Uncategorized

АВТОМАШИНД ЭХ АМАРЖУУЛСАН ЭМЧ О.Ууганцэцэг: Төрүүлсэн, эх барьж авсан дөрвөн сайхан үртэй боллоо

Өнгөрөгч есдүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 10-р хорооллын автобусны буудалд суудлын автомашин дотор эх, хүү хоёр амаржсан билээ. Хувь төөргөөр ч тэр үү, тухайн мөчид ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны эмч О.Ууганцэцэг хоёр балчир үрээ дагуулан явж таараад, эх хүү хоёрт тусалсан юм. Бид тэрхүү ховор, нандин мөчийг хуваалцахаар эх барьж авсан эмч, болон амаржсан ээжтэй холбогдож цөөн хором ярилцлаа. -ХҮҮГЭЭ ЭХ БАРЬЖ АВЧХААД ХАЛААДАНД БООГООД ЭГЧИД НЬ БАРИУЛСАН- -Юуны өмнө эх болон нярайд тусалсанд тань талархаж байна. Тухайн өдөр юу болсныг та манай уншигчдад хэлж өгөөч? -Намайг очиход хүүхдийн толгой цухуйчихсан, амаржиж буй эмэгтэйн эгч нь нярайн толгойг түшээд сууж байсан. Хүүгээ эх барьж авчхаад халааданд боогоод эгчид нь бариулсан. Хүүхэд хэдий мэнд амаржсан ч, эхийн хэвлээс эхэс нь ховхорч гараагүй байсан. Эхэс гарахгүй удвал амаржиж буй эх цус алдах эрсдэлтэй учраас эхэсийг татаж гаргасан. Ямар ч байсан нярайгаа уйлуулах ёстой гээд ар нурууг нь илж, уйлуулсан. Нярайг төрснийх нь дараа уйлуулвал бүтэлт, эхэсээ залгих эрсдэлээс сэргийлдэг. Багш нарынхаа заасан хичээлийг санаад чадахаараа эх барьж авсан даа. -Өмнө нь эх барьж байв уу? -Яг ийм нөхцөлд бол эх барьж байгаагүй ээ. Оюутан байхад төрөх эмнэлэгт, багш нарынхаа заавар зөвлөгөөг дагаж л эх амаржуулж байлаа. Түүнээс гадаа, олны нүдэн дээр яаралтай нөхцөлд эх барьж байсангүй. Их сандарч, биеэ барьж байсан. Гэхдээ хүүхэд эсэн мэнд мэндэлсэн, эхийн бие сайн байсан учраас дотор уужирсан.Тухайн үйл явдал болох мөчид таныг бага насны хоёр хүүхэдтэйгээ явж байсан гэсэн? -Тийм ээ. Манай гэр 10-р хорооллын автобусны буудлаас холгүйхэн байдаг юм. Тэр өдөр хоёр багыгаа дагуулаад замын цаана хими цэвэрлэгээнд өгсөн куртикээ авах гээд явж байсан юм. Намайг алхаж явахад яг автобусны буудал дээр хүмүүс бужигнаад, шаагилдаад байсан. Юу болсныг сайн мэдээгүй, тайван алхаад очиход машинд эх амаржиж байсан. “Эмч байна уу, туслаарай” гэхийг сонсоод хүүхдүүдээ тэнд байсан хоёр цагдаад харуулаад, гараа ариутгаад л машин руу орсон. Тэнд байсан иргэд сайн тусалсан. Гараа ариутгах гэхэд нэг хүн өгөөд, хайч гэхэд бас нэг хүн хэзээний ариутгачихсан өгч байсан шүү. Иргэд маш мундаг байсан.