Uncategorized

Хятадуудад газар зарсан асуудлыг шалгаж байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхад орчмын газрыг Ханбогд сумын үе үеийн удирдлагууд Хятадуудад өндөр үнээр зардаг гэх асуудал олон жил яригдаж байна. Тэгвэл өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга “Н” болон тамгын газрын хэд хэдэн албан тушаалтнуудын албан өрөө, гэрт нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.Тодруулбал, Ханбогд сум 2020-2021 онд Цагаан хадны орчим гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кемп байгуулах зориулалтаар их хэмжээний газрыг олгосон ба эдгээр газрыг олгохдоо эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамааралтай хүмүүсийн компаниудад давуу байдал үүсгэн газар олгож цааш нь зарж байжээ. Хуулийн байгууллагынхны шалгалтаар “Н”, “О”, “Г”, “Б” нарын гэр, ажлын өрөөнөөс бэлэн 300 гаруй сая төгрөг, их хэмжээний гадаад валют хураагджээ. Энэ хэрэгт Өмнөговь аймгийн ИХТХурал, Засаг даргын тамгын газрын албан тушаалтнууд ч холбогдсон гэх мэдээлэл байна.Өмнөговь аймагт газрын наймаа цэцэглэн ханш тогтож 1 га газрыг 100 сая, 10 га газрыг 800 сая төгрөгөөр зарж байсан бөгөөд Монгол Улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан боловч Өмнөговь аймагт газрыг бараа таваар мэт зарах байдал хавтгайрч дахин олгох газар үлдээгүй гэж яригдаж байна. Ханбогд суманд олгосон бүх газрыг шалгаж буруутай хүмүүст нь төрийн төмөр нүүрийг харуулах цаг нь болсон ажээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!