Uncategorized

ЯРУУ НАЙРАГЧ БЯМБАЖАВЫН ЭНХТУЯА “Охин үрээ хайрла шүлгийн бүтсэн түүх”

“-Манай бага охин тэр үед 9-р ангид сурч байлаа…”, “…Нэг орой кино үзье гэхээр нь тасалбарын мөнгө өгөнгөө ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирээрэй гээд явуулав аа. Төд удалгүй аав нь ороод ирлээ. Идэрмөрөн хаачсан гэж байна. Оройн кино үзэхээр явсан гэлтэй биш “Одоо ороод ирнэ ээ” гэлээ. Нэлээн орой бөөн баяр орж ирсэн охиноо аав нь “Хаачаад ирэв” гэж байна. Охин ч үнэнээ л хэллээ. Гэтэл Хүрлээ уурлаад “Чи яахаараа хар нялхаараа байж оройн кино үзэж явдаг юм. Замаа алдах нь уу” гээд л загнаж гарахгүй юу. Дэлхийн хамгийн муу охиноор тодруулж, мөнгө өгсөн би ч бас буруутлаа. Бид хоёрыг баахан загнаж, хоёуланг нь хүмүүжүүлчихлээ гэж тайвшраад өрөөндеө ороод унтаад өглөө. Охин уурлаад, уйлаад болдоггүй. Би ч бас гомдол төрөөд…”, “…Хүүхдүүд аавтайгаа ярихаас илүү надтай их санал бодлоо хуваалцана. Тэгээд л гомдол зангираад байхаар “Охин үрээ хайрла” гээд л бичиж эхэлсэн дээ. Бичээд л байсан, бичээд л байсан. Тэгээд нэг дууссан. Гомдол ч тайлагдаж байна. Охиныхоо өрөөнд ортол уйлж байна. Аргадаад, “Миний охин, маргааш өглөө аав нь цай чана гэвэл битгий босоорой, за юу” гэж хэлсэн. Тэгээд л унтлаа. Өглөө манай хүн “Цайгаа чана” гээд нударч байна. Хариуд нь би “Өө, би гоё зүүд зүүдэлж байна. Зүүдээ дуусгана. Та өөрөө чанахгүй юу. Крант онгойлгохоор ус байж байгаа. Плитка залгахаар гал байж байгаа. Эмэгтэй хүн очдогтой адил эрэгтэй хүн очсон ч асна” гээд буруу хараад хэвтчихсэн. Мань хүн “Болихгүй юу, чи. Би цайгаа чануулах охинтой, мэдэв үү” гээд охиныхоо өрөө рүү орлоо. Бас л “Чадахгүй ээ, мэдэв үү” хариу сонслоо. Бүр уурлаад “Энхтуяа чи хар. Хүүхэд нэг удаа оройн кино үзэхэд ингэж эвдэрч байна шүү дээ” гээд л амандаа үглээд гал тогоо явлаа. Тэр хооронд нь би дугхийчихэж. Сэрсэн чинь Хүрлээ нэг гартаа халуун савтай сайхан цай барьчихсан, нөгөө гартаа миний гал тогооны ширээн дээр бичээд орхисон шүлгийг барьчихсан инээгээд зогсож байна. Тэгснээ “Чамайг уурлуулбал овоо юм гарах юм байна. Дажгүй шүү” гэж байна. Тэгж л “Охин үрээ хайрла” шүлэг маань төрсөн дөө.”ЯРУУ НАЙРАГЧ БЯМБАЖАВЫН ЭНХТУЯА

Related Articles

Back to top button
error: Content is protected !!