Uncategorized

Зурхайч Н.Норов: Ханиа сонгохдоо нүдийг нь сайн хар

Тантай уулзах гэж нэлээд удаан хүлээлээ. Өдөрт нэлээн олон хүн үзүүлдэг юм аа даа?

-Эгч нь Энэтхэгт физик математикийн багш шалгаруулж авна гэсэн зарын дагуу очиж шалгуулаад зургаан сар суралцаж ирээд өнөөдөр олон түмэндээ буян болох гэж зүтгэж явна. Өдөрт дунджаар 30 гаруй хүн надад ирж үзүүлдэг. Тухайн хүнээр хэдэн оронтой тоо хэлүүлээд нийл­бэрийг нь насанд нь хуваагаад нэг хариу гаргана. Дээрээс нь гарыг нь хараад гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөргөөс нь үйл ажлыг нь харж хэлж өгдөг. Хэлж өгөхдөө ерөөсөө л жилийг нь асууна. Тэгээд болгоомжлох зүйлсийг нь хэлээд ханийн тэнгэр нь хазгай байна уу үгүй юу, ханийн халамжийг даах хүн үү, жаргалд ташуурах хүн юм уу гэдгийг нь хэлж өгдөг. Сүүлийн үед хүмүүст хүн чанар их дутагдаж байна.Хичнээн өндөр боловсролтой ч гэсэн ханийнхаа халамжийг даахгүй биедээ эрдэж ханиа элэг барьдаг залуучууд их ирдэг. Би шууд үнэнийг нь л хэлдэг. Толгойндоо цэнэгтэй боловсролтой нэг нь ойлгоод л гардаг. Цэнэггүй нэг нь намайг хараагаад л гардаг. Жигтэйхэн сайхан хувцас хунар өмссөн залуус, хүүхнүүд орж ирдэг ч зөвхөн хувиа хичээдэг хүмүүс байх нь элбэг. Хүнийг нь хараад би энэ ямар хүн бэ гэдгийг нь шууд мэддэг.
-Ханиа сонгох гэж байгаа хүмүүст хэрэгтэй зөвлөгөө өгөх байх гэж бодож байна?-Ханиа сонгож авахдаа нүдийг нь сайн хар. Тэр хүн тавьтартай үгүй нь ярианы өнгө, нүд хоёроос нь л харагд­даг. Янз үзэж байна уу, яс тогшиж байна уу гэдгийг нүдийг нь хараад мэдэж болно. Хүний өөдөөс эгц харж чадахгүй гөлгөнөөд, эсвэл нүдээ цавчлаад л яаж энэ хүнээс хожоо харах вэ гэж байгаа юм шиг өнгө мөнгө яриад байдаг улс байна. Тийм хүмүүст би хэлдэг юм. Дээр чинь тэнгэр, дэр­гэд чинь бурхан багш чинь байна. Монгол хүн учраас чи хүнлэг сэтгэлтэй байж сур, тэгвэл ажил чинь аяндаа бүтнэ гэж. Хэрэв чи тэгж чадахгүй өнөөдөр бусдыг гомдоогоод ажлаа бүтээсэн ч хожмын өдөр, хойчийн мар­гааш үр садад чинь муугаар нөлөөлнө. Тийм учраас хүнлэг чанар л нэн түрүүнд хэрэгтэй гэдэг. Гэхдээ угийн хүн чанар тааруу хүмүүстэй газрууд ч байдаг.Хүн чанар тааруу хүмүүстэй газрууд гэнэ ээ. Тэр газруудад чинь ямар нутаг усныхан ордог юм?
-Өөрөө юу ч бүтээгээгүй мөртлөө их омгорхуу улс байна. Баруун аймгийнхан бол их омгорхуу.
-Та ингэж хэлж болж байгаа юм уу. Монгол улсын төрийн түшээдийн ихэнх нь баруун аймгийнхан байдаг. Тэгэхээр тэд ч гэсэн хүн чанар муутай юу?
-Би муу санаж хэлээгүй. Үнэнийг л хэлсэн.-Тэгвэл хүн чанар сайтай хүмүүстэй газар гэвэл?
