Uncategorized

Лхас Түвэдийн Хараалыг арилагч Дугар зайсны хөргийг айл гэрт залж явахын учир

ДУГАР ЗАЙСАН
Хэдийд ч юм бэ дээ, одоогийн Баянхонгорын өмнүүрх Юм бэйсийн хошуунд Дугар зайсан гэгч нутагладаг байж. Үлгэр ярих гэж байгаа юм биш шүү. Төвдийн шашин гажуудаж, Бурхан багшийнхаас өөр номоор явна хэмээсэн бүлэглэл хүчирхэгжээд байхад тэр хүн очиж завхралаас нь гэтэлгэсэн ухаантан гэлцдэг. Төвдийн толгой лам нар “Манай шашныг аврах хүмүүн умар зүгт байна, тэр хүн энэ тэмдгийг таних учиртай” гээд нэг эрдэмтэй ламынхаа орхимжинд хар бөс оёод мордуулжээ. Сайхь лам Тангуд уулсыг давж, амихандаа тэр хавиараа л мөнөөх хар бөсийг анзаарах ажигч гярхай нэгэнтэй таарчих санаатай бишгүй явж.
Сүүлдээ таван Цайдамыг хэжиж, Хөх нуурыг тойроод, цөл гаталж л дээ. Буусан айлынх нь эзэн “Хээ, тан шиг дээгүүр сахилтай лам орхимжиндоо хар тэмдэг хадчихсан явахыг бодоход танай Төвдийн шашин ч самуурч гүйцсэн юм шив дээ” гэж хэлэхийг сонсох үедээ Лхасын хувраг Монголын говьд ирчихсэн байжээ. Лам ч хонон өнжин саатаж, хэрэг зоригоо нэгд нэгэнгүй учир ласан юм байх. Хэр удаан ч гуйлгасан юм бэ, юутай ч Дугар зайсан Лхаст очно, гэхдээ ирэх жил өөрөө яваад очно гэж амлажээ. Зорьсондоо хүрсэн лам ч буцаж.
Өвөл нь Дугар зайсан саяхан бууранд гарсан ингэ унаад Лхас руу гарчээ. Манай Сэгс цагаан богд хавиас шүү дээ. Цөл гатлаад Ганьсугийн Сүбэй орох гэж л лавтайяа хагас сар яваа. Одоо бол Ланжоу ортол хоногийн л газар. Чунчинь, Бээ жин, Шанхай гурван хотоос Лхас хүрэх шууд галт тэрэг үүгээр дайрна. Тэгээд л 30-аад цагийн дараа Будалин ордны өмнө зогсож байх вий. Харин Дугар зайсан зундаа л сая Лхасын барааг харжээ.
Дээхнэ үед мөргөлчид Дугар зайсангийн мөрөөр явж Баруун зууд мөргөвөл их буян ху раа на гэж итгэдэг байж. Явган явбал унаа мал зовоохгүй бүр ч их буян. Угаас Төвд-Монголыг холбосон хамгийн шулуун зам нь Юм бэйс Шаргалжийн гол-Цайдам бөгөөд XIII Далай лам ч Монголд ирэхдээ Дугар зайсангийн нут гаар дамнасан юм билээ. Сүбэйгийн монголчуудын нут гаас Хүннүгийн дуунд гардаг Чилэгийн уулсыг давж, алдарт Цайдамын хотгор руу орно. Хужир мараа бүхий дов сондуулаар дүүрэн, өвөл нь чөмөг царцам, зун нь хүн болж төрсөндөө халаглам элчилгүй хязгаар. Уухын аргагүй шорвог нуурууд, улайдам халуун элсний орон. Дундуур нь Цайдамын гол урсана. Эрэг хөвөө нь битүү намаг. Шүтлэггүй хүн бол ийм аймшигт хөндийг туулах тухай саналтгүй. Цаана нь Бурханбуудай хэмээх нурууг давахад Төвдийн зэрлэг хахир уулс тосно. Тэр хавь