Uncategorized

МУГЖ Ц.Төмөрхуяг: Ядарсан муу жүжигчид, тэр гавьяа тэмдгийнх нь оронд ганц өрөө байр өгчихвөл илүү хэрэгтэй шүү дээ.

МУГЖ Ц.Төмөрхуяг: “Ap.xинд ороод 100 айл дээр xэвтэж байхад хань минь намайг олж гэртээ аваачиж байлаа” Танд кинонд тоглох урилга хэр их ирж байна? Нэг ахмад жүжигчин хэлэхдээ бид нарт киноны урилга ирэх нь ховордсон, ирвэл туслах дүр л олддог боллоо гэж хэлж байсан л даа.Энэ зун уран бүтээл гэхээсээ илүү өөртөө жаахан амралт өгч хөдөө гадаа явж байгаад ирлээ. Сая эхнэрийнхээ төрсөн нутаг Баянхонгорын Байдраг сумын ойд оччихоод ирсэн. МҮОНТ-ийн 30 ангит кинонд тоглолоо. Жүжигчдийн хувьд үе үеэрээ өөр байдаг байх л даа. Дөрвөн жилд засаг захиргаа өөрчлөгддөгтэй адилхан шүү дээ. Миний бодлоор амьдралын хурд маш хурдацтай явж байгаа юм шиг санагддаг. Бидний нас явж байгаа нь үнэн. Гэхдээ нас явлаа гээд бид авьяас, мэргэжлээ алдаж болохгүй. Залуучууд юм хийж бүтээж байна, би зөв гэж боддог. Ер нь сүүлийн үед хийгдэж байгаа кинонуудаас харахад голцуу залуучуудын сэдэвтэй кинонууд хийгдэж байна л даа. Гол дүр нь залуу хүний дүр учраас бид ямар тэр дүрд нь тоглолтой нь биш. Тэгэхээр бид хөгшин тоондоо орно шүү дээ. Биднийг яагаад туслах дүрд тоглуулаад байна гэхээр бид киног чимэглэж өгдөг байхгүй юу. Одоо бидэнд аавын, ахын дүр оногддог болсон байна л даа. Тэр дүрийг сайн болгохын тулд чадалтай уран бүтээлч авах ёстой биз дээ. Гэхдээ бас санал болгосон туслах дүр болгонд тоглоод байна гэж байхгүй. Ямар киноны орон зайг бөглөх гэж байгаа биш. Хааяа зарим киноноос татгалзах үе гарна. Ер нь одоо бид сайн уран бүтээл хийхэд нь туслах хэрэгтэй гэж боддог. Социализмын үед манай жүжигчид мөнгөний төлөө биш зөвхөн театрын төлөө, урлагийн төлөө ажилладаг байлаа. Одоо тэр сэтгэхүй биднээс салаагүй байна. Би өөрийгөө социализмын бүтээгдэхүүн гэж боддог. Тийм учраас миний хувьд ашиг сонирхлын үүднээс ажилладаггүй. Гэхдээ бас бусдыгаа бодох хэрэгтэй л дээ. Бусад нь гайгүй үнэ хэлэх гэтэл нөгөө жүжигчид нь үнийг нь унагааж болохгүй байх.Учир мэдэх хүмүүс таныг мэргэжлийнхээ тал дээр Төмөрбаатараасаа илүү чадвартай жүжигчин гэж үнэлдэг юм билээ. -1980-аад оны үед Төмөрбаатар нь илүү, Төмөрхуяг нь илүү гэдэг яриа их хурц явагдаж байсан. Хүн болгон өөр өөрөөр хүлээж авдаг байх л даа. Зарим хүмүүст нь Төмөрхуяг нь таалагдаж байхад заримд нь Төмөрбаатар нь таалагддаг байж болно шүү дээ. Хийж байгаа уран бүтээл, тоглосон дүрээр нь хэн нь чансаатай хэн нь чансаагүй байна гэж тэд нар өөрсдийнхөө хэмжүүрээр дүгнэх байх л