-Дорнод Монголын талын буриад биш халх үндэстнүүд их хүн чанар сайтай, хүнлэг. Хүний өмнөөс өөрийгөө егүүтгэх зөөлөн сэтгэлтэй хүмүүс. Мөн Сүхбаатар Дарь­ганга, Архангай чиглэлийн хүмүүс бас их зөөлөн.-Хүмүүсийг нутаг ус, яс үндсээр нь ялгаад байхдаа яахав дээ гэж хэлүүлэхээс та айхгүй байна уу?
-Би муу санаж хэлээгүй, үнэнийг л хэлсэн.-Та түрүүн нас гүйцсэн эр ямааны далаар мэргэлэ­хээс гадна хүний гарын алгыг харж тухайн хүнд тохиолдсон бүхнийг нь хэлдэг гэж байсан. Гарын алгаа юм мэддэггүй хүнд харуулбал үзүүлсэн хүний буян үзсэн хүнд нь шингэдэг гэж үнэн үү?-Би ямар ч хүнийг алганых нь хээ, судлаар нь шинжих­дээ тарни хэлж үздэг. Тэр хүний муу биоэнерги надад халдахаас тэр хүний буян хишиг надад ирэхгүй. Нэлээн дээр нэг бүсгүй “Би 1-р эмнэлэг, “Номун-Эрдэнэ” хувийн эм­нэ­лэгт үзүүлэхэд ядаргаанд орж сульдсан, дархлаа багатай байна, эмчлүүл гэж хэлсэн. Хэвтээд үр дүн гарах нь уу үгүй юу үзээд өгөөч” гэсэн. Би үзээд “Хавдар судлалд яаралтай хандвал яасан юм” гэсэн. Дараа нь үнэхээр хавдар байсан юм билээ, танд баярлалаа гээд ирээд яв­сан. Би хүнээс юу ч асуулгүйгээр ямар эд эрхтэн өвдөөд байна гэдгийг нь шууд хэлж өгдөг. Би ер нь ханийн заяа тэгшлэх болон гай барцдаас нь арилгах чивэл гэдэг заслыг хэнээс ч илүү маш сайн хийдэг.
-Ханийн заяа тэгшлэх заслыг ямар хүмүүс их хийлгэх юм? Сүүлийн үед хүмүүс заяаны хань дуудуулна гэж их ярих болж. Үнэхээр ханийн заяа дуудуулаад сайн ханьтай болдог юм уу?-Сүүлийн үед гэр бүлийн салалт сарнилт ихэссэн. Ирж үзүүлсэн хүнд таны хань тийм зүс царайтай хүнтэй сэтгэлийн холбоотой болчихож, эрийн галиг эмийн шалигаар зугаалаад байна уу, үнэхээр сэтгэл нь хувирч уу үгүй юу гэдгийг нь хүртэл хэлж өгдөг. Ханийн заяа дуу­дуу­лахын хувьд ерөөсөө ханьгүй залуухан хүн бол брюкан өмдний тэлээ болон өөрийн идэх дуртай зүйлсээрээ зассан тавгийн идээ, нас тогтсон хүн бүстэйгээ ирээд л ханийн тэнгэр дуудуулсныхаа дараа өөр хэнд ч өгөлгүйгээр тэр идээгээ зөвхөн өөрөө идэж, бүсээ бүслэн, сүлд дуудуулсантай адил бүсээ гурав хоног дэрлэж хононо. Ханьгүй хүний хийморь сүлд ямагт хэлтгий байдаг. Тулгуур хоёр баганыг зэрэг түшиж байж айл өрх амар амгалан байна. Гэтэл сүүлийн үед 40 гаран насны эмэгтэйчүүд гэр бүлтэй хүнийг салгаад надтай суулгаад өгөөч гэж их ирдэг болж. Хаа ч гэж эрчүүд ирэх нь бага. Би тэр хүмүүст “Хүний жаргалаар амьдрал хийгээд хэзээ ч амьдрал болохгүй. Би чамд ханийн тэнгэр дуудаж чадахгүй. Ер нь хожмын өдөр хойчийн маргааш мөнхийн ус залгиагүйгээс хойш чи мөнх энэ хүнтэйгээ үүрд амьдрахгүй. Өөр чамд туслаж чадах хүн байвал тэр хүн дээрээ оч” гэж хэлээд л гаргадаг. Бидний үеийнхэн чинь нэг сонгосон амьдралаа ноён нуруу­тай туулдаг байсан. Үхэл хагацал хорвоо л салгахаас өөр юу ч биднийг салгадаггүй байлаа. Гэтэл одооны залуучууд албан тушаал