Uncategorized

Хятадууд хилээ хааж Нүүрсчдийн нам сөнөж Монголчууд бандаашаа үйлдвэрлэдэг болох сайн цаг ирэх нь

БНХАУ ХИЛЭЭ ХААЖ, МОНГОЛЧУУД ӨМСӨХ ХУВЦАСГҮЙ, ИДЭХ НАРИЙН НОГОО, ЖИМС, ХҮНСГҮЙ БОЛЛОО Монголчууд мах, гурил, будаанаас өөр хүнсгүй болох өдөр тун ойрхон байна. Лангуун дээр нь өнгийн бараа алаглаж, элдэв амттан шимтэн өрөгдөж байсан цаг ард хоцорч, картын бараандаа шилжих нь ээ, хэзээ мөдгүй. Урд хөрш хилээ хаалаа хүнсгүй, хувцасгүй. Хойд хөрш хилээ хаалаа шатахуунгүй болдог болжээ. БНХАУ коронавирусийн халдвартай холбоотойгоор нэг л өглөө тодорхойгүй хугацаагаар хилээ хаахад монголчууд энд өлдөж сууна. Үйлдвэрлэгч бус, худалдан авагч орны “зовлон” иргэдийг ч туйлдуулах нь. Эрээн хотын иргэдээс гурван удаагийн давтан шинжилгээ авч байж хилээ хэзээ нээх нь тодорхой болох гэнэ. Энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраас тодруулахад “БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн.Үүнтэй холбогдуулан авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан. Төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Эрээн хотын бүх хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг хүнээс гурван удаа шинжилгээ авна. Тиймээс цаг хугацаа орох нөхцөл байдалтай байна. Бид БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдсон. Элчин сайдын зүгээс “Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна” гэсэн мэдээлэл өгөөд байна” гэсэн юм.Хил хэр удаан хаалттай байхыг хэн ч таашгүй болж байна. Хэрэв Эрээн хотын шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илэрч, тохиолдол нэмэгдвэл энэ байдал удаан хугацаанд үргэлжилж болзошгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хомсдол үүсэж, эрэлт ихсэх нь тодорхой болсон. Бид нөхцөл байдал ямар байгааг дараах сурвалжилгаар хүргэж байна. Иргэд “Хил хаалаа” гэхтэй зэрэгцээд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэнэ. Тэд “Өмнөх өдөр нь 170 мянган төгрөгөөр вакум цонх захиалтал маргааш нь 200 мянган болчихсон байсан. Хил хаасан учраас түүхий эд байхгүй гэж тайлбарлаж байна лээ. Нарийн ногоо, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Чоно борооноор гэгчээр хил хаалаа гэхтэй зэрэгцээд өмнө нь хямд үнээр авсан бараа, бүтээгдэхүүнээ үнэ нэмж зарж байгаад шалгалт хийх хэрэгтэй. Иргэдээ туйлдуулж байна шүү дээ” гэв. НАРИЙН НОГОО, ЖИМСНИЙ НӨӨЦГҮЙ БОЛЖЭЭ Өнгөрсөн баасан гарагаас “Барс” худалдааны төвд хүн зоны бөөгнөрөл үүсжээ. Нарийн ногоо, жимс авахаар иргэд дугаарлаж, 20 мянган төгрөгт л хүнс жимс, ногоо авч байгаа аж. Лангуунуудад төмс, лууван, манжин, байцайнаас өөр зүйлгүй байна. Жимс, нарийн ногооны лангууны хөргөгч, лангуу хоосорчээ. Бөөний худалдааны лангуунууд их хэмжээгээр жимс, ногоо худалдахгүй байгаа аж.