Uncategorized

М.Зоригт: 50 жилийн дараа Монгол Улс байхгүй болчих вий…

Та Ардчиллын анхдагч, тухайн үеийн Монголын Оюутны Холбооны удирдагчдын нэг. АН маань өнөөдөр хоёр хуваагдсан байдалтай байна. Энэ талаар таны байр суурь? С.Эрдэнэ даргатай, О.Цогтгэрэл даргатай гээд хоёр талын алийг нь та дэмжиж байна? Алиныг ч дэмжихэд хэцүү болчихсон юм даа. Ардчилсан Нам ч тэр, ардчилал ч тэр булингартчихлаа. Энэ бүхэн бол С.Эрдэнэ, О.Цогтгэрэл гэдэг хүмүүс албан тушаал булаацалдаад байгаа төдий асуудал биш. Цаана нь бизнес, мөнгөний бүлэглэлүүд хоорондоо АН-ыг булаацалдаж байна. Улс төрөөр дамжуулж, эрх мэдэлд хүрэх юм байна. Эрх мэдэлд хүрчихээд тендерээ хувааж, лиценз авахын төлөөх тэмцэл яваад байгаа юм. Үүнээс болж Монголд ардчиллыг авчирсан мундаг улс төрийн хүчнийг үгүй хийж дуусаж байх шиг байна. Хэрвээ би аль нэг талд нь орох юм бол Монголын ардчилалд, Ардчилсан Намдаа хор хөнөөл болно. Тиймээс болж өгвөл бидний үеийнхэн холдчихоосой. Харин өнөө цагийн залуучууд тойрч суугаад учраа олчихоосой. Тэр С.Эрдэнэ, О.Цогтгэрэл өөр хэн байна? Та нар зүгээр орхиод явчих л даа.Маргаашийн эзэд, өнөөдрийн залуучууд чинь бэлэн болчихоод байна шүү дээ. Тэдэнд намаа удирдах боломжийг нь өгчих. Энэ залуус учрыг нь олоод явчихна гэдэг л байр суурьтай байна даа. Гэхдээ яах ч аргагүй хууль ёсны бүртгэл, тамга тэмдэг нь С.Эрдэнэ талдаа байгаа учраас тэр хуульгүй яваад байгаа хэсэг нөхдөд хандаж, та нар хуультай газраа очиж учраа олооч гэж л хэлье.АН 2012-2016 онд маш сайн ажилласан гэж өөрсдийгөө дүгнэдэг. Харамсалтай нь хоёр сонгууль дарааллан я.лагдлаа. Энэ бүхний шалтгаан нь юу гэж та боддог вэ? Ер нь бол тэр жилүүдэд түүхэнд байгаагүй их бүтээн байгуулалт хийсэн. Маш урт зам барьсан гэх мэтээр яривал их зүйл бий. Ханцуй шамлаад ажил хийе гэсэн сэтгэл нь үнэхээр байсан боловч бид засаглаж чадаагүй. Засаглах ур чадвар сууж чадаагүй байсан юм биш үү? Тийм л учраас дараалан я.лагдаад явж байгаа юм. Өөрөөр хэлбэл бид муу ажилласандаа биш, засаглаж л чадаагүй.Та “Бидний цөөхөн Монголчууд” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн зорилго юу вэ? өнгөрсөн хугацаанд ямар ажил хэрэгжүүлэв? Төсөл эхэлснээс хойш 5-6 жил өнгөрчээ. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд коронавирусээс болоод хөдөлсөнгүй л дээ. Хүн хүнтэй уулзаж, айл хэсдэг төсөл учраас завсарлахаас ч өөр аргагүй. Ер нь бидний хийж байгаа зүйл бол энэ цагийг түүхчилж буй хэрэг. Улсын түүх, энэ цагийн түүх гэдэг чинь хувь хүн бүрийн л түүх.  Бидний сэтгэлийн гүнд хадгалагдаж байгаа бодол, санал, аав ээж, өвөг дээдсийн тухай дурсамжууд нийлж байж Монгол Улсын түүх болно. Чиний, миний, Дорж гуай, Бямбаа гуайн түүх нийлж байж Монгол улсын түүх болох учиртай. Тиймээс би нэг их ухаан зарж, цаг хугацааг ухрааж судлахгүйгээр, өнөө цагийн Монголчуудынхаа амьдрал ахуй, байгаа орчинг нь зураглаж түүхчилж байгаа юм.Хэн нэг өвөөг сайн яриулаад авах нь чухал. Үүнийг 40, 50 жилийн дараа үзүүлэхэд л энэ цагийг хамгийн зөв ойлгуулж чадна. 10-аад хүний яриа сонсоход л тэр аймаг, сумын өнгө төрх гараад ирнэ. Бид коронавирус намжмагц АНУ-д амьдарч байгаа Монголчууд руу явахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Эхлээд зүүн эргээр дараа нь баруун эргээр нь явахаар төлөвлөж байгаа. Вашингтон хотын Монголчуудын холбоо, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамтай хамтарч “Бидний цөөхөн Монголчууд” төслийнхээ шинэ хэсгийг хэрэгжүүлэх гэж байна. Бидний ярилцсан сэдэвтэй холбоотой миний асуугаагүй, таны хэлье гэж бодсон зүйл юу байна? Бид чинь цөөхүүлээ шүү. Цөөхүүлээ учраас бие биенийгээ хайрлаач ээ. Дэлхий даяарх Монголчуудыг будаа шиг цуглуулахад л 10 сая хүрэхгүй.Дэлхийн хотуудын хүн ам нь бараг дунджаар 30, 40 сая болчихсон. Гэтэл бид улс дотроо 3-хан сая. Нэг хүний амь нас, нэг айлын гал голомт бидэнд үнэтэй. Хүн бүр хариуцлагатай, эв нэгдэлтэй байгаач ээ. 50 жилийн дараа гэхэд Монгол Улс байхгүй, Монгол хэл нь устана, Монгол хүн байдаггүй болно гэсэн Япон ч билүү Сингапурын эрдэмтдийн судалгаа байдаг. Үнэн шүү дээ. Өөрсдөө анзаараагүй байхад бидний хэл, яриан дотор Англи болон бусад орны хэл ороод ирчихсэн байгаа. Монголоороо яриад байгаа мэт боловч аль хэдийн 10, 20 үг нь гадаад үг болчихдог. Энэ чинь уусч эхэлж байгаагийн илрэл. Мөн бид түүхээ нураагаад эхэллээ. Уг нь тэнд “Андлалын өргөө” байсан бол Их Эзэн хаан ба Боорчи хоёрын тухай, Монголын нууц товчооныхоо түүхийг хүүхдүүддээ яриад зогсож байх байлаа… Дэлхийн хүмүүсийг авч ирээд гайхуулж байх ёстой газар. Гэтэл бид нураагаад л хаячихлаа. Монголчууд бид цөөхүүлээ шүү гэдгийг л давтан давтан хэлье. Баярлалаа, таны ажилд амжилт хүсье.

Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!