Uncategorized

“Рио Тинто” нэг их наядаар Засгийн газрыг ЛОББИДОЖ, Арбитрын маргааны өмнө амбицыг нь БУУРУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН ҮҮ

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Засгийн газар ил дэлгэн тавьснаас хойш нэг сар хүрэхгүй хугацааны дотор “Рио Тинто” компаниас буулт хийсэн, мөнгө амласан захидал ирүүллээ. Тэд Засгийн газартай хийж буй хэлэлцээний хоёр агуулга дээр тохирч буйгаа илэрхийлээд, давхар 1 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналтай байгаа талаар энэ захиандаа дурдсан байна. Тодруулах юм бол, “Оюу толгой” ХХК-иас хувь эзэмших хүрээнд төлдөг зээлийн хүүг бууруулах Ногдол ашиг хуваарилах хугацааг наашлуулахад бэлэн байна гэдгээ илэрхийлжээ. Мөн ирэх гурван жилийн хугацаанд Засгийн газарт 350 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлэх санал тусгасан байгаа юм. Энэ нь 1 их наяд төгрөг болох бөгөөд цэвэр тусламж уу, зээлийн чанартай юу гэдэг нь тодорхой мэдээлэгдээгүй байна. Энэ захидлын ерөнхий агуулга өчигдөр “Financial Times” сонины сайтад, төлбөр төлж унших тохиргоотойгоор нийтлэгдсэн. ИЛ МЭДЭЭЛЭХ ГЭСНЭЭ БОЛИОД, ГАДНЫН ХЭВЛЭЛЭЭР НИЙТЛҮҮЛСЭН ҮҮ Тэгвэл эх сурвалжийн түвшний мэдээллээр, уг захидлыг Монголын Засгийн газар талаас гаднын хэвлэлд зориуд өгч, мэдээлүүлсэн гэх. Эргэн санавал, долоо хоногийн өмнө Засгийн газраас “Рио Тинто компанитай холбоотой асуудлаар шинэ мэдээлэл танилцуулна” гэж хэвлэлийн хурлын зар тараагаад, гэнэт цуцалсан юм. Энэ үед энэ захидлын талаар танилцуулах гэж байгаад больсон бол, дотооддоо мэдээлэлгүй, гаднын хэвлэлд түрүүлж нийтлүүлэх хэлбэрээр “цохиж” буй нь ямар бодлоготой байж болох вэ.Өмнө нь хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Засгийн газрын хоёр ч гишүүн, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний хамтаар гарч ирж, “Рио Тинто”-той дайн зарлаж буй аятай сүржин даржин танилцуулж байсан. Харин энэ удаад “Хэлэлцээний эхний үр дүн гарлаа!” гэмээр чухал мэдээллийг ийм байдлаар сэмхэн “шидэж” байгаа нь сонирхолтой нюанс юм. 1 ИХ НАЯДЫН “ТУСЛАМЖ” НЬ ЗЭЭЛ ҮҮ, ЛОББИ ЮУ Засгийн газар “Рио Тинто”-гийн эл захидал дахь агуулгаар зөвшилцлөө гэж бодоход Дубайн гэрээг хүчингүй болгох, 2009 оны гэрээнд өөрчлөлт оруулах, “Оюу толгой” ХХК-ийн ирээдүйд төлөх татварыг хувь хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт хэсгүүд нь орхигдохоор байгаа юм. Түүнчлэн “Рио Тинто”-гоос 1 их наяд төгрөгийн цэвэр дэмжлэг авч таарна. Шилжиж орох гурван жилийн хугацаа нь дараагийн УИХ-ын сонгуулийн өмнө таарч буй нь сонирхолтой.