“Барс” захын жимс, нарийн ногооны лангууны худалдагч “Нөхцөл байдал маш хүнд байна. Жимс, ногоогоо татаагүй олон хүн байгаа. Хил хаасан өдрөөс эрэлт ихсэж, үнэ нэмэгдсэн. Лангуунууд хоосорч, нэг хүнд 20 мянган төгрөгөөс дээш жимс, ногоо зарахгүй байгаа. Яг л картын бараанд дуугаралдаг байсан шиг нөхцөл байдалтай байна. Манай захын 70-80 нь Эрээнээс бараагаа татдаг байсан. Хүнсний ногоо бол хангалттай худалдаалж байна. Харин нарийн ногоо дууссан. Монголынхоо хөрсөнд ургасан нарийн ногоог заралгүй яах вэ. Харамсалтай нь хүмүүсийнхээ хэрэглээг хангаж чадахгүй байна шүү дээ. Дотоодын нийлүүлэгч худалдан авагчдын нэг өдрийн хэрэглээг ч хангахад бэрх. Бараагаа татаад, хил дээр авчирсан ченжүүд бий. Зориулалтын хөргүүртэй учраас тийм ч амархан муудахгүй. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилбэл алдагдал хүлээнэ. Одоогийн байдлаар хил дээр бараа нь гацсан байгаа эсэхийг мэдэхгүй байна. Аж ахуйн нэгжийн дотоод журамд энэ бүхэн нууцлалтай байдаг байх” гэв. Харин өөр нэгэн худалдагч “Худалдан авалт, эрэлт ихэссэн. Жижиглэнгээр зарж байгаа. Бөөний худалдан авагч нартаа жимс, ногоогоо нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүслээ. Хэрэв нийлүүлж чадахгүй байвал энэ олон цайны, зоогийн газар, ресторанууд нарийн ногоогоор хоол хийж чадахгүй болно гэсэн үг шүү дээ. Хаа хаанаа л хэцүү нөхцөл байдал ирж байна. Хил нээсэн ч алдагдал хүлээнэ” гэв. Худалдагч нарын хэлж буйгаар хил нээсэн ч бид ойрын хэд хоногтоо бид нарийн ногоо, жимс идэхгүй нь.ХИЛ ДЭЭР БАРАА Ч, МӨНГӨ Ч ГАЦЛАА “Нарантуул” захын бэлэн хувцасны лангууны худалдагч “Манай лангуу 7-10 хоног зарах гадуур хувцсаа захиалж, тал нь ирээд байсан. Харин тал нь хилээр орж ирж чадалгүй гацсан. Ингээд бидний бараа ч, мөнгө ч хил дээр гацлаа гэсэн үг. Эрээний дэлгүүрийн худалдагч нарын хэлж буйгаар энэ байдал 10 хоног үргэлжилнэ гэнэ. Хамгийн багадаа 10 хоног хил хаалттай байлаа гэж үзэхэд бид бараагаа 30 хоногийн дараа авна гэсэн үг. Өмнө нь бараагаа ачуулаад өнжөөд ирдэг байсан бол ковидын улмаас хил дээр маш олон хоног гацдаг болсон. Дугаарлалт, ариутгал халдваргүйжтэл гээд олон хоног алдаж байна. “Нарантуул” захын лангуунууд дөнгөж өвлийн хувцас бууж байсан. Бараагаа авч чадаагүй, өвлийн хувцасгүй лангуу олон байна. Захын 90 хувь нь БНХАУ-аас бараагаа татаж авчирдаг. Үлдсэн цөөн хувь нь Турк болон бусад орноос бараа авчирдаг юм. Мөн монголчууд өөрсдөө оёод хувцсаа зардаг болсон. Гэсэн ч түүхий эдээ БНХАУ-аас авдаг учраас мөн л тасалдахад хүрлээ. Хэдийгээр хил хаалттай ч худалдан авалт тун тааруу байна. “Хил хаачихлаа” гээд худалдан авагч нар олноороо ирээд худалдан авалт хийгээд байгаа юм алга. Монголын эдийн засаг үнэхээр мууджээ. Энгийн үеийнхээс хоёр дахин муудсан байна” гэлээ.