даа. Ер нь бүгд урлаг мэддэг гэвэл худлаа ш дээ. Ахаасаа илүү байна уу дутуу байна уу тэр нь надад чухал биш. Өнөөдөр Монголын урлагийн төлөө бид хоёр хоёулаа адилхан зүтгэж яваа хүмүүс. Эцгийнхээ төлөө, эцгийнхээ нэрийг цэвэр байлгахын төлөө зүтгэж яваа. Тэгэхээр бид хоёрын зорилго нэг. Харин тэр зорилго нь хоёр замаар ч явсан байж магадгүй нэг замаар ч явсан байж магадгүй. Манай ах драмын талаар явж байж болно ш дээ. Би инээдмийн жанрт хэзээ ч таарахгүй л байхгүй юу. Тэгэхээр бид хоёр зорилго нэгтэй хүмүүс мөртлөө өөр өөр замаар явж байж болно. Надад хэн нь илүү авьяастай, хэн нь илүү гавьяа шагналтай байна, тэр нь хамаагүй. Гавьяа шагналын тал дээр би олон улсуудын жишгийг харьцуулж боддог. Гавьяа өөрөө л ирэх ёстой. Тэрийг гуйж, хахуульдаж авах хэрэггүй. Өөрөө хүссэн мэргэжлээрээ ажлаа хийгээ л явж байвал болоо биз дээ. Гавьяат боллоо гээд хүнээс онцгой хүн болчихдог юм биш. Гавьяат боллоо гээд тусдаа Алтан-Өлгийд булуулдаг юм уу яадаг юм. Тэглээ гээд адилхан эх орондоо газар булуулаад агаарт замхарна ш дээ.Тэгэхдээ л тухайн хүн хийж бүтээсэн зүйлийнхээ гавьяа шагналыг хүртэх ёстой гэж боддог. Нэг талаараа төр засаг тэр хүнийг үнэлж, урам зориг өгч байгаа ш дээ. -Тэртээ тэргүй ард түмэн намайг хаана ч явсан таньдаг. Тэр гавьяа биш үү. Би ард түмний хүүхэд ш дээ. Үүнийг л би гавьяа гэж боддог. Тэр тэмдгийг нь төр л өгдөг юм байгаа биз. Төр өгөөгүй л болохоос гавьяа нь надад байгаа гэж боддог. Тэгэхээр заавал тэр тэмдгийг авч баталгаажуулах шаардлага байгаа ч юм уу үгүй ч юмуу. Манай найзуудаас олон найзууд маань гавьяат л даа. Гавьяатыг нь төр л өгсөн болохоос биш би тэд нартай яг адилхан ш дээ. Зарим талаараа илүү нь илүү л байх. Зарим тал дээр би тэр хүнээс илүү байж болно. Тэрнээс биш би гавьяат гээд арай илүү тоглодог болчихно гэвэл худлаа. Гавьяатын тэмдэг гэдэг бол чиний хэлдгээр урам өгдөг зүйл болохоос биш уучлаарай тэнгэрт гарсан мундаг хүн гэж тодорхойлж байгаа юм биш байх гэж боддог.Таныг ахтайгаа жаахан таарамж муутай байдаг гэж сонссон. Та хоёрыг уран бүтээлээрээ өрсөлддөг байсан гэх юм билээ. Ер нь төрсөн ах дүүгийн хувьд хэр ойр дотно байдаг вэ?-Үнэнийг хэлэхэд ах бид хоёр байнга уулзаад байдаггүй юм. Бид ээжийгээ амьд байхад цагаан сараар эхнэр хүүхдүүддээ бүгдийг  нь чирж очоод золгочихдог байлаа. Одоо ч ховорхон уулздаг болж. Эгч нар маань ч адилхан. Нэг дүү маань балетчин мэргэжилтэй. Украйнд амьдардаг. Ээж маань өнгөрөөд хоёр жил болж байна. Золголтууд байхгүй болсон. Зарим үед уулзахгүй би ажилтай байж