Хөхшил, Баянхар, Зүрхэн уул гээд л дандаа монгол нэртэй байдаг нь өвгөд маань энэ замыг ёстой нэг элээж гүйцсэний гэрч биз. Гэхдээ болоогүй ээ, алдарт Тангуд уул хүртэл ахиад нэг Цайдамын хөндийтэй тэнцэхүйц зам туулна. Энэ их уулыг давах гэж мөргөлчид “уулын сүрд дарагдан” үхэтхийн унацгаадаг байж. Сүрийн өвчин гэдэг нь үнэндээ хүчилт өрөгчийн дутагдал юм билээ л дээ. Тангуд уулсын цаад бэлд хүрэх гэж бас нэг Цайдамын хэмжээний зам. Тэгээд төвд үүдийн ариун шүтээний нэг Намцо нуурт очно. Хэмжээгээрээ Хөвсгөлийн гуравны хоёртой тэнцэх том, хосгүй үзэс гэлэнтэй нуур. Чанх өмнө нь 7000 гаруй метр өндөр ариун шүтлэгт оргил дүнхийнэ. Эртний мөргөлчдийн хувьд Баруун зуу ортол ахиад таван өдөрчийн газар үлдлээ гэсэн үг. Шөнө буудаллаад өдөржин явахад унаа сайтай хүмүүс нэг талдаа хоёр сар элээдэг зам. Явган бол яах ч юм бэ, бүү мэд. Бурхан минь, сүсэг бишрэл гэгч хүний муу “хоёр зээрдээр” ийм их орон зайг туулуулдаг ажээ!
Уугуул нутаг нь тийм өргөн уудам үндэстэн (Монголыг тооцохгүй гэвэл) дэлхий дээр ер нь хэд бий бол? Өнөөгийн Төвдийн өөртөө засах орон бол ердөө л баруун хагас нь шүү дээ. Амдо Түвд гээд БНХАУ-ын Хөхнуур муж, Гань сугийн зарим хэсэг, урагш лаад Сычуань муж, бүр Юнань мужийн хагаст ч төвдүүд суудаг. Тан гүрний эзэн хаан гүнжээ Төвдийн хаан Соронзонгомбод илгээж ургийн холбоо тогтоон, найрамдаж байсны дурсгал үзэсгэлэнт Хөх нуураас нэлээд зүүнтээ Наран Саран хөтөл дээр бий. Харьд илгээгдсэн гүнж тэнд уйлсан нүүрээ хараад эрднийн толио шидэж хагалсан домогтой. Толины хоёр хагархай нэг нэг гүвээ болон тогтсон гэх бөгөөд орой дээр нь дурсгалын сүм барьж, уулын энгэрээр битүү лундаа дарцаг хийсгэжээ. Тэндээс Хималай хүртэлх зай нь Цагаан хэрмээс Байгал далай хүрэхийн дайны гээд бодохоор аргагүй л бэлчээр томтой ард түмэн аж. Төвдүүдийн тоог яг таг мэддэг хүн гэж дэлхий дээр нэг ч байхгүй биз ээ. Дарамсала дахь дүрвэгсдийн засгийн газар болохоор 1959 онд Хятадад эзлэгдэх үедээ 6.3 сая байсан, одоо хавчигдаж сэм алагдсаар цөөрч буй гэдэг. Хятадын засгийн газар 1954 оны буюу Ардын чөлөөлөх арми анх орсны дараа жилийн тооллогоор 2.7 сая төвд байсан, харин коммунист намын ачаар энэ бяцхан ард түмэн овоо өсч 5.0 сая хол давлаа гэдэг. Юутай ч, тэр үед манай улс ганц сая орчим хүнтэй байсан гээд бодоход, чамлахааргүй олуулаа үндэстэн юм. Энэтхэг, Балба, Бутан, цаашлаад АНУ, Европ дахь дүрвэгсдээ оруулаад бодоход төвдүүд дэлхий дээрх бүх монгол угсаатныг нэгтгэсэнтэй дүйхүйц бололтой.