Монголчууд удахгүй дотуур хувцас ч үгүй болж мэдэх нь. Хэдийгээр дотуур хувцас, амны хаалтаа дотооддоо үйлдвэрлэсэн ч түүхий эдээ урдаас авах учраас хомсдол үүсэж болзошгүй байдал бий боллоо. ОНЛАЙН ДЭЛГҮҮРҮҮДИЙН ЗАРИМЫНХ НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГСЖЭЭ Иргэд онлайнаар бэлэн хувцас, гэр ахуйн бараа захиалах нь нэмэгдсэн. Цаг хугацааг дагаад цахимжиж байгаа энэ үед онлайн дэлгүүрийн үйл ажиллагаа зогслоо. Захиалга хаагдаж, үйл ажиллагаагаа хил нээгдтэл хаасан гэсэн үг. Энэ талаар “Gerel” онлайн дэлгүүрийн эзнээс тодруулахад “Өнгөрсөн баасан гарагаас эхлээд бараа захиалга хүлээж авахгүй байгаа. Хил хаасан учраас захиалга авбал тооцоолсноос ч удаан ирэх магадлалтай. Мөн Эрээний үйлдвэр, дэлгүүр ажиллахгүй байгаа учраас захиалга өгөх газар байхгүй. Ковид гарснаас хойш ачаа, бараа маш удаж байж ирдэг болсон. Захиалсан газраасаа гараад хил дээр гацаж байна. Тэгэхээр захиалагч нар уурлаж, мөнгөө буцааж авъя гэдэг. Аль аль талдаа хүндрэлтэй байгаа учраас үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад хүндрэлтэй байна. Ганцхан манайх ч гэлтгүй бидэнтэй адилхан үйл ажиллагаа явуулдаг газруудад ийм төрлийн бэрхшээл тулгарч байгаа байх. Өмнө нь захиалсан бараа маань хил дээр байгаа” гэлээ. САНГИЙН МАТЕРИАЛГҮЙ БОЛБОЛ БИД “ДУУСНА” ГЭСЭН ҮГ Бид хадаасаа ч үйлдвэрлэж чадахгүй улс. Барилгын материалын захаас эрэлт хэр байгаа талаар тодруулав. Галлагааны улирал ихсэж, халаагуур, дулаалгын хөвөн материалын эрэлт ихэсжээ.100 айл барилгын материалын лангууны худалдагч “Манайх хил хаахаас хоёр хоногийн өмнө бараагаа татсан байсан. Бидний татсан бараа 14 хоног л иргэдийн хэрэглээг хангана. Бараагаа татаж амжаагүй лангуунууд ажиллахгүй байгаа. Учир нь, одоо байгаа бараагаараа хэдий хэр хугацаанд амь залгуулахаа мэдэхгүй байна шүү дээ. Дээрээс нь, хилээ удахгүй нээж, бараа таталт хэвийн явагдаж эхэлсэн барилгын материалын үнэ нэмэгдээд ирнэ. Тэгэхээр чинь хүмүүс байгаа бараагаа хямд үнээр зарахыг хүсэхгүй гэсэн үг. Өнгөрсөн оны есдүгээр сараас өнөөдрийг хүртэл барилгын материалын үнэ таван удаа нэмэгдсэн. Хэдийгээр барих гэж хичээсэн ч яах аргагүй нэмж байгаа. Иргэдийн хамгийн их авдаг зүйл нь сангийн материал. Ариун цэврийн өрөөний холигч, төмөр, турбо, эрэг боолт эрэлт ихтэй байдаг. Сангийн материал дууслаа гэхэд монголчууд “дуусна” гэсэн үг. Мөн дээрээс нь барилгын дотор заслын материалууд сайн зарагддаг. Хэрэв энэ бүгд дуусвал лангуун дээр минь юу ч үлдэхгүй” гэлээ. ЭДИЙН ЗАСАГЧ Х.БАТСУУРЬ: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН БОДЛОГО БАРИМТАЛДАГГҮЙ УЧРААС ДОТООДДОО ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДДАГГҮЙ БНХАУ-ын Эрээн хотын жолооч нараас коронавирусийн халдвар илэрч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хомсдож, үнийн хөөрөгдөл бий болж байгаа энэ үе удаан хугацаанд үргэлжилбэл Монголын эдийн засаг хэрхэх. Мөн эдийн засгийн хямралаас гарч, дотооддоо үйлдвэртэй болох ямар боломж байгаа талаар эдийн засагч Х.Батсууриас тодрууллаа.