таарна. Тэр хүн ажилтай байх ч юм уу. Манай ах намайг бодвол ахмад учраас манай урлагийнхан хүндэтгээд гэр орноор нь орж гарна. Би байнга ахынхаар орж гарч, тэдний найз нөхдийн дунд харагдахгүй болохоор хүмүүс таарамж муутай гэж хардаг биз. Төрсөн ах дүүс хүмүүс яасан гэж таарамж муутай байхав дээ. Бид чинь тусдаа байдаг, тус тусын амьдралтай хүмүүс болохоор бусдад тэгж харагддаг байж магадгүй. Тиймэрхүү яриа бид хоёртой ойрхон байдгаараа уран бүтээлчдээс гардаг байх л даа. Ер нь би ахтайгаа ч тэр, уран бүтээлчидтэйгээ ч, ер нь аль болох хүмүүстэй эвтэй байхыг боддог. Хэзээ нэгэн цагт би ахтайгаа нэг уран бүтээл дээр ажиллаж болно ш дээ. Жишээлбэл Төмөрбаатар, Төмөрхуяг хоёр “Мөнх тэнгэрийн хү.чин дор” кинонд нэг нь Жамухад нэг нь Сэнгүмд тоглолоо гэхэд хүмүүс бид хоёрыг “нөгөө Цагааны Цэвэгмидийн хоёр хүүхэд тоглож байна, ямар гоё харагдаж байнаа” гэж хэлж байсан. Энийг ард түмэн гоё харагдаж байна гээд хэлбэр талаас нь харж байгаа байхгүй юу. Гэтэл найруулагч нь шал өөр талаас нь харсан байна ш дээ. Энэ хоёрыг тоглуулчихвал бие биенийгээ илүү их ойлгоно гэсэн үүднээс харсан байхгүй юу. Бид хоёрт ч гэсэн нэг нэгийнхээ ааш араншинг мэддэг болохоор илүү амар байна биз дээ. Ах бид хоёр багаасаа хамт өссөн учраас бие биенийхээ ааш занг дэндүү сайн мэднэ. Нэг нь Хүүхэд залуучуудын театрт ажилладаг нөгөө нь Драмын театрт ажилладаг. Ахын ажил нь залуучуудын театр учраас залуучууд их давамгай байсан. 1980,1990-ээд оны үед манайх бараг залуучуудын орон болж байлаа ш дээ. Яг тэр үед залуучуудын сэдэвтэй жүжгүүд үздэг болж эхэлсэн. Сонгодог урлаг их хөгжиж байсан үе. Яг тэр талаасаа хоёр театр өрсөлдөж байсан байхгүй юу. Тэрийг магадгүй бид хоёр дээр өрсөлдөөн болгож байсан байж магадгүй. Яагаад гэхээр хоёр талд хоёулаа гол ролийг нь аваад тоглоод байдаг. Театрын тэнцүүр нь тодорхой хэмжээгээр жүжигчдээр нь тодорхойлогдож байдаг учраас бид хоёрыг өрсөлддөг гэж хардаг байсан байх л даа.Таны аавын талаар дурьдахгүй өнгөрч болохгүй. Таныг мэдээ ороогүй бага байхад чинь өнгөрсөн гэдэг юм билээ? -Би ааваасаа есөн сартай үлдсэн. Намайг мэдээ ороогүй байхад өнгөрсөн болохоор би аавыгаа мэдэх тал дээр жаахан маруухан. Гэхдээ уран бүтээлийнх нь хувьд сайн мэднэ. Амьдралдаа ямар хүн байсныг нь би мэдэхгүй л дээ. Монгол хүн чинь барьж, харж, үзэж байж мэдэрдэг гэж ярьдаг ш дээ. Тэрэнтэй адилхан би аавыгаа сайн мэднэ гэвэл худлаа л даа. Нэг талдаа би амьдралдаа жаахан харамсдаг. Аав минь жаахан урт насалсан бол болох л байсан. Монголчууд хүний сайн нь түрүүлээд явчих юм гэж хэлдэг. Манай аав наснаасаа эрт түрүүлээд явчихсан болохоор би аавыгаа сайн хүн байсан гэж боддог. Өвчин гэдэг зүйл АЖ байна уу, ТШ, Хөдөлмөрийн баатар ч байна уу хүнийг голохгүй авч явдаг. Хэн ч байсан ү.