Шашныг ном журамд нь оруулах бошгыг тэнгэрээс хүлээсэн хүн ирж яваа сургаар Лхасын улс төрийн бусармаг бүлэглэл ажилдаа орсон нь мэдээж. Энэ бүлэглэлийн тол гойлогчид нь Бутанаас угшилтай хүмүүс байж. Тэд хараал жатга, хамаг л ид шидээ гарган, бүр “Хар захтай халх, хавтгай тавагтай тэмээ хоёрыг Баруун зууд гишгүүлэхгүй” гэдэг уриа маягийн үг түгээж байжээ. Лхасын наадах Тангуд уулнаа хамаг л хараалчид нь шившлэг тарниа амилуулсан тул, бүр хожуу болтол Халхаас яваа 100 мөргөлчнөөс нэг нь, 100 тэмээнээс нэг нь тэнд заавал үхдэг домтой гэлцэх юм билээ. Лам нарын хараал бар болж Дугар зайсангийн өөдөөс тосож очжээ. Өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд манай хүрээний дэг сургуулийн “Дугар зайсан” хэмээх зураг бий. Тэмээнийхээ хажууд бар агначихсан суугаа хар хүн бол шашныг завхруулагчдыг дарсан халх зайсан л даа. Лхаст очоод Дугар зайсан Төвдийн төрийг төвшитгөсөн бөгөөд энгийн ард олонд “Хар хэлт бутаныг л ална” гэж хэлсэн тул төвдүүд ташаагаа маажин, хэлээ үзүүлээд, ухарч гардаг байж гэнэ. Одоо хэр нь төвд хүн бууж өгч байгаагаа хэлээ гарган, эрхийгээ гозойлгон илэрхийлдэг аж. Уржнан жил Лхаст үймээн гараад цэргүүд баривчилгаа явуулахад гэмгүй гэдгээ харуулах гэж олон хүн сөхрөөд хэлээ гаргачихсан суугаа нь манай дээр үеийн “Цогт тайж” киног санагдуулам инээд тэй харагдаж байсансан. Тэр удаад Дугар зайсангийн амрыг асуугаагүй бурхан бүр тас цавчуулсан гэдэг. Домог төдий энэ явдал яг үнэндээ асар өргөн цар да лайцтай тулалдааныг ч илэр хийлсэн байж мэднэ. Мэдээж, юу гэж ганцхан тэмээтэй аянчин очоод л Төвд өд ноёлсон бутанчуудыг хөөчихөв гэж? Хэрэв энэ дом гийн цаана бодитой түүх бий бол, монголчууд лавтайяа дөр вөн удаа Төвдийн төрийг тохинуулжээ. Чингис богд, Цогтын хүү Арслан тайж, Гүүш хаан гээд л.
Төвд хүн бүр энэ домгийг андахгүй бөгөөд харин нэрийг нь Дүгэр гэх юм билээ. Хөхнуурын монголчуудад бүр Дугар зайсангийн тухай “Халхын цагаан азарга” хэмээх хуурын татлага ч байна.
Би Лхаст очихдоо нутгийнхаа Дугар зайсангийн замыг дагаж энд ирлээ хэмээн бэлгэшээв. Аянд гарахын өмнөхөн зурхайч Цэрэн-Очир гуай “Лхаст Дугар зайсангийн тэмээний уяа гэж байдаг гэнэ лээ. Ямаршуу зүйл байна, үзээд ирээрэй” гэж захисан юм. Мөнөөх тэмээний уяа гээч нь ямар учиртайг тун санаандгүй байдлаар зам зуурын хүний ярианаас л олоод сонсчихлоо. Дугар зайсангийн унаж гарсан ингэ ботголох болж л дээ. Ингэ говь нутгаа санагалзаад Төвдийн цаст уулсын дунд ботгоо гаргаж чадахгүй сульдаж гүйцэж. Тэгэхээр нь Дугар зайсан Лхасын нэг уулыг элсээр өвч бүрхээд тэнд ингээ аргамжиж, ботголуулсан гэнэ.