Тэрбээр “Дотоодын үйлдвэрээ гарцаагүй хөгжүүлэх цаг болжээ. Манай улсад үнэ өсөөгүй бараа бүтээгдэхүүн алга. Намрын цагт хүнсний ногоо, махны үнэ буурдаг байтал энэ жил өссөн. Төмс 200-300 төгрөгөөр зарагддаг байсан бол 2-3 дахин нэмэгдсэн байна. Энэ бол хил хаасантай холбоотой. Эдийн засагт шууд нөлөөлж байна. БНХАУ жилд 2-3 удаа бодит болон бодит бусаар хил хааж, “тоглолт” хийдэг боллоо. Манай орон хоёр хөршөөс эдийн засаг болон улс төрийн 100 хувь хараат болчихсон байна шүү дээ. Энэ “тоглолт”-оос гарахын тулд дотооддоо үйлдвэртэй болох ёстой гэдгийг би сүүлийн 10 жил ярьж байгаа. Одоо болтол дорвитой зүйл хийгээгүй байгаа. Манай улс Хятадаас эдийн засгийн 70 хувийн хараат байгаа. Үүний цаад шалтгааныг судалж үзэхэд, коронавирусийн халдвараас болоогүй. Ганц хүн коронавирусийн халдвар тусахад хил хааж болохгүй шүү дээ. Манай улс Хятад, Орос хоёроос олон жил хараат байгаа учраас цар тахлын үед бидэнд сануулга өгч байгаа юм. Өргөн хэрэглээний болон үндсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэггүй гол шалтгаан бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хөгжлийн стратегийн бодлого байдаггүйн шинж. Дотоодын үйлдвэр гэх хаяг, шошготой бүтээгдэхүүнүүд ч хил хаахаар байхгүй болчихдог. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол цаашид биднийг юу хүлээж байгааг мэдэхгүй. Манай Хятадын манай улсад тулгаж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөлд хүрнэ шүү дээ. Тиймээс шинэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар энэ асуудалд цэг тавих ажлыг эхлүүлсэн байх гэж найдаж байна” хэмээлээ.Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Д.ОТГОНБАЯР: Эрээн хотын иргэдээс шинжилгээ авч дууссаны дараа хил хэд хоног хаах албан бичиг ирнэ БНХАУ хилээ хэзээ нээх, хаахыг албаныхнаас мэдсэн хүн нэг ч алга. Бид Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Д.Отгонбаяртой холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулахад “Хэчнээн хоног хил хаах тухай албан бичиг манайд ирээгүй байна. Эрээн хотын нийт иргэнээс коронавирусийн шинжилгээ авч дуустал тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоож байгаа гэсэн. Үүний дараа хэд хоног хил хаах тухай албан бичиг ирнэ. Манай сум коронавирусийн халдварын улаан бүс болчихсон байна” гэв. Харин Замын-Үүд Боомтын зөвлөлийн дарга З.Намхайнямбуугаас тодруулахад “Эрээнд гацсан хүнс, нарийн ногоонд хяналт тавих боломжгүй. Эрээний тал үүнд хяналт тавьж ажиллах боломжтой. Хилийн цаана хэчнээн автомашин гацсан байгааг хэлж мэдэхгүй байна” гэлээ. Эрээн хотоос ирэх албан бичгийг хүлээсэн хүмүүс дээр, дооргүй байгаа бололтой. Албан бичиг ирж байж иргэддээ мэдээлэл өгөх гэнэ. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын иргэдийн хувь заяа урд, хойд хөршийн “ааш”-наас шууд хамаарч байгааг өнгөрч буй хоёр жилийн үйл явцуудаас тодорхой анзаарч болохоор байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!