хнэ шүү дээ. Тэр бол зарчим. Гэхдээ амьдрал аавыг арай хурдан аваад явчихсан юм болов уу гэж боддог. Нөгөө талаараа би ганцаараа бага үлдсэнээрээ их олон жүжигчдийн хайранд умбаж хайрлуулж өссөн л дөө. Хамгийн сүүлд үлдсэн болохоор аавын маань үеийн жүжигчид том жижиггүй намайг “Цагааны Цэвэгмидийн бага хүү” гээд гаран дээрээ бөмбөрүүлж байсан. Намайг хүн болоход аавын маань үхэл надад маш том юм өгсөн байх. Тэрнээс биш эцэггүй хүний толгой том гэдэг үг худлаа. Би луй.варчин болоогүй. Худлаа хэлж хүн мэхлээгүй. Ээж маань намайг бага байхад “аав чинь тийм хүн байсан” гэж ярьдаг байсан. Бага насанд ээжийнхээ ярьсан юмыг тэр бүр ойлгохгүй ш дээ. Би ааваасаа үлдээд 48 нас хүртлээ ээжтэйгээ хамт байсан. Ээж маань биднийг өсгөж хүн болгосон доо.Айлын хүүхдүүддээс ганц нэг нь жаахан болж бүтэхгүй тааруу амьдралтай явдаг гэдэг. Таныг эгч Мандах гуай нэг үе ар.хи да.рсанд ороод нэлээн гундуухан явж байсан. Одоо хаана байгаа вэ? Эгчтэйгээ холбоотой байгаа биз дээ. Амьдралд хэн ч гэсэн а.лдаж энддэг. Тухайн үед ээж маань амьд байсан. Манай эгч чинь барилгын ТМС төгссөн, шавар будагчны мэргэжилтэй хүн шүү дээ. Ид ажлаа хийгээд явж байх үед нь шинэчлэлт ороод хэсэг хүмүүс ажилгүй болж байсан. Тэр үеэр эгч минь ажилгүй болж нэг хэсэг амьдрал нь хэцүү байсан үе бий. Гэхдээ хүнд байх асуудал гэж боддог. Ер нь хүн болгонд эрх тэгш сайхан явсан үе ховор байдаг байх. Одоо бол миний эгч сайхан явж байгаа. Хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь том болоод гурван ачтай болсон. Ээжийн байшинд ач нарыгаа хараад сууж байгаа. Амьдрал нь сайхан жигдэрсэн тогтуун сайхан авгай байж л байна. Түүнээс биш манай эгч учиргүй ар.хи да.рсанд ороод замаа алдаагүй. Хүн хоёр талтай байдаг. Би ойлгохдоо Цагааны Цэвэгмидийн үр садын муу муухайг гэр бүлээс нь тээж явдаг нэг хүн байдаг гэдэг шиг тийм талаар нь би эгчийгээ зөвтгөж ойлгож ирсэн. Миний эгч сайхан сэтгэлтэй цагаан хүн. Хүнийг дандаа муугаар нь дүгнэж болохгүй л дээ. Би ч гэсэн ар.хи уугаа л явж байсан ш дээ. Надад замбараагүй архи уугаад арчаагаа алдаад явж байсан үе бий. Өнөөдөр УИХ-ын гишүүнд ч хийсэн а.лдаа байж л байгаа. Ганцхан гишүүнээр халхлагдаад байгаад байгаа болохоос биш. Энхбаяр ерөнхийлөгчид хүртэл а.