээр буруу. Бид эндээс явсан ч бидний оронд ирэх хүмүүс энэ ажлыг чин сэтгэлээсээ хийж чадахгүй. Бидний ажлыг хажуунаас дүгнэн харахад энгийн мэт боловч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоотой маш чухал ажил. Бичиг, цаасаар хэрэгжээд болчихдог ажил биш. Ялангуяа халдвар, ханиад томууны үед хүүхдүүддээ халамж тавьж, сайн анхааралтай ажиллах хэрэгтэй. Өнөөдөр нэг хүүхэд ангидаа ханиад хүрч халуурлаа гэхэд эргээд надаас эхлээд багш, үйлчлэгч, эмч, гээд бүгдэд хамаатай. Бид хэзээ ч цалингаа нэмүүлье гэж талбай дээр зогсож байгаагүй. Өнөөдөр хэдэн төгрөгийн цалинтай ажлаа хийж байгаа билээ. Гэтэл ийм системгүй, уялдаагүй шийдвэрийг гаргаж болохгүй. Би энэ байгууллагадаа л ажиллаж хамт олонтойгоо байхыг хүсэж байна. Төр засгаас энэхүү шийдвэрээ эргэн харна гэдэгт итгэж байна.Засгаас бидний шаардлагад хариу өгөхгүй бол суулт зарлах болно 147-р цэцэрлэгийн ажилтан Т.Ганчимэг: Би байгууллагадаа тав дахь жилдээ ажиллаж байна. Өөрийн хүүхдийн даавуу, цагаан хэрэглэлийг угааж байгаа мэт багачуудын цагаан хэрэглэлийг нандигнан хариуцаж цэвэрлэн багшид нь хүлээлгэн өгдөг. Ер нь манай үйлчилгээний ажилчид байгууллагынхаа бүхий л зүйлсийг чин сэтгэлээсээ хийдэг. Өөр хүмүүс бидний энэ ажлыг хийхдээ ингэж сэтгэлээсээ хандан ажиллахад эргэлзэж байна. Мөн бидэн шиг ийм цалинтайгаар ажилдаа хайртай, дуртай байж чадахгүй. Төр засгаас ямар ч уялдаа холбоогүй ийм шийдвэрийг гаргасанд бид бухимдалтай байна. Үйлдвэрчний эвлэлээс шийдвэртэй холбоотойгоор өөрсдийн шаардлага, саналаа бичгээр хүргүүлсэн. Хэрэв үүнд ямар нэгэн хариу өгөхгүй бол бид суулт зарлах болно. Хэрвээ үнэхээр төсвөө танаж эдийн засгаа сэргээх гэж байгаа бол үүнийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар өөрсдөө эхлээд энд ирж 370 мянган төгрөгөөр цалинжаад ажиллаад үз. Бидний зовлон жаргалыг нэг өөрийн биеэр мэдрээд үз. Ингэж байж л ойлгох шиг байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!