Uncategorized

Ядуу хүнд баянаа гайхуулах, зовж байгаа хүнд жаргалаа гайхуулж ярьж байдаг хүмүүст би дургүй!

ЖАРГАЛАА БИД ӨӨРСДӨӨ ЗОВЛОН БОЛГОДОГ Товчхондоо бид өөрсдийн амьдралаа хэрхэн үнэлж байгаагаар бидний жаргал зовлон хэмжигддэг. Хүн болгон өөр өөр тавилантай. Харин заавал адилхан байлгах гэж хүсээд байдагт бидний төөрөлдөл оршиж байдаг. Бусдаас сайн сайхан үлгэр жишээг авч болох боловч давтагдашгүй бодьгал тэр хүнтэй яг адилхан байх боломж үгүй. Үүнтэй адил лугаа муу муухай жишээг ч бид бас л дуурайхыг хүсдэг. Монголд нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй шударга бус аргаар, хууль бус үйлдлээр баяжсан эрхмүүдийн брендээр гайхуулдаг тэнэг солиорлыг бид өөрсдөө дэвэргэж, өөрсдийн амар тайван амьдрах боломжоо өнгө мөнгөний төлөөх хийрхэл болгон хувиргаж байгаадаа бид их зовцгоож байна даа. Тэдэнтэй адил болж чадахгүй байгаадаа өөрөө бухимдаад зогсохгүй дотно хүмүүсээ ч шаналгаж зовооно. Өөрийнхөө боломжоос хэтэрсэн шунал тачаал, өөртөө ирсэн жаргалыг зовлон болгон хувиргадаг юм даа.

Боломж гэдэг хүн болгонд адил олддоггүй болохоор хүн бүр өөрийн боломжиндоо таацуулан амьдардаг. Бусдын өмнө аягалсан хоолыг “минийх” гэж булаагаад авч идэж болдоггүйтэй адил лугаа. Бид бие биедээ дурлаж, хайрлахдаа дэндүү их за жаргалыг мэдэрдэг.

Аажим аажимдаа “зөвхөн өөрийн болгож өмчлөх” хүсэлдээ хэт автан хардаж, алхах гишгэх үйлдэл бүрийг нь хянаж, өөрийг нь “тоохоо больжээ” хэмээн гомдоллож, цаг ямагт өө сэв хайж зовоогоод байх ахул мөнөөх их аз жаргал нь зовлон болон хувирна. Анхлан амталсан аз жаргал нь хожим нь зовлон болж хувирсан шалтгаан нь, хэм хэмжээнээсээ дэндүү ихийг хүсч шаардаж байсанд оршиж байгааг бид тэгтлээ анзаардаггүй ч байж болох. Бид хөдөлмөрлөж мөнгийг ихээр олж чадах авч, олж чадаж байгаа хэмжээнээсээ бүр ихийг олох шуналдаа автан хууль бус үйлдэл рүү татагддаг. Хөдөлмөрлөөд олж байсан мөнгө нь амьдралд нь хүрэлцэж байхдаа сэтгэл ханамжтай байсан бол, хууль бус аргаар их мөнгө олох тусмаа айдаст автана . Хууль бус үйлдэл нь хэзээ нэгэн цагт илэрч “ш.ор.он.д орчих вий” гэдэг айдас нь, хэн нэгэн хүн “мөнгийг нь хулгайлан завших вий” гэдэг айдастай сүлэлдэн м.өнхийн зовлонд автуулж амар тайван амьдралаас холдож төөрдөг. Шударга бусаар хураасан хэмжээлшгүй их мөнгөө авсандаа аваад орж чадахгүй ч, амьдралын баяр жаргалтай мөчүүдийг, амар амгалан тайван хэмнэлийг нь алга болгож байгааг мэдэрдэггүй ч байж болох.  Аз жаргалын тухай бид өөр өөрийнхөөрөө дүгнэн хэмжиж үнэлдэг. Өөртөө байгаа боломж нөхцөлдөө сэтгэл хангалуун байж, амар амгалан амьдарч чадаж байгаагаа олон хүмүүс аз жаргал гэж үнэлэх нь бий. Энэ ертөнцийн бүх л оршихуй өөр өөрийн хэм хэмжээтэй. Түүн лугаа адил хүн бүрийн амьдрал хувь заяа, эдлэх хэрэглэх, уух идэх, амсах зовлон жаргал бүхэн нь тодорхой хэм хэмжээтэй. Магадгүй энэ нь эдлэх учиртай аз жаргалын хэмжүүр ч байж болох. Энэ хэм хэмжээнээсээ хальсан шунал, тачаал бүхэн нь хүмүүсийг зовлонд унагадаг байх. Бидний ухаант өвөг дээдэс “Шунал ихэдвэл шулам болдог” гэж зүгээр ч нэг сургаагүй. Хүний амьдрал сайнаар харвал их л энгийн. Хайртай хүнтэйгээ хамтдаа жаргалтай амьдарч, өөрийн үргэлжлэл болсон үр хүүхдүүдээ сайхан өсгөн сайнаар хүмүүжүүлж, авьяас мэдрэмжээ хөгжүүлсэн чадвараараа амьдралдаа хүрэлцэх орлого олж, аав ээжийгээ ачлан тэтгэж, ах дүүс анд нөхдөө хайрлан хүндлэж, сэтгэл гаргаад бусдад туслан, бусдын төлөө үйлдсэн сайн үйлдэл бүртээ хариу хайр хүндлэл авч байхад л болоо. Амьдралын баяр баясгалан, сэтгэлийн их амар амгалан шиг аз жаргал үгүй билээ. Ийм аз жаргалаа зовлон болгон хувиргахад бидний мунхаглал ч бас хангалттай хүрэлцэнэ байх. Мунхаглалаас ухааралд хүрэх мэдрэхүй, өөрийн аз жаргалаа зовлон болгон хувиргахгүй байхад тань тус болно доо. Бид энэ дэлхийд “нүцгэн ирээд нүцгэн буцдаг нь” маргахын аргагүй үнэн.Г.Галбадра

Related Articles

Back to top button
error: Content is protected !!