лдаа байсан л байгаа байх. Тэгэхээр алддаггүй хүн гэж ховор. Ялангуяа ажил хийж байгаа хүн илүү алддаг байх. Таныг ар.хи да.рсанд ороод зуун айлд ухаангүй хэвтэж байхад чинь “Энүжин” компаний захирал Энхтуяа гэж эмэгтэй олоод гэртээ аваачсан гэж ярьдаг юм билээ. Одоо та хоёрыг их сайхан амьдардаг гэж дуулсан. Эхнэртэйгээ анх яг яаж танилцаж байсан юм бэ?Би сайн ханьтай учирсандаа баярлаж явдаг. Манай эхнэр их ухаантай эмэгтэй. Одоо үед тийм сэтгэлтэй хүн ховор байх л даа. Гудамжинд гарсан гэдэг нь ч юу юм бэ. Манай ээжийнх 100 айлд байдаг байсан юм. Би ээж, эгч,эгчийнхээ хүүхдүүдтэй нь хамт байдаг байсан. Ажил төрөлгүй, найз нөхөдгүй болсон хүн чинь гутарна, гунина. Эхнэр хүүхдээсээ салчихсан байсан үе. Манай Драмын театрын хажууд Хуулийн дунд сургууль гэж байсан юм. Тэр сургуульд манай эхнэр сурдаг, би театрт жүжигчин байлаа. Тэр үед бид хоёр учиргүй сайн танилууд биш ч гэсэн нэг нэгийгээ мэддэг байсан юм. Тухайн үед тэр хүн ч гэр бүлтэй, би ч гэр бүлтэй байсан. Ууж байх тохиолдолд тэр хүн намайг уран бүтээлчийнх нь хувьд ч тэр, хүнийх нь хувьд ч тэр хүндэлсэн. Манай эхнэрийн компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани л даа. Тэгээд эхнэр маань зуун айлын барилгын зах хавиар ажлаа хийж явж байгаад надтай таарахгүй юу. Намайг ар.хи уучихсан нэлээн “халаалттай” явж байхад манай хүн машинтайгаа над дээр хүрч ирээд “Чи ингэж яваад яах юм бэ, ар.хи да.рснаас гар” гээд гэр лүүгээ авч явах юм болсон. Эхний удаад шууд айлд очно гэдэг хэцүү шүү дээ. Тийм аймшгийн хар халтар шавар шавхай болчихсон нүхнээс ухаж гаргаад ирсэн юм шиг тийм хүнийг. Яагаад тэгээд зориглоод гаргасныг нь би сүүлд нь ойлгосон л доо. Тэгээд машинд нь суучихаад хоёулаа эхнэрийнхээ сурч байх үеийнх нь, би театрт ажиллаж байх үеийнхээ тухай юмаа ярьж суулаа.Маргааш нь би буцаад л нөгөө зуун айл руугаа явна ш дээ. Юу юугүй очоод суучих зориг надад байхгүй байсан л даа. Тэгж явсаар бид хоёр гэр бүл болсон доо. Хүнд заавал хань хэрэгтэй байдаг юм билээ. Тэр шавар шавхай дотор байж байхдаа нэг кинонд тоглочих юмсан, эргээд хамт олонтойгоо нийлчих юмсан гэж бодогдох үе гардаг байлаа. Гэтэл хэн ч дуудахгүй, хэнч намайг тэнд байгааг мэдэхгүй байсан үед манай эхнэр намайг олж авсан. Тухайн үед би мэдэрдэггүй байсан байх. Амьдралд хүн чинь хань ижил хайна, үгүйлнэ. Яг тэр үед гарч ирсэн хүн байхгүй юу. Би одоо хүртэл эхнэрээсээ асуудаг юм. “Яагаад тийм шавар хиртэйгээ хутгалдчихсан хүнийг чи татаж авсан юм бэ” гэж. Тэр хүн намайг хүнийх нь хувьд хүндэлсэн. Замбараагүй ар.