Uncategorized

Лусын эзнийг дууддаг ном тарина, уншлага

“Хөдөлмөр” сонины редакцийн өдрүүдээр аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Оюунцэцэгийн албан өрөөнд ташуу энгэртэй, саатай цагаан торгон дээлтэй, шүрэн чимэг зүүлт бүхий алтан шар “хатан” малгай өмссөн нэгэн настантай тааралдсан юм. Урлагийн хүн шиг өвөрмөц хувцасласан энэ настантай уулзах хүсэл өөрийн эрхгүй төрснөө нуух юун. Ийнхүү тохирсон ёсоор орой нь түүний буудалласан газарт очиж хөөрөлдсөнөө уншигчиддаа хүргэж байна. Түүний алдар Чүлтэмийн Бадамханд. Ховд аймгийн Алтай сууын уугуул. 70 нас зооглож яваа. Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын эмч мэргэжлээр төгсөж мэргэжлээрээ 50 нас хүртлээ ажиллажээ. Тэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан цагаасаа бясалгал хийж гэгээрсэн аж. Түүний аав Чүлтэм нь лус тахих үйлээрээ нутаг усандаа нэртэй лам хүн байжээ. Ямар үйл хэргээр ийнхүү баруун хязгаарыг зорьж явна даа? -Би энэ нутгийн уугуул. Одоо Улаанбаатар хотод амьдардаг. Даянчин сүм /Улаанбаатар хотын Улиастайн Баянгол дахь/- ийн тэргүүн, Өүлэн эхийн өргөмжлөлт, Дэлхийн Монголчуудын эв нэгдлийн төвийн зөвлөх тэргүүн.Нас дээр гарлаа. Аав минь лусын тахилга хийдэг лам хүн байсан. 50 нас хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгочихоод нэг удаа аавынхаа зааж өгсөн төвд тарнийг уншиж ширгэсэн голыг урсгасан. Энэ цагаас эхлэн аавынхаа эрдмийг төгс төгөлдөр эзэмш их хүсэлдээ хөтлөгдөж даян хийж эхэлсэн. Энэ үйлээ би өндөр гэгээн Занабазарын өөрийнхөө нутгаас гарахдаа хамгийн сүүлд саатан зан үйл хийж үлдээсэн Улиастайн голыг өгсөж хийж эхэлсэн дээ. Улс оронд зах зээлийн нийгэмд шилжиж байсан хүндхэн он жилүүд байсан. Даян гэдэг нь уул усаар явж ном судар уншиж, зургаан махбодын мэдэрхүйг нэмэгдүүлэх хүмүүсийн хэлдгээр бол бясалгах зан үйл юм даа. Хүн өлсөхөөр ой тогтоолт нь их сайн байдаг юм билээ. Хувь хүнээс тэвчээр шаардна. Төвд номыг хоёр жил үзсэн. Лусын тахилга хийдэг. Лус аргадах зан үйлийг голчлон хийдэг юм. Сурсан мэдсэнээ нутгийн хүн арддаа хүргэж тус болъё. нөгөө талдаа өөрийнхөө эрдмийн чадлыг нэг шалгаадахъя л гэж бодож явна даа. -Ямар зайн үйл хийж эрдэм, чадлаа шалгах вэ? -Ховд аймгийн орон нутгийн удирдлага, нутгийн зон олонтой уулзаж хамгийн хүйтэн өвөл болох, мал сүрэг тарга хүч тааруу орсон эрсдэл өндөртэй гэж үзэж байгаа дөрвөн сумыг онцолж нутаг орных нь лусыг аргадаж өнтэй, мал сүргийн гарзгүй сайхан өвөлжих зан үйлийг хийж түмэндээ тус болъё. Бас ч нас дээр гарлаа сурсан эрдмээрээ өөрийн чанар чадлыг