Uncategorized

​Германы шилдэг тогооч А.Мөнхдалай: Дэлхийг тойрон аялахаас илүү аавынхаа донор болохыг илүүд үзсэн

Германы шилдэг 50 тогоочийн нэг, цагаан, ногоон хоолны “Muko” брэндийг үүсгэн байгуулагч А.Мөнхдалайтай ярилцлаа.Та Германд анх хэдэн настайдаа ирж байсан бэ. Багаасаа тогооч болох хүсэл, мөрөөдөлтэй байсан уу? Би 2001 онд арван настай байхдаа Германд ирж байсан. Тухайн үед аав маань докторын зэргээ Германд хамгаалж байсан юм. Иймд ээж дүү, бид гурав аавын араас Монголоос энд ирсэн дээ. Би багаасаа л гал тогоотой ойр өссөн. Учир нь, манай өвөө, эмээ хоёр тогооч хүмүүс байсан. Өдөр бүр л сайхан, амттай хоол хийж түүнийг нь даган, сурах гэж оролддог байлаа. Тухайн үед хоол хийнэ гэдэг миний амьдралын аз жаргалын нэг л болчихсон байв.Тогоочийн гараагаа хэзээ эхэлж байв. Мөн яагаад цагаан, ногоон хоолны тогоочоор ажиллахыг зорьсон бэ?  Миний анхны ажлын гараа Германы үндэсний зоогийн газраас эхэлсэн. Тэнд хоёр долоо хоногийн хугацаатай дадлага хийж байлаа. Тогоочийн анхан шатны нарийн мэргэжлийн зүйлсээ тэндээс л авсан даа. Дараа нь “Hotel Am Rosenberg” зочид буудлын ресторан, Франкфурт хотын томоохон ресторануудад тогоочоор ажилласан юм. Ингээд ажиллаж байхад ресторануудад цагаан, ногоон хоол иддэг хүмүүсийн захиалгын хоол тэр бүр байдаггүй байлаа. Зарим тогооч нь хүртэл ийм хүмүүст ямар хоол, яаж хийхийг мэдэхгүй байсан. “Үйлчлүүлэгч байсаар атал яагаад хүссэн хоолыг нь хийж чадахгүй байдаг билээ” гэж бодож энэ талаар судалж байсан. Цагаан, ногоон хоолны талаар илүү их мэдэхийн тулд маш их ном, сонин уншсан даа. Мөн тэр үед аавын бие нь муудаж донор болохоор Монголд буцаж ирсэн. Гэхдээ донор болох гэсэн боловч эхлээд би тэнцээгүй. Буруу хооллолт, таргалалттай холбоотой байсан. Харин хэсэг хугацаанд цагаан, ногоон хоолыг идэвхтэй хэрэглэснээр аавынхаа донор болох боломжтой болсон юм.Та аавынхаа донор болж Монголд ирэхээс өмнө дэлхийн нэр хүндтэй рестораны тогоочоор ажиллах санал авсан гэж сонссон? Би “MS Europa” гэх дэлхийн өндөр зэрэглэлийн усан онгоцонд тогоочоор ажиллахаар болж, гарын үсгээ зурах гэж байлаа. Испанийн арлаас энэ онгоцны хамт дэлхийг тойрон аялахаар явахын өмнө гэнэт утас дуугарсан юм. Гэтэл Монголоос надад дуудлага ирж, аавын бие муу байгааг хэлсэн. Багаасаа мөрөөддөг мэргэжлээр аялангаа ажиллах нь үнэхээр том боломж боловч эцэг, эх минь надад ганц заяана шүү дээ. Иймд би аавынхаа донор болохоор Монголдоо буцаж ирсэн. Ингээд донорын шинжилгээ өгтөл “Чиний элэг өөхжилттэй учир донор болох боломжгүй юм байна. Хэрэв чи хоёр сарын дотор яаралтай турж, эрүүл болох болж чадвал аавыгаа аварч чадна гэсэн юм. Тухайн үед би ч мөн адил эрүүл бус хооллодог байснаа мэдсэн. Ингээд буцаж Германд очиж эрүүл болохын тулд эрчимтэй ногоон хоол идэж, цаг хугацаатай уралдаж эхэлсэн. Энэ хугацаанд миний гол зорилго аавыгаа аврах л байсан. Ингээд хоёр сарын дараа гэхэд 20 кг хасаж хүссэн дүндээ хүрч аавынхаа донор болох боломжтой болсон доо.