хи уудаг хүнийг ханиа болгож авна гэхээр хэцүү шүү дээ. Баргийн хүн тэгэхгүй биз дээ. Яахав хүнд үед нь сайхан усанд оруулаад ор дэр засч өгч унтуулаад буцаагаад явуулдаг тийм хүмүүс бий л байх. Харин аваад цуг амьдардаг хүмүүс байхгүй ш дээ. Бараг үлгэр шиг юм байхгүй юу. Одоо бид хоёр нийлээд зургаан жил болж байна. Би ар.хи уухаа больсон. Эргээд уран бүтээлээ хийж эхэллээ. Найз нөхдийн маань хүрээлэл эргээд бий болсон. Уугаад явж байхад найз нөхөд байхгүй ш дээ. Би өглөө босно, ажилтай юм шиг зуун айлаар тэнэнэ. Заримдаа хэд хоногоор хамаагүй тэнээд алга болчихдог тийм л үе байлаа. Ганц гар утастай. Гар утас руу маань залгадаг ч хүн байхгүй. Миний утсыг мэддэг хүн ч байдаггүй байсан байх. Мэдсэн ч над руу залгаад яах юм гэж боддог байсан биз.Эхнэрийг чинь хоёр хүүхэдтэй, хүүхдүүд нь танд их сайн байдаг гэж дуулсан? Хүүхдүүд нь хүртэл таныг ойлгоод үнэхээр сайн хань, сайхан гэр бүл таныг угтаж авчээ? -Тэгэлгүй яахав. Үнэхээр сайхан гэр бүл намайг угтаж авсан. Эхнэртэй минь учруулсан тэр өглөө намайг шал өөр амьдрал, өөр ирээдүй угтаж авсан. Манай эхнэр хоёр сайхан том болсон хүүхэдтэй. Хоёулаа Америкт сургуульд сураад одоо ажил төрөлтэй, гэр бүлтэй болоод сайхан явж байгаа. Хүүхдүүд маань надад маш сайн байдаг. Би боддог юм. Дээрээс намайг миний аав л харсан байх гэж боддог. Гундаж, гандаж явахад дээрээс хардаг шүтээн гэж байдаг юм байна. Аав минь намайг харсан болов уу даа. Одоо хэвийн сайхан амьдарч байна. Ер нь амьдрал хатуу байдаг юм байна. Хүн гэдэг чинь хань ижил түшиж амьдрахгүй юм бол шонгийн мод ялзраад унадагтай адил ганцаараа байхаар унадаг юм байна лээ. Би ар:хи уугаад зөнгөөрөө явж байсан бол өдийд ямар явж байх бол мэдэхгүй ш дээ. Үнэхээр Тэнгэрээс аав минь л намайг харсан байх. Таны анхны эхнэр хоёр хүүхдийн чинь ээж Алтанчимэгийг биеийн тамирын багш мэргэжилтэй хүн байдаг гэж дуулсан.Одоо юу хийж байгаа вэ? Хүүхдүүдтэйгээ холбоотой байгаа юу. Анхны эхнэрийг маань Алтанчимэг гэдэг. Биеийн тамирын багш мэргэжилтэй. Хоёр хүүхэдтэйгээ байнга холбоотой байлгүй яахав. Нэг нь одоо банкинд ажилладаг. Нөгөө нь сурч байгаа. Жүжигчин болгох гэхээр жүжигчин болохгүй юм шиг байнаа. Хүүхдүүдээ сургууль соёлд оруулах, айл гэр болоход нь би боломжоороо туслахыг боддог. Би ямар нэг их баян хүн ч биш, гэхдээ бүр ядуу хүн биш л дээ. Ямар ч байсан ээж аав ямар байх ёстой вэ тэр үүргээ гүйцэтгэж л явна. Одоо туйлгүй баян хүн зөндөө байна ш дээ. Тийм байгаад ч хэрэггүй байх гэж боддог. Нэг талаар ард түмэн муу хэлдэг болно. Ер нь эвдрэх талын шинж чинь баян болох ш дээ. Ар.