Uncategorized

С.Эрдэнэбат: Төрийн албанд өөрчлөлт хийх хэрэгтэй бол тогооч, эмч, харуулаас биш, дарга нараас эхлэх ёстой

2022 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг ТҮ-ийн зэрэглэлийн ажилчдыг орон нутагт шилжүүлэх болсонтой холбогдуулан Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос мэдээлэл хийлээ.Энэ үеэр МҮЭХ-ны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: “Бидний мэддэг цэцэрлэгийн ажилчдын 80 орчим хувь нь тогооч, эмч, харуул, үйлчлэгч гэх мэт хүмүүс байдаг.Нэг цэцэрлэгт баг болж ажиллаж байгаа хүмүүсийг, төрийн зарим чиг үүргийг ТББ болон хувийн хэвшилд шилжүүлнэ гэдэг чиглэлээр эдгээр хүмүүсийг хувийн хэвшил рүү шилжүүлэх юм бол цэцэрлэгийн чанар үйлчилгээ, удирдлагын хувьд ч, нөгөө талаар энд багахан цалингаар, сэтгэл зүрхээ гаргаж ажиллаж байгаа, 20-30 жил ажилласан, тэтгэвэрт гарахдаа 10-20 сая төгрөгийн тэтгэмж авна гэж өдийг хүртэл ажилласан хүмүүсийн асуудлыг нэг удаагийн төсвийн хуулиар шийднэ гэдэг нь үр хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа бид бүхний анхаарах ёстой асуудал юм.Тийм учраас хөдөө орон нутаг төдийгүй төрийн албаны хамгийн бага тушаалын ажилчид, магадгүй хамгийн шударгаар ажиллаж байгаа, хамгийн их ачаалал үүрч байгаа хүмүүсийг төрийн ачааллыг бууруулж байна гээд эдгээр хүмүүсээс эхлүүлж болохгүй. Үнэхээр төрийн албанд өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай бол дарга нарын асуудлаас эхлэх ёстой.” гэсэн юм.Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос гаргасан шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.“Цар тахлын нөхцөл байдал хүндхэн байгаа цаг үед төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг ажилтнуудын бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт хийн, 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хороонд ҮЭ-ийн гишүүд, ажилтнуудаас гомдол, саналууд ирж байна. Үүнээс болоод тэдний ажлын байрны баталгаа, нийгмийн хамгаалал алдагдаж, авдаг цалин хөлс нь амьдралд хүрэлцэхгүй хэцүүхэн амьдарч байгаа байдлыг улам дордуулах нөхцөл байдал бий болж байна.Ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь аливаа дарамт, хүчирхийлэл, ялгаварлалаас ангид байх ёстой ч манай хороонд гишүүнчлэлтэй Нийслэл Улаанбаатар хотын 266 хүүхдийн цэцэрлэгийн 3399 ажилчид ихээхэн дарамт, стресстэй ажиллаж байна. Цэцэрлэгийн хүнд хүчир ажлыг эдгээр хүмүүс хийдэг. Хүүхдийн цэцэрлэгийг өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдахад /хальтаргаагүй, эвдрэл гэмтэлгүй, өнгө үзэмжтэй гэх мэтчилэн/ багш, ажилтныг орлох зэрэг тэдний оролцоо ихээхэн үүрэг гуйцэтгэдэг. Цэцэрлэгүүдийн хүүхдийн тоо тухайн цэцэрлэгийн хүчин чадлаас 2 дахин нэмэгдсэн хэдий ч өмнөх орон тооны нормоороо ажиллаж байгаа үндсэндээ тэнд ажиллаж ажилтнуудын ажил 2 дахин их болчихсон байхад цалинг нэмэхгүй байгаа атлаа. Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл нэрийн дор Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулинд нийцүүлсэн байдлаар арга хэмжээ авч байгаа дүр эсгэж, төсөв хэмнэх гэсэн явуургүй үйлдлээ ажил хэрэг болгох гэж санаархаж байгааг ҮЭ-ийн байгууллагын зүгээс эсэргүүцэж байна.Жишээлбэл:Эдгээр ажилтнуудын дийлэнх нь 40-өөс дээш настай. Цалин хөлс нь 470.000-550.000 төгрөг хэдий ч баталгаатай ажлын байр, тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээсээ хамаарч 2.000.000-12.000.000 төгрөгийн тэтгэмж авна гэсэн хүлээлт, сэтгэлээр ажиллаж байсан. Энэ тэтгэмжийг авахын тулд олон жил хамтын гэрээ, хэлэлцээрт тусгуулж шаардлага тавьснаар 2019 оноос эхлэн тэтгэмж олгох Засгийн газрын тогтоол гарч ажилчид төр, засагтаа талархаж баярлаж байсан энэ арга хэмжээг байхгүй болгох гэсэн санаархал гэж үзэж байгаа болно.Засгийн газар болон холбогдох шийдвэр гаргах эрх бүхий байгууллагуудаас шийдвэр гаргахдаа ажилчдын эрх ашгийг төлөөлөн хамгаалдаг ҮЭ-ийн байгууллагатай зөвшилцөхгүйгээр хууль зөрчсөн шийдвэр гаргаж байгаад харамсаж байна.Иймд манай ҮЭ-ийн хорооноос Засгийн газарт хандаж энэ талаар МҮЭ-ийн холбоо болон Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хороонд төрийн байгууллагын хэвийн ажиллагааг хангах зорилгоор ажиллаж байгаа ажилтнуудын бүтэц, зохион байгуулалтыг хэрхэн өөрчлөх гэж байгаа талаар цогц мэдээллийг нэн яаралтай буюу 2021 оны 12 дугаар сарын 14-ний дотор ирүүлэхийг шаардаж шаардлага хүргүүлж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!