Uncategorized

Дуучин Баясгалан эцэгтээ 3 өрөө байр өгсний учир…

Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ энэ сарын 7-ны орой Улсын дээд шүүхийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд орсон талаараа мэдээлсэн. Тэрбээр олон жилийн өмнө дуучин Т.Баясгалангийн аав болох Д.Түвшинжаргалтай ханилаад салжээ. Улмаар албан ёсоор гэрлэлтийн бүртгэлээ цуцлуулахаар шүүхэд хандтал АЖ Ш.Чимэдцэеэгийн бүх хөрөнгөний талыг нь Д.Түвшинжаргалд олгосугай гэдэг гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байна. Харин дуучин МУГЖ Т.Баясгалан өчигдөр өөрийн цахим хуудсандаа “Сайн байцгаана уу? Зуны эхэн сарын сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ хүргэе! Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг хэлэхийг хүслээ.Хүн ер нь эцэг эхээ сонгож төрдөггүй, заяагдмал зүйл байдаг шүү дээ. Миний бие хэдийгээр Түвшинжаргалаар овоглогдон явдаг ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй, ээжийнхээ гэдсэнд л үлдсэн байдаг ч би эцэг эхдээ өнөөдрийг хүртэл үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Хүний амьдралд ямар ч асуудал үүссэн бай, би болон миний ээж хэзээ ч бусдын үйлдлийг шүүж, бусдыг буруутгаж байсангүй ээ. Хүний орчлонгийн жамаар бид тус тусынхаа амьдралаар явж буй хүмүүс.Миний эцэг өнгөрсөн 7 хоногт тоглолтоо зохион байгуулж, намайг урьсан юм. Би тоглолтонд нь оролцож амжаагүй учир манай гэр бүл тоглолтын маргааш нь болсон хүлээн авалтынх нь дундуур очиж, Монголын уртын дуунд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэндээ 3-н өрөө байр өгсөн билээ.  Энэ бол манай гэр бүл гэхээсээ илүүтэй Монгол түмний хайр хүндэтгэл хүлээсэн уран бүтээлийн хөдөлмөрийг нь үнэлж тэр хүнд өгч буй сэтгэлийн өглөг юм. Хүн хүндээ урмын сайхан үг хэлж, амьддаа бие биенээ хайрлацгаая! Хүний амьдралд ямар их олон зүйлс учирдагийг, Та бид тааж мэддэггүй билээ. Тиймээс, Та бүхэн минь учир явдлыг сайтар нягталж, эргэцүүлэхийг хүсье!”хэмээн бичжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!