Uncategorized

Ч.Лодойсамбуу Солонгос айлчилсан Монголын дарга нарын булайг дэлгэж Төр зүгээр бизнесээс зайлаад өг гээд хэлчилээ

Манай сайд нар Солонгосын хамаг том компаниудтай дугуй ширээний уулзалт хийлээ л гэнэ. Буцаж ирээд хуулиа мөрдөж бизнесүүдээ ойлгож дэмжих биш тэнд мянга дугуйрч дөрвөлжилж уулзаад яах вэ дээ. Цаадуул нь Монгол төр бараг бүтнээрээ гүйгээд ирсэнийг нь хүндлээд амыг нь дагуулж “Мхн, тийн тэ, тэгье тэгье” гээд л явуулна. Дотроо бол маниусыг сайн л мэдэж байгаа. Төрийнх нь бодлого ойлгомжгүй, шийдвэрүүд нь алга урвуулах төдийд өөрчлөгдөнө. Чөлөөт зах зээлийг үздэггүй дарга нартай. Мөнгөнд дуртай ч мөнгөтэй хүнд дургүй иргэдтэй. Хуульгүй, хувийн үзэмжээр хэрэг шийддэг цагдаа прокурортой. Хөрөнгө оруулагчдаа харанхуй сэтгүүлчид, тэнэг ард түмэнтэйгээ нийлээд гадаадын хулгайчаар нь дуудаж байгаад шоронд хийгээд дээрэмдчихнэ. Хамтраад бизнес хийх байтугай хариу нэхэлгүй стадион бариад өгье газраа заагаад өг гэхээр “Дарга нарт хэдийг өгөх юм” гэж тэнэгтэж байгаад л явуулчихдаг төртэй. Солонгосчууд энийг маань жишээтэй юутай нь мэдэж байгаа. Манай хэд яахав “Өмнө нь эвгүй байсаан, үнээн. Одоо гэхдээ гоё болжоогоо. Бид нар авлигачидтай тэмцээд алжаагаа” гээд л алгаа тосоо биз. Гэтэл ард нь, нэг компанийн гаргасан коины ханш унасан чинь захирлуудыг нь луйварчин гээд шоронд хийчихсэнийг хараад л байж байгаа. “Ийм улсад хөрөнгө оруулж дарга нарыг нь давхар тэжээснийхээ эцэст шоронд сууж үйлээ үзээд яах вэ. Шорон мундсан биш очиж очиж Монголын шорон шүү” л гэж бодно.
Хамгийн сүүлийн жишээ. Хэдхэн сарын өмнө төрөөс ноолуурыг заавал угааж байж экспортлох шийдвэр гаргав аа. Нэмүү өртөг шингээгээд гаргая овоо доо гээд компаниуд нь угаах үйлдвэрт хамаг хөрөнгөө хийгээд яг бэлэн болоодохтол Эдийн засгийн хөгжлийн сайд нь сая ганц гарын үсэг зураад л угааж мугаагаад яах вэ, шууд экспортолъё гэх нь тэр. Амьхандаа сонгууль ойртсон тул малчиддаа тал засч байгаа хэрэг. Нөгөө компани дампуурсанаа зарласан байна билээ. Хөгжихийг хүсч байгаа оронд бол компани дампуурсан тухай мэдээ гэдэг хамгийн гунигтай мэдээ шүү дээ. Монгол бол хөрөнгө оруулагчдын хувьд зүгээр л хар нүх хэвээрээ байна. Ийм байхаа л больчихвол төртэй төргүй хэдэн компаниуд чинь өөрсдөө яваад хөрөнгө оруулагч түншүүдээ олоод л ирнэ. Төр зүгээр хэдэн бизнестээ зай болоод өгөхөд л эдийн засаг дороо л сэмбийгээд ирнэ гэдгийг тархитай болгон л хэлж байна шүү дээ. Төр эдийн засгийг зохицуулна гэдэг Үндсэн хуулийн заалт чинь бизнест замыг нь засч өгнө л гэсэн утгатай болохоос Төр өөрөө бизнес хийнэ гэсэн үг биш шүү дээ. Нэг тийм ухаалаг, чамбай, зарчимтай төртэй болох юмсан?? “Чоно борооноор” гэж улс төр, хулгай тойрсон энэ их чимээн дундуур өргөн бариад, гуравхан хоногт эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд маргааш өглөө яаран батлах гэж байгаа “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль” ёстой аймаар хууль байна, та минь ээ!
?Цахим хөгжлийн яам Олон нийттэй харилцах нэгж байгуулна. Тэр нэгжид хүмүүс зөрчилтэй гэж үзсэн постуудаа “матна”. Тэр нэгж тийм байна гэж үзвэл цаашаа Үйлчилгээ эрхлэгч/Facebook, twitter г.м/-д хандаж устгуулах, хэрэглэгчийн бүртгэл, хуудсыг хаах хүртэл арга хэмжээ авахуулна.
?Зөрчилтэй контент/зураг, видео нийтлэл/ гэдэгт хууль хэрэглэгч, ерөнхийдөө эрх мэдэлтнүүд юуг ч оруулж болохоор ерөнхий заачихсан.
