Uncategorized

Б.Энхбаяр: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргаар рецетив гэмт хэрэгтэн томилогдсон байна

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.12.01) хуралдаан 10 гишүүн хүрэлцэн ирснээр эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Д.Зүмбэрэллхамыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргаар рецетив гэмт хэрэгтэн яагаад томилогдсныг тодрууллаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: – Ажлын хэсэг ХЗБХ-ноос гаргасан журмаа зөрчиж болдог юмуу. Өмнө нь ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй хүнийг нэр дэвшүүлэхийг заасан. Гэтэл УИХ-аар хууль ингэж зөрчүүлж болох уу. Энэ шударга зарчим мөн үү. Шүүх бол шударга ёсны хамгийн дээд орой. Гэтэл ШЕЗ-д энэ зарчмаа эвдэж, нурааж томилгоо хийж болж байгаа юмуу.Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргаар эрүүгийн хэргээр 3 удаа ял авсан хүн томилогдсон байна, өнгөрсөн жил. ШЕЗ энэ талаар тайлбар ирүүлсэн. Ингэхдээ ТАЗ сонгон шалгаруулж, нэгээр гарсан тул томилохоос өөр гарцгүй байсан гэсэн. Д.Зүмбэрэллхам та ТАЗ-ийн гишүүнээр ажилладаг. Ж.Лхамрагчаа гэдэг хүний сонгон шалгаруулалтад та оролцсон уу, таньдаг уу. Энэ хүн УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан билээ. Д.Зүмбэрэллхам: – Би журмыг уншсан. Хууль журам хоёр хоорондоо нийцэж байгаа юм гэж ойлгосон. Лхамрагчаа гэдэг хүнийг огт танихгүй. Ийм асуудал гарсныг зөвлөлийн гишүүдэд танилцуулсан. Маргаан хянан шалгах газар судалсан гэж дуулсан. Энэ талаар эргэн хариу өгье.УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: – Ж.Лхамрагчаа нь 2000 оны 9 сарын 18-ны өдөр 455 тоот Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхээр эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт гэмт буруутайд тооцож 2 жилийн хорих ял, 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 504 тоот шүүхийн тогтоолоор бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл учруулах хэрэгт гэм буруутайд тооцсон, 2009 онд Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэрээр бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял шийтгэлээр шийтгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван удаагийн эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгэлээр шийтгэгдсэн рецетив гэмт хэрэгтнийг Шүүхийн Тамгын газрын даргаар томилсон байна. Одоо ажиллаж байна. Энэ жишээ бол манай ШЕЗ хэрхэн ялзарсны тод жишээ.

Related Articles

Back to top button