хи да:рсанаас болоод анхны эхнэрээсээ салсан юмуу? Таныг тиймэрхүү явж байх үед чинь хүүхдүүдийн чинь ээж татаж авах гэж хэлж ярьж байсан уу?Хэлэлгүй яахав. Мэдээж амьдралд зөндөө асуудал бий шүү дээ. Салахад заавал шалтаг шалтгаан бий л дээ. Хүүхдүүдийн маань ээж бид хоёрын хувьд дурсамж болоод өнгөрсөн зүйл. Тухайн үед хүн болгон л надад хэлж загнаж занчиж байсан. Найз нөхөд, ах маань, эхнэр хүүхдүүд, ээж гээд бүгд л миний төлөө надад хэлж байсан. Хэлэхгүй нэг ч хүн байгаагүй. Би ажилгүй орлогогүй болчихсон ч гэсэн мэдээж хүнээр тэжээлгүүлээд байх хэцүү биз дээ. Өөрөө бие дааж амьдармаар байдаг. Гэтэл тэдний зөвлөгөө надад нөлөөлөөгүй. Би ерөөсөө амьдарлыг л хүсч байсан байхгүй юу. Хүнд тавтай тухтай амьдрал, дулаан байр орон сууц, хэрэгтэй биз дээ. Хань ижилтэй байх ёстой. Үг нь хүчгүй ч гэсэн хажуунаас үглэж дуулах тийм хань ижил хэрэгтэй байдаг юм билээ. Амьдралд хүнийг хүндэтгээд байхаар тэр хүн эргээд нөгөө хүнээ улам хүндэлдэг юм байна лээ. Одоо манайхан яадаг гэхээр өөрөө бусдыг хүндлэхгүй байж хүнээр хүндлүүлэх гээд байдаг болчихсон. Энэ чинь аймаар том алдаа байхгүй юу. Бидний үеийн уран бүтээлчид ч тийм байсан. Нэг нэгийгээ хүндэтгэж байж тэр уран бүтээл цогц болдог ш дээ. Одоо тийм биш юм шиг санагддаг. -Тэр олон жил яагаад ар.хинд орчихов? -Онгирч л байхгүй юу. Надаас өөр хүн байхгүй байна гэж онгирсных. Хүмүүс “Чи мундаг шүү” гээд л ар.хиар угжаад эхэлсэн. Гэхдээ сайхан сэтгэлтэй улс тэр дунд байсан. Саар нь ч байсан. Хүний амьдрал янз бүр шүү дээ. Гэхдээ яахав, өнгөрснөө ойлгож ухаарч аавынхаа, ахынхаа нэр хүндийг олох гээд л маш хурдан хугацаанд бүтээн байгуулалтын ажилд орсон. Одоо хүртэл бүтээн байгуулалтын ажил дуусаагүй л явж байна, дуусах ч үгүй байх. -Таныг багшийн дээд сургуульд багшилж байсан шиг санагдаж байна. Өөрийн гэсэн шавьтай юу? -Шавь нар байх нь байгаа.Тэгэхдээ жүжигчнээр явж байгаа нь их цөөхөн байгаа л даа. Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид багшилж байлаа. КУДС, “Харцага” зэрэг сургуулиудад багшилж байсан. Сүүлийн үед маш олон жүжигчид шинээр гарч байна. Одоо үед аль мөнгөтэй зальтай нь сургуулиа төгсөөд театар ч юмуу нэг студи руу очоод орчихдог болсон байна. Би ч гэсэн тийм л байсан байх. Залуу хүмүүст нэг чиглүүлдэг хүн байхгүй бол зарим нь учраа олохгүй байх шиг байна.Та хэдэн жилийн өмнө “Цагааны Цэвэгмид нэртэй” студи байгуулсан байх аа. