Uncategorized

Б.Дуулим: Тайзан дээр дуулахдаа орчлонгоос тасарсан мэт аз жаргалыг мэдэрдэг

МУГЖ, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин, гурван настайгаасаа дуулж, эмээ, өвөөгөө даган тоглолтод очдог байсан бяцхан охин Б.Дуулим одоо өөрөө үг, аяа зохиодог уран бүтээлч болжээ. Дэлхийн тайзан дээр гарахыг мөрөөддөг тэрээр аавтайгаа хамтран лайв тоглолтоо хийхээр бэлдэж буй юм. Ингээд түүний тоглолт болон уран бүтээлийн сонин хачнаас гадна өөрийгөө хөгжүүлэхдээ хэрхэн анхаардаг талаар ярилцсаныг хүргэж байна. -Сайн байна уу? Юуны түрүүнд манай уншигчдад тун удахгүй болох лайв тоглолтынхоо талаар мэдээлэл өгөөч? -Сайн байцгаана уу? Аав бид хоёрын хамтарсан “Вансэмбэрүү” лайв тоглолт аравдугаар сарын 9-нд 20:00 цагаас Unilive88, DDish 900 сувгаар үзэгчдэд хүрнэ. Энэ удаагийн тоглолтод маш их ач холбогдол өгч, бэлдэж байна. Мөн мундаг дуучин ах, эгч нар урилгаар тоглолтод оролцоно. Шууд цацагдах бидний лайв тоглолтын үеэр үзэгчид маань гэнэтийн бэлгийг маань мэдэх байх.Би гурван настай байхаасаа эхлэн эмээ, өвөөгөө дагаж тоглолтоор хамт явдаг байсан. Дараа нь аавынхаа тоглолтод цуг явдаг болсон. Харин аавтайгаа хамт уран бүтээл хийж эхэлснээс хойш хамтдаа хөдөө орон нутгаар болон лайв тоглолт хийх завшаан тохиож байгаа юм. Б.Дуулим багаасаа өвөө, эмээгээ дагаад аялан тоглолтод явдаг байсан бол одоо өөрөө тоглолтоо хийж байна шүү дээ? -Багаасаа дуулах дуртай, тайзанд хайртай хүүхэд байсан. Эмээ, өвөөгөө дууны бэлтгэл хийж байхад нь дэргэд нь л байдаг байлаа. Тайзан дээр гарахаараа аз жаргалтай болдог. Тайзан дээр дуулахдаа орчлонгоос тасарсан мэт аз жаргалыг мэдэрдэг. Бидэнтэй шинэ уран бүтээлийнхээ сонин хачнаас хуваалцаач. Сонсогчид нь хүлээлттэй байгаа байх? Сүүлд МУГЖ Д.Оюунтүлхүүр эгчийн “Нутгаа санахад” гэдэг уран бүтээлийг аавтайгаа хамтран ковер болгон дуулсан. Мөн “Ээжийн бүүвэйн дуу”-г шинэчилж, хөгжмийн найруулгыг өөрчлөн орчин үеийн болгон дуулсан.Урлаг, уран бүтээлдээ анхаарахын сацуу сурч хөгжихдөө хэрхэн цаг гаргадаг вэ? Хичээлдээ явна, гэр бүлийнхэндээ цаг гаргана. Аав маань боловсролоо нэгдүгээрт байлгах нь чухал гэдгийг захидаг. Тиймээс би хичээлдээ анхаарахын сацуу англи, хятад хэлний бэлтгэлд сурдаг. Бүх зүйлийг амжуулж, өөрийгөө хөгжүүлэхээр хичээдэг.Дууныхаа үг, аяыг өөрөө зохиох нь уран бүтээлчийн онцгой чадвар гэж боддог. Ихэвчлэн ямар үед шинэ уран бүтээлийн санаа, үг, ая зурсхийдэг бол? -Дууны үг, аяыг зохиоход орчин маш чухал санагддаг. Хэн нэгэн хажууд байхаар анхаарал төвлөрдөггүй учраас ганцаараа байхдаа дууны үг, аяа зохиодог. Хааяа санамсаргүй байж байхад гоё ая, үг санаанд ордог. Тэрийг мартахгүйн тулд үгээ бичиж аваад, аяа утасныхаа дуу хураагуурт хадгалдаг. Шууд тэмдэглэж авахгүй бол мартчихдаг сул талтай. Зөөлөн, гуниг төрүүлэм хөнгөн ая бичих дуртай. Миний зохиосон зургаан уран бүтээл бий. Эдгээр дуунаас нэгийг нь өөрөө дуулж, клип хийсэн. Санхүүгийн тал дээр хэнээс ч тусламж аваагүй өөрөө бүтээсэн гэдгээрээ онцлогтой. -Шантарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ. Магадгүй сэтгэлээр унаж, мөрөөдлөөсөө зугтах гэж байгаа нэгэн бидний ярилцлагыг уншиж байгаа гэж төсөөлбөл ямар зөвлөгөөг түүнд өгөх бол? -Шантрах үе ховор тохиолддог. Сэтгэлээр унаж, гутарсан үедээ өөртөө “Би үүнийг хийж чадна. Би чадахгүй бол өөр хэн чадна юм” гэж хэлж зоригжуулдаг. Хийж байгаа зүйлдээ дуртай учраас ард нь гарах хэрэгтэйгээ сайн мэддэг. Хүсэл тэмүүлэлтэй, сэтгэлийн хаттай байвал шантрах үе гарахгүй байх.Гэр бүлийн үнэ цэнийг юу гэж ойлгодог вэ? -Аз жаргал гэдэг зүйл эд мөнгөөр хэмжигддэггүй. Сэтгэлийн амар амгалан байдлаар аз жаргал хэмжигддэг байх. Санаа зовох зүйлгүй, халуун дулаан уур амьсгалтай байх нь гэр бүлийн үнэ цэн, хайрыг илтгэдэг юм шиг санагддаг. -Б.Дуулим найз залуутай юу? Ямар зан чанар эрэгтэй хүнийг чимдэг гэж боддог вэ? -Би найз залуугүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүндэлж байгаа нь сайхан санагддаг. Тухайн хүн хэн байх нь, юутай байх нь хамаагүй бүсгүй хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж, сэтгэл гарган жаргах зовоход нь түших нь чухал. -Youtube сувагтаа влог хийдэг шүү дээ. Ер нь өөрийг тань дэмждэг хүмүүст ямар шинэ зүйлс ойрын хугацаанд хүргэхээр төлөвлөж байна вэ? -Шинэ влог хийгээгүй хэдэн сар өнгөрсөн байна. Уран бүтээл, хичээл сурлагадаа их анхаарч байгаа болоод ч тэр үү youtube сувагтаа анхаарч амжихгүй байна. Бичлэгийн шинэ санаа, содон бичлэгээр эргэж уулзана гэж бодож байгаа. -Чиний холын мөрөөдөл юу вэ? -Би дэлхийн хэмжээний тайзан дээр тоглолтоо хийх мөрөөдөлтэй. -Ярилцсанд баярлалаа. Урлагийн өндөр амжилтыг хүсье.  -Маш их баярлалаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!