Мөн энэ мөнгийг авлаа гэхэд эргэн төлөгдөх нөхцөл байх ёстой. Эс тэгвэл цэвэр “Рио Тинто”-гоос өгч буй хахууль гэлтэй ойлгогдох “аюул”-тай. Энэ хэсэг одоогоор анхаарал татаж байгаа бөгөөд “Financial Times” дахь нийтлэлд дурдаагүй талаар эхэнд онцолсон. Үүнийг дагаад, авлаа гэхэд өмнөх 300 мянган төгрөг шиг иргэн бүрд халамж болгож тараагаад өнгөрөх үү. Ингэхдээ “Рио Тинто”-гийн бэлэг шүү гэж масс иргэдээ “угаах” уу. Тэгж сонгуулийн жилтэй золгуулах уу. Эсвэл тодорхой бүтээн байгуулалтууд руу хөрөнгө оруулах уу зэрэг дараагийн асуудлууд яригдах юм. АРБИТРЫН МАРГААНЫ ӨМНӨ “РИО ТИНТО” БУУЛТ ХИЙЛЭЭ Хамгийн чухал нь, “Оюу толгой” ХХК нь Монголын Засгийн газрыг Лондонгийн Арбитрын шүүхэд өгсөн тухай маргаан одоо ч үргэлжилж байгаа. Нэг ёсондоо “Оюу толгой” ХХК-д тавьсан татварын актыг төлөхгүй гэж тэд Засгийн газрыг хариуцагчаар татсан бол Засгийн газар тавих ёстой актаа тавьсан гэж үзэж буй. Түүнчлэн зөрүүлээд, “2009 оны гэрээг хүчингүй болгох, “Рио Тинто” менежментийн алдаа гаргаснаас төслийн тодорхой өгөөжүүд буурлаа” зэрэг агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргасан билээ.Үүндээ уг Арбитрын маргаанд “Рио Тинто” болон “Туркоиз Хилл Ресурсес” компанийг хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаад буй юм. Нэг ёсондоо энэ Арбитрын маргаан эхэндээ татварын акт төдий хүрээнд байсан бол Засгийн газар тэгж сөрөг нэхэмжлэл гарснаар Оюу толгой төслийн ирээдүйтэй шууд холбогдсон. Нэг талаас, Арбитрын шүүх татварын актыг зүй ёсны гэж үзэхээс гадна, “Рио Тинто” компанийг менежментийн тодорхой алдаанууд гаргасан гээд шийдчих нөхцөл байсан билээ. Ийм ч учраас Арбитрын маргаанд ялах нь манай Засгийн газарт ч, “Рио Тинто”-д ч аль алинд нь чухал болоод байлаа. Ялангуяа “Рио Тинто”-г багагүй сандаргасан нь тухайн үед дотоодын зарим хэвлэлд нийтлэгдсэн захиалгат нийтлэлүүдээс харагдсан юм. Харин шүүх хуралдаанд орохоос өмнө “Рио Тинто” амжиж буулт хийн, 1 их наяд төгрөг амлачихсан логик нь шууд мөнөөх Арбитр луу л хөтөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Үүний хариуд танай Засгийн газар Арбитр дээрээ буулт хийчих” гэсэн лобби хэмээн уншигдах боломжтой.СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: “Рио Тинто” компаниас ирүүлсэн захидлыг олон нийт янз бүрээр ойлгож байна. Зарим хэсэг “Засгийн газар хэлэлцээгээ амжилттай хийлээ” хэмээж буй ч дээрх буулт хийсэн хоёр заалт нь нийт хэлэлцээний бүтэн зорилтын тун өчүүхэн хувьд дүйцэж очно. Хамгийн чухал агуулгууд нь орхигдож байгаа талаар дээр дурдсан. Түүнчлэн Арбитрын шүүх дээр маргалдаж буй эсрэг талаасаа тодорхой мөнгөн тусламж авна гэдэг ямар логиктойг бичих нь илүүц. Ямартай ч мэдээллийг гаднын хэвлэлд чимээгүй өгч, нийтлүүлсэн гэх Засгийн газар одоо эл захидалд ямар хариу өгөх нь өндөр хүлээлт үүсгээд байна. “Оюу толгой төслийн ард түмэнд ирэх өгөөжийг нэмэгдүүлнэ” гэсэн зөв концепц дээр анхлан зогссон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хэлэлцээний ажлын хэсгийг ахлагч Х.Нямбаатар нарын амбиц хаа хүрэхийг бүгд харж эхэллээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!