?Тэр Олон нийттэй харилцах нэгж нь нийтлэгдсэн контентийн зөрчилтэй эсэхийг шийдэхдээ Хэрэглэгч/Facebook, twitter ашиглагч/-ийн олон нийтийн сүлжээн дэх нөлөө бүхий байдал/дагагчийн тоо/-ыг харгалзана. Үндсэндээ олон дагагчтай хүмүүс үгээ хэлээд дарга нар хүсвэл акаунтаа устгуулна гэсэн үг.
Uchral Nyam-Osor гишүүнээ, сая танд утсаар саналаа хэлсэн ч маргааш өглөө яаран баталчих гээд байгаа болохоор чинь энд бичлээ. Энэ хуулиа боль оо. Хүний эрхийг хамгаалах биш бүр үгүй хийх хууль байна аа. Байшин доторх хүний эрх, гадаа байгаа хүний эрх гэж байхгүй ээ. Хүний эрх л гэж бий. Хэрэгжүүлж, мөрдөж, мөрдүүлж чаддаг бол хүний эрх, эрх чөлөөг хангалттай хамгаалж зохицуулсан хуулиудтай. Харин ч бүр хамгаалж байгаа нэртэй хааж боосон хуулиуд олон байна аа. Тэдний тоог нэмэх биш хасахад анхаарал хандуулаач ээ гэж нэгэн үеийн залуугийн хувиар хичээнгүйлэн хүсье.
Ер нь бол хүний нийгмийн бүх харилцааг хуульчлах боломжгүй шүү дээ. Хүмүүс нэгнийхээ эрх, эрх чөлөөг дээдэлж байж өөрөө эрх чөлөөтэй байх юм байна гэдгийг ухамсарлаж байж л таны хийх гэж хүсээд байгаа үр дүн бодитоор бий болно. Ийм хуулиар ёс суртахуун тэжээгдэхгүй. Эсрэгээрээ улам доройтно. Энд утасны цаанаас хэлэлцдэг байсан бол бие биедээ халдаж эхэлнэ. Учир нь хүний сэтгэл хөдлөл, түүнийгээ илэрхийлэх хүсэл мөнх юм шүү дээ. Түүнийг цаазын ял ч зогсоож чадахгүй. Гомбожавын Занданшатар даргаа Их хурал чинь ийм хууль батлаад байна. Та харсан уу? Таны хэлдэг ”Монгол улсад 500 гаруй хууль байгаагаас Хүний эрхийн зөрчилтэй 200 орчим хууль байна” гэдэг чинь нэгээр нэмэгдэх гээд байна. Маргааш өглөө эцсийн хэлэлцүүлэгт оруулаад шуудруулах нь ээ. Анхааралдаа аваад өгөөрэй гэж хүсье.
Цааш нь түгээгээрэй. Энд байгаа бүх хүнд хамаатай энэ хахир хуулийг батлуулж болохгүй шүү Сэтгүүлч Ч.Лодойсамбуу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зарим хууль хүний эрхэнд халдан, үндсэн хууль зөрчиж буй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Хүүхдийн мөнгө, хүн амны орлогын албан татварын тухай хууль, хүн амын орлогын албан татварын хууль хэрэгжихдээ хүний эрхийг зөрчиж болзошгүй байна. Би эдгээр хуулийн талаар нэвтрүүлэг бэлтгэж, Сангийн сайд, Д.Амарбаясгалан даргатай ярилцлага хийж байсан. Гэвч тодорхой шийдэлд хүрээгүй учраас ҮХЦ-д хандаж байна. Засгийн газар өдөр бүр ямар нэг хулгайг ил гаргаж ирдэг боллоо. Тэгээд араас нь ард иргэдтэйгээ хамт хөөцөлдөөд, өдөр бүрийн сенсацийн араас л явж байна. Хөөстэй хөөцөлдөөд хууль бус юу болж байгааг анзаарахгүй байна. УИХ Үндсэн хуулиа зөрчөөд байвал нэмэлт өөрчлөлт хийгээд яах вэ. Г.Занданшатар “500 хууль батласан. Эдгээр нь 200 нь үндсэн хуулийг зөрчсөн” гэж мэдэгдсэн. УИХ, Засгийн газар Үндсэн хуулиа зөрчөөд байж болохгүй.
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар орлогын хэмжээнд нь хамаарч хүүхдийн мөнгийг ялгаж олгодог болсон. Хүүхдийн хуримтлалыг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгосон. Хүүхэд бол хүүхэд. Хүүхэд эцэг, эхээ сонгож төрөхгүй. Аж байдал, хөрөнгө, гарал үүслээр ялгаварлахгүй гээд Үндсэн хуульд тодорхой заасан байдаг.

Татварын хуулиар 10 гаруй байгууллага иргэдийн мэдээллийг харах боломжтой болсон. Мөн Орлогын хэмжээнээс хамаарч татвар ногдуулдаг болсон. Ямар ч шүүхгүйгээр хүний мэдээлэлд, эд хөрөнгөнд халдах эрсдэл бүрдэж байна. Орлогоо нотолж чадахгүй бол иргэнийг торгох нөхцөл бүрдсэн. Үндсэндээ ийм гурван асуудлаар ҮХЦ-д хандаж байна.

Бид ямар нэгэн шаардлага хүргүүлээгүй, тэмцээгүй. ҮХЦ-д хуулийн дагуу хүсэлт гаргаж байна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!