Лхас бол битүү уулсын дундах хот. Өндөр, нөмөртэй болоод ч тэр үү, дулаан зөөлөн уур амьсгалтай газар юм. Гэвч өчүүхэн салхи гарахад л хавийн уулсын цас гудамжинд нь хялмаалчихна. Тиймээс дан цамцтай халууцаж явтал гэнэт цас будрах нь энүүхэнд. Төвдүүд эр эмгүй дээлээ сугалдаргалдгийн учир ч үүнтэй холбоотой бололтой. Эцэг дээдэс маань шүтэж биширч, явган нүцгэн ч хамаагүй ирж мөргөхийг хүсдэг байсан, бурх ны шашинтны төв болсон энэ суурингийн оройн чимэг нь Далай ламын Будала ордон. Өөр үзүүштэй газрууд бий л дээ. Гэвч Дугар зайсангаа л тойрч ярихгүй бол Төвдийн тухай хуучилж баршгүй. Ертөнцийн гайхамшгуу дын нэгд гарцаагүй л тоологд моор Будала ордонд орох гэж хэдэн зуун гишгүүр бүхий шатаар нь өгсөж явахдаа Лхасын эргэн тойрны уулс дунд элсээр хучигдсан ганц уул бий болов уу хэмээн эргэлзсээр л байв. Хималайн салбар уулс үнэхээр гайхмаар үзэсгэлэнтэй ч, тэнд цас л харагдахаас элс байх тухай төсөөлшгүй. Гэтэл… Яг ордны оройтой харалдаа дээд давхарлагт хүрээд эргэн тойрныг хараачилтал, яах аргагүй элсэн судаг бүхий, тэр нь нэг байтугай нэлээд хэдэн сүрэг ингэ дээр нь ботголсон ч хангалттай зөөлөн дэвсгэр болчихоор элстэй уул үзэгддэг байгаа! Нэг л уул! Энэ уул домгийг бүтээсэн үү? Домог биш, үнэхээр л Дугар зайсан уулыг элсээр хулдсан уу? Хэн ч, хэзээ ч олж мэдэхгүй.
Хэн ч мэдэхгүй зүйл Төвдөд даанч их. Энэ орны ирээдүй, энэ ард түмний хувь заяа. Мао даргын хөрөг бүхий мөнгө шалаар нь битүү хөглөрсөн Далай ламын бясалгалын өргөө рүү шагайх зуур түүх энэ ард түмнээр арай л хэтэрхий даажигнаад байгаа юм шиг санагдаж билээ. Богд хаант Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийн бусад үн дэстнүүд дотроос хамгийн тү рүүнд хүлээн зөвшөөрч, манайхтай Элчин сайдаа солилцож асан тэр улс дэлхийн газрын зураг дээр ахин хэзээ ч бий болохоосоо өнгөрсөн гээд бодохоор эмгэнэлтэй. Монголчуудыг Манжийн захир гаанд дуулгавартай, хүлцэнгүй дагах нөхцөлд оюун санааны дэм болж ирсэн шарын шашин үндэсний тусгаар тогтнолын тэмцэлд ч бас өдөөгч, зоригжуулагч нь байсан гэвэл зарим уншигчдад эгдүүтэй, хачин санагдах биз. 1908 онд Их хүрээнд байсанд Далай ламыг монголчуудтай хэт дотносуулахаас сэргийлэн Бээжингийн эрх баригчид Утайн хийдэд залжээ. Зам зуур нь Бээжинд найрсаг хүлээж аваад, дараа нь бүхий л хэргэм зэргийг нь хүчингүй хэмээн зарласны дараа Далай лам Британийн хамгаалал дор Энэтхэгийн Даржаалин хийд рүү орогнол хайн дүрвэсэн билээ. Энэ шалтгаанаар манай Богд гэгээн Манжийн хааны ордныг “Шарын шашны дайсан” хэмээн зарлаж, улмаар Монголыг Манжаас тус гаарласныг зарлахаар яарав чилсан нэгэн учир бий. Хөөрхий дөө, алс Сычуанаас, Хөх нуураас хад бартаатай уулын жимээр хөлөөр нэг ч алхалгүй сунан мөргөсөөр 2000 км зам туулж энд ирдэг мөргөлчдийг ойлгосон цагт л төвд үндэстнийг сая нэг ойлгож магадгүй.
