Uncategorized

БАРИМТ: 32 тэрбумаар барихыг нь Ц.Амарсанаа ЗӨВШӨӨРЧ, эдгээр гишүүд төсвийн лоббиг нь хөөцөлджээ

Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхова” хөшөөний асуудал өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг ихээр татав. Сошиал дүйвээн эхлэнгүүт Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэж мэдэгдэв. Үүний дараа уг байгууламж баригдах Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар “Бид лоббидоогүй, мэдээгүй” гэж жиргэцгээсэн юм. Улмаар Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн засаг дарга нар уг асуудлаар мэдээлэлгүй байгаагаа уламжлав. Тэгэхээр хэргийн жинхэнэ эзэд хэн бэ. Нэг жилийн дотор төсөвт өртөг яагаад 27 тэрбумаар өсөв. Эл дүнг яагаад Ч.Номин сайд хасалгүй батлуулав. Төсвийн лоббиг нь ямар гишүүд хийсэн бэ. Тендер яг зарлагдсан уу зэрэг асуултууд ямар ч эзэнгүй гацсан юм. Уг асуултуудад хариулт эрэв.

Асуудал 1. ТЕНДЕР ЗАРЛАГДАЖ, ТӨСВӨӨС МӨНГӨ ГАРААГҮЙ Ч АЖИЛ НЬ ЭХЭЛЖЭЭ Засгийн газраас 2021.01.20-ны өдөр 15 дугаар тогтоол гаргаж, Төрийн худалдан авах ажиллагааны газар /ТХААГ/-аар дамжиж, тендер зарлагдах хэлбэрээр баригдах барилгуудын жагсаалтыг баталж байжээ. Уг жагсаалт дунд нийт 5.5 тэрбумын төсөвт өртөгтэй “Богд зонхова” бурхны хөшөөнд 2021 онд 1.5 тэрбумыг зарцуулахаар тусгагдсан байна. Гэвч ТХААГ-ын www.tender.gov.mn сайтад “Богд зонхова” бурхны хөшөөг барих тендер зарласан мэдээлэл алга байна. Үүнийг албаны эх сурвалжуудаас баталгаажуулахад “Тендер зарлагдаагүй” гэх мэдээллийг өгцгөөв. Улмаар Соёлын сайдын багц дээрх 1.5 тэрбум төгрөг зарцуулагдаагүй учраас автомат таталт хийгдсэн аж. Гэвч уг барилгын ажил эхэлж, нэлээд явсан дүр зураг ил болсон. Тэгэхээр уг барилгын ажил хувийн хөрөнгөөр хийгдэж байгаа нь нотлогдож буй юм.Асуудал 2. БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ ТӨСВИЙГ НЬ 27 ТЭРБУМААР НЭМЭГДЭХИЙГ ЗӨВШӨӨРЧ, ДҮГНЭЛТ ХИЙЖ ӨГЧЭЭ Дараачийн сонин баримт нь, Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл” гэх 1338/202 дугаартай бичиг баримт үйлдэж, уг барилгыг 32.5 тэрбумаар баригдана гэж хүлээн зөвшөөрчээ. Уг дүгнэлтийг 2021.09.10-ны өдөр үйлдэж, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа тэргүүтэй албан тушаалтнууд гарын үсэг зурсан байна. Эл хугацаа нь төсөв өргөн барихын өмнөх Сангийн яаман дээр “боогддог” эгзэгтэй үетэй давхцаж буй нь анхаарал татав. “Анхандаа хөшөө барихаар 5.5 тэрбум суулгуулсан ч яваандаа барилга байгууламжийн хэмжээнд томруулсан тул төсвийг нь огцом нэмэгдүүлэх шаардлага үүссэн” гэх эх сурвалжийн яриаг энд хавсаргая.Асуудал 3. ТӨСВИЙН ЛОББИГ НЬ Г.ЗАНДАНШАТАР, Ц.АНАНДБАЗАР, Ц.ЦЭРЭНПУНЦАГ НАРЫН ШАШИНД ЭЛЭГТЭЙ ГИШҮҮД ХИЙСЭН ГЭХ ХАРДЛАГЫН МӨРӨӨР… Уг барилгын ажлыг “Монголын бурхан шашинтны нийгэмлэг Богд зонхов” нэртэй НҮТББ-ын санаачлагаар хийж байгаа аж. Ингэхдээ тэд өөрсдийн төвийн хийж, босгох амбицтай барилгын ажлаа төрөөр хийлгэх мэргэн санаа олж, улс төрчдийг үүндээ “ашигласан” логик харагдаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээллээр уг асуудлаар хэд хэдэн зөвлөх уулзалт хийж, тодорхой гарц олсноор төсөвт өртгөө нэмсэн байна. Төсөвт өртгийг нэмэх лоббиг Г.Занданшатар, Ц.Анадбазар, Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй гишүүд хийсэн гэдгийг албаны эх сурвалжууд тодотгож байна. Ц.Цэрэнпунцагийн хувьд Ш.Адьшаа гишүүнтэй хамтарч,“Монголын бурхан шашинтны нийгэмлэг” НҮТББ-ыг эзэмшдэг бөгөөд өөр хэд хэдэн шашны чиглэлийн ТББ түүн дээр бүртгэлтэй /холбоос хавсаргав/ байна. Харин Г.Занданшатар, Ц.