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа биз дээ. -Үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа. Таван жилийн өмнө байгуулж байсан. Өнгөрсөн жил нэг кино хийсэн. Би чинь жүжигчин болохоор яг нэг ажил аваад явах боломж байхгүй юм. Ганц хоёр кинонд тоглох хөдөө явах гээд тэр бүр студи руу анхаарлаа хандуулж амжихгүй юм. Студи байгуулахын тулд тодорхой хэмжээгээр мөнгө санхүүгийн асуудал байх ёстой. Хэдий мөнгөтэй байсан ч гэсэн техник хэрэгсэл нь өөрчлөгдөж шинэчлэгдэнэ. Техниктээ мөнгө зориурлахгүй бол болохгүй. Дээрээс нь уран бүтээл хиймээр байдаг. Нөгөө олсон орлогоо техник хэрэгсэл гээд тавиад туучхина. Өнгөрсөн жил нэлээн хэдэн уран бүтээл хийсэн. Уран бүтээл хийж байна гэдэг тэр студийн амьд байгаагийн шинж шүү дээ. Ер нь бизнес гэдэг чинь их хэцүү юм билээ. Би бизнесмэн хүн биш болохоор бизнесийн тал дээр эхнэрээсээ суралцах зүйл их гарна. Үнэнийг хэлэхэд би сая төгрөг тоолж мэдэхгүй ш дээ. Их мөнгө тоолохоор гар чичрээд байдаг юм. Одоо бол арай ондоо болсон л доо. Ямар ч байсан киноноос авсан мөнгөө тоолчихдог болсон байна лээ. Миний үед 2000, 3000 төгрөг л өгдөг байлаа шүү дээ. Тэрийг тоолоход арай хялбар байсан санагдаж байна. Гэхдээ ер нь мөнгө чухал биш гэж боддог. Албан тушаал, мөнгө, гавьяа шагнал хүнийг эвддэг. Монголчуудын хэлдэг нэг үг байдаг ш дээ. Наад хүнээ алъя гэвэл дарга болгочих гэж. Дарга болсон хүн аймаар эвдэрдэг. Гэхдээ энэ зөвхөн миний л бодол шүү.а одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу? -Амьдралдаа а.лдсан а.лдаагаа л нөхөх гэж явна. Ар.хи, да.рсыг 10 жил ууж, амьдралдаа бүдчиж бүдчиж явсаар энэ зам руугаа буцаж орсон. Өнгөрсөн орон зайгаа нөхмөөр байна. 90-ээд оны үед намайг ү.хчихсэн гэж ярьдаг байсан. Тэр хугацаанд ар.хи гэдэг са.рхдыг би хангалттай зооглосон. Одоо а.лдсан тэр цаг хугацаагаа нөхөх гээд тэмцэж л явна. Зарим айлд кино зураг авах гээд ороход би яаж амьдраад байна гэсэн асуултыг өөртөө тавьдаг. Миний амьдрал тэр тансагчуудын дэргэд үнэндээ л бөөс хуурсны ажил хийж байна. Надад бусад шиг үнэтэй цайтай хөрөнгө мөнгө, эд хогшил байхгүй ч гэсэн тархи, зүрхэнд маань юм бий л гэж бодон өөрийгөө зөвтгөдөг. Хэрвээ би бусдад гавьяа шагнал олгодог хүн байсан бол ядарсан муу жүжигчид, тэр гавьяа тэмдгийнх нь оронд ганц өрөө байр өгчихвөл илүү хэрэгтэй шүү дээ. Аль эсвэл ипотекийн зээлд хамруулаад 30 хувийг нь төлөөд та цааш нь төлөөд яваарай гэх байсан. Намайг хүмүүс их баян гэж боддог байх. Би сарын 550 мянган төгрөгийн түрээсийн байранд амьдардаг. -Ярилцсанд баярлалаа эх сурвалж-tovchoo.com

Related Articles

Back to top button
error: Content is protected !!