нэг сорьё гэж бодож байна. Гэхдээ эмээ нь энэ нутгийн лусыг аргадах зан үйлээ энд биш хотоос, зайнаас хийхээр төлөвлөж байна. Аливаад чанар чухал шүү дээ. -Уул овооны тахилгыг ихэвчлэн идээ шүүсээ өргөж олон түмнийг хуран цуглуулж хийж байдаг. Харин та холоос тахих нь ээ дээ? -Аливаа залбирлыг олуулаа үнэн сэтгэлээс хийх аваас тэр хэрээр хүчтэй байдаг. Байгаль дэлхий, уул, гол мөрөн төдийгүй горхи ч бүгд эзэнтэй, тэд нар нь мөнхийн амьд байдаг юм шүү дээ. Тиймээс бид тэдэнтэй эелдэг сайхан ярьж, гуйж аргадаж амьдрах учиртай. Сэтгэлийн өргөл гэдэг хаанаас ч хүрдэг юм. Нутгийн ард түмэн ч байгаа байгаа газраасаа л өргөлөө өргөнө шүү дээ. -Зарим уул овоон дээр эмэгтэй хүн гарахыг цээрлэдэ -Ямар ч уул овоо, гол горхи  усны эхэд 80 настай өвгөн хүний дүрээр гарч 18 настай бүсгүй хүний дүрээр буудаг юм. Түүнээс хэн хамаагүй уул овоон дээр харайлгаад байж болохгүй л дээ. Дээр хэлсэн сохор лус ч байдаг. Тэд тааралдсанаа дайрдаг гэх мэтээр нарийн учир бий. -Гуйж аргадаж, залбирахдаа заавал төвд хэлээр ярих уу? -Төвдийн номд уул, ус тахидаг, лусын эзнийг дууддаг ном тарина, уншлага байдаг л даа. Гэхдээ бид Монгол хэлээрээ “Ээ баян хангай минь ээ, та минь буянтай сайхан хангай шүү, хүн зоноо жаргааж амар амгалан байлгаарай. Таныхаа хишгийг хүртэж нөмөр түшигт тань хүмүүн бид жаргаж байна аа” гээд магтаж баярлуулж өргөлөө өргөөд хэлж болно, Энэ бол жишээ шүү дээ. Цагаан овоонд ус сэржим өргөдөггүй сүү л өргөдөг байхад архи ус өргөх учиртай овоо ч бий. Би долоон цагаан овоо босгосон. Лусын эзэн савдаг бүр өөр хоорондоо адилгүй. Сохор лус ч гэж бий. Гэхдээ хүн бүр сүү өргөж, залбирч байгаагаа лус аргадаж тахиж байна гэж бодвол бас өрөөсгөл ойлголт шүү дээ. Тэр хүн байгаа чадал, сэтгэлээрээ өөрийнхөө хэмжээн л үйлээ хийж байгаа хэрэг. Харин лус хүн бүрт харагдахгүй шүү дээ. Хамгийн гол нь үнэн сэтгэлээсээ маш сайхан уянгалуулж их сайхан намдуу хэлж ярьж учирлах хэрэгтэй. Энэ нь лусын аялгуу юм даа. -Та энэ бүх эрдэм чадлаа бясалгаж олов уу. Хэзээнээс мэдэрсэн бэ? -Далд ертөнц, номын хүчээр хүний нүдэнд харагдахгүй хийн ертөнцтэй ойлголцох мэдрэмж, төрөлх авъяас хүн бүрт заяахгүй л дээ. Лус аргадаж тахидаг төдийгүй өөр олон сайхан эрдэм чадалтай Монгол хүн олон байгаа. Миний хувьд бага байхад хонь хариулж байгаад унтчихна. Намайг унтах болгонд л бороо орж сэрээдэгсэн. Найман настай байхдаа сүүтэй шанагаар ус хутгаж аавдаа ганц сайн “авахуулж” билээ. Тэгэхдээ аав минь надад нэг тарни зааж өгсөн юм. Тэр тарниар би ширгэсэн гол усыг ундаргадаг. 