-ДУНД ХҮҮ МААНЬ “БИ МАМАГИЙН ГАРЫГ ХАРСАН” ГЭЭД УЧИРГҮЙ ИНЭЭГЭЭД НАД РУУ ХАРСАН- -Хүүхдүүд нь гайхаж сандарсан байх даа. -Би гурван хүүхэдтэй. Том нь зургаадугаар анги, нөгөө хоёр нь жаахан. Бага нь ой гарантай юм. Тэгэхээр хоёуланг нь орхивол гүйгээд явчихна. Тиймээс тэнд байсан хоёр замын цагдаад нэг нэгээр нь тэврүүлээд эх дээрээ очсон. Дунд хүү маань “Би мамагийн гарыг харсан” гээд учиргүй инээгээд над руу харсан. Их л гайхсан юм шиг байсан. -Тухайн эхийг амаржуулахад ямар нэг хүндрэл гарсан уу? -Хүндрэл гээд байх юм байгаагүй ээ. Намайг очиход хэдийн хүүхдийн толгой цухуйсан байсан учир, удалгүй л амаржсан. Харин хүндрэлгүй сайхан амарждаг эмэгтэй байна билээ. Нөхөр нь ч гэсэн их сайн хүн байсан. Хөөрхий их сандарсан харагдсан шүү. Хосуудын хоёр дахь хүүхэд нь гэж дуулсан. Хүүгээ эх барьж аваад, ээжийгээ 103-ын машинд хүлээлгэж өгөөд би хүүхдүүдээ аваад харьсан.Дараа нь эх барьж авсан эмэгтэйтэй холбогдсон уу? -Тийм ээ. Холбогдсон. Баярлалаа л гээд байсан. Би ингээд төрүүлсэн гурав, эх барьж авсан нэг гээд дөрвөн хүүхэдтэй боллоо. Сэтгэл ч их өндөр байна. Цаашид ч гэсэн тухайн гэр бүлтэйгээ холбоотой байх болно. -БИ ТӨРҮҮЛСЭН, ЭХ БАРЬЖ АВСАН ДӨРВӨН САЙХАН ҮРТЭЙ БОЛЛОО- -Гэр бүлийн хүн тань машинд эх барьж авсныг дуулаад хэрхэн хүлээж авсан бэ? -Хоёр хүүтэйгээ гэртээ ирчхээд хань руугаа яриад хэлсэн. Мэнд амаржуулсан бол ашгүй дээ гээд бас л их баярласан. Гэр бүлийн хүн маань ГССҮТ-д эмч хийдэг. Миний хувьд ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд ажиллаж байгаад одоогоор хүүхдээ төрүүлээд гэртээ байна. Хоёул оюутан цагаас үерхэж, эрүүл мэндийн салбарт 10 гаруй жилийг хамт өнгөрүүлсэн залуу хосууд юм” гэв.Бид тухайн үед амаржсан эхтэй цахимаар холбогдож, тодруулга авсан юм. -10-р хорооллын автобусны буудалд автомашин дотроо амаржсан шүү дээ. Өвдөлт хэзээ өгч эхэлсэн бэ? -Гэртээ байхад бага зэрэг өвдөлт өгч эхлээд, нөхөртөө хэлээд хамт төрх рүүгээ явж байсан юм. Гэтэл зам нэлээн түгжрэлтэй байсан. Замд огцом өвдөлт өгч, ус нь гараад өөрийн эрхгүй л дүлэлт өгөөд эхэлсэн. Нөхөр маань машинаа автобусны буудалд шахаж зогсоогоод намайг дээш нь харуулаад хэвтүүлсэн. Эгч маань хамт явж байсан учир хүүхдийн толгой цухуйхад, бариад суусан. Гэвч хүйг цөглөх хүнгүй учир “Хүн төрчихлөө. Туслаарай” гээд тусламж дуудсан юм. Тэр үед харин хажуугаар нэг эмч, хоёр хүүхэдтэйгээ явж таарсан. Тэгээд л буянтай эмчийн тусаар хүү, бид хоёр эрүүл саруул, түргэний машинд суугаад явсан. Хүү бид хоёр амаржих эмнэлэгтээ ирсэн. Хоёул сайн байгаа. Эмчтэйгээ холбогдож, баярласан сэтгэлээ илэрхийлсэн” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!