Uncategorized

Эрэгтэй хүүхдийн сэвлэгийг буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийнхийг хөхөө донгодох цагаар авбал өлзийтэй сайн гэж үздэг

Эрэгтэй хүүхдийн сэвлэгийг буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийнхийг хөхөө донгодох цагаар авбал өлзийтэй сайн гэж үздэг. Монголчууд сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг. Мөн нутаг нутгийн ёс заншлаас шалтгаалан өөр байдаг боловч нийтлэг зан үйл бий. Даахь үргээх ёслолыг эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь, эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь хийнэ. Ингэхдээ хий насыг нэмж тооцдог. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй, эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээхдээ бусад ёслол, зан үйл, найрын нэг адил шүүс зоог, идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүр амсан, ирсэн хүүхэд бүрт аяга аягаар өгч дайлдаг заншилтай. Сэвлэг үргээхдээ сайн өдрийг сонгож, өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүхдээ ширээний тэргүүнд суулган, ёслолыг гүйцэтгэнэ.Сэвлэгийг анх хөндөх хүн тухайн хүүхэдтэй ивээл жилтэй, сэтгэл санаа ариун, нас буян нь тогтсон, нутаг усандаа нэр хүндтэй, ёс заншлаа мэддэг, буян ухаан нь зөв хүн байх хэрэгтэй. Монголчууд маань аливаа зүйлийн бэлгэдлийг ихэд боддог учраас хүүхдийн даахинд анх хүрэх хүнийг туулж ирсэн сайхан түүхтэй, үр хүүхэд олонтой, өнөр өтгөн, тэднийгээ сайхан өсгөж, хүмүүжүүлж чадсан түшигтэй хүн сонгодог уламжлалтай. Нэг үгээр хэлбэл сайн сайхан бүхнээс сайн сайхан зүйлс улбаална хэмээн сэтгэх хэрэгтэй. Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан, хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй зочин болдог. Ингээд найрын ахлагч “За одоо хүүгийнхээ (охиныхоо) даахийг үргээе” гэж хэлэхэд ивээл жилтэй, үсэнд эхэлж хүрэх хүн хүүхдэд сүү амсуулаад, магнайг нь сүүгээр мялаасны дараа бүсгүй хүүхдийн зүүн шанааны, бүстэй хүүхдийн баруун шанааны үсэнд модон хутгаар хүрч домноно. Модон ху.тга хүргэсний дараа удаан хугацаанд эдэлж, хор нь гарсан үйлийн хайчаар үсийг нь авдаг. Шинэ хайч огт хэрэглэдэггүй байна. Мөн модон ху.тгыг хүүхдийн аав өөрөө зорон хийнэ.Хүүхдийн үсийг хөндсөний дараа зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэгхэн үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахийг үргээхдээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч, Урт настай Удаан жаргалтай Аавдаа ачтай Ээждээ тустай Төр улсдаа зүтгэлтэй Түмэн олныхоо манлай болж яваарай гэх мэтээр монгол түмний эрхэм дээд эрмэлзлэлийг илэрхийлсэн бэлгэ дэмбэрлийн үг хэлдэг. Тухайлбал, Энхрий бяцхан хүүгийнхээ Онгон хонгор даахийг нь Өдөж баясгаж авсны Найр цэнгэл баяр бэлэг болгож Намирсан их хадгаа дэлгээд Нандин идээнийхээ дээжийг өргөөд Найрын олны өмнө Намайг бэлэг барь гэлээ хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад, Ган цагаан хайч Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд Алтан хайчны амыг нээж Амь на.сыг нь даатгаж Мөнгөн хайчны амыг нээж Мөнх насыг нь даатгаж Ган хошуутай Алтан бариултай хайчаа Гар мутар бүрийдээ Дамжуулан үргээж Гарсан төрсөн нас буяныг нь Уртатгаж өргөөд гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд хоёр хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн, гэрийн эх хүн болохыг бэлгэдсэн заншил юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!