1994 оноос Онгийн гол ширгээд хүн малгүй л усгүй болсон байлаа. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргатай хамтран гурван жилийн хөтөлбөрөөр Онги голыг урсгах үйлийг тарнийн хүчээр хийсэн. Биднийг анх хэмжилт хийхэд усны түвшин таван метр доошоо орсон байсан. 2011 оноос усны түвшин дээшилж 2012 оноос хэвийн урсаж эхэлсэн. Мандал-Овоо сумын ЗДТГ- аас “Ард түмний гавъяат” цолоор шагнаж хоёр цагаан ботго бэлэглэсэн. Ер нь алт ихтэй газар шаргалтаж харагдаад л содон онцгой мэдрэмжүүд аль эртний л мэдрэгдэж байсан. -Хаа сайгүй л бөө, сүм, бясалгал элбэг болж. Таны хэлж байгаа содон мэдрэмж, чадалтай хүмүүс өорсдөө тодроод гараад байх нь зөв үү. Хэн нэг нь шалгаж тодруулж нийтээрээ хүлээн зөвшөөрөх ёстой юу, энэ талаар таны байр суурь? -Би бодохдоо олон сайхан Дарь эхүүдийг тодруулмаар байна. Хүн хүний удам судар өвөг дээдэс, нутаг усныхны шашин шүтлэг өөр, өөр шүү дээ.  Дээр нь нийгэмд аж төрж байгаа байдал, ахуй амьдрал гээд олон зүйлээс хамаарч өөр, өөр шүтлэг мөргөл зан үйлтэй байна. Энэ бүгдийг үгүйсгэх аргагүй.Гэхдээ Дарь эх гэдэг бол хүний л ээж  шүү дээ. Хүний ээж учраас үр хүүхдээ алдсан бол засч, зовж байгаад , нь туслаж, өвдөж байгааг , нь эрүүл болгох учиртай. Монгол оронд тодорсон, тодроогүй олон дарь эхүүд байгаа. Тиймээс ийм сайхан цагаан үйл хийдэг, эх хүний сэтгэлийн хүч, мөн чанарыг сайн ойлгосон олон сайхан Дарь эхүүд тодорч гараасай, бүгдээрээ нийлж лусын сүмд хуран чуулж эх нутгаа аврах үйлийг хийх. юмсан. Гэж бодож явдаг. Наад зах нь л өнөө цагт бүсгүй хүн хань, нөхрөө хүндлэн дээдлэх жаяг тэр чигтээ алдагдаж, Монгол эр хүний уужуу тайван амгалан төрх, холч ухаан ч үгүйлэгдэх болсон байна. Энэ нь өнгөц харахад эр эм хоёрын л харилцаа мэт боловч хор уршиг нь хүн төрөлхтөнд ирж байна. Энэ бүхэн Дарь эх хүний хийх үйл шүү дээ.  -Энэ өвөл их хүйтэрнэ. Хүйтний хэм 50-70 хүрнэ гэх ам дамжсан яриа байна.-Миний ажиглалтаар бол тийм  айхтар юм болохгүй гэж үзэж байгаа. Яваад очиход зуд болох газар бол мэдрэгднэ. Тэр бүү хэл алт ихтэй газар гэрэлтэж харагддаг юм шүү дээ. Монголчуудын дэлхийтэй харьцаж тэдний өнгө төрх, нар cap төдийгүй ан амьтдын байгаа байдал зэргийг дүгнэж цаг агаарыг мэддэг байсан арга барил одоо ч хэвээрээ. Д.Тэгш Эх сурвалж: “Хөдөлмөр Сонин”Лусын эзнийг дууддаг ном тарина, уншлага “Ээ баян хангай минь ээ, та минь буянтай сайхан хангай шүү, хүн зоноо жаргааж амар амгалан байлгаарай. Таныхаа хишгийг хүртэж нөмөр түшигт тань хүмүүн бид жаргаж байна аа”

Related Articles

Back to top button
error: Content is protected !!