Анандбазар нарт ямар нэгэн шашны чиглэлийн ТББ алга. Гэхдээ Г.Занданшатарт хамаарч болох нэг логик гарч ирсэн нь, УИХ-ын харьяа байгууллага болох Монголбанканид насаараа ажилласан түүхтэй Бавлай хэмээх хүний хүүхдийн “Пи Юу Ай” ХХК “Богд Зонхова” барилга 32 тэрбумаар баригдана гэх агуулгатай дүгнэлтийг Барилгын хөгжлийн төвөөр гаргуулан авчээ.Тайлбар: Барилга хөгжлийн төвийн дүгнэлтээс Асуудал 4. “ПИ ЮУ АЙ” ХХК БА АГЕНТЛАГИЙН ДАРГА Ц.АМАРСАНААГИЙН ТОМ ТОЛГОЙТ ГАРЫН ҮСЭГ ЮУ ӨГҮҮЛЭВ Дээр дурдагдсан “Пи Юу Ай” ХХК нь дата бүртгэл дээр Бавлайн Баттулга гэх иргэний нэр дээр бүртгэлтэй. Анагаахын чиглэлийн нэг тендерт оролцож байсан түүхтэй компани байна. Харин Бавлай овогтой Түмэндэлгэр гэх Голомт банканд хувьцаа эзэмшдэг, хувийн хэд хэдэн компанитай нэгэн иргэн байгаа бол ХААН банканд томоохон албан тушаалыг түүний нэг эмэгтэй дүү хашдаг илрэц бас олдов. “Пи Юу Ай” ХХК-ийг Б.Баттулгатай хамт Бавлайн Батдэлгэр эзэмшдэг бол түүний нэг компани нь Б.Түмэндэлгэрийн ББСБ-тай нэг хаяган дээр байна. Тэгэхээр банкны салбарт ажилласан арвин үүх түүхтэй, банк бус, хоршооны чиглэлийн бизнест гаршсан ах дүүсийн нэгдэл “Пи Юу Ай” ХХК-ийн ард харагдаж буй юм. Эл компани “Богд зонхава” барилгын зураг төслийн ерөнхий гүйцэтгэгч гэсэн тодотголтой байна.Тайлбар: “Пи Юу Ай” ХХК-ийн дата мэдээлэл Харин өмнөх жилээсээ бүтэн 27 тэрбумаар өсөх дүгнэлтийг “ОК” хэмээн гарын зурсан хүн нь Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа. Олон нийт Ц.Амарсанааг ЖДҮХС-гаас албан тушаалын байдлаа урвуулан зээл авч, Ерөнхий сайдаас ажлаас чөлөөлөх чиглэл хүртэл өгөөд байхад албандаа хэвээр үлдсэн нэгэн гэдгээр нь мэднэ. Барилгын зураг төсөлтэй холбоотой бүхий л чухал баримтан дээр “мутраа хайрладаг” эл эрхмийг Ц.Даваасүрэн гишүүний хүн гэдэг бөгөөд тэд нэг нутгийнх гэдэг утгаараа томилгоонд нь дэмжлэг үзүүлдэг байна. Тайлбар: Дүгнэлт дэх тоон дүн ба гарын үсэг Асуудал 5. 32 ТЭРБУМЫН ДҮГНЭЛТЭД ХЯТАД КОМПАНИЙН НЭР ОРЖ ИРЖЭ Дээрх сүлжээсүүдийг харахад, шашинд элэгтэй хэдэн УИХ-ын гишүүд нэгдэж, Богд зонховын хөшөө барих хүсэлтэй нэг ТББ-ын мөрөөдлийг биелүүлэхийн тулд 32 тэрбумын төсвийн лобби хийсэн. Үүнд, банкны угшилтай ах дүүсийн хүчтэй нэгдэл бүхий монгол компани нэрлэгдэж, Барилгын хөгжлийн төвийн Ц.Амарсанаагийн гарын үсгээр 32 тэрбум баталгаажсан дүр зураг харагдаж буй.Тайлбар:Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд Хятад компанийг иш татсан байдал Мөн энд Барилгын хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлт дээр “Jiangxi ToQine Crafts компаниас ирүүлсэн үнийн саналыг Монгол банкны тухайн өдрийн валютын ханшид үндэслэн, төсөвт тусган тооцсон” гэж онцолсон нь анхаарал татав. Үнийн саналаа Хятадын гар урлал, хөшөө баримлын чиглэлээр ажилладаг компанид хандан авсан байж болох.Нөгөө талд уг барилгыг төсвөөс нэг ч төгрөг авалгүй, нэлээд их явуулж, гаднаа ямар ч хаяг хадаагүй нь эрхгүй анхаарах асуудал юм. Газрынх нь захирамж нь бүр 2014 онд гарсан нь их эртнээс хэсэг хүмүүсийн тархинд Богд зонховын хөшөө барих санаа явсаар, ковидын ид цутармаг үеэр төсөвт сэм шургуулсан нь энэ гэлтэй. Сэм шургууллаа гэхэд Соёлын сайд Ч.Номин энэ зардлыг харалгүй өнгөрсөн гэвэл түүн шиг худал логик үгүй билээ. Эл ажил ирэх жилийн хийх томоохон төслүүдийн бараг хамгийн өндөр дүнтэйд нь орохоор байхад салбарын сайд яагаад нягтлаагүй вэ гэдэг асуулт эндээс үүсч байна. Бид энэ агуулгаар зөвхөн дата холбоос, логик, мэдээлэл уншуулахыг л зорив. Дүгнэлтийг уншигч та хийх юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!