Германы шилдэг 50 тогоочийн нэгээр шалгарсан шүү дээ. Таны зорилгын нэг байсан уу. Ямар хоол хийсэн бэ? Германы мэргэжлийн түвшний ахлах тогоочдыг шалгаруулсан юм билээ. Энэ дунд түүхэндээ анх удаа цагаан, ногоон хоол хийдэг тогооч багтсан бөгөөд тэр нь би болсон юм. Нэг өдөр л над руу “Чамайг топ 50 тогоочийн нэгээр тодруулж байна. Бидэнд өөрийн онцгой нэгэн хоолыг хийж явуулаарай. Зураг авалтад ашиглана” гэж хэлсэн. Ингээд “Романа салад” хийж явуулсан юм. Миний гол зорилго Германы шилдэг 50 тогооч бол байгаагүй юм. Тууштай ажлаа хийн явахад ирэх амжилтын нэг нь байсан болов уу. Би энэ мэдээг сонсоод “Өө тийм үү, баярлалаа. За ажлаа үргэлжлүүлж хийцгээе” гэсэн. Учир нь миний гол зорилго дэлхийн хүн бүрд цагаан, ногоон хоолыг таниулах, нээлттэй болгох юм. Одоохондоо энэ салбар тийм ч сайн хөгжөөгүй байна. Би дээрх зорилгын хүрээнд “Muko” цагаан, ногоон хоолны брэндийг үүсгэн явуулж байна. Анхны ресторанаа 2020 онд нээж байсан бол хоёр дахь ресторан минь саяхан нээлтээ хийлээ. Яваандаа Герман төдийгүй монгол, дэлхийд ч ресторанаа түгээх болно. Мөн өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнээ худалдаанд гарган явж байна.Цагаан, ногоон хоолтон болсноор ямар ашиг тустай вэ. Энгийн махан хоол иддэг хүмүүс хэрхэн цагаан хоолонд дасах вэ? Аливаа өвчлөлийн үндэс нь хүний биемахбод, цаашилбал хоол хүнс байдаг. “Хоолыг эм шиг хэрэглэ, эсвэл чи эмийг хоол шиг хэрэглэх болно” гэдэг үг байдаг. Тэгэхээр бид өөрсдийн хоол, хүнсэнд анхаарах нь чухал. Эрүүл хооллолтын нэг үндэс нь цагаан, ногоон хоол юм. Цаашлаад дэлхийн дулаарал, байгальд ээлтэй хоол хүнс. Хэрэв цагаан хоолтон болох гэж байгаа бол эхлээд бага багаар өөрийгөө дасгах хэрэгтэй. Жишээлбэл, долоо хоногийн 2-3 өдөрт нь цагаан, ногоон хоол идэж байх хэрэгтэй. Германы “Volkswagen” компани гэхэд ажилчдынхаа хоолны цэсэнд цагаан хоолыг оруулж байна. Берлины их сургуулиуд ч мөн адил цагаан, ногоон хоолыг цэсэндээ оруулж өгсөн байна. Монголд цагаан, ногоон хоолтон хэр их байдаг вэ. Та холбоотой байдаг уу? Монголд цагаан, ногоон хоолтнууд их байдаг. Би ганц, хоёр хүнтэй холбоотой байдаг. Ялангуяа Буяндорж тогоочтой хамтран ажиллаж эрүүл хооллолтыг Монголдоо түгээхээр зорьж байна. Ер нь тогооч хүн өөрийн мэдлэг чадвараа бусдад түгээн, үлгэрлэх хэрэгтэй. Энэ хүрээнд Монголоос өөрийн ресторанд гурван тогоочийг нэг жилийн хугацаанд ажиллуулж, дадлага туршлага хуримтлуулах болно. Тэд эх орондоо буцаж ирж, эрүүл хоолыг бусдад түгээх юм. -Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!