Эмээ минь Лхаст мөргөхөөр явсан нэгэн хүний яриа гэж үлгэр шиг зүйл хуучилдагсан. “Дүүгүүрдэх гэж нэг даваа давдаг юм гэнэ лээ. Мөргөлчдийн хамаг ачааг сарлагт тэгнээд, өөрсдийг нь ч сарлагт мордуулаад, уулын бэлд тангадууд дүүгүүр бариад үлддэг юм гэнэ лээ. Сарлаг дүүгүүрээс ухаангүй айсандаа уул өөд давхилдаж, тэртээ до роос тангадуудын шидсэн дүүгүүр яг чихний хажуугаар шунгинан өнгөрч, сарлагийн эвэр дээр тас няс хийж буусаар уулын оройд гардаг юм гэнэ лээ. Уруудахдаа бол яахав, нөгөө сарлагууд дэжигнээд л буучихдаг гэсэн. Тэгж л явж Баруун зууд мөргөдөг юм гэнэ лээ дээ”. Эмээгийн үгээр бол, амь наана там цаана явж л Далай ламын хүрээнд очдог байж. Энэ яриа гэхдээ ортой гэдгийг Төвдөд л мэдэв. Бүр саяхан, 1980-аад онд ачааны машины тэвшин дээр сууж Лхас руу явсан нэг өвөрмонгол эгч Гүмбумд таарсан юм. Хөх шилээр давах үед хамаг цус нь огшоод, нүүр нь цаас шиг цагаан болчихсон байсныг хамт явагсад нь хэлжээ. Өөрөө бол машины тэвшин дээгүүр өнгийхдөө замын хажууд зүгээр л хаячихсан хэд хэдэн хүүр харчихаад, “Намайг одоо үхвэл эдэн шиг л шидчих юм байна” гэхээс өөр юу ч бодох сөгөөгүй явсан гэж билээ. Төмөр зам тавигдаад дөрөвхөн жилийн нүүр үзэж байна. Уул нүхэлж зам тавиад тийм ч олон жил болоогүй биз. Тэгэхээр машинаар явах ч амаргүй л байжээ.
Ердийн хөсгөөс өөр тээвэргүй цагт Дугар зайсангийн мөрөөр гишгэнэ ээ гэдэг өнөөгийн бидний нүдэнд харагдаж байгаагаас их л өөр утга учиртай байсан нь лав. Дугар зайсан гөрөөсний далаар хүрз, эврээр нь анжис хийж Хөх нуурын сав газар анх тариа тарьсан хүн гэж тэр нутгийнхан ярьдаг. Төвдөөс буцахдаа л мань эр дээд монголчуудыг хөх тарианы гурил боловсруулахад сургажээ дээ. Өнөө хэр Хөх нуурт өглөөдөө замбаа зуурч иддэггүй айл гэж нэг ч үгүй. “Дугар зайсан хэмээх халх хүн энэ өег хоолыг уламжилж үлдээсэн юм аа” гэж настайчуул нь ярина. Ямар ч учиртай нэг халх яагаад ч төвд домогт үлдсэн юм билээ? Энэ хорвоогийн нууц зангилаа гэж сонин шүү.
Г.АЮУРЗАНА

Related Articles

Back to top button
error: Content is protected !!