ахиад ирвэл эрчүүд нь, эмэгтэйчүүд нь компанийн захирал ч юм уу, хувийн машинтай, орон байртай түрийвч зузаантай хүн рүү хэдэн хүүхдээ хохи­роож, хувь заяагаар нь тоглохоо ч юман чинээ бодох­гүй л гүйж байна. Үүнийг харсан тэнгэр бурхан егүүтгэн гэсгээнэ. Дээд тэнгэр, дэргэдийн бурхан бидний нүдэнд харагдахгүй боловч бүхий л амьдралыг тэнцүүлдэг л байхгүй юу. Хүний хүнтэй налиганаж шалигнаад үр хүүхэд, хань ижлийнх нь нулимс, зовлонгоор жаргал хийж болох­гүй. Хань ижил үр хүүхдийнх нь сэтгэл зүрх хоёр дээр чи өнөөдөр вальс эргэж байсан ч эргээд маргааш нь чи тогооны хөөтэй хутгалдана гэж хэлдэг.
-Та надад олны танил хүмүүс их ирж үзүүлдэг гээд байсан, нууц биш бол хэлж болох уу?-Нэр алдартай, албан тушаал ахисан, нийгэмд эзлэх байр суурьтай хүмүүс нэрээ олонд зарлуулахыг хүсэхгүй. Их л олон хүн ирдэг. Ихэнх хүмүүс ихэвчлэн гайтсан бөгөөд олъё долъё гэж хичнээн чармайвч олсон юм нь мөнгө болохгүй болсон байдаг. Тэр бүрт нь засал хийж өгдөг. Гэхдээ одоо үед хүмүүс хоорондоо их өрсөлддөг болж-Танд сонгуулийн үеэр олон хүмүүс ирж үзүүлсэн л биз дээ?
-Өнгөрсөн сонгуулийн үеэр маш олон хүн надад ирж үзүүлсэн. Би 4-5 хүнд битгий гомдоорой, даан ч дэмжлэг авах үндэслэл алга гэсэн. Үнэхээр гарч ирж чадаагүй. Тэр үед би “Миний дүү нар өөртөө байхгүй мөнгөөр, өрөөл бусдад албан тушаал амлаад компаниудаас өр зээл тавин энэ сонгуульд орвол чи эвгүй байдалд орж, өр зээлний хүүдий болно. Энэ удаа хойшлоод өшөө бэлтгэл хийвэл яасан юм” гэдгийг нь хэлсэн. Одоо намайг муу амтай авгай байна гэж хэлж байгаа байх. Мөн бүх юмаа бүрдүүлсэн мөртлөө, намайг юу ч мэдэхгүй гэж бодсон юм байлгүй басамжилсан маягаар, би энэ сонгуульд орвол ямар байна гээд нэг эмэгтэй орж ирсэн. Би “Чи шууд ногоон гэрлээр ард түмний сонголтыг авч, ямар ч мөнгө цацахгүй, реклам чимэглэл хийлгэхгүй, дуучин аваачиж дуулуулахгүйгээр Их хуралд гарна гэсэн. Одоо ялчихсан, улс төрд нэлээн өндөр байр эзлээд явж байна.-Тэгвэл урлагийн хүмүүс ч их ирдэг биз дээ?-Өөрийгөө од гэж бодсон залуухан хоёр хүүхэн ирээд гавъяатад нэр маань тодорхойлогдсон, яамаар шийдэгдэх гэж байгаа, яах нь вэ гэж асуугаад гарсан. Нэг их удалгүй гавьяат болсон байна лээ. Гэтэл уртын дууны ая донж, нугалаа бүхнийг нь гайхамшигтай гаргаж дуулдаг нэртэй дуучин “Би гавьяатад тодорхойлогдсон хэрнээ одоо хүртэл энэ шагналыг авч чадаагүй” гээд л явж байгаа. Би багш, тэгээд ч боловсролтой хүн болохоор эвгүй зүйл хэлмээргүй байгаа ч “Үнэндээ одоо үед чинь мөнгө, хөнжил хоёроор асуудал шийдэгддэг болсон” гэж хэлэхэд нэг их хатуудсан болохгүй байх.
Эх сурвалж: “Мянганы зууч”. А.Алтай

